Нийгэм
Боловсролын салбарт 47 мянган багш ажиллаж байна

Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор болж буй Монголын багш нарын VII их хурал 2019 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдөр Төрийн ордонд эхэллээ.
Их хуралд Монгол Улсын 21 аймгийн 330 сум, нийслэлийн есөн дүүргээс сургуулийн өмнөх боловсролын 184, бага, дунд, тусгай хэрэгцээт, албан бус насан туршийн боловсролын 416, мэргэжлийн боловсролын 40, их дээд сургууль, коллежийн 68 багш төлөөлөгчөөр сонгогджээ.
Анхны их хурлаас 84, сүүлчийн их хурлаас 23 жилийн дараа болж буй түүхэн их хурлын нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга, Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх нар үг хэлж, салбартаа олон жил үр бүтээлтэй ажилласан зарим багшийг төрийн дээд цол тэмдгээр шагналаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарилгаар Гончигийн Лхахүүг Монгол Улсын Ардын багш, Ч.Ганбилэг, Г.Гүндэгмаа, П.Дулмаа, М.Шагдарсүрэн, С.Цээпил, А.Эрдэнэбаатар, Лхагваа нарыг Монгол Улсын Гавьяат багш цол тэмдгээр шагнасан нь их хурлын төлөөлөгчид төдийгүй мянга мянган шавь нарынх нь сэтгэлийг хөдөлгөсөн баярт мэдээ болж чадав.
Боловсролын салбарт хүчин зүтгэж буй 47.8 мянган багшийн санал бодлыг тээж, эх орныхоо өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн 800 төлөөлөгчийг төлөөлж, Монгол Улсын Ардын багш Ц.Өнөрбаян үг хэлсний дараа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Б.Зангад үе үеийн багш нарын сүлд дуулал болсон “Багшаа дуулъя” дуугаар нээлтийн ажиллагаанд түрлэг нэмлээ.
Монголын багш нарын VII их хурлыг зохион байгуулах тухай Монгол Улсын Ерөнхий сайдын 2019 оны 25 дугаар захирамжаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын хамтарсан тушаалаар бэлтгэл ажлыг хангаж, Монголын Багш нарын холбоо, Монголын Ахмад багш нарын холбоо, Монголын Залуу багш нарын холбоо, Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбоод хамтран зохион байгуулж байгаа юм.
Зохион байгуулагчдын мэдээллэснээр Монголын багш нарын VII их хурлын төлөөлөгчдийн 20,6% нь эрэгтэй, 79,4% нь эмэгтэй багш байна.

Насны бүлгээр авч үзвэл
- 35 хүртэлх насны залуу багш 12,4%,
- 36-45 хүртэлх насны багш 28,8%,
- 46-55 хүртэлх насны багш 46,7%,
- 56-65 хүртэлх насны багш 10,6%,
- 66-аас дээш насны ахмад багш 1,4%-ийг эзэлж байна.
Ажилласан жилээр авч үзвэл
- 2-9 жил ажилласан багш 8,3%,
- 10-19 жил ажилласан багш 24,6%,
- 20-29 эил ажилласан багш 35,4%,
- 30-39 жил ажилласан багш 29,2%,
- 40-өөс дээш жил ажилласан багш 2,4%-ийг эзэлж байна.
Боловсролын зэргийг авч үзвэл
- доктор 23,
- магистр 307,
- бакалавр 324,
- дипломын 54,
Мэргэжлийн зэргээр авч үзвэл
- зөвлөх 29,
- тэргүүлэх 265,
- заах аргач зэрэгтэй 159 багш байна.
Их хурлын хамгийн ахмад төлөөлөгч Монгол Улсын Гавьяат багш Цэрэнпилийн Балхаажав өдгөө 91 настай бол хамгийн залуу төлөөлөгч Налайх дүүргийн 119-р сургуулийн багш Ганбаатарын Тэгшсүрэн, 22 настай байв.
Эх сурвалж: БСШУСЯ

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.