Дэлхий дахинд
“Korean Air” компанийн ерөнхийлөгч Чо Ян Хо нас баржээ
Өмнөд Солонгосын Ханжин Группын ерөнхийлөгч, үндэсний хамгийн том агаарын тээвэрлэгч “Korean Air” компанийн ерөнхийлөгч Чо Ян Хо уушгины архаг өвчний улмаас 70 насандаа бие барсныг өнөөдөр албаны эх сурвалж мэдээлжээ.
Тэрээр өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас хойш Лос Анжелес хотод эмчлүүлж байсан юм. Талийгаачийн шарилыг Өмнөд Солонгост ирүүлж, оршуулах цаг хугацааг удахгүй зарлах гэнэ.
Хоёр долоо хоног орчмын өмнө “Korean Air” компанийн ТУЗ-өөс түүнийг чөлөөлөх шийдвэрийг хувь эзэмшигчдийн хурлаас гаргасан юм.
Чо Ян Хогийн болон түүний гэр бүлийн гишүүдийн хөрөнгө мөнгө идэж шамшигдуулсан, ёс зүйгүй ааш авир гаргасан дуулианууд ийм шийдвэр гаргахад хүргэсэн байна.
Чо Ян Хо нь 1999 оноос хойш тасралтгүй “Korean Air” компанийг удирдаж байсан юм. Түүнийг Монгол Улсын засгийн газар “Алтан гадас” одонгоор шагнаж байжээ.
Эх сурвалж: Korea Times