Нийгэм
Мах, ногооны үнэ өсчээ
Нийслэлийн статистикийн газраас гуравдугаар сарын III долоо хоногийн үнийн танилцуулгыг гаргажээ. Үнэ ханшийн судалгааг гаргахдаа нийслэлийн зургаан дүүргийн 17 хүнсний зах, худалдааны төвийн мэдээлэлд тулгуурласан байна.
Худалдааны төвүүдэд махны үнэ өсч үхэр, хонины мах дунджаар 78-290 төгрөгөөр нэмэгджээ. Тодруулбал, хонины ястай мах нэг килограмм нь 7949 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь 9393 төгрөгийн үнэтэй худалдаалагдаж буй. Үүнийг өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 94 төгрөгөөр /1.0%/, үхрийн цул махны үнэ 290 төгрөгөөр /2.6%/, хонины ястай махны үнэ 187 төгрөгөөр (2.4%), хонины цул махны үнэ 78 төгрөг буюу нэг хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байгаа юм. Махны үнэ “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 7000 төгрөгийн үнэтэй бол “Меркури” хүнсний захад 9000 төгрөг буюу хамгийн өндөр үнэтэй байна.
Худалдаачид махны үнэ өссөн шалтгааныг хятадууд экспортын ямар ч зохицуулалтгүйгээр их хэмжээний махыг хилээр гаргаж дамласнаас болж махны хомсдол үүсч буйтай холбон тайлбарлаж байгаа юм.
Мөн ногооны үнэ 1.1-3.4 хувиар өсчээ. Төмс кг нь 830 төгрөг, лууван 1209, байцай 1333, хүрэн манжин 1647, хятад сонгино 5.6 хувиар өсч 1219 төгрөгөөр тус тус худалдаалагдаж байна. Харин гурилын үнэд өөрчлөлт гараагүй байна. Тодруулбал, худалдааны зах, төвүүдээр “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд нь 1250-1500 төгрөг, 1-р зэргийнх 1000-1200 төгрөг, 2-р зэргийнх 800-1000 төгрөгийн үнээр худалдаалагдаж байгаа юм.
Нийгэм
О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн санаачилгаар ДХИС-ийн хэрэгжүүлж буй “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг Монгол Улсын Их Сургуулийн оюутнуудад танилцууллаа.
Тухайн хөтөлбөр нь бусад мэргэжлээр их, дээд сургууль төгссөн залуусыг богино хугацааны сургалтад хамруулж, цагдаагийн байгууллагад ажиллах мэдлэг, ур чадвар олгох зорилготой бөгөөд төгсөгчид 100 хувь ажлын байраар хангагдах боломжтой.
2019-2024 онд нийт 154 сонсогч төрд тангараг өргөж, цагдаагийн байгууллагын офицер бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэж байна.
Мэргэшүүлэх хөтөлбөрт хамрагдах сонирхолтой иргэдэд эрүүл мэнд болон боловсролын хоёр шалгуур тавих бөгөөд тус хөтөлбөрт хамрагдсанаар:
• Мэргэжлийн тусгай мэдлэг бүхий мэргэжил эзэмшинэ.
• Сонсогчоор суралцсан хугацааг төрийн албанд ажилласанд тооцно.
• Сургалтын болон дүрэмт хувцсаар хангана.
• Сурч байх хугацаанд цолны цалин, нийгмийн даатгал төлөгдөнө.
• Цэргийн алба хаасанд тооцох гэх мэт олон давуу тал бий.
Цаашид “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг бүх их, дээд сургуулийн оюутнуудад танилцуулах өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл оюутнуудад хандан “Цагдаагийн байгууллагад ажиллах сонирхолтой ч өөр мэргэжил сонгосон, давхар мэргэжил эзэмших хүсэлтэй залууст шинэ боломж бий болголоо. Залуусыг төр, ард түмний төлөө офицер бүрэлдэхүүнд хүчин зүтгэхийг уриалж байна” гэсэн юм гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ
ОБЕГ-ын даргын 2024 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн А/379 дүгээр тушаалаар “Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ.
Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгийн голомтод эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, эмнэлгийн болон хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий мэргэжлийн ангийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэхүү дүрмээр зохицуулах юм.
Мөн мэргэжлийн ангийн үүрэг, бүтэц зохион байгуулалт, сургалт, бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах зорилготой. Энэхүү дүрэм нь гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх гамшгаас хамгаалах алба, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн дэргэд байгуулсан Мэргэжлийн ангийн үйл ажиллагаанд хамаарна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Нийгэм
Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө
Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун урд зүгт 42 км зайд өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 20-нд 21:50 цагт газар хөдөллөө. Газар хөдлөлтийн хүч нь 3.2 магнитуд хүчтэй байсан гэж Хөвсгөл Онцгой байдлын газраас мэдээллээ.
Дашрамд дурдахад өнгөрсөн онд 77 мянган газар хөдлөлт бүртгэгдсэн бөгөөд 1000 орчим газар хөдлөлт нь Улаанбаатар хотын ойролцоо бүртгэгджээ. Мөн хүнд мэдрэгдэх газар хөдлөлт нь нийт долоон удаа бүртгэгдэж байжээ.