Энтертайнмент
Д.Ганцэцэг: Бид хоёрын бүх зүйл нэгдэж халуун зүрх цохилууллаа

Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Д.Ганцэцэг, А.Ганчимэг нар “Хувьсал”-аас өрх тусгаарлан “Аримун” нэртэй продакшн байгуулсан. Авьяаслаг бүсгүйчүүд анхны уран бүтээл болох “Халуун зүрх” киногоо өнгөрсөн баасан гарагт үзэгчдийн хүртээл болголоо. Энэхүү киноны найруулагч, жүжигчин Д.Ганцэцэгтэй ярилцсанаа хүргэе.
–Таны найруулсан анхны уран бүтээлийн нээлт сайхан боллоо. Бүтээл туурвих, үзэгчиддээ хүртээх хоёр өөр. “Халуун зүрх”-ээ үзэгчдийн хүртээл болголоо, сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Өнөөдөр би маш амгалан, гэгээн байна. Миний амьдралын 17 жилийн баяр жаргал, уйтгар гуниг, сэтгэл хөөрөл, хайр харуусал гээд маш олон зүйл энэ кинонд шингэсэн. Манай А.Ганчимэгийн сэтгэн бодох чадвар, сэтгэмж, мэдрэмж жүжигчний ур чадварын нэгдэл болон бид хоёрын бүхий л зүйл нэгдэж “Халуун зүрх”-ийг цохилууллаа. Амьдрал бол өөрөө амар тайван энх жаргалтай оршихуйн утга учир гэж боддог. Тийм болохоор хүн болгон хүссэн бүх зүйлдээ хүрч, эрүүл энх элэг бүтэн байгаасай гэж хүсч байна.
–“Халуун зүрх” гэж нэрлэсний учир?
-Киноны зохиолыг жүжигчин А.Ганчимэг бичсэн. Хүний амьдралын бүхий л утга учир бол үр хүүхэд. Энэ ч утгаараа киноны гол дүрийн эмэгтэй амь насаараа дэнчин тавьж хүүхэдтэй болох мөрөөдлөө биелүүлдэг. Манай киноны зохиол анх “Дэлхийг тээсэн эмэгтэй” хэмээх нэртэй байсан. Эх хүн нэгэн шинэ амийг хэвлийдээ төдийгүй халуун зүрхэндээ тээж төрүүлдэг. Төрүүлсэн үрээ сэтгэл зүрхэндээ цаг үргэлж халуун хайраар өлгийдөн өсгөдөг. Тиймээс “Халуун зүрх” хэмээн нэрийг нь өөрчилсөн юм. Энэхүү кино бол миний найруулсан анхны кино. Ийм ч учраас би анхны киногоо ханьдаа зориулан бичсэн. Киноны гол дүрд ханьтайгаа зан аашийн хувьд төстэй жүжигчин сонгохыг хичээсэн. Миний сонголтод хамгийн дөхөж очсон жүжигчин бол Б.Тамир байсан.
–Кино нээлтээ хийж, үзсэн, үзээгүй хүмүүс олон төрлийн таамаг, ухаарлыг авч байгаа байх. “Халуун зүрх” үзэгчдийн сэтгэлд юу үлдээх вэ?
-Хүн болгоны зүрх сэтгэлд байдаг нандин хайр гэж бий. Тэр хайрыг маш эрхэм, ариун нандин үнэнээр нь хадгалж байгаасай. Бидний амьдрал хормын зуур өнгөрдөг. Бид өнөөдөр инээж байгаа ч маргааш уйлж байдаг. Тийм болохоор яг одоо амьд, амьсгалж яваадаа үргэлж таларх. Бид мөнх биш, харин амьдрал мөнх үргэлжилдэг. Үр хүүхдийнхээ төлөө бид улам илүү хичээх ёстой.– А.Ганчимэгийн зохиолыг кино уран бүтээл болгоход та чухам юунд анхаарч ажилласан бэ?
-Мөнхийн тасаршгүй мөр үлддэг. Үргэлжлэл болсон үр үлддэг … гэдэг санааг л ойлгуулахыг хичээсэн. Дээр нь яагаад заавал энэ сэдвийг сонгож авсан бэ гэхээр айл бүр, хүн болгон нэг хүнд асуудалтай тулгарч байдаг. Өдөрт 16 хүн хорт хавдар хэмээх өвчнөөр шинээр оношлогдож өдөрт ийм аюулт өвчнөөр амь насаа алдаж байхад үүнийг төр засаг маань анхааралдаа авахгүй бол болохоо байжээ. Тиймээс энэхүү сэдвийг хөндөж гаргахыг хичээсэн. Хамгийн гол нь хүн болгон эрүүл