Эдийн засаг
Гурван жил үргэлжилсэн маргаанд Дээд шүүх цэг тавьж, “Багануур”-ын талд шийдвэр гаргалаа

Багануурын ордын тусгай зөвшөөрөлтэй холбогдох “Алтайн гянт” ХХК-ийн нэхэмжлэлтэй хэргийг Улсын дээд шүүх өчигдөр буюу 2019 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдөр хянан хэлэцээд “Алтайн гянт” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргалаа. Ингэснээр “Алтайнгянт” ХХК-ийн эзэмшиж байсан малтмалын ашиглалтын 12959А тоот тусгай зөвшөөрөл хүчингүйд тооцогдож, Улаанбаатар хотын Багануур дүүргийн нутагт орших Баруун хонгор нэртэй 1181.16 га талбай төрийн мэдэлд хэвээр үлдэж байгаа юм.
Энэ талаар эргэн сануулбал:
Багануурын орд газарт улсын төсвөөр 1974-1975 онд хайгуулын ажил, 1988-1989 онд гүйцээх хайгуулын ажил, 2014-2015 онд нэмэлт хайгуул хийж, нөөцийг нь тогтосон байдаг. Гэтэл тус ордод Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох зохицуулалтуудыг зөрчин 2006 оны арваннэгдүгээр сарын 6-нд Ашигт малтмалын газрын даргын тушаалаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг “Алтай гоулд” ХХК-д олгосон бөгөөд улмаар тус компани өөрийн эзэмшилд байсан дээрх тусгай зөвшөөрлийг 2010 онд “Алтайн гянт” ХХК-д шилжүүлсэн байдаг.
“Багануур” ХК-ийн зүгээс хууль зөрчин олгосон уг тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох асуудлаар 2008 оноос эхлэн холбогдох төрийн захиргааны болон шүүхийн байгууллагуудад удаа дараа гомдол гаргаж, хянан шийдвэрлүүлсний үндсэн дээр 2012 оны аравдугаар сарын 23-ны өдрийн Ашигт малтмалын газрын даргын 616 дугаар тушаалаар дээрх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгожээ.
Ашигт малтмалын газрын даргын дээрх тушаалыг “Алтайн гянт” ХХК-ийн зүгээс 2015 онд хууль бус хэмээн үзэж, Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон үндэслэлээр Захиргааны шүүх тус нэхэмжлэлийг хүлээж аваагүй байдаг боловч “Алтайн гянт” ХХК 2016 онд нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхээр нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэснээр уг хэргийн маргаан өнөөдрийг хүртэл бүрэн шийдэгдэлгүй сунжирсээр ирсэн билээ.
Улмаар 2018 оны арваннэгдүгээр сарын 7-нд Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүх Багануурын ордын тусгай зөвшөөрөлтэй холбогдох “Алтайн гянт” ХХК-ийн нэхэмжлэлтэй хэргийн анхан шатны шүүх хурлыг явуулж, тус компанийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн юм. Ингэснээр тус компанид Багануурын ордод ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагаа эрхлэхээр олгосон тусгай зөвшөөрөл хүчингүй болох нөхцөл бүрдсэн гэсэн үг.
Гэтэл Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны хоёрдугаар сарын 20-ны өдрийн 221/МА2019/0098 тоот магадлалаар нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн дээрх шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн байдаг.
Тэгвэл тус газрын Кадастрын хэлтэст энэхүү 221/МА2019/0098 тоот магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч, Улсын дээд шүүхэд гомдол гаргасныг 2019 оны дөрөвдүгээр сарын 8-н буюу өчигдөр хянан хэлэцээд ийнхүү “Алтайн гянт” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Өөрөөр хэлбэл, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн шийдвэрийг хэвээр үлдээж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны хоёрдугаар сарын 20-ны өдрийн магадлалыг хүчингүй болгож, Захиргааны хэргийг хариуцагч болон гуравдагч этгээд болох “Багануур” ХК-ийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэв.
Ингэснээр 13 жилийн өмнө гарсан хууль бус шийдвэртэй холбоотой хэрэг шүүхээр гурван жил явсны эцэст Дээд шүүх цэг тавьж, “Алтайн гянт” ХХК-ийн эзэмшиж байсан малтмалын ашиглалтын 12959А тоот тусгай зөвшөөрлийн Улаанбаатар хотын Багануур дүүргийн нутагт орших Баруун хонгор нэртэй 1181.16 га талбай нь төрийн мэдэлд хэвээр үлдлээ.

