Дэлхий дахинд
Францын Шинэ Каледонд Францаас тусгаар тогтнох эсэхээр санал хураалт болж байна
Францын захиргаанд байдаг Шинэ Каледон аралд өнөөдөр орон нутгийн цагаар 09:00 цагаас Францын харьяаллаас бүрэн тусгаар тогтнох эсэхээр бүх нийтийн санал асуулга эхэллээ. Одоогоор бүх нийтийн санал асуулгын ирц 41.8 хувьтай байгаа аж.
Австралийн дорнод хэсэгт орших Шинэ Каледон нь ердөө 278,500 хүнтэй бөгөөд энэ удаагийн санал хураалтад сонгуулийн насны 175 мянган хүн санал өгөхөөр бүртгүүлжээ. Францын нутаг дэвсгэрээс алсад орших тус аралд жил бүр 1.5 тэрбум еврог Францын Засгийн газар хуваарилдаг аж. Никел болон электроникийн салбар тус арлыг авч явдаг гэж “Франц Пресс” агентлаг мэдээлжээ.
Хэрэв санал хураалтын хариу “тийм” гэж гарвал 1977 онд Жибути, 1980 онд Вануату тусгаар тогтнож байснаас хойш анхны тохиолдол болох юм. Дашрамд дурдахад Франц улс 1853 онд Шинэ Каледонд ноёрхлоо тогтоон, колони болгож байсан билээ.
Б.Азаа