Улс төр
Ерөнхий сайд бүлгийнхээ хагаралд АН-ыг буруутгах нь утгагүй

УИХ-ын гишүүн З.Нарантуяатай улс төрийн хүрээнд өрнөж буй зарим үйл явдлын талаар ярилцлаа.
-УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзоригийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх үеэр та Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд багагүй шүүмжлэлтэй хандсан. Бүлгийнхээ хагаралд АН-ыг буруутгалаа гэх зэмлэлийг та Ерөнхий сайдад хүртээсэн шүү дээ ?
-2016 оны сонгуулиар Монголын ард түмэн МАН-ыг олонхи болгож, 65 суудал өгөхдөө төрийг тогтвортой байлгаж, тууштай, эв нэгдэлтэй, шийдэмгий ажиллаарай гэсэн итгэлийг хамт хүлээлгэж, сонгосон гэж ойлгож байна. 2012-2016 онд АН-ын хийсэн ажил, хэрэгжүүлсэн бодлогод нь ард түмэн муу дүн тавиагүй. Харин олуулаа болсон ч засгийн эрхийг бусадтай эвсэж хэрэгжүүлэхдээ эв нэгдэлтэй байж чадаагүйд нь, Засгийн газраа тогтвортой ажиллуулж чадаагүйд нь сануулга өгөх гэж ард түмэн сонголтоо хийсэн гэж боддог. Аль ч улс төрийн нам, хүчин бие биенийхээ алдаа онооноос суралцах хэрэгтэй. Ялангуяа Монголын улс төрийн орон зайг эзэгнэж байгаа хоёр том нам үйл ажиллагаагаа байнга шинэчилж, улс төрийн шинэ соёлыг нэвтрүүлж, оюун санааны чиглэл, хандлагаа эрс өөрчилж, сахилга хариуцлагаа ухамсарлаж ажиллах нийгмийн шаардлага бий болчхоод байна. Нам тойрсон эрх мэдлийн төлөөх өрсөлдөөн нь төрийн үйл хэргийг гацаагч хүчин зүйл болсныг эрх барьж байгаа намын дарга Ерөнхий сайд хүн өөрөө хүлээн зөвшөөрөхөөр үл барам үүний өмнө хүчин мөхөстөж, шүдгүй арслан мэт байна гэж суугаа нь эмгэнэл юм.
Тогтолцоонд буруу өгөөд суух биш шинэчлэлийг манлайлах, санаачлан, оройлон удирдах үүргийг гишүүдийнхээ өмнө хүлээсэн хүн нь намын дарга. Намын Удирдах зөвлөл.
Өнөөдөр улс төрийн хувьд саад, чөдөр болоод байгаа сөрөг хүчин алга. Эдийн засгийн гадаад орчин хамгийн таатай, санхүү, төсвийн хүндрэлийг төвөггүй давж гарах таатай нөхцөл бүрдсэн орчинд МАН-ын бүлгийн бүх шийдвэр төрийн шийдвэр болох боломж бүрдсэн. Ийм нөхцөлд боломжийг ажиглаж, намаа нягтруулж, бодлогоо хэрэгжүүлж чадахгүй байгаагийн бурууг намын дарга л үүрнэ шүү дээ. Намын дарга улс төрийн багаа бүрдүүлээ. Бүлгийнхээ хагаралд АН-ыг буруутгах нь утгагүй хэрэг.
ХҮЧГҮЙ, СУЛ БАЙГАА НЬ ҮНДСЭН ХУУЛЬ ГЭХЭЭС ИЛҮҮ “ДҮРЭМГҮЙ” УЛС ТӨРИЙН ҮР ДАГАВАР
-Ерөнхий сайд ажлаа хийж, хариуцлага тооцож чаддаг байхын тулд Үндсэн хуульд өөрчлөлт хийх хэрэгтэй гэж ярьдаг л даа. Үндсэн хуулийг өөрчлөхгүй бол засаглалын хямрал үргэлжилнэ гэж улстөрчид ярьдаг. Та үүнтэй санал нийлэх үү?
