Энтертайнмент
Жүжигчин Өөскөгийн ялагдал
ТВ коктейль” хамтлагийн жүжигчин Өөскө буюу А.Өнөржаргал урлагийн авьяасаас гадна спортоор хичээллэдэг нэгэн. Тэрбээр сүүлийн таван жил жюү жицү бөхийн төрлөөр барилдаж, улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож байгаа билээ.
Жүжигчин Өөскө Арабын нэгдсэн Эмират улсын Абу Даби хотноо дөрөвдүгээр сарын 20-ноос 26-ны өдрүүдэд болох Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мастерс ангилалд оролцсон ч энэ удаа амжилт гаргаж чадсангүй. Тэрбээр жюү жицүгийн цэнхэр бүстэйгээс гадна Монголын жюү жицүгийн холбооны хэвлэл мэдээлэл, маркетингийн албаны дарга гэсэн албан тушаалтай ажээ.
Жүжигчин Өөскө ялагдлынхаа тухай өөрийн фэйсбүүк хуудаснаа “Сайн байна уу? Найзуудаа өдрийн мэнд. Амьдрал хэмээх зах хязгааргүй их далайд хүн бүр л өөр өөрийн хүсэл мөрөөдлийн зүг завиа чиглүүлэн сэлүүрдэнэ. Бид өөрсдийгөө хаана аваачих аа мэдэх учиртай гэж хэлсэн аавын үг үргэлж миний тархинд хадаастай. Би одоогоос таван жилийн өмнө жюү жицүгийн спортоор хичээллэж эхэлснээс хойш чамгүй хэдэн тэмцээн уралдаанд оролцож, өөрийгөө сорьж, хурцалж, тэмцэж сайхан хамт олон баг тамирчин найз нөхдүүдтэйгээ нэг зорилготой, нэг сэтгэлтэй байхын жаргал зовлонг амсаж үгээр хэлэхийн аргагүй нэг л тийм гайхалтай зүйл байдгийг биеэрээ мэдэрсэндээ баяртай байна. Тэр зүйл бол ялагдал. Ялалтын суурь ч юм шиг. Эргээд намайг хөтлөх том зорилгийн минь гараа ч юм шиг. Сайхан өдрүүд өнгөрлөө. Спорт бол зөвхөн залуу насандаа хийдэг зүйл биш. Амьд хүний хийх ёстой зүйл юм гэдгийг ухаарсандаа миний сэтгэл хангалуун байна. Баяртай Абу Даби эргэн уулзахийн ерөөл талбий” хэмээн хуваалцжээ.
Энтертайнмент
С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо
Бүгд Найрамдах Исланд Улсад хэрэглэлтэй пауэрлифтингийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт болсон бөгөөд манай улсаас МПНХ-ны Ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй гурван тамирчин өрсөлдөхөд Монголын баг нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн байна.
Тэмцээний сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 84 кг-ын жинд С.Мөнхзул газраас таталтын төрөлд 227.5 кг-ыг өргөснөөр алтан медаль хүртэж, ДАШТ-ий насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ангилалд алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов.
Мөн энэ жингийн хүрэл медалийг Монгол Улсын тамирчин Б.Марал хүртжээ.
С.Мөнхзул нь өнгөрсөн онд Мастеруудын дэлхийн аварга болж, Ази, Номхон далай, Африк тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, шилдэг тамирчин өргөмжлөл хүртсэн билээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.