Бусад
О.Мөнхтогтох: Хөгжим сонсох гоё бол тоглох түүнээс илүү гоё

Морин хуурын чуулгын гоё бүсгүйчүүдийн нэг, ятгачин, этно жааз “Арга билэг” хамтлагийн ганц эмэгтэй уран бүтээлч О.Мөнхтогтохыг ярилцлагад урьсан юм. Филармонийн хонгилд хэдэн цагаар ч сууж хөгжмөө давтдаг, харанхуйд ч ганцаараа бүртийж харагддаг түүнээс “Айдаггүй юм уу” гэж асууж байсан удаатай. Ялдамхан дуутай ятга хөгжмийг эзэмдэгч тэрбээр хуульчдын гэр бүл дэх ганц хөгжимчин бөгөөд өдгөө 22 дахь жилдээ тоглож байна. Морин хуурын чуулга, “Арга билэг” хамтлагтайгаа 30-аад улс оронд тэр дундаа НҮБ-ын танхимд тоглосон, үндэсний ятга хөгжмийг сурталчлагч.
-Та гоцлол хөгжимчин. Хамгийн сүүлд хэний ямар бүтээлийг үзэгчдэд хүргэсэн бэ?
-Хөгжмийн зохиолч Цэн. Эрдэнэбатын ятгын II концертыг “Алтан намар”-т тоглосон.
-Нэгдүгээр концертыг нь тоглож байв уу?
-Үгүй. Удахгүй тоглоно. Надад ноотоо гурван ангиар нь өгсөн.
-Сүүлийн үед концерт төрлөөр нэлээд богино зохиолууд бичих болжээ. Гурван ангитай байх албагүй болсон бололтой. Тоглоход амар юм уу?
-Орчин үеийн зохиолуудыг тоглоход бага зэрэг төвөгтэй болсон. Цаг хугацааны хувьд багассан ч гэлээ техник их шаарддаг, ятгын хөглөгөө хүртэл өөр болж ирж байна. Жишээ нь сая хэлсэн концертыг тоглохын тулд хөг өөрчилдөг. Ятгад дөрөв, долдугаар өрөг байхгүй, тавхан хөгөөр тоглодог. Дөрвөн актаваар тоглодог хөгжим хэрнээ зарим бүтээл дээр боломж нь дутдаг талтай. Тиймээс хөг өөрчилж тоглох болдог.
-Концерт нь гоцлол хөгжимчний ур чадварыг давхар шалгадаг айхтар төрөл. Найрал хөгжмийн өмнө ганцаараа суугаад тоглох амаргүй болов уу. Ер нь хэн, хэний концерт тоглосон бэ?
-Сая нэрлэснээс гадна хөгжмийн зохиолч Ц.Нацагдорж, Н.Жанцанноров, Б.Шарав, Ц.Чинзориг, Б.Мөнхболд нарын ятгад зориулсан концертыг тоглосон.
-Хөгжмийн зохиолч бүрийн бүтээл тухайн хүн хэн бэ, бодол, хүсэл, сэтгэлгээ нь ямар юм бэ гэдгийг харуулдаг уу?
-Тийм ээ. Ая, хөг, өгүүлэмж бүх юм нь өөр болохоор тоглох өөр, өөр арга барил шаардана. Бүгдийг яг адилхан тоглоод байвал хэдийгээр цаасан дээр бичсэн ноот нь өөр ч ерөнхийдөө бүрхэг, илэрхийлэл ялгарах юмгүй болно. Зарим хөгжмийн зохиолч концертынхоо каденц буюу гоцлол хөгжимчин ганцаар тоглох хэсгийг эвдэж болно гэдэг. Тоглоочид тэр хэсэгт юу нэммээр, өөрчилмөөр байна, чөлөөтэй хийгээрэй гэдэг. Каденцаар нь зохиолчдын зан төрх, хөгжмөөр дамжуулж хэлэх гээд байгаа санаа нь харагддаг гэж боддог.
-Жишээ нь, Жанцанноров гуайн ятгын концертын каденцаас юу мэдрэгддэг вэ?
-Сүүлд бичсэн хоёрдугаар концертынхоо каденцыг Ардын жүжигчин Ц.Намсрайжав гуайн сэдлээр хийсэн гэдэг. Түүний “Говь гурван сайхан” гэж алдартай сайхан бүтээлээс сэдэвлэсэн юм билээ. Гоцлол хөгжимчинд каденц хөгжүүлэх эрхийг нээлттэй үлдээсэн. Байгалийн сайхныг дүрслэхийн зэрэгцээ байгаль л юм чинь давагдашгүй гамшиг тохиолдоно, түүнийг дүрсэлсэн ч юм уу, сүр хүчийг илтгэсэн тоглолтыг өөрийн санаснаар, техникээр хийж болно гэсэн. Би ч бодож байснаараа тоглосон. Эрэл хайгуул нэлээд хийсэн.
