Дэлхий дахинд
Америкчууд шинэ төрсөн хүүхдэдээ “Game of Thrones” цувралын баатруудын нэрийг өгөх нь нэмэгдсээр байна
HBO сувгийн “Game of Thrones” цувралын сүүлчийн бүлгийг өнөөдөр дэлхий даяар шимтэн үзэж байгаа билээ.
Энэхүү бүтээлийн гол баатруудын нэрийг шинээр мэндэлсэн хүүхдэдээ өгөх үзэгдэл АНУ-д түгээмэл болоод удаж байна.
АНУ-ын Нийгмийн Хамгааллын Газараас гаргасан 2018 оны тайланд өгүүлснээр Америкчууд шинээр төрсөн охиндоо уг цувралын баатрууд болох Данерис Таргарян, Аря Старк нарын нэрийг илүү олон удаа өгсөн байна.
Данерисийн олон цол гуншингийн нэг болох “Халеси” (Khaleesi) нэр 2018 онд эмэгтэй хүүхдэд өгсөн нэрсийн дотроос түгээмэл байдлаараа 549 дүгээрт бичигджээ.
Халеси нь “Game of Thrones” цувралд дүрслэгддэг Дотраки морьтон, дайнч овгийнхны хэлээр “Хатан” гэсэн утгатай үг юм байна.
Халеси нэрийг өгсөн тоо нь “Gloria, Anne, Julie” зэрэг түгээмэл нэрнүүдийг өгсөн тооноос давжээ.
Халеси нь 2014 онд Америкчуудын охин хүүхдэд өгдөг топ 1,000 нэрэнд анх багтаж байсан бол жил бүр нэмэгдсээр 2018 онд 560 охин ийм нэр авсан байна.
“Game of Thrones” цувралын өөр нэг баатрын нэр Аря үүнээс ч илүү амжилт үзүүлээд байна. Нэд Старкийн бага охин тэрээр гэр бүлийнхнийхээ өшөөг олон дайснаас авч, “Шөнийн Хаан”-тай хийсэн тулаанд гол үүрэг гүйцэтгэдэг.
Арягийн нэр 2010 онд Америкчуудын охин хүүхдэд өгдөг топ 1,000 нэрэнд анх удаа багтаж байсан бол эрэмбэ нь ахисаар 2018 онд 119 дэх түгээмэл нэр болжээ.
Өнгөрсөн онд АНУ-д төрсөн 2,545 охин Аря нэртэй болсныг статистик тоо баримт харуулж байна.
Эх сурвалж: Business Insider