Нийгэм
Богд хан уулын өвөр суганд амьдрагчдаас өндөр татвар авъя

Яагаад болохгүй гэж. Байгалийн үзэсгэлэнт Богд хан уулын энгэр бэл, өвөр суганд тоонотоо дугуйлсан иргэдийн дийлэнх нь тэрбумтнууд буй. Түүнээс цалингаас цалингийн хооронд аж төрдөг, орон сууцны зээлэнд арайхийж хамрагдсан дундаж давхрагынханд хүсэл байвч аль ч талаараа сачий нь хүрэхгүй юм чинь. Эгэл ард 07 га газраа Богд ханы 33 амны аль нэг хэсэгт авъя хэмээх аваас “явж хол хуц” гэх үгийг сонсох биз. Харин халаасандаа мөнгөтэй бол дуртай газраа га, га-аар нь эзэмших эрх нээлттэй. Тэр утгаараа боссон, босгосон барилгууд нь хэдэн зуун саяар үнэлэгддэг байж таарна. Тиймээс агаарын сайхныг, усны тунгалагыг нь хүртэн жаргах баячуудаас татвар авч яагаад болохгүй гэж.
Богд хан бус Богд хаан уул юм билээ. Бидний өвөг дээдэс энэхүү хайрханыг хаан адил шүтэж, ариун дагшин байлгах гэсэндээ дархалж үлдээсэн хэрэг. Гэвч бид өндөр дээдсийнхээ замаар явж чадсангүй. Хаврын хавар, намрын намарт л галдан шатааж, ан амьтдыг нь устгаж үгүй хийн орон зайг нь шавар тоосгоор дүүргэж байна. Саяхныг хүртэл тодруулбал, 2000 –аад оны эхэн үе хүртэл ХААИС өнгөрөөд л тааваараа бэлчих янзагаа дагуулсан буга,согоотой тааралддаг байлаа. Үнэг, чонын тухайд хэдэн зуугаараа. Гэтэл одоо ганц нэг сүрэг байгаа ч юм билүү, үгүй ч юм уу, хэн мэдлээ. Ан амьтан гэхээс илүүтэй хүн сүрэг Богд ханы 33 амыг эзэгнэх болсон. Дандаа олны танил эрхмүүд. Төрийн өндөр дээд албан тушаалтнууд хийгээд үр садууд нь Тэдний араас хотын эрх мэдэлтнүүд, хуулийнхан, бөхчууд, урлагийн одууд гээд явж өгнө. УИХ гишүүн А.Сүхбат гэхэд л бүхэл бүтэн амыг хашин, ах дүүгээрээ эзэгнэдэг. Статистик тоон мэдээнд дурдсанаар, Богд ханы энгэр бэл, өвөр суганд эдүгээ арван таван мянга гаруй өрх тоонотоо дугуйлжээ. Өчигдрийн байдлаар хорь гаруй хотхон маягийн барилгын суурь шил даран онгойж харлаад хэвтэж байна лээ. Тэдгээр нүх маргааш өглөөний нартай зэрэгцэн эзэн нь тодорч ирэх намар гэхэд шинэ баячуудын цуваа хөвөрч эхэлнэ. Тэдний хэнд нь ч хаан уулын асуудал хамаагүй. Түймэр орд харшийг нь хамж аваад хуйхлахчихгүй л бол хашааныхаа үүдэнд үүрэглэх хамгаалалтын албаны ажилтанд найдан ажин түжин суух. Харин албан ёсны хамгаалагч нь гэвэл Богд хан уулын захиргаа гэх хийж буй ажил, хэрэгжүүлж буй бодлого нь түмэнд мэдэгдэггүй, улс төрийн албан тушаалтнуудын түр орогнодог газрыг нэрлэж болох. Хөөрхий хэдэн ой хамгаалагч,байцаагч нар нь хэрэн хэсэвч зоргоороо тэнэх аялагчидтай зууралдахаас хэтэрдэггүй байх. Дэлхийн дулаарал нэмэгдэж, агаар бохирдохын хэрээр улаанбаатарчууд ганц байгаа Хаан уулаа ноолон өглөө, үдэшгүй цувна. Харамсалтай нь хүн “бэлчихийн” хэрээр хангайгаа сүйтгэн оо цаас, ариун цэврийн хэрэгсэл, ундаа усны саваа хөглөрүүлж хаячихаад бараа сураггүй одно. Иймэрхүү дүр зургийг амралтын хоёр өдөр Цэцээ гүний ар өвөр хормойгоос харж болохоор. Н.Алтанхуяг Засгийн газрыг тэргүүлж байхдаа Богд хан уулын хэд хэдэн газарт нийтийн бие засах газар, хогийн цэг байгуулсан. Гэвч цаг өнгөрөхийн хэрээр бие засах газрынх нь нүх дүүрч, хогийн сав нь эхнээсээ эвдэрч хэмхрээд дуусч байна лээ. Өөд татах эзэнгүй юм чинь, арга ч үгүй биз. Байлаа гээд санаа оноо хэлэхээр өөдөөс төсвийн мөнгө хүрдэггүй гэх тайлбарыг Богд хан уулын захиргааны амтай болгон нь хэлэх, гомдоллох. Тиймээс мөнгөө үрж барахаа больсон баячуудаас татвар авъя, түүгээр нь Богд хан уулаа хамгаалъя гээд байгаа хэрэг. Тэр бүү хэл амралтын өдрүүдээр бэлчигсэдээс ч мянган төгрөгийн татвар хураая.
Энэ насандаа хан уулыг газрын судал бүрийг нь өтгөн шингэнээрээ бузарлаж яваа улс үр хойч, хойд насны буянаа бодон сар бүр өрх бүр 200 мянган төгрөгийн татвар төлдөг болгочихвол яасан юм бэ. Маньтай адил өрхийн төсөвт нөлөөллөө барьлаа гээд гоншигнох хүн байхгүй л болов уу. Тансаг байгальд тааваараа тарвалзаж байгаа баячуудаас татвар авч хаан уулаа хамгаалъя.
Ч.Чулуунцэцэг

