Нийгэм
Улсын бүртгэлийн багц хуулиуд хэрэгжиж эхэллээ
Улсын Их Хурлын 2018 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэж баталсан Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Иргэний улсын бүртгэлийн тухай хууль, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулиуд 2018 оны арваннэгдүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Эдгээр хуулийн танилцуулга болон холбогдох инфографикийг Та бүхэнд цувралаар хүргэж байна.
ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН УЛСЫН БҮРТГЭЛИЙН ТУХАЙ /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/ ХУУЛЬ
Монгол Улсын Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийг Улсын Их Хурлын чуулганы 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар баталсан.
Уг хуулиар хуулийн этгээдийг шинээр болон өөрчлөн байгуулсан, татан буулгасныг улсын бүртгэлд бүртгэх болон хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэх, иргэн, хуулийн этгээд болон эрх бүхий байгууллага, албан тушаалтанд лавлагаа, мэдээлэл олгохтой холбогдсон харилцааг зохицуулна. Хууль 8 бүлэг 28 зүйлтэй.
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад дараах зарчмын асуудлыг шинээр тусгасан:
1.Хуулийн этгээдийн хэлбэрийг Иргэний хуулийн үзэл баримтлалд нийцүүлэн өөрчиллөө. Ингэснээр хуулийн этгээдийг дор дурдсан хэлбэрээр улсын бүртгэлд бүртгэнэ:
- нөхөрлөл;
- компани;
- холбоо /төрийн бус байгууллага/;
- сан;
- хоршоо;
- шашны байгууллага;
- нийтийн эрх зүйн хуулийн этгээд;
- төрийн байгууллага, албан газар;
- улсын төсөвт үйлдвэрийн газар;
- аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар.
2.Улсын бүртгэлийн үйлчилгээг иргэн, хуулийн этгээдэд хөнгөвчлөх зорилгоор улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдлийг цахим хэлбэрээр авах, лавлагааг цахим хэлбэрээр өгөх, цахим гэрчилгээ олгох, хуулийн этгээдийн нэр авах хүсэлтийг цахим хэлбэрээр гаргах зэрэг зохицуулалтыг хуульд тусгалаа. Ингэснээр иргэн, хуулийн этгээд дээр дурдсан үйлчилгээг цахим хэлбэрээр, эсхүл цаасан хэлбэрээр сонгон авах боломжтой болсон.
3.Улсын бүртгэл хийхдээ иргэн, хуулийн этгээдээс хуульд тухайлан заагаагүй баримт бичиг авч ирэхийг бусад дүрэм, журмын хүрээнд шаарддаг байсныг өөрчлөн зөвхөн хуулиар тогтоосон баримт бичгийг шаардахаар зохицуулсан.
4.Зарим төрлийн бүртгэлийн үйлчилгээг үзүүлэх хугацаа тодорхойгүй байснаас иргэн, хуулийн этгээдийг чирэгдүүлдэг байсан тул хуульд хугацааг тодорхой зааж өгөх, зарим төрлийн үйлчилгээ, тухайлбал, хуулийн этгээдийн гэрчилгээ, тамга тэмдгийг дахин авах зэрэг асуудал хуулийн зохицуулалтгүй байснаас ойлгомжгүй байдал үүсгэж, хүндрэл учруулж байсныг хуульчилсан.
5.Хуулийн этгээдийн салбар, төлөөлөгчийн газрыг 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тухайн салбар, төлөөлөгчийн газрын үйл ажиллагаагаа явуулах нутагт дэвсгэрт нь улсын бүртгэлд бүртгэхээр болсон.
6.Хуулийн этгээд санхүүгийн тайлангаа найм ба түүнээс дээш улирал дараалан гаргаагүй бол санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн улсын бүртгэлийн байгууллага хуулийн этгээдийг улсын бүртгэлээс хасах талаар нийтэд зарлах бөгөөд ийнхүү зарласнаас хойш 6 сарын дотор хуулийн этгээдээс бичгээр санал, гомдол гаргаагүй, дампуурлын хэрэг үүсгээгүй, санхүүгийн тайлангаа гаргаагүй, шүүхийн шийдвэрээр тогтоогдсон өр, төлбөргүй бол уг хуулийн этгээдийг улсын бүртгэлээс хасдаг байхаар зохицуулалт шинээр орсон.
7.Хуулийн этгээдийн хэлбэрийг Иргэний хуульд нийцүүлэн өөрчилсөнтэй холбогдуулан хэлбэрээ өөрчлөн бүртгүүлэх шаардлагатай хуулийн этгээдүүд хууль хүчин төгөлдөр болсноос хойш 2 жилийн дотор бүртгүүлэхээр Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд тусгалаа.
