Эдийн засаг
Капитал банкны захирлуудыг цагдан хорьжээ

Өчигдөр шөнө Капитал банкны Санхүү эрхэлсэн дэд захирал Янжин, Зээлийн газрын захирал Дэлгэрцэцэг нарыг цагдан хорьжээ. Тодруулбал, тус банк дампуурч, эрх хүлээн авагч томилж буйг Төв банкнаас энэ сарын 8-нд зарласан нь тус банкны харилцагч, хадгаламж эзэмшигчдийг бухимдуулаад байгаа билээ. Тэдэнтэй зэрэгцээд “Бишрэлт” группийнхэн ч Монголбанкны эрх бүхий албан тушаалтнуудын дээрх шийдвэрт илт дургүйцэх болсон талаарх мэдээлэл байна. Энэ үйл явдлуудтай зэрэгцээд “Капитал” банкны эрх бүхий албан тушаалтнуудын үйлдэл нь банкыг татан буулгахад хүргэсэн хууль бус үйл ажиллагаа байгаа, эсэхэд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлсэн юм. Нийслэлийн Прокурорын газраас хяналт тавьж байгаа энэ хэрэгт мөрдөн шалгах тодорхой ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд шалгалтын явц байдал, үр дүн, хэргийн шийдвэрлэлтийн талаар цаг тухайд нь прокурорын байгууллагаас мэдээлэл өгөх юм.
Ямартай ч өчигдөр шөнө хоёр захирлыг нь баривчилсан нь тус банкны удирдлагуудад нэлээн том цохилт өгч тэд дор бүрнээ үймэлдэж боломжит бүхий л аргыг хайж эцэст нь лам хуврагаар явж эхлээд буй аж. Тухайлбал, “Бишрэлт” групп, “Капитал” банкныхан эрх бүхий албан тушаалтнуудыг шалгаж буйтай холбоотойгоор Монголбанкны эрх хүлээн авагч болон хэрэгт хяналт тавьж байгаа НПГ-ынхан, шүүхийнхэн, мөрдөн байцааж эхэлсэн цагдаагийн ажилтнуудад нөлөөлөх гэж оролдсоных уу, удган, зайрангаар бөөгийн зан үйл, арга чарга хийлгэж, өргөл барьц өргөж явааг албан бус эх сурвалжууд мэдээлж байна.
Харин хууль сахиулагчид “Төрийн сүлдний өмнө ямар ч шашны зан үйлийн хүчин мөхөстдөг” гэж үздэг тул тэдний хийлгэсэн арга заслыг үл ойшоож буй аж. Баттай эх сурвалжуудаас авсан мэдээллээр банкны эрх бүхий албан тушаалтнуудыг эрүүгийн хэрэгт яллагдагчаар тооцохоор болсон гэнэ. Банкны удирдах албан тушаалтнуудыг төрийн хөрөнгө, харилцагч, хадгаламж эзэмшигч иргэд, байгууллагын мөнгийг өөрийн хамааралтай аж ахуйн нэгжүүдийн данс руу шилжүүлж, мөнгө угаасан байж болзошгүй гэх үндэслэлээр буруутгаж буй аж.
Гүйцэтгэх захирал А.Ариунболдыг өөр нэг удирдах албан тушаал хашдаг эмэгтэйн хамт шалгаж эхэлсэн гэх албан бус мэдээлэл байгаа бөгөөд “Капитал” банкны хадгаламж эзэмшигч, харилцагчдын дансан дахь мөнгийг хамаарал бүхий аж ахуйн нэгжүүдийнхээ данс руу шилжүүлж, мөрдөн байцаах ажиллагаанд саад учруулсан үйлдэл гаргасан сурагтай. “Капитал” банкны гүйцэтгэх захирал А.Ариунболдын хувьд өмнө нь банкны хууль тогтоомж болон түүний дагуу гаргасан валют арилжааны журмаар тодорхойлсон албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс тус банкны ажилтан нь хууль зөрчиж хадгаламж эзэмшигч нарт онц их хэмжээний хохирол учруулах нөхцлийг бүрдүүлсэн гэх үндэслэлээр хууль сахиулах байгууллагад шалгуулж, хэрэг нь шүүхэд очиж байсан нэгэн билээ