мэндийн боловсролтой байгаасай. Хоёрдугаарт, улсдаа ганцхан байдаг Хавдар судлалын үндэсний төвийн орж гарах дөрвөн гарцыг нээгээд өгөөсэй. Өнөөдөр дэлхийн стандартад нийцсэн эмнэлгүүд дөрвөн гарцтай байдаг бол манайд харамсалтай нь ганцхан гарц үлдээгээд бусдын хувийн эзэмшлийн компаниуд аваад байшин барилга барьчихсан байна. Гэтэл түргэн тусламжийн машинд суугаад хөдөлсөн мөртлөө эмнэлгийн гадаа хоёр цаг түгжирсээр байгаад машин дотроо өөд болох ч тохиолдол байгаа. Тийм ч учраас төр засаг маань түмэн олноо энэрэх цаг болсон. Тийм болохоор энэхүү киног үзээсэй гэж хүсч байгаа юм.
–Киног таныг нөхөртөө зориулсан, таны амьдралын тухай байх гэсэн таамаг байсан ч энд өөр бүсгүйн амьдрал өгүүлэгдэж, өөр агууламж илэрхийлсэн байна гэж үзэгчид хэлж байсан?
-Бид хоёрын дунд маш гоё ариун нандин хайр байдаг. Ханийнхаа эмэгтэй хүнийг бусдаас илүүтэй хайрлах агуу сэтгэлийг гаргахыг зорьсон.
–Киноны дүр сонголтын тухайд та хүссэн дүрээ олж чадсан уу. Гол дүр болох жүжигчин Б.Тамир таны төсөөлөл, илэрхийлэл мөн үү?
-Найруулагчийн хувьд миний мөнхийн сэтгэл дотроо хадгалж ирсэн дүр учраас жүжигчин Б.Тамирт “Эрдэнэ” хэмээх нэр хайрласан. Нэгдүгээрт, уг хүн нь зөв хүн байх ёстой гэж бодсон. Хоёрдугаарт, жүжигчний ур чадвартай байх ёстой гэж үзсэн. Гуравдугаарт, үнэн зөв явж байгаа хүнийг сонгохыг хичээсэн. Эдгээр олон сонголтуудаас өнөө үеийн залуу жүжигчдээс би Б.Тамирыг сонгосон. Б.Тамираад би үнэхээр баярлаж байна. Б.Тамирын харцыг киноноосоо харах бүрт өөрийнхөө амьдралыг нэхэн санаж, маш гоё аз жаргалтай болдог.
-“Хувьсал”-аас өрх тусгаарласан хоёр Ганаа цаашдын уран бүтээлийн төлөвлөгөөгөө гаргасан байх?
-Маш сайхан төлөвлөгөө бий. Цаашдын уран бүтээлээ маш сайхан төлөвлөөд явж байна. Бид ямар ч байсан урьд өмнө хийж байсан бүтээлээр чансаа бууруулахгүйгээр жүжигчдийн ур чадварыг гүйцэт харуулсан, нийгэмд дохио болсон уран бүтээл хийхийг зорих болно.
-Та найруулагч бас өөрөө кинондоо хүүтэйгээ хамт туслах дүр бүтээсэн байсан. Хүү тань кинонд тоглох саналыг хэрхэн хүлээж авсан бэ?
-“Аримун” продакшны хамгийн анхны уран бүтээлд А.Ганчимэг, Д.Ганцэцэг гэдэг хоёр уран бүтээлчийн “Хувьсал” продакшнаас өрх тусгаарлаад анхны уран бүтээлээ хийж байгаа учраас энэхүү кинонд хоёр Ганаагийн дүрс байх ёстой гэдэг үүднээс би эсрэг дүрд тоглосон. Миний бага хүү Б.Хангал “Халуун зүрх” кинонд хорт хавдраар өвчилсөн ч түүнийг даван гарч буй хүүхдийн дүрийг бүтээсэн. Хүү минь кино зохиолыг анх уншаад “Ямар инээдтэй кино вэ. Яаж өөрөөсөө эгч хүнийг хайр аа, хөөрхөн өө гэж дуудах юм бэ” гээд инээж байсан. Тэгээд “Ээж ээ, би киноны есөн сценид тоглоно гэхэд нэг хэсэгт нь 100 мянган төгрөгөөр тоглоно гэвэл та надад цалин өгөх үү” гэж асуусан юм. Хүү минь энэ дүрийг өөрийнхөөрөө гаргах гэж их хичээсэн. Энэ дашрамд бидний үр хойч болсон хүүхэд багачууд хорт хавдар гэх аюулт өвчнөөр бүү шаналаасай. Тэдний минь хүүхэд нас үргэлж гэрэлтэй, инээд хөөрөөр цалгиж байгаасай гэж хүсье.

