Нийгэм
“Багануур” ХК-ийн ТУЗ-ийн даргаар Н.Лхагвабаатар сонгогдлоо
“Багануур” ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2019 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр болж, Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг томиллоо. Тус компанийн нийт хувьцааны 75 хувийг эзэмшдэг “Эрдэнэс Монгол” ХХК эзэмшдэг бөгөөд Тэргүүн дэд захирал С.Эрдэнэбулган, Захиргаа, хүний нөөц хариуцсан дэд захирал Н.Лхагвабаатар, Санхүү эрхэлсэн дэд захирал Г.Ганболд, Нэгдсэн удирдлага хариуцсан дэд захирал С.Батсайхан нар ТУЗ-ийн гишүүдээр сонгогдов. Мөн Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал болон Байгаль орчин, аялал жуулчлалын яамны ТЗУГ-ын дарга М.Баярмагнай нар төрийн төлөөллийг хэрэгжүүлэх юм. Хувийн хэвшил буюу “Монголиан Нэшнл Коал Корпорэйшн” ХХК-ийн төлөөлөн О.Банзрагч, Б.Наранцэцэг нар ТУЗ-ийн гишүүдээр сонгогдсон бол хараат бус гишүүдийг нээлттэй сонгон шалгаруулалтын журмаар явуулж, Б.Осоргарав, Б.Очбадрах, Ц.Сүхбаатар, Х.Гэрэлт-Од нар сонгогдлоо.
“Багануур” ХК-ийн шинээр байгуулагдсан Төлөөлөн удирдах зөвлөлийн анхдугаар хурал болж, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Захиргаа, хүний нөөц хариуцсан дэд захирал Н.Лхагвабаатар ТУЗ-ийн даргаар сонгогдов. Харин ТУЗ-ийн Нарийн бичгийн даргаар “Эрдэнэс Монгол” ХХК-д 2012 оноос хойш ажиллаж байгаа Захиргаа, хүний нөөцийн бүртгэл хариуцсан ахлах мэргэжилтэн Г.Ганзориг томилогдлоо. Ингэснээр “Багануур” ХК-ийн 75 хувийг эзэмшдэг “Эрдэнэс Монгол” ХХК тус компанийг удирдлагаар бүрэн хангах боломж бүрдлээ.
Нийгэм
О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн санаачилгаар ДХИС-ийн хэрэгжүүлж буй “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг Монгол Улсын Их Сургуулийн оюутнуудад танилцууллаа.
Тухайн хөтөлбөр нь бусад мэргэжлээр их, дээд сургууль төгссөн залуусыг богино хугацааны сургалтад хамруулж, цагдаагийн байгууллагад ажиллах мэдлэг, ур чадвар олгох зорилготой бөгөөд төгсөгчид 100 хувь ажлын байраар хангагдах боломжтой.
2019-2024 онд нийт 154 сонсогч төрд тангараг өргөж, цагдаагийн байгууллагын офицер бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэж байна.
Мэргэшүүлэх хөтөлбөрт хамрагдах сонирхолтой иргэдэд эрүүл мэнд болон боловсролын хоёр шалгуур тавих бөгөөд тус хөтөлбөрт хамрагдсанаар:
• Мэргэжлийн тусгай мэдлэг бүхий мэргэжил эзэмшинэ.
• Сонсогчоор суралцсан хугацааг төрийн албанд ажилласанд тооцно.
• Сургалтын болон дүрэмт хувцсаар хангана.
• Сурч байх хугацаанд цолны цалин, нийгмийн даатгал төлөгдөнө.
• Цэргийн алба хаасанд тооцох гэх мэт олон давуу тал бий.
Цаашид “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг бүх их, дээд сургуулийн оюутнуудад танилцуулах өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл оюутнуудад хандан “Цагдаагийн байгууллагад ажиллах сонирхолтой ч өөр мэргэжил сонгосон, давхар мэргэжил эзэмших хүсэлтэй залууст шинэ боломж бий болголоо. Залуусыг төр, ард түмний төлөө офицер бүрэлдэхүүнд хүчин зүтгэхийг уриалж байна” гэсэн юм гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ
ОБЕГ-ын даргын 2024 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн А/379 дүгээр тушаалаар “Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ.
Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгийн голомтод эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, эмнэлгийн болон хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий мэргэжлийн ангийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэхүү дүрмээр зохицуулах юм.
Мөн мэргэжлийн ангийн үүрэг, бүтэц зохион байгуулалт, сургалт, бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах зорилготой. Энэхүү дүрэм нь гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх гамшгаас хамгаалах алба, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн дэргэд байгуулсан Мэргэжлийн ангийн үйл ажиллагаанд хамаарна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Нийгэм
Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө
Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун урд зүгт 42 км зайд өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 20-нд 21:50 цагт газар хөдөллөө. Газар хөдлөлтийн хүч нь 3.2 магнитуд хүчтэй байсан гэж Хөвсгөл Онцгой байдлын газраас мэдээллээ.
Дашрамд дурдахад өнгөрсөн онд 77 мянган газар хөдлөлт бүртгэгдсэн бөгөөд 1000 орчим газар хөдлөлт нь Улаанбаатар хотын ойролцоо бүртгэгджээ. Мөн хүнд мэдрэгдэх газар хөдлөлт нь нийт долоон удаа бүртгэгдэж байжээ.