-Хөгжим тоглох нь бодохын нэр гэж түрүүн хэлсэн. Үүнийг тайлбарлаж өгөөч.
-Ямар ч шинэ зохиол тоглохын өмнө их боддог. Магадгүй үзэгчид хөгжимчдийн тухай бэлэн ноот хараад, ядах юмгүй тоглодог хүмүүс байдаг гэж боддог байх. Гэтэл бид тоглохоос илүүтэй боддог. Энэ хэсэгт ингэж тогловол ямар байх бол, хэмжээг бага зэрэг өөрчилбөл юу болох бол гэж бодно. Ажил дээр ирээд туршиж үзнэ. Машинд, дэлгүүрт явахдаа, заримдаа унтахаар хэвтэх үедээ ч өнөөх хөгжмөө бодно.
-Ятга хөгжимчний тоглож, үзүүлж, харуулах техник бүрийг та гүйцээсэн үү?
-Миний мэдэхгүй юм их бий. Хөгжимчин бүр өөр, өөрөөр сэтгэнэ, тийм болохоор хэнээс ч, юу ч гарч мэднэ. Хөгжим тоглох гэдэг нь мэдлэгийн төдийгүй мэдрэмжийн, бүтээлч эрэл хайгуулын ажил учраас хэр зүтгэнэ, тэр хэмжээгээр шинэ юм олдог.
-Ятга тоглох ямар ямар техник байдаг вэ?
-Няслах, цохих, шудрах, маар дээр дарах гээд олон янз. Зарим үед хөгжимчин өөрийнхөө хүсэж байгаагаар, зохиож тоглох нь байдаг болохоор тодорхой нэрлэж хэлэх аргагүй үйлдэл, хөдөлгөөн ч байдаг. Хөгжим тоглохыг сонсохын зэрэгцээ харахад бас гоё байх ёстой. Хүн бас “нүдээрээ сонсдог” гэж боддог. Өөрөөр хэлбэл үзэгч, сонсогчид тоглож байгаа хөгжимчнийг харж таашаал авдаг.
-Гадаадын ятгачдаас суралцах зүйл байдаг уу. Эвэл манайхан бүгдийг сураад, эзэмшчихсэн үү?
-Байлгүй яах вэ. Ятга Азийн орнуудад түгээмэл. Хятадын ятгачид ур чадвараар илүү, тэднээс сурах зүйл маш их. Бид хумсаар ч, өндгөөрөө ч тоглодог л доо. Гэсэн ч тэдний ятгачдаар хумсаар яаж нарийн тоглох тухай заалгаж байлаа.
-Ятга тоглохоос залхаж байсан удаатай юу?
-Байхгүй. Тоглох тусмаа дурладаг. Тухайн зохиолыг санасандаа хүртэл давтан, өөрийн болгож, уран гоё тоглохоос нааш босмооргүй байдаг.
-Өдөр, шөнө ээлжилдэг, унтаж амрах ёстой болохоор завсарладаг ч юм шиг үү?
-Цаг хугацаа өнгөрч байгааг анзаарахгүй, шөнө болчихоод байхад тоглоод л байж байх нь бий.
-“Хөгжимчид сайн байх урамтай юм, хөгжим бичээд л баймаар” гэж нэгэн хөгжмийн зохиолч ярьж байсан. Энэ тухай та нарт чухам юу гэж хэлдэг юм бол?
-Би хөгжмийн зохиолч Цэн.Эрдэнэбатад “Гоё зохиол бичээд л байгаарай” гэж хэлсэн юм. Тэгтэл “Та нар амархан тоглочих юм байна шүү дээ. Үүнийг тоглох гэж нэлээд юм болно доо гэж бодоод өгөхөөр юу ч болоогүй юм шиг тоглочих юм гэж байсан (инээв).
-Хөгжмийн сайхан юунд байдаг вэ?
-Хөгжим сонсдог, тоглодог хүн муу, муухай юм тэр бүр боддогүй. Байж болох бүхий л гоё мэдрэмжийг хөгжмөөс авдаг болохоор байнга, бүр өдөр тутам эерэг энергиэр цатгалан явдаг. Амьдралд таагүй зүйл хэнд ч тохиолдоно. Түүнийг давж гарахад, амьдралын дараагийн асуудалд өөрийгөө бэлдэхэд, сэтгэл санаагаа төвшитгөхөд хөгжим тусалдаг. Сэтгэл хөгтэй байна л гэсэн үг. Хөгжим сонсох гоё бол тоглох түүнээс илүү гоё.

