Дэлхий дахинд
Хятад улс Трампын шийдвэрийн эсрэг хариу арга хэмжээ авахаа амлалаа
Хоёр улсын худалдааны хэлэлцээр ахиц муутай байгаа шалтгаанаар АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн Ням гарагт Хятадын импортын барааны татварыг өсгөх гэнэтийн шийдвэр гаргасан билээ.
Шийдвэр ёсоор $200 тэрбумын дүнтэй Хятадын импортын барааны татварыг одоо байгаа 10 хувиас 25 хувь болгон өсгөж байна. Татварын өсөлт Улаанбаатарын цагаар өнөөдөр өдрийн 12:00 цагаас хэрэгжиж эхэлж байгаа юм.
Шинэ татвар хэрэгжиж эхэлснээс хэдхэн минутын дараа Хятадын засгийн газар мэдэгдэл гаргахдаа Трампын шийдвэрт харамсаж байгаагаа илэрхийлээд хариу арга хэмжээ авахаа амласан байна.
“Өрнөж буй үйл явдалд гүнээ харамсаж байгаагаа Хятадын засгийн газар илэрхийлж байна. Бид шаардлагатай хариу арга хэмжээг авах болно. АНУ-ын засаг захиргаа удахгүй бидэнтэй зөвшилцөж, хоорондын асуудлыг шийдвэрлэхийн тулд хамтран ажиллана гэдэгт найдаж байна” гэж тус мэдэгдэлд өгүүлжээ.
Яг одоо шадар сайд Лю Хэгээр ахлуулсан Хятадын засгийн газрын төлөөлөгчид АНУ-ын нийслэл Вашингтон хотод ээлжит хэлэлцээр хийхээр ирээд байгаа юм. АНУ-Хятадын засгийн газар хоорондын яриа хэлэлцээр өмнө нь нийт 10 удаа Вашингтон, Бээжин хотуудад ээлжлэн зохион байгуулагдаад байгаа. Лю Хэ өчигдөр энд ирэхдээ Хятадын төрийн тэргүүн Ши Жиньпиний захидлыг Дональд Трампад гардуулсан байна.
Импортын татварыг өсгөх Трампын сүүлийн шийдвэр нь гэнэтийн явдал байсан бөгөөд Америкийн бизнесийнхэнд ердөө тав хоногийн өмнө мэдэгдсэн юм.
Тиймээс аль аль талын эдийн засагт сөрөг нөлөө үзүүлж байгааг мэргэжилтнүүд хэлж байна. Америк-Хятадын бизнесийн зөвлөлийн дэд ерөнхийлөгч Жэкоб Паркер “Татварын гэнэтийн өсөлт АНУ-ын үйлдвэрүүд, фермерүүд, хэрэглэгчдэд томоохон хохирол учруулахаар байна. Үр дүнд нь Америкийн компаниудын өрсөлдөх чадвар буурч, бизнесийн үйл ажиллагаанд муугаар нөлөөлж, цаашлаад АНУ-ын эдийн засгийг хохироох нь тодорхой. Товчхон хэлбэл энэ бол Америкийн хэрэглэгчдэд оногдож байгаа татвар юм” хэмээн ярьжээ.
Эх сурвалж: CNN