Нийгэм
Нярайн эндэгдэл 70 хувийг эзэлж байна
Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 80 орчим хувийг нялхсын эндэгдэл эзэлж байна.
Эх, хүүхдийн эрүүл мэндийн үзүүлэлт аливаа улс орны хөгжил, хүн амын эрүүл мэндийн түвшинг илтгэдэг. Монгол Улсад өнөөдөр тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 80 орчим хувийг нялхсын эндэгдэл эзэлж байна. Үүнээс төрсний дараах 0-6 хоногтойдоо эндэж байгаа тохиолдол 70 гаруй хувьтай байгаа нь нярайн эрүүл мэндийн асуудалд онцгой анхаарах шаардлагатай гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээлэв. Энэ асуудлаар өчигдөр /2018.11.09/ “Эрүүл хүүхэд-эх орны ирээдүй” хүүхдийн эмч нарын улсын зөвлөгөөнийг зохион байгууллаа. Ерөнхийлөгч Х.Баттулгын ивээл дор зохион байгуулж буй эл зөвлөгөөнд есөн дүүрэг 21 аймгийн Эрүүл мэндийн газрын удирдлага, хүүхдийн мэргэжилтэн, Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн эмч, сувилагч 800 гаруй хүн оролцсон юм. Энэ үеэр 2030 он гэхэд тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийг 1000 амьд төрөлтөд 9, нялхсын эндэгдлийг 1000 амьд төрөлтөд 8 болгон бууруулах зорилт дэвшүүлсэн гэдгийг онцоллоо.
Эрүүл мэндийн яамнаас нялхсын эрүүл мэндэд анхаарах, тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Нярайн эрт үеийн нэн шаардлагатай тусламж”, “Имж эх асаргаа”-г хэрэгжүүлж байгаа аж. Энэ хүрээнд амьсгал хямралын гачаалыг эмчилж нярайн эрт үеийн эндэгдлийг бууруулахаар ажиллаж байгаа юм.
Дэлхийн улс орнууд нярайн эндэгдлийн төвшинг 1000 амьд төрөлтөд 12, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн төвшинг 25-аас бага болгон бууруулахаар зорилтоо тодорхойлсон.
Нийгэм
О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн санаачилгаар ДХИС-ийн хэрэгжүүлж буй “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг Монгол Улсын Их Сургуулийн оюутнуудад танилцууллаа.
Тухайн хөтөлбөр нь бусад мэргэжлээр их, дээд сургууль төгссөн залуусыг богино хугацааны сургалтад хамруулж, цагдаагийн байгууллагад ажиллах мэдлэг, ур чадвар олгох зорилготой бөгөөд төгсөгчид 100 хувь ажлын байраар хангагдах боломжтой.
2019-2024 онд нийт 154 сонсогч төрд тангараг өргөж, цагдаагийн байгууллагын офицер бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэж байна.
Мэргэшүүлэх хөтөлбөрт хамрагдах сонирхолтой иргэдэд эрүүл мэнд болон боловсролын хоёр шалгуур тавих бөгөөд тус хөтөлбөрт хамрагдсанаар:
• Мэргэжлийн тусгай мэдлэг бүхий мэргэжил эзэмшинэ.
• Сонсогчоор суралцсан хугацааг төрийн албанд ажилласанд тооцно.
• Сургалтын болон дүрэмт хувцсаар хангана.
• Сурч байх хугацаанд цолны цалин, нийгмийн даатгал төлөгдөнө.
• Цэргийн алба хаасанд тооцох гэх мэт олон давуу тал бий.
Цаашид “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг бүх их, дээд сургуулийн оюутнуудад танилцуулах өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл оюутнуудад хандан “Цагдаагийн байгууллагад ажиллах сонирхолтой ч өөр мэргэжил сонгосон, давхар мэргэжил эзэмших хүсэлтэй залууст шинэ боломж бий болголоо. Залуусыг төр, ард түмний төлөө офицер бүрэлдэхүүнд хүчин зүтгэхийг уриалж байна” гэсэн юм гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ
ОБЕГ-ын даргын 2024 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн А/379 дүгээр тушаалаар “Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ.
Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгийн голомтод эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, эмнэлгийн болон хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий мэргэжлийн ангийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэхүү дүрмээр зохицуулах юм.
Мөн мэргэжлийн ангийн үүрэг, бүтэц зохион байгуулалт, сургалт, бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах зорилготой. Энэхүү дүрэм нь гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх гамшгаас хамгаалах алба, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн дэргэд байгуулсан Мэргэжлийн ангийн үйл ажиллагаанд хамаарна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Нийгэм
Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө
Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун урд зүгт 42 км зайд өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 20-нд 21:50 цагт газар хөдөллөө. Газар хөдлөлтийн хүч нь 3.2 магнитуд хүчтэй байсан гэж Хөвсгөл Онцгой байдлын газраас мэдээллээ.
Дашрамд дурдахад өнгөрсөн онд 77 мянган газар хөдлөлт бүртгэгдсэн бөгөөд 1000 орчим газар хөдлөлт нь Улаанбаатар хотын ойролцоо бүртгэгджээ. Мөн хүнд мэдрэгдэх газар хөдлөлт нь нийт долоон удаа бүртгэгдэж байжээ.