Энтертайнмент
“Apocalypto” киноны од Руди Янгблад зэрэг Холливүүдийн алдартнууд Монголд ирнэ
“Холливуд Монголд” Олон улсын кино уран бүтээлчдийн анхдугаар наадам 2019 оны тавдугаар сарын 1-7-ны өдрүүдэд Улаанбаатар хотод болох талаар мэдээлэл хийж байна.
Улаанбаатар хотноо 2019 оны тавдугаар сарын 1-7-ны өдрүүдэд болох “Холливүүд Монголд” олон улсын кино уран бүтээлчдийн анхдугаар наадамд “Apocalypto” киногоороо алдартай Руди Янгблад, “Game of thrones”, “Marco Polo”, “Warrior” киноны найруулагч Дэвид Петрарка, “Мулан”, “Галзуу баян азиуд” “Нарниа” киноны найруулагч Тим Коддингтон, “The Meg” киноны жүжигчин Витаяа Пансрингарм зэрэг 16 алдартан Монголд ирэхээр болжээ.
Мөн Холли Берри, Брэд Битт, Жэймс Франко, Сильвестер Сталлоне, Шарлиз Терон зэрэг дэлхийн А зэрэглэлийн алдартай жүжигчдийг дасгалжуулагч Ивана Чаббак хүрэлцэн ирэх юм байна. Тэрбээр өөрийн жүжиглэх ур чадварыг хөгжүүлэх Чаббак арга барилыг боловсруулан гаргасан бөгөөд Лос Анжелесийн шилдэг борлуулалттай ном болох “Дүр бүтээх увдис” номыг нь тун удахгүй орчуулан гаргах гэж байгаа ажээ. Ингэснээр түүний кино зохиолыг амилуулах, амьд, динамик дүр бүтээх жүжигчний 12 арга барилыг эх хэлээрээ унших боломж бүрдэх юм байна.
Кино бүтээхтэй холбоотой олон чиглэлээс Холливүүдийн мэргэжлийн уран бүтээлчид нэгдсэн байдлаар анх удаа Монгол Улсад хүрэлцэн ирж байна
“Холливүүд Монголд” фестивалийг “Хануй филм” НҮТББ-аас санаачлан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж байгаагаараа онцлогтой бөгөөд дэлхийд алдартай эдгээр зочдыг урьснаар тэднээс суралцах, харилцаа холбоо тогтоож хамтын ажиллагааны боломжийг бүрдүүлэх зорилготой юм байна.
Кино бүтээхтэй холбоотой олон чиглэлээс Холливүүдийн мэргэжлийн уран бүтээлчид нэгдсэн байдлаар анх удаа Монгол Улсад хүрэлцэн ирж байгаа нь кино урлагийн түүхэнд нэгэн шинэ хуудсыг нээсэн чухал ач холбогдолтой арга хэмжээ болж байна.
Тус төслийн санаачлагч, жүжигчин А.Баярцэцэг:
ХОЛЛИВҮҮДИЙН А ЗЭРЭГЛЭЛИЙН УРАН БҮТЭЭЛЧДЭЭС СУРАЛЦАХ, ТЭДЭНТЭЙ ХАМТЫН АЖИЛЛАГААТАЙ БОЛОХ АЧ ХОЛБОГДОЛТОЙ
“Холливүүд Монголд” төслийн удирдагч А.Баярцэцэг
“Холливүүдийн А зэрэглэлийн кино уран бүтээлчдийг уриад, тэднээс туршлага судлах, суралцах, хамтын ажиллагаатай болох, магадгүй Монголын нутаг дэвсгэрт Холливүүдийн дэлхийн хэмжээний кино зураг авалтыг хийх, хамтарсан продакшн хийх алсын хараатайгаар энэ фестивалийг анх удаа зохион байгуулж байна.” гэлээ.
Түүнчлэн “”Game of thrones” киноны зураг авалтыг Хорватын Дубровник хотод хийхэд тус улсын аялал жуулчлал 20 хувиар өссөн. “Бөгжний эзэн” киног Шинэ Зеландад хийхэд 20 хувь, “Аватар” киноны зураг авалтыг Хятадын Хуаншань ууланд хийсний дараа олон сая жуулчин дэлхийн өнцөг булан бүрээс ирдэг. Тиймээс бид энэ уран бүтээлчдээс суралцахаас гадна, хэзээ нэгэн цагт монгол уран бүтээлчдээ Холливүүдийн кинонд ажиллуулах, эх орондоо зураг авалтыг хийх зэрэг боломж бүрдэнэ гэдэгт найдаж байна.” гэлээ.
Тус фестиваль хоёр жил тутамд нэг удаа зохион байгуулагдах бөгөөд одоогийн байдлаар 13 зочин ирэхээ мэдэгдээд байгаа бөгөөд нийтдээ 16 зочин урьжээ.
Төслийн ерөнхий нарийн бичгийн дарга Г.Мөнхбаяр:
МАНАЙ УЛСЫГ ОЛОН УЛСАД СУРТАЛЧЛАХ ӨНДӨР АЧ ХОЛБОГДОЛТОЙ
“Холливүүд Монголд” төслийн ерөнхий нарийн бичгийн дарга Г.Мөнхбаяр
Нээлтийн арга хэмжээг “Apocalypto” киногоор нээх талаар хэлэлцээрийн шатанд явж байна.