Нийгэм
“Алтан хайч-2025” хонь ноослогчдын улсын анхдугаар тэмцээн болно

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор “Алтан хайч-2025” хонь ноослогчдын улсын анхдугаар тэмцээнийг зохион байгуулах гэж байна.
Тус тэмцээн Төв аймгийн Зуун мод хотын Өв соёлын төв цогцолборт 2025 оны 6 дугаар сарын 20, 21-ний өдрүүдэд болно.
Тэмцээний төрөл тус бүрийн ялагчдад Ерөнхийлөгчийн нэрэмжит цом гардуулах бөгөөд цахилгаан хайчны мэргэшсэн түвшний ялагчид 2026 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх олгох юм.
Нийгэм
Согтуугаар мотоцикл жолоодож, осол гаргажээ

Өчигдөр буюу энэ оны 06 дугаар сарын 16-ны өдөр “Макс моллын урд замд мотоциклтой мөргөлдлөө” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн байна.
Дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад Toyota Prius маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан 24 настай, эрэгтэй, Э мотоциклтой мөргөлдөж, мотоциклийн жолооч 19 настай, эмэгтэй, Ш гэмтсэн хэргийг Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтэс үргэлжлүүлэн шалгаж байгаа бөгөөд тухайн мотоциклийн жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцож байсан нь тогтоогдоод байна.
Иргэд, жолооч Та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо мөрдөгдөж буй хууль тогтоомж, дүрэм журмыг сайтар мөрдөж, бусдын хөдөлгөөнд саад учруулалгүйгээр бие биедээ хүндэтгэлтэй хандаж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
Нийгэм
Гадаадын иргэний виз олголт 2.8 дахин өсжээ

Гадаадын иргэн, харьяатын газар энэ оны эхний таван сарын байдлаар гадаадын 22509 иргэнд визийн зөвшөөрөл, 11484 иргэнд виз олголоо.
Мөн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг үндэслэн гадаадын 12268 иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгож, 14430 иргэний оршин суух зөвшөөрлийн хугацааг сунган, 4135 иргэний бүртгэлд хасалт хийсэн байна.
Дээрх тоон үзүүлэлтийг 2024 оны мөн үетэй харьцуулахад виз олголт 2.8 дахин, оршин суух зөвшөөрөл олголт 76.3 хувь, сунгалт 15.4 хувиар тус тус өссөн бол оршин суух зөвшөөрлийн хасалт 31.1 хувиар буурчээ.
2025 оны тавдугаар сарын байдлаар Монгол Улсад албан болон хувийн хэргээр оршин суух зөвшөөрөлтэй 136 орны 40003 гадаадын иргэн байна.
Албан хэргээр 607, хөрөнгө оруулагч 4404, хөдөлмөр эрхлэгч 20839, гэр бүлийн болон хувийн бусад зорилгоор 8466, суралцагч 3734, цагаач 1834, шашны зорилгоор 119 гадаадын иргэн оршин сууж байна гэж ГИХГ-аас мэдээллээ.
-
Нийгэм17 цаг өмнө
“Алтан хайч-2025” хонь ноослогчдын улсын анхдугаар тэмцээн болно
-
Нийгэм19 цаг өмнө
Б.Ганхайч ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
-
Нийгэм19 цаг өмнө
Зуны саруудын цаг агаарын ерөнхий төлөв
-
Нийгэм19 цаг өмнө
Ази, Номхон далайн бүсийн “ASPAC” чуулган боллоо
-
Нийгэм19 цаг өмнө
Гадаадын иргэний виз олголт 2.8 дахин өсжээ
-
Улс төр18 цаг өмнө
Мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг хангасан парламентын шийдвэр
-
Улс төр19 цаг өмнө
Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ
-
Нийгэм19 цаг өмнө
Энэ оноос эхлэн 105,627 өрхийг шатдаг хийн түлшинд үе шаттайгаар холбохоор төлөвлөж байна