-Монгол Улсад анх удаа Ерөнхий сайд гэдэг албан тушаал бий болж, У.Хүрэлсүх сайд энэ албыг хашиж байгаа юм биш. 1990 оноос хойш ардчилсан Үндсэн хуулийн орчинд бүх Ерөнхий сайдууд ажиллаж ирсэн. Улс төр, нийгэм, эдийн засгийн орчин нөхцөл нь өнөөдрийнхөөс хэд дахин илүү таагүй, хүнд хэцүү үед ч Д.Бямбасүрэн гуай, П.Жасрай гуай гээд өмнөх Ерөнхий сайдууд ажиллахдаа байгаа хуулийнхаа орчинд, гарц гаргалгаагаа олоод төрийн ажлыг саадгүй явуулсаар ирсэн. Өнөөдрийн нөхцөл байдал Үндсэн хуулиас болоогүй. Тэр тусмаа УИХ-ын дарга, Ерөнхий сайд хоёр нэг намын, нам нь үнэмлэхүй олонх болсон, Ерөнхийлөгч төрийн ажил хэргийг саадгүй явуулахын тулд Засгийн газрын үйл ажиллагааг бүхий л боломжоороо дэмжиж оруулсан саналуудыг нь шуурхай зөвшилцөж, хамтран ажиллахыг эрмэлзэж байхад Засгийн газраа огцруулж, танхимын сайдуудаа нэг нэгээр нь сугалж, хууль бус үйлдлүүд гаргаж байгаагийн буруутныг өөрсдөөсөө хайх хэрэгтэй. 64 гишүүнд бүгдэд нь хамаатай. Үндсэн хуулийг өөрчлөх хэмжээний кноп МАН-д байгаа гэж хэлмээр байна.
Гүйцэтгэх засаглалыг илүү хүчтэй, хариуцлагатай болгох чиглэлээр Үндсэн хууль болон бусад суурь хуулиудад зарим нэмэлт зохицуулалт, тодотгол хийх шаардлага байгаа ч бүх зүйл зуун хувь зөвхөн Үндсэн хуулиас болоод байна гэдэгтээ санал нийлдэггүй. Хууль нийгмийн харилцааг зохицуулах ерөнхий хэм хэмжээ бөгөөд хуулийн зүйл, заалтыг зөв тайлбарлаж, ойлгож хэрэглэх чадвар гэдэг ойлголт байна. Улс төрийн намын дотоод зохион байгуулалт, эрх мэдлийн хуваарилалт, тоглоомын дүрмийг нэг бүрчлэн хуулиар тогтоох боломжгүй. Улс төрийн намуудын тухай хуулийн хүрээнд дотоод сахилга, хариуцлагаа журамлаж, дүрэм журам, заавар, аргачлалаа дотооддоо тодорхойлж, үйл ажиллагаагаа дүрэмжүүлэх нь намуудын үүрэг байх ёстой. Хүчгүй, сул байгаа нь Үндсэн хууль гэхээс илүү “дүрэмгүй” улс төрийн үр дагавар л гэж хэлэх гээд байна.
АН-д ч энэ зовлон байсан. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд бидний хийж байгаа намын шинэчлэл мөн ялгаагүй дүрэмтэй, журамтай, бодлоготой, хариуцлагатай нам болохын тулд хийгдэж байгаа ажил. Урдах ажилдаа түүртсэн хүнийг манай нутагт “дээлийн гол” гэж ёгтолдог юм. Үүнтэй зүйрлэн Ерөнхий сайдыгаа ажил, албан тушаалдаа эзэн шиг эзэн болж, намаа болон төр засгаа зоригтойхон, шийдэмгий, ухаан гаргаж удирдаа гэдгийг л би хатуухан сануулж хэлсэн. Үүнд эмзэглэхгүй биз ээ.
-Засгийн газарт та хангалтгүй дүн тавьж байгаа бололтой?
-Тийм. Өнгөрсөн хоёр жил гаруйн хугацаанд АН Засгийн газрын үйл ажиллагаанд их хүлээцтэй хандсан. Үндэслэл нотолгоогүйгээр хий хоосон улс төр хийж, үгүйсгэж харлуулсан зүйл байхгүй. Засгийн газруудыг нь мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж, шийдэмгий арга хэмжээнүүдийг авах байх гэж хүлээсэн. Гэвч иргэдийн амьдралыг сайжруулсангүй, бухимдал үүсгэж байгаа асуудлууд шийдлээ хүлээсэн хэвээрээ л байна. Мөрийн хөтөлбөрийнхөө амлалтыг ч бодит ажил болгохгүй байна. Ялангуяа төсвийн үрэлгэн зардал, тэвчиж болох хөрөнгө оруулалтын зардлуудыг хэмнэж, ирээдүйн хуримтлал үүсгэх, өр зээлийг бууруулах зэрэгт дорвитой ахиц гарахгүй байна.
