Дэлхий дахинд
Конор Макгрегор зодог тайлахаа мэдэгдлээ
Холимог тулааны хөнгөн жингийн тамирчин Ирланд эр Конор Макгрегор мэргэжлийн тулааны спортыг орхихоор шийдсэн тухайгаа өнөөдөр /2019.03.26/ твиттер хуудсаараа дамжуулан мэдэгдлээ. Энэ удаагийн мэдэгдэл түүний анхны мэдэгдэл биш юм. 2016 онд Америкийн тулаанч Нэйт Диазд ялагдсаныхаа дараа мөн л зодог тайлна хэмээн мэдэгдэж байсан ч удалгүй спортдоо эргэн ирж Нэйт Диазаас даагаа нэхэж байлаа.
Тэрбээр энэ спортод хөл тавьснаасаа хойш нийт 25 томоохон тулаанд оролцсон бөгөөд 21-д нь ялалт байгуулсан бөгөөд UFC-ийн хөнгөн жингийн ангилалд наймдугаар байранд эрэмбэлэгдэж байгаа юм.
Үргэлж дуулиан шуугианы бай болж байдаг Конор 2018 оны дөрөвдүгээр сард UFC-ийн тамирчид сууж байсан автобус руу тэргэнцэр шидэн танхайрч улмаар цонхыг нь хагалан дотор байсан тамирчдыг багагүй бэртээсэн хэрэг гарсан. Түүний танхайрсан шалтгаан нь сайн найзыг нь рингнээс гадуур Хабиб Нурмагомедов дээрэлхсэн гэнэ. Ингээд мөн л баривчлагдаж Нью Йорк хотын дүүргийн шүүх хурлаар орсон Конор 50 мянган ам.долларын батлан даалтаар суллагдсан байна. Үүний дараа өнгөрсөн оны аравдугаар сард Оросын тамирчин Хабиб Нурмагомедтой хийсэн тулааны дараа олныг хамарсан зодоон цохионд оролцсон хэрэг нь ихээхэн шуугиан тарьсан билээ. Өдгөө 30 настай тамирчин энэ сарын хээр зургийг нь авахыг оролдсон шүтэн бишрэгчийнхээ гар утсыг булаан авч эвдсэн хэмээн буруутгагдан АНУ-д саатуулагдсан.
Эх сурвалж:BBC