Энтертайнмент
Урт замыг туулсан урлагийн гайхалтай бүтээлүүд Германд очжээ

Европт зохион байгуулагддаг томоохон үзэсгэлэнгүүдийн нэг Олон Улсын Дүрслэх Урлагийн зуны үзэсгэлэн нь энэ жил 21 дэх удаагаа уламжлал ёсоор ХБНГУ-н Бюделсдорф хотын үзэсгэлэнт цэцэрлэгт хүрээлэнд