– Намуудын нэр хүнд улам унаж байна. Ялангуяа эрх барьж байгаа нам нэр хүнд навс уналаа. Сөрөг хүчний рейтинг ч муу байгаа. 2016 оны сонгуулийн дараа АН-ынхан намаа шинэчлэх ажилд ханцуй шамлан орсон. Намын даргаа бүх гишүүдээсээ сонгосон зэргээр намаа шинэчлэх ажил АН-д явагдаж байна. Харин МАН-д хийгдэж байгаа шинэчлэл харагдахгүй байгаа?
-Улс төрийн намуудын хувьд зайлшгүй хийх ёстой ажил шинэчлэл яах аргагүй мөн. Улс төрийн намуудын нэр хүнд иргэдийн дунд урьд өмнө байгаагүй хэмжээнд унаж байна. Тиймээс намууд цэвэршиж, үзэл санааны нэгдэлд суурилсан бодлогын намууд болж, өөрчлөн зохион байгуулагдахгүй бол олон ургальч үзэл, олон намын тогтолцоо гээд ардчиллын үнэ цэнэ, үнэт зүйлүүд улам бүдгэрэх бодит эрсдэл бий болчхоод байна.
ХУУЛИЙН ХАРИУЦЛАГЫГ УЛС ТӨРИЙН ХАРИУЦЛАГААР ОРЛУУЛАХ НЬ ӨӨРӨӨ ХУУЛЬ ЗӨРЧИЖ БУЙ ХЭРЭГ БОЛНО.
-УИХ-ын гишүүд ЖДҮХС-гаас өөрийн хамаарал бүхий компанидаа хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл авсан асуудалд та ямар байр суурьтай байна вэ. Өнгөрсөн жил Засгийн газрын тусгай сангуудыг шалгах асуудлаар та Төсвийн байнгын хороонд санал гаргаж байсан?
-Засгийн газрын тусгай сангуудын зарцуулалт, үүссэн өр, авлагын талаар Үндэсний аудитын газраас хийсэн нийцлийн аудитын тайланг Төсвийн байнгын хороонд танилцуулж хэлэлцүүлэх саналыг Төсвийн зарлагын хяналтын дэд хороо 2017 оны хоёрдугаар сард гаргаж, Байнгын хороогоор хэлэлцүүлж байсан. Сангуудад 700 гаруй тэрбум төгрөгийн өр, авлага үүссэн, зарим сангийн хөрөнгийг хууль бусаар зарцуулсан зэрэг зөрчлүүд илэрсэн байсан учраас өр авлагыг барагдуулах, буруутай албан тушаалтанд хариуцлага тооцох, мөн сангуудын үйл ажиллагааны давхардлыг арилгаж, нэгтгэж, нийлүүлэх, шаардлагагүй сангуудыг цөөлөх арга хэмжээг авч, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн мэдүүлэх чиглэлийг ЗГ-т даалгаж, Байнгын хороо 2017 оны хоёрдугаар сард 03 тоот тогтоол гаргаж, хүргүүлсэн. Харамсалтай нь, энэ ажил хийгдэхгүй байсаар Сангийн яам сая л шалгалт оруулж байх шиг байна. Цаг хугацаанд нь хуулийг нь өөрчилж хяналтаа тавьж чадсан бол тухайлбал, ЖДҮ тойрсон энэ хууль бус зөрчил гарахгүй байх боломж байсан.
-ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл авсан нэр бүхий гишүүдэд ямар хариуцлага тооцвол зохистой вэ. Тэд авсан зээлээ буцааж төлөөд, уучлал гуйгаад өнгөрөх нь ёсзүйд нийцэх зүйл мөн үү?