Эдийн засаг
Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийслэлийн статистикийн газраас махны үнийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, 2025 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 17498 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 19990 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.
Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 0.4 хувиар өсөж 19990 төгрөг, үхрийн цул махны үнэ 1.4 хувиар өсөж 22947 төгрөгийн дундаж үнэтэй байна.
Эдийн засаг
Уул уурхай олборлолт 857.6 тэрбум төгрөгөөр өсжээ

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 7.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.1(17.0%) их наяд төгрөгөөр өсчээ. Үүнд уул уурхай олборлолт 857.6 (18.6%) тэрбум төгрөг, цахилгаан хий, уур, агааржуулалтын салбар 169.5(27.2%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 5.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 857.6 (18.6%) тэрбум төгрөгөөр өсөхөд металлын хүдэр олборлолт 614.0(27.2%) тэрбум төгрөг, чулуун болон хүрэн нүүрс олборлолт 234.4(11.8%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт хүрэн нүүрс, цайрын баяжмал, төмрийн хүдэр, зэсийн баяжмал металл агуулгаараа, хайлуур жонш, хайлуур жоншны баяжмалын биет хэмжээ өмнөх оны мөн үеэс 3.2-38.8 хувиар өсөж, харин цэвэршүүлээгүй алт, газрын тос, мөнгөний баяжмал, чулуун нүүрс, баяжуулсан нүүрс, төмрийн хүдрийн баяжмал 8.5-32.0 хувиар буурчээ.
Боловсруулах аж үйлдвэрийн салбарт ус, ундаа жүүс,шингэн сүү, янжуур тамхи зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн биет хэмжээ 6.4-56.0 хувиар өсөж, харин металл бэлдэц, самнасан ноолуур, шохой, нүүрсэн шахмал түлш, цэвэр спирт, цагаан архи, катодын зэс,гурил, цемент, ноолууран сүлжмэл эдлэл, малын мах зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2.3 -28.9 хувиар буурсан байна.
Эдийн засаг
Нүүрсний экспортын биет хэмжээ багасжээ

Нүүрсний экспортын биет хэмжээ энэ оны эхний 3 сарын байдлаар 15.8 сая тоннд хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 1.9 сая тонноор багасжээ.
Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ буурснаас экспортын орлого өмнөх жилийн мөн үеийнхээс 934 сая ам.доллароор багассан байна. Энэ оны эхний 3 сарын нүүрсний экспортын орлогыг өмнөх оныхтой харьцуулахад үнийн нөлөөгөөр 715 сая, биет хэмжээний нөлөөгөөр 220 сая ам.доллараар багассаныг Гаалийн Ерөнхий газар мэдээлсэн.
Дээрх хүчин зүйлсийн нөлөөгөөр гадаад валютын эрэлт ч нэмэгджээ. Банкуудаас гадаад валютын дуудлага худалдаанд өнгөрсөн оны 4 дүгээр улиралд 7 хоногт дунджаар 165 сая ам.доллар худалдан авах санал ирж байсан бол тус хэмжээ нь энэ оны эхний улиралд 192.0 сая ам.доллар болж, 27 сая ам.доллароор өсөв. Монголбанк энэ оны эхний улиралд эрэлт, нийлүүлэлтийн богино хугацааны зөрүү, түүнээс үүдэлтэй ханшийн огцом хэлбэлзлийг багасгах, стратегийн ач холбогдолтой бараа бүтээгдэхүүний төлбөрийг саадгүй хийхээр валютын дуудлага худалдааг долоо хоногт 2 удаа зохион байгууллаа. Улирлын шинжтэй валютын урсгалын богино хугацааны зөрүүнээс үүдэлтэй төгрөгийн ам.доллартой харьцах ханш энэ оны эхний улиралд оны эхнээс хойш 2.5 хувиар суларсан байна.
Түүнчлэн, манай улсын гадаад валютын улсын нөөц 5 тэрбум ам.доллар байна. Монголбанкны төсөөллөөр энэ он дуустал улирлын онцлогоо дагаад уул уурхайн салбарын идэвхжил, ноос, ноолуур, аялал жуулчлалын үйлчилгээнээс орох валютын урсгал нэмэгдэх, ирэх оны 4 дүгээр сар хүртэл төлөхөөр хүлээлгэж буй томоохон гадаад өр төлбөр байхгүй учир цаашид төлбөрийн тэнцлийн алдагдал буурах хүлээлттэй байгааг төв банк мэдээлжээ.