8.Компани, нөхөрлөл, хоршоог холбогдох хуулийн дагуу үүсгэн байгуулснаас хойш улсын бүртгэлд бүртгүүлэх хугацаа 7-10 хоног байсныг 15 өдөр болгон уртасгаж, холбогдох өөрчлөлтийг Компанийн тухай, Нөхөрлөлийн тухай, Хоршооны тухай хуульд тус тус тусгав. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийг шинэчлэн найруулсантай холбогдуулан Улс төрийн намын тухай, Банкны тухай хуулиудад хүчингүйд тооцсон Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулиас хийсэн эшлэлийг шинэчлэн найруулсан хуулийн заалттай нийцүүлэн өөрчлөв.
Түүнчлэн 2015 онд баталсан Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай, мөн хуулийг дагаж мөрдөх журмын хуулиудыг тус тус хүчингүйд тооцсон болно.
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль батлагдсанаар улсын бүртгэлийн үйл ажиллагааг иргэн, хуулийн этгээдийн хувьд төдийгүй бүртгэлийн байгууллагын хувьд хөнгөвчилж, төрийн мэдээллийн нэгдмэл байдлыг хангаж, төрийн байгууллагууд мэдээлэл харилцан солилцох боломж, хурдыг нэмэгдүүлснээр төрийн байгууллагын үйл ажиллагаанд бүхэлдээ дэвшил гарах, бүртгэлийг цахим хэлбэрээр хийх эрх зүйн үндсийг тогтоосон зэрэг ач холбогдолтой юм.
Эх сурвалж: УИХ-ын Тамгын газар
Нийгэм
О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн санаачилгаар ДХИС-ийн хэрэгжүүлж буй “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг Монгол Улсын Их Сургуулийн оюутнуудад танилцууллаа.
Тухайн хөтөлбөр нь бусад мэргэжлээр их, дээд сургууль төгссөн залуусыг богино хугацааны сургалтад хамруулж, цагдаагийн байгууллагад ажиллах мэдлэг, ур чадвар олгох зорилготой бөгөөд төгсөгчид 100 хувь ажлын байраар хангагдах боломжтой.
2019-2024 онд нийт 154 сонсогч төрд тангараг өргөж, цагдаагийн байгууллагын офицер бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэж байна.
Мэргэшүүлэх хөтөлбөрт хамрагдах сонирхолтой иргэдэд эрүүл мэнд болон боловсролын хоёр шалгуур тавих бөгөөд тус хөтөлбөрт хамрагдсанаар:
• Мэргэжлийн тусгай мэдлэг бүхий мэргэжил эзэмшинэ.
• Сонсогчоор суралцсан хугацааг төрийн албанд ажилласанд тооцно.
• Сургалтын болон дүрэмт хувцсаар хангана.
• Сурч байх хугацаанд цолны цалин, нийгмийн даатгал төлөгдөнө.
• Цэргийн алба хаасанд тооцох гэх мэт олон давуу тал бий.
Цаашид “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг бүх их, дээд сургуулийн оюутнуудад танилцуулах өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл оюутнуудад хандан “Цагдаагийн байгууллагад ажиллах сонирхолтой ч өөр мэргэжил сонгосон, давхар мэргэжил эзэмших хүсэлтэй залууст шинэ боломж бий болголоо. Залуусыг төр, ард түмний төлөө офицер бүрэлдэхүүнд хүчин зүтгэхийг уриалж байна” гэсэн юм гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ
ОБЕГ-ын даргын 2024 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн А/379 дүгээр тушаалаар “Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ.
Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгийн голомтод эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, эмнэлгийн болон хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий мэргэжлийн ангийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэхүү дүрмээр зохицуулах юм.
Мөн мэргэжлийн ангийн үүрэг, бүтэц зохион байгуулалт, сургалт, бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах зорилготой. Энэхүү дүрэм нь гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх гамшгаас хамгаалах алба, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн дэргэд байгуулсан Мэргэжлийн ангийн үйл ажиллагаанд хамаарна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Нийгэм
Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө
Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун урд зүгт 42 км зайд өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 20-нд 21:50 цагт газар хөдөллөө. Газар хөдлөлтийн хүч нь 3.2 магнитуд хүчтэй байсан гэж Хөвсгөл Онцгой байдлын газраас мэдээллээ.
Дашрамд дурдахад өнгөрсөн онд 77 мянган газар хөдлөлт бүртгэгдсэн бөгөөд 1000 орчим газар хөдлөлт нь Улаанбаатар хотын ойролцоо бүртгэгджээ. Мөн хүнд мэдрэгдэх газар хөдлөлт нь нийт долоон удаа бүртгэгдэж байжээ.