-Хоёр өөр хариуцлагын асуудлыг ялгаж, ярьсангүй. Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхийн тулд төрөөс хуваарилж байгаа мөнгө хамгийн таатай нөхцөлтэй. Бизнесээ эхлүүлж, хөгжүүлэх жижиг аж ахуйн нэгжүүдийг төрөөс тусгайлан дэмжихээр хууль, бодлого, хөтөлбөр баталж, зөвхөн үүнийг хэрэгжүүлэхийн төлөө зарцуулагдах мөнгийг ЖДҮ дэмжих санд хуваарилсан. Гэтэл хуулиар тавьсан нөхцөл, шаардлагыг зөрчөөд зориулалт бусаар ашиглах, ашиглуулах, олгогдох ёсгүй аж ахуйн нэгжид олгох зэргээр хуулийн шаардлагаас гадуур хуваарилсан нь тодорхой хуулийн зүйл, заалтуудыг зөрчиж байгаа үйлдэл. Тиймээс УИХ-аас баталсан хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулж, хангах үүрэг бүхий Гүйцэтгэх засаглал-Засгийн газар, түүнийг төлөөлж, Ерөнхий сайд эхлээд хууль зөрчиж зээл олгосон болон зээл авсан этгээдүүдэд хуулийн дагуу эрүү, зөрчлийн болон захиргааны хэрэг үүсгүүлэн, шалгуулахаар хуулийн байгууллагад шилжүүлж, хуулийн байгууллага шалгахад саад үүсгэхгүйн тулд төрийн өндөр албан тушаалаас нь түдгэлзүүлэх асуудлыг тавьсан бол хуулийн дагуу болох байсан. Шалгах явцад хохирол барагдуулах зарчмынхаа дагуу зээлийг эргүүлэн төлүүлэх ажлыг эрх бүхий хуулийн байгууллагууд хийлгэх ёстой.
Харин уучлалт гуйх бол ёс зүйн хариуцлага. Намын даргын хувьд намаас нэр дэвшиж сонгогдсон гишүүдээ иргэдээсээ уучлалт гуйж, ёс зүйн хариуцлага хүлээхийг шаардах нь улс төрийн хариуцлага ярьж буй зөв үйлдэл. Хуулийн хариуцлагыг улс төрийн хариуцлагаар орлуулах нь өөрөө хууль зөрчиж буй хэрэг болно.
-Жижигхэн, явуургүй л арга гэсэн үг үү?
-Тийм. Бяцхан заль мэх л хэрэглэж байна.
-ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзориг албан тушаалтнуудад ижил зээл өгсөн асуудлыг намын даалгавар гэж харж байна гэж УИХ-ын зарим гишүүд хэлж байгаа. Та үүнтэй санал нийлэх үү?
-Нэг ижил дүнгээр буюу жигдхэн хэмжээгээр олон гишүүдэд зээл олгосон нь хардлага төрүүлж байгаа. Хардах үндэслэл, шалтгаан ч байна. Зээл авсан хэд хэдэн гишүүдийн хамаарал бүх аж ахуй нэгжүүдийн төслүүдийн өртөг яахаараа яг адилхан, нэг төгрөгөөр ч зөрөхгүй дүнтэй байна вэ. Тийм байх ямар ч боломжгүй. Зохион байгуулалттайгаар нэг ижил мөнгөн дүнгээр, гишүүдэд жигдхэн олгох шийдвэр гараад, авсан хүмүүс, аж ахуйн нэгжүүд энэ үнийн дүнд багтааж, тооцоолсон төслүүдийг ирүүлсэн байна гэдгийг санхүүгийн наад захын мэдлэгтэй хүмүүс шууд ойлгоно.
-Цаашид У.Хүрэлсүхийн Засгийн газраас юу хүлээж байна вэ?
– Энэ Засгийн газраас их зүйл хүлээх хэрэггүй л болов уу.

Улс төр
Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалт албан ёсоор эхэллээ

2022 онд Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ойгоор Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх дэлхийн үнэт өв, түүх, соёлын дурсгалт газар Орхоны хөндийд шинэ Хархорум хотыг сэргээн байгуулах зарлиг гаргасан.
Монголчуудын түүхэн уламжлал, хүсэл тэмүүлэл, эв нэгдэл, шударга ёс, цог хийморийн илэрхийлэл болсон Төрийн далбааг Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу “Их хаадын цэцэрлэгт хүрээлэн”-д өнө мөнхөд мандуулах ёслолоор Хархорум хотын бүтээн байгуулалт эхэллээ.
Ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож хэлсэн үгэндээ, монгол түмний ариун гал голомт болох Орхоны хөндийд Хархорум хотыг бүтээн байгуулахдаа сурвалж бичиг, археологийн олдвор, нотолгоонд тулгуурлан 800 гаруй жилийн тэртээх дүр төрх, Их хаадын сүр хүчийг шингээх ёстойг онцоллоо.
