Дэлхий дахинд
Өнөөдөр сэнтийгээсээ буух Япон улсын эзэн хаан Акихитогийн тухай таван баримт
Өнөөдөр буюу Мягмар гарагт Японы эзэн хаан Акихито сэнтийгээсээ бууж, Хэйсэйн эрин өндөрлөж байна. Маргааш түүний ууган хүү Нарухито хаан сэнтийд заларч, Рэйвагийн эрин эхлэх юм.
Одоо 85 настай эзэн хаан 1989 оны нэгдүгээр сард хаан сэнтийд заларч байжээ.
Японы эзэн хаан Акихитогийн тухай мэдвэл зохих таван баримтыг хүргэж байна.
Акихито нь сүүлийн 200 гаруй жилийн хугацаанд сайн дураар сэнтийгээсээ татгалзаж буй Япон улсын анхны хаан юм. Хамгийн сүүлд 1817 онд эзэн хаан Кокаку ийм шийдвэр гаргаж байжээ.
Акихито бол Японы хаадын түүхэнд анх удаа сурвалж язгуургүй энгийн иргэнтэй гэр бүл болсон хүн юм. Тэрээр 1956 онд гэргий Мичикотойгоо теннисний талбайд танилцсан гэдэг.
Хааны эцэг Хирохитогийн үед Япон улс Ази тивд эзлэн түрэмгийлэх дайн өдөөж байсан юм. Тиймээс Акихито хаан насан туршдаа энэхүү гэмт үйлдлийг цайруулах, эзлэгдэж байсан улс үндэстнүүдтэй харилцаагаа сайжруулахын төлөө хүчин зүтгэсэн байна. Түүний он тооллыг Хэйсэйн эрин гэж нэрлэсэн нь “энхийг тогтоогч” гэсэн утгатай. 1992 онд тэр Хятадад айлчилсан Японы анхны эзэн хаан болж байв. Гэхдээ тэр дайны үед эзлэгдэж байсан улс орнуудаас ганц ч удаа уучлал гуйгаагүй, зөвхөн гүн харууслаа илэрхийлж байжээ.
Акихито нь загас судлаач мэргэжилтэй. Түүний судалгааны ажлууд “Science and Nature” зэрэг шинжлэх ухааны нэр хүндтэй сэтгүүлүүдэд нийтлэгдэж байжээ.
Маргааш буюу 2019 оны тавдугаар сарын 1-нд түүний ууган хүү, 59 настай ханхүү Нарухито Япон улсын эзэн хааны сэнтийг залгамжилж, Рэйвагийн эрин эхэлнэ. Рэйва нь “нийтээр эвлэлдэн нэгдэх” гэсэн утгатай үг юм.