Энтертайнмент
Х.Тэргэл дартсын дэлхийн чансааг тэргүүлсэн анхны Ази тивийн тоглогч болов

Их Британийн нийслэл Лондон хотод дартсын өсвөр үеийнхний “ADVANCED TOUR-2025” дэлхийн лигийн тэмцээн энэ оны нэгдүгээр сараас эхэлж, өчигдөр дүнгээ гаргалаа. Зөвхөн 16 хүртэлх насныхан оролцдог 20 цуврал тэмцээний нийлбэр дүнгээр Монгол Улсын тамирчин, 14 настай Х.Тэргэл тэргүүн байр эзэлж, дэлхийн чансааг мөн тэргүүлэв.
Дэлхийн чансааг Ази тивээс тэргүүлсэн анхны тоглогч Х.Тэргэл болж байна. Энэ лигийн тэмцээнд есөн орны дэлхийн шигшмэл 32 тамирчин оролцсон бөгөөд анхдагч амжилтын эзэн Х.Тэргэл нь 2022, 2023 оны өсвөрийн багийн ДАШТ-ий хүрэл медаль, 2024 оны ДАШТ-ий ганцаарчилсан төрөлд хүрэл медаль эзэлсэн ба Монгол Улсын дөрвөн удаагийн аварга тамирчин юм.
Удамт тоглогчийн ээж Ш.Эрдэнэтуяа нь дартсын спортын ОУХМ, Монгол Улсын аварга бол нагац ах Ш.Ганзориг, Ш.Ган-Эрдэнэ нар нь ОУХМ, Монгол Улсын аварга цолонд хүрсэн тамирчид байна.
Энтертайнмент
Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо

Энтертайнмент
“Ромео, Жульетта” эмгэнэлт драмын жүжгийг маргааш нээнэ

Улсын Хүүхэд залуучуудын театр Уильям Шекспирийн зохиол “Ромео, Жульетта хоёр” эмгэнэлт драмын жүжгийг 59 жилийн дараа төрөлх театрынхаа тайзнаа дахин тоглоно.
Анх 1966 онд Ардын жүжигчин С.Гэндэнгийн найруулгаар Хүүхэд залуучуудын театрын тайзнаа тоглогдож байсан “Ромео, Жульетта хоёр” жүжгийг ирэх 5 дугаар сарын 9-ний өдөр нээх бөгөөд уг бүтээлд 100 гаруй уран бүтээлч, ажилтан оролцож байна.
Гол дүр болох Ромеогийн дүрд жүжигчин Б.Түвшинбаяр, Жульеттагийн дүрд жүжигчин М.Батгэрэл нар тоглох бөгөөд урилгаар Төрийн соёрхолт, УГЖ Ц.Төмөрбаатар, УГЖ Н.Нармандах, СТА Ж.Даваасамбуу нар оролцоно. Жүжгийн Ерөнхий найруулагчаар тус театрын найруулагч СТА Б.Энхээ ажиллаж байгаа бөгөөд Ерөнхий продюсероор УГЖ Н.Ариунболд, Ерөнхий зураачаар УГЗ Г.Ганбаатар нар ажиллаж байна.
74 жилийн түүхт Улсын Хүүхэд залуучуудын театр 27 жилийн дараа дахин хөшгөө нээгээд удаагүй ч “Арслан хүлэгт баатар” хүүхдийн жүжиг, “Хайрыг хайрла”, “18 дахь хаврын хайр” драмын жүжиг болон “Хүүхнүүдийн хаанчлал” инээдмийн водевиль жүжгүүдийг үзэгчдэдээ толилуулаад байсан бол энэ удаа сонгодог бүтээлийг ийнхүү тайзнаа амилуулахад бэлэн болжээ.
Улсын Хүүхэд залуучуудын театр дэлхийн болоод үндэсний хэмжээний бүх насныханд зориулсан тайзны урлагийн бүтээлээр дамжуулан урлаг гоо зүй, соёлын боловсролыг түгээсээр байна.
-
Нийгэм11 цаг өмнө
“Алтан хайч-2025” хонь ноослогчдын улсын анхдугаар тэмцээн болно
-
Нийгэм12 цаг өмнө
Б.Ганхайч ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
-
Нийгэм12 цаг өмнө
Зуны саруудын цаг агаарын ерөнхий төлөв
-
Нийгэм12 цаг өмнө
Гадаадын иргэний виз олголт 2.8 дахин өсжээ
-
Улс төр13 цаг өмнө
Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ
-
Нийгэм12 цаг өмнө
Энэ оноос эхлэн 105,627 өрхийг шатдаг хийн түлшинд үе шаттайгаар холбохоор төлөвлөж байна
-
Нийгэм12 цаг өмнө
Ази, Номхон далайн бүсийн “ASPAC” чуулган боллоо
-
Нийгэм11 цаг өмнө
Согтуугаар мотоцикл жолоодож, осол гаргажээ