Мөн авто зам, төмөр зам, нисэх буудал, ус, дулаан, цахилгаан, хог хаягдал боловсруулах үйлдвэр, цэвэрлэх байгууламж, ногоон бүс, хөдөө аж ахуйн кластер, гол, нуурыг сэргээх зэрэгт нэн тэргүүнд анхаарах шаардлагатайг тэмдэглэв.
Цаг хугацаа, хөрөнгө, хүч хөдөлмөр шаардах бүтээн байгуулалтад төр, засаг, хувийн хэвшил, түмэн олноороо нэгдэж, нэгэн үзүүрт сэтгэлээр Хархорум хотоо сэргээн байгуулах үйлсэд идэвхтэй оролцохыг уриаллаа.
Тэрбээр Хархорум хотын ногоон байгууламжийн ажилд сэтгэл зүрхээ зориулан, идэвх санаачилга гарган, хөрөнгө зарцуулсан байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд ард түмний нэрийн өмнөөс талархал илэрхийллээ.
Хархорум хотыг бүтээн байгуулах хүрээнд нийт 1,500 га талбайд нэг сая гаруй шилмүүст болон навчит мод, сөөг тарьж ургуулна.
Сүүлийн сар гаруйн хугацаанд төр, хувийн хэвшил, түүний дотор уул уурхай, ойн болон модны салбарын 40 гаруй байгууллага, аж ахуйн нэгжийн 800 гаруй хүн 550 гаруй мянган мод тариад байна.
“Их хаадын цэцэрлэгт хүрээлэн”-д гэхэд л төр, хувийн хэвшил хамтран 11 мянган ширхэг мод тарин, 13 мянган кв.м авто зогсоол, 11 мянган кв.м явган зам тавьж, цахилгаан, гэрэлтүүлэг, худаг, усжуулалт зэргийг шийджээ.
Шинэ Хархорум хотод 500 мянган хүн оршин суух бөгөөд 285 мянган ажлын байр бий болж, үүнийг даган бүс нутгийн хөгжлийг тэтгэх хот болно гэж тооцоолж байна.
Төр, захиргааны болон олон улсын байгууллага, гадаад улс орнуудын Дипломат төлөөлөгчийн газар төвлөрсөн, нийгэм, эрүүл мэнд, дэд бүтэц, өндөр технологийн үйлдвэрлэл, орон сууц, соёл, урлаг, аялал жуулчлал, ногоон байгууламж, бусад үйлчилгээ хөгжсөн ухаалаг хот байхаар төлөвлөсөн.
Тухайлбал, хотын нийт талбайн 50 хувь нь ногоон байгууламж, 30 хувь нь барилгажих талбай, 20 хувь нь авто зам байх юм.
Хот байгуулахтай холбоотойгоор Өвөрхангай, Архангай аймгийн нутаг дахь Орхоны хөндийд 189 мянган га газрыг улсын тусгай хэрэгцээнд аваад байна.
Хархорум хот нь түгжрэл, агаар, ус, хөрсний бохирдол гээд нийгэм, эдийн засаг, иргэдийн ахуй амьдрал, эрүүл мэнд зэрэгт сөргөөр нөлөөлж байгаа хүн амын төвлөрлийг задлах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдүүлэх, нийгмийн суурь үйлчилгээг хангах, суурьшлын шинэ бүсүүд бий болоход томоохон хувь нэмэр оруулна.
Улсын Их Хурал Хархорум хотын төлөвлөлт, бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хууль баталж, Засгийн газар Хархорум хотын Захирагчийн Ажлын алба, Хотын болон Эрдэмтдийн зөвлөл ажиллуулж байна.
Одоогоор “Их хаадын цэцэрлэгт хүрээлэн”-гээс гадна “Мэдээлэл, сурталчилгааны цогцолбор” байгуулж, Хөгшин Орхон гол, Хэлтгий цагаан нуур, эртний нийслэлийн туурийг сэргээн, хотын бүтээн байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг боловсруулж байгаа юм.