“Холливүүдийн А зэрэглэлийн алдартай уран бүтээлчид өргөн бүрэлдэхүүнээр Монголд ирнэ гэдэг нь Манай улсыг олон улсад сурталчлах өндөр ач холбогдолтой. Тийм ч учраас Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж байна. Мэдээж анхдугаар наадам гэдэг утгаар ямар нэг туршилтын зүйл байх ёсгүй гэж үзэж бид маш өндөр түвшний зохион байгуулалттайгаар, 60 гаруй залуучуудын оролцоотойгоор ажлаа явуулж байна.
Нийт 7 хоногийн хугацаанд фестиваль явагдана. Тавдугаар сарын 1-4-ний өдрүүдэд үндсэн гол ажиллагаанууд болох нэгдсэн чуулга уулзалт, мэргэжлийн сургалтуудыг гаднаас ирсэн зочид явуулах болно. Энэ нь Монголын кино урлагт томоохон дэвшил бүхий боломж гэж бид харж байна. Монголын кино урлагийг дараагийн шинэ шатанд гаргаж хөгжүүлэхэд энэ үйл ажиллагаа нь өөрийн үүргийг гүйцэтгэж чадна гэж үзэж байна” гэлээ.
Энэхүү үйл ажиллагаа нь мөн аялал жуулчлалын салбарт тодорхой хэмжээний бодитой хувь нэмэр оруулна гэдэгт эргэлзэхгүй байгаа талаар тэрбээр хэллээ.
Нээлтийн арга хэмжээг “Apocalypto” киногоор нээх талаар хэлэлцээрийн шатанд явж байна.
Төслийн зөвлөх, Монголын үндэсний маркетингийн холбооны удирдах зөвлөлийн дарга Ж.Золзаяа:
А.БАЯРЦЭЦЭГ ОЛОН УЛСЫН 14 КИНОНД ТОГЛОСОН. ЭНЭ СҮЛЖЭЭГЭЭРЭЭ ЭДГЭЭР ХҮМҮҮСИЙГ УРЬСАН
Төслийн зөвлөх, МҮМХ-ны удирдах зөвлөлийн дарга Ж.Золзаяа
Энэ арга хэмжээг зохион байгуулахад маш өндөр зардал гарч байна. Тиймээс санхүүжилтийн хувьд төр засаг, компаниудтай хамтарч ажиллах шаардлагатай байгаа.
“Монголын үндэсний маркетингийн холбоо энэхүү фестивалийн хамтран зохион байгуулагчаар ажиллаж байна. Дэлхийд кино урлагаар тухайн улс эх орноо сурталчилж, аялал жуулчлалаа хөгжүүлдэг. Тиймээс Монголд ирэх 16 зочидтой ирээдүйд Монголын тухай кино хийх, Монголын нутаг дэвсгэрт зураг авалт зохион байгуулах ач холбогдолтой. Монгол Улс асар их түүх соёлтой улс. Энэ 16 зочин Монголд ирлээ гэж биднээс ямар нэг төлбөр мөнгө авахгүй.
А.Баярцэцэг олон улсын 14 кинонд тоглосон. Энэ сүлжээгээрээ эдгээр хүмүүсийг урьсан. Энэ арга хэмжээг зохион байгуулахад маш өндөр зардал гарч байна. Тиймээс санхүүжилтийн хувьд төр засаг, компаниудтай хамтарч ажиллах шаардлагатай байгаа. Энэ хэвлэлийн хурлаар дамжуулж хамтарч ажиллахыг уриалж байна” гэлээ.
“Өргөө” кино театрын маркетингийн захирал Т.Дөлгөөнтамир:
“CINEMA AWARDS” ШАГНАЛ ГАРДУУЛАХ ЁСЛОЛ ЗОХИОН БАЙГУУЛНА
“Өргөө кино театр энэ жил 10 жилийн ойтойгоо золгож байна. Бид ойн хүрээндээ энэ арга хэмжээний ерөнхий ивээн тэтгэгч, хамтран зохион байгуулагчаар оролцож байгаадаа таатай байна.
Тус фестивалийн хүрээнд Монголын кино уран бүтээлчдийн кино театрт гаргасан бүтээлүүдийн дунд “Cinema Awards” шилдэг найруулагч, шилдэг жүжигчин гэх мэт 10 төрлөөр шилдгийг шалгаруулах шагнал гардуулах үйл ажиллагааг тавдугаар сарын 2-нд зохион явуулна. Мөн тус арга хэмжээний хүрээнд “Өргөө” кино театр IMAX-т мастер класс зохион байгуулна” гэлээ.
“Холливүүд Монголд” фестивальд ирэх зочдын жагсаалтыг ЭНД дарж үзнэ үү.
“Холливуд Монголд” Олон улсын кино уран бүтээлчдийн анхдугаар наадам 2019 оны тавдугаар сарын 1-7-ны өдрүүдэд Улаанбаатар хотод болно. Энэхүү кино наадмын талаар өнөөдөр Туушин зочид буудлын СҮЛД танхимд хэвлэлийн бага хурал хийж байна.
Энтертайнмент
С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо
Бүгд Найрамдах Исланд Улсад хэрэглэлтэй пауэрлифтингийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт болсон бөгөөд манай улсаас МПНХ-ны Ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй гурван тамирчин өрсөлдөхөд Монголын баг нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн байна.
Тэмцээний сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 84 кг-ын жинд С.Мөнхзул газраас таталтын төрөлд 227.5 кг-ыг өргөснөөр алтан медаль хүртэж, ДАШТ-ий насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ангилалд алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов.
Мөн энэ жингийн хүрэл медалийг Монгол Улсын тамирчин Б.Марал хүртжээ.
С.Мөнхзул нь өнгөрсөн онд Мастеруудын дэлхийн аварга болж, Ази, Номхон далай, Африк тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, шилдэг тамирчин өргөмжлөл хүртсэн билээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.