Энтертайнмент
ХӨЛБӨМБӨГ: Монгол охид өнөөдөр олимпын эрхийн төлөө өрсөлдөнө
Тажикстан улсын Душанбэ хотноо зохиогдож байгаа 2020 оны Зуны олимпын наадамд оролцох эрхийн төлөөх өрсөлдөөний хэвлэлийн бага хурал өчигдөр /2018.11.03/ боллоо. Хэвлэлийн бага хуралд нэг хэсэгт бичигдсэн Тажикстан, Тайван, Сингапур, Филиппин болон Монголын шигшээ багуудын ахлах дасгалжуулагч нар оролцсон юм.
Ц.ГАНБОЛД: БИДЭНД ТОМ БОЛОМЖ БИЙ
Хэвлэлийн бага хурлын үеэр Монголын эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ц.Ганболд “Чухал тэмцээнд оролцохоор Тажикстан улсад ирсэндээ баяртай байна. Энэ бол манай багийн оролцож байгаа хоёр дахь олон улсын тэмцээн. Бусад багуудын талаар хангалттай судалж чадсангүй. Гэхдээ Тажикстан улсын цаг агаар Монголын цаг агаартай төстэй учраас бид өөрсдийн тоглолтыг гаргаж чадах байх. Охид маань формтой байгаа. Хүчтэй өрсөлдөөн үзүүлнэ гэдэгтээ итгэлтэй байна” гэж ярьжээ.
Ц.Ганболд дасгалжуулагчтай Монголын хөлбөмбөгийн эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ баг “Токио 2020” олимпын эрхийн төлөөх тэмцээний нэгдүгээр шатанд өрсөлдөхөөр 2018.10.30-нд Тажикстан улсыг зорьсон.
Монголын хөлбөмбөгийн шигшээ багуудаас анх удаа олимпын наадмын эрхийн төлөө өрсөлдөж буй эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ баг Тажикстан, Сингапур, Филиппин, Тайванийн багтай “А” хэсэгт өрсөлдөнө. Тэмцээний эхний тоглолт өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 4-нд болох ба манай охид талбайн эзэн Тажикстантай өрсөлдөнө.
Цаашлаад, хоёр дахь тоглолтод арваннэгдүгээр сарын 06-нд Сингапуртай, гурав дахь тоглолтод арваннэгдүгээр сарын 08-нд Тайваний багтай тоглох хуваарьтай байна.
Олимпын наадмын эрхийн төлөөх тэмцээн нь Монголын эмэгтэй хөлбөмбөгчдийн анх удаа оролцож буй хамгийн том тэмцээн төдийгүй Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээний II шатны бэлтгэл болж байгаагаараа онцлогтой.
Энтертайнмент
С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо
Бүгд Найрамдах Исланд Улсад хэрэглэлтэй пауэрлифтингийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт болсон бөгөөд манай улсаас МПНХ-ны Ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй гурван тамирчин өрсөлдөхөд Монголын баг нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн байна.
Тэмцээний сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 84 кг-ын жинд С.Мөнхзул газраас таталтын төрөлд 227.5 кг-ыг өргөснөөр алтан медаль хүртэж, ДАШТ-ий насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ангилалд алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов.
Мөн энэ жингийн хүрэл медалийг Монгол Улсын тамирчин Б.Марал хүртжээ.
С.Мөнхзул нь өнгөрсөн онд Мастеруудын дэлхийн аварга болж, Ази, Номхон далай, Африк тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, шилдэг тамирчин өргөмжлөл хүртсэн билээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.