Шинэ Хархорум хотод ногоон байгууламж барих эхний шатны ажилд:
1. “Эрдэнэс Тавантолгой” ХК
2. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ
3. “Эрдэнэс алт ресурс” ХК
4. “Эрдэнэс Монгол нэгдэл”
5. “Эрдэнэс критикал минералс” ТӨҮГ
6. “Энержи ресурс” ХХК
7. “Шивээ овоо” ХХК
8. “Багануур” ХК
9. “Бороо гоулд” ХХК
10. “Оюу толгой” ХХК
11. “Болд төмөр ерөө” ХХК
12. “Саусгоби сэндс” ХХК
13. “Платинум ланд” ХХК
14. “Бадрах энержи” ХХК
15. “Дархан төмөрлөгийн үйлдвэр”
16. “Тэрбум мод” сан
17. Шүүхийн шинжилгээний ерөнхий газар
18. “МИАТ” ТӨХК
19. “УБТЗ” хувь нийлүүлсэн нийгэмлэг
20. “Монголын төмөр зам” ТӨХК
21. “Тавантолгой төмөр зам” ХХК
22. “Хархорин” цахилгаан түгээх сүлжээ
23. Зэвсэгт хүчний Жанжин штаб
24. Хил хамгаалах ерөнхий газар
25. Дотоодын цэргийн штаб
26. Онцгой байдлын ерөнхий газар
27. Цагдаагийн ерөнхий газар
28. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
29. Төрийн тусгай хамгаалалтын газар зэрэг байгууллага, аж ахуйн нэгж хувь нэмрээ орууллаа.
Улс төр
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна

Монгол Улсад Хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүсэж хөгжсөний 100 жилийн ойн баярыг “Хүүхэд-Хайр-Ирээдүй” сэдвийн хүрээнд орон даяар тэмдэглэж байна. Хүндэтгэлийн чуулга уулзалт Төрийн ордонд болж, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 100 жилийн ойн баярын мэндийг Засгийн газар, Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн нэрийн өмнөөс дэвшүүллээ.
Өнгөрсөн хугацаанд Монгол Улстай бүх талаар хамт байсан НҮБ-ын Хүүхдийн сан, НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд, ДЭМБ, Японы Хүүхдийг ивээх сан, Олон Улсын Хөдөлмөрийн байгууллага, Дэлхийн зөн, Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, Европын холбоо, Гүүд Нейборс, Монголын Улаан загалмайн нийгэмлэг болон олон улсын хүмүүнлэгийн бусад байгууллагууд, Элчин сайдын яамдад онцгойлон талархал илэрхийлээд Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байгааг онцлов.
1925 оны тавдугаар сарын 8 буюу 100 жилийн тэртээх энэ өдөр их зохиолч Дашдоржийн Нацагдорж 19 настайдаа “Хойчийг залгамжлагч багачуудын холбоо”-г санаачилсан нь Монголын хүүхдийн төлөө байгууллага, хөдөлгөөний эхлэл болсон. Тиймээс Хүүхдийн байгууллага, хүүхдийн хөдөлгөөн бол шинэ Монгол Улсын соёл, гэгээрлийн үндэсний сэргэн мандалтын нэгэн давалгаа болсон.
Монгол Улс эх орны дайны хүнд бэрх он жилүүд буюу 1940-өөд оноос анхны хүүхдийн зусланг байгуулж, 1951 онд Хүүхэд залуучуудын театр, 1957 онд Залуу байгальчдын төв станц, 1958 онд Монголын пионер сурагчдын ордон, 1969 онд Хүүхэд залуучуудын парк, 1975 онд Залуу техникчдийн ордон, 1978 онд Олон улсын “Найрамдал” төв зэрэг хүүхэд залуучуудын хөгжлийг дэмжсэн томоохон бүтээн байгуулалтуудыг хийсний зэрэгцээ өсвөр үеийнхний хүмүүжил, төлөвшлийг “Бүх нийтийн үйлс” болгож, хойч үедээ анхаарал хандуулж байсан түүхтэй.
1980-аад оны сүүлч, 1990-ээд оны эхэн үед өрнөсөн нийгмийн шилжилтийн нөлөөгөөр хүүхдийн байгууллага, хөдөлгөөний үйл ажиллагаа доголдсон ч төрөөс тавих анхаарал сулраагүй. Монгол Улс 1990 онд Хүүхдийн эрхийн тухай НҮБ-ын конвенцид нэгдэн орж, хүүхдийн эрхийг төрөөс хангах, хамгаалах үүрэг хүлээж, хүүхдийн төлөө үйл ажиллагааны үндэсний механизмыг бүрдүүлсэн. Улмаар 1995 онд Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийг байгуулж, 1996 онд анх удаа Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуультай болж, хүүхдийн үндсэн эрхийг хангах эрх зүйн орчныг бүрдүүлсэн зэргийг Ерөнхий сайд цохон тэмдэглэв.