Бусад
Олон улсын стандартад нийцсэн IBAN дансны дугаарлалтыг нэвтрүүллээ
Монголбанк нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд зааснаар Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-242 дугаар тушаалаар бүх иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарлалтыг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ашиглахыг зогсоож, олон улсын дансны нэгдсэн дугаарлалтад бүрэн шилжүүлэхээр Монголбанк нь банк, төлбөрийн системийн нийт оролцогчидтой хамтран ажилласан.
Энэ хүрээнд иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарыг дөрөвдүгээр сараас эхлэн ашиглагдахгүй болж харин IBAN дансны дугаарлалтын зааврын дагуу шинэчлэгдсэн бүтэцтэйгээр төлбөр тооцоо дамжиж эхэлсэн.
Та бүгдийн үндсэн дансны дугаарт өөрчлөлт орохгүйгээр улсын код, хяналтын орон, банкны болон дансны дугаар гэсэн бүтэцтэй нийт 20 оронгийн урттай болж байна. IBAN дансны дугаарлалттай болсноор олон улсын гүйлгээ илүү хурдан, найдвартай, эрсдэлгүй болж, алдаатай гүйлгээ буцаагдах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ аль банкны данс вэ гэдгийг шууд мэдэх боломжтой зэрэг давуу талтай боллоо.
Бусад
АТГ: Эрүүгийн 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны гуравдугаар сарын 17-23-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 60 гомдол, мэдээллийг шалгав.
Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 6 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 44 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 888 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 11 хэргийг шүүхэд шилжүүлэх, 10 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 864 хэрэг шалгагдаж байна.
Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 1 мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн болон мөрдөн байцаалтын 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв гэж АТГ-аас мэдээллээ.
Бусад
Нийслэлд үйл ажиллагааа явуулж буй 770 нийтийн байранд хяналт шалгалт хийлээ

Нийслэлийн Засаг даргын 2025 оны А/214 дугаартай захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй нийтийн байрны орчин, нөхцөл байдалд хяналт шалгалт хийлээ. Тодруулбал, ажлын хэсгийн бүрэлдэхүүн нийслэлийн есөн дүүргийн 770 нийтийн байрнуудын нөхцөл байдалтай танилцаж, газар дээр нь ажиллав. Тус ажлын хүрээнд нийтийн байрны эрүүл ахуй, гал болон цахилгааны аюулгүй байдал, эрүүл ахуйн халдвар хамгаалал зэрэг нь шаардлага хангаж буй эсэхийг шалгаж, шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулан, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал, дүгнэлтийг боловсруулах юм.
Улаанбаатар хотын хэмжээнд нийтийн 770 байр байдгаас 754 нь иргэнд, үлдсэн нь аж ахуйн нэгжид бүртгэлтэй байна. Мөн үүнээс зөвхөн 285 нь татвар төлдөг болохыг хяналт шалгалтын үеэр илрүүллээ. Галын аюулгүй байдал алдагдсан 11 төрлийн нийт 5730 зөрчил илэрч 132 буюу 2.3 хувийг тухайн цаг мөчид арилгуулж цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг даалгалаа.
2025 оны 02 сарын байдлаар 770 нийтийн байр шалгалтад хамрагдсан бөгөөд давхардсан тоогоор 26 төрлийн 7,985 зөрчил илэрч, хууль тогтоомжийн хэрэгжилт 45,6%-тай байна.
- Галын аюулгүй байдал 40%
- Эрүүл ахуйн 34%
- Байгаль орчин 57%
- Гэмт хэрэг, хэв журам 75%,
- Барилга байгууламж 22.3%
НЦУГ-аас гаргасан 2025 оны 02 дугаар сарын мэдээгээр гэмт хэрэг, зөрчлийн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн 120, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эрх зөрчигдсөн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн 142 нийтийн байр байна. Мөн Нийтийн байр түрээслэгч 11129 иргэнийг бүртгэсэн. Нийт есөн дүүргийн 383 иргэн аж ахуйн нэгжээс 175 буюу 45.8% нь хөрсөнд шингээдэг нүхэн жорлонтой бөгөөд стандартад нийцсэн, бохир сордог нүхэн жорлонгийн тоо 201 буюу 52,5% харин төвлөрсөн шугамд холбогдсон 7 буюу 2% байна. Шалгалтаар дүүргийн худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөлд 96% огт бүртгэлгүй байгаа нь хууль тогтоомжийн хэрэгжилт хангагдахгүй явж ирсэн юм.