Эдийн засаг
Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийслэлийн статистикийн газраас махны үнийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, 2025 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 17498 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 19990 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.
Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 0.4 хувиар өсөж 19990 төгрөг, үхрийн цул махны үнэ 1.4 хувиар өсөж 22947 төгрөгийн дундаж үнэтэй байна.
Эдийн засаг
Уул уурхай олборлолт 857.6 тэрбум төгрөгөөр өсжээ

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 7.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.1(17.0%) их наяд төгрөгөөр өсчээ. Үүнд уул уурхай олборлолт 857.6 (18.6%) тэрбум төгрөг, цахилгаан хий, уур, агааржуулалтын салбар 169.5(27.2%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 5.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 857.6 (18.6%) тэрбум төгрөгөөр өсөхөд металлын хүдэр олборлолт 614.0(27.2%) тэрбум төгрөг, чулуун болон хүрэн нүүрс олборлолт 234.4(11.8%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт хүрэн нүүрс, цайрын баяжмал, төмрийн хүдэр, зэсийн баяжмал металл агуулгаараа, хайлуур жонш, хайлуур жоншны баяжмалын биет хэмжээ өмнөх оны мөн үеэс 3.2-38.8 хувиар өсөж, харин цэвэршүүлээгүй алт, газрын тос, мөнгөний баяжмал, чулуун нүүрс, баяжуулсан нүүрс, төмрийн хүдрийн баяжмал 8.5-32.0 хувиар буурчээ.
Боловсруулах аж үйлдвэрийн салбарт ус, ундаа жүүс,шингэн сүү, янжуур тамхи зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн биет хэмжээ 6.4-56.0 хувиар өсөж, харин металл бэлдэц, самнасан ноолуур, шохой, нүүрсэн шахмал түлш, цэвэр спирт, цагаан архи, катодын зэс,гурил, цемент, ноолууран сүлжмэл эдлэл, малын мах зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2.3 -28.9 хувиар буурсан байна.
Эдийн засаг
Нүүрсний экспортын биет хэмжээ багасжээ

Нүүрсний экспортын биет хэмжээ энэ оны эхний 3 сарын байдлаар 15.8 сая тоннд хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 1.9 сая тонноор багасжээ.
Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ буурснаас экспортын орлого өмнөх жилийн мөн үеийнхээс 934 сая ам.доллароор багассан байна. Энэ оны эхний 3 сарын нүүрсний экспортын орлогыг өмнөх оныхтой харьцуулахад үнийн нөлөөгөөр 715 сая, биет хэмжээний нөлөөгөөр 220 сая ам.доллараар багассаныг Гаалийн Ерөнхий газар мэдээлсэн.
Дээрх хүчин зүйлсийн нөлөөгөөр гадаад валютын эрэлт ч нэмэгджээ. Банкуудаас гадаад валютын дуудлага худалдаанд өнгөрсөн оны 4 дүгээр улиралд 7 хоногт дунджаар 165 сая ам.доллар худалдан авах санал ирж байсан бол тус хэмжээ нь энэ оны эхний улиралд 192.0 сая ам.доллар болж, 27 сая ам.доллароор өсөв. Монголбанк энэ оны эхний улиралд эрэлт, нийлүүлэлтийн богино хугацааны зөрүү, түүнээс үүдэлтэй ханшийн огцом хэлбэлзлийг багасгах, стратегийн ач холбогдолтой бараа бүтээгдэхүүний төлбөрийг саадгүй хийхээр валютын дуудлага худалдааг долоо хоногт 2 удаа зохион байгууллаа. Улирлын шинжтэй валютын урсгалын богино хугацааны зөрүүнээс үүдэлтэй төгрөгийн ам.доллартой харьцах ханш энэ оны эхний улиралд оны эхнээс хойш 2.5 хувиар суларсан байна.
Түүнчлэн, манай улсын гадаад валютын улсын нөөц 5 тэрбум ам.доллар байна. Монголбанкны төсөөллөөр энэ он дуустал улирлын онцлогоо дагаад уул уурхайн салбарын идэвхжил, ноос, ноолуур, аялал жуулчлалын үйлчилгээнээс орох валютын урсгал нэмэгдэх, ирэх оны 4 дүгээр сар хүртэл төлөхөөр хүлээлгэж буй томоохон гадаад өр төлбөр байхгүй учир цаашид төлбөрийн тэнцлийн алдагдал буурах хүлээлттэй байгааг төв банк мэдээлжээ.
-
Нийгэм17 цаг өмнө
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ
-
Нийгэм18 цаг өмнө
Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэдэх шинжлэх ухаан, технологи, инновацын салбар зөвлөл хуралдлаа
-
Нийгэм20 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 590 тохиолдол бүртгэгдлээ
-
Нийгэм18 цаг өмнө
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна
-
Нийгэм19 цаг өмнө
АТГ: “Үндэсний энгийн гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах журам”-ыг хянав
-
Нийгэм18 цаг өмнө
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ
-
Улс төр17 цаг өмнө
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа
-
Улс төр19 цаг өмнө
Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүдийг хэлэлцэв