Засгийн газар 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарлаж, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл шинэчилсэн бүрэлдэхүүнээр хуралдаж, шаардлагатай байгаа 200 сургууль, цэцэрлэг, дотуур байрны асуудлыг 2026 оны төсөв болон төр хувийн хэвшлийн түншлэлээр бүрэн шийдвэрлэхээр болсон.
Өнөөдөр бид хамтдаа хүүхэд хамгаалал, хүүхдийн хөгжлийн цогц ажлын төлөвлөгөөг олон улсын байгууллагуудтай хамтарч боловсруулах, хүүхдийн төлөө хөрөнгө оруулалтыг төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын хамтын ажиллагаагаар нэмэгдүүлэх, хүүхдийн төлөө байгууллагуудын хамтын ажиллагаа, ойлголцол, харилцан итгэлцлийн тогтолцоог сайжруулах, хүүхдийн оролцооны байгууллагыг чадавхжуулах, хүүхдийн сангийн үйл ажиллагааг ил тод, нээлттэй болгох, хүүхдийн шинжлэх ухаан, технологийн ордон, хүүхдийн спортын цогцолбор, хүүхдийн урлагийн ордон, дөрвөн улирлын хүүхдийн зуслан, хүүхэд гэр бүлийн хөгжлийн төвийг бүсчлэн байгуулах зэрэг олон асуудлыг эрэмбэлнэ.
Аль ч улс орны ирээдүй бол хүүхэд. Монголын ирээдүй болсон хүүхдийн төлөө зориулж буй сэтгэл зүрх, цаг хугацаа, хүчин зүтгэл, хамтын ажиллагаа, харилцан ойлголцол бол хамгийн үнэ цэнтэй хөрөнгө оруулалт юм. Тиймээс хүүхдийн хамгаалал, хөгжлийн хөрөнгө оруулалтын харилцааг оролцооны аргаар шийдвэрлэж, хүүхдийн төлөө байгууллагуудын их засвар, хүний нөөцийн асуудлыг цогц байдлаар шийдвэрлэх төлөвлөгөөг бас өнөөдөр хэлэлцэх шаардлагатай байгааг Ерөнхий сайд онцлов.
Хүүхэд бүр цэцэрлэгтэй, хүүхэд бүр сургуультай, хүүхэд бүр зуслантай, хүүхэд бүр хөгжлийн ордонтой байх ёстой. Үүний төлөө Засгийн газар, салбарын яам онцгойлон анхаарч ажиллаж байгааг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан энэ үеэр хэлсэн үгэндээ тодотголоо.
2025 онд Монголын хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүсэж хөгжсөний 100 жил төдийгүй НҮБ-ийн Хүүхдийн эрхийн конвенцид нэгдэн орсны 35 жил, Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийг байгуулсны 30 жил давхар тохиож байна.
Улс төр
Монгол Улсад хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байна

-
Энтертайнмент9 цаг өмнө
Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо
-
Эдийн засаг12 цаг өмнө
Нийт 16.9 тэрбум төгрөгийн үнэ бүхий хөдөө, аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг биржээр арилжлаа
-
Нийгэм12 цаг өмнө
Ж.Хунан: Хууль хоорондын зөрчилдөөнд хүүхэд хохирох ёсгүй
-
Нийгэм10 цаг өмнө
Яндангаа буулгаж, нарны эрчим хүч рүү шилжсэн айл өрхүүдийн нөхцөл байдалтай танилцлаа
-
Нийгэм9 цаг өмнө
АТГ: Эрүүгийн 894 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав
-
Нийгэм13 цаг өмнө
Саналын хуудас, санал тоолох төхөөрөмж хүлээлгэж өглөө
-
Нийгэм10 цаг өмнө
Элсэлтийн шалгалт зургаадугаар сарын 18-нд эхэлнэ
-
Нийгэм13 цаг өмнө
“Хүрээ цам-Даншиг наадам 2025″ энэ сарын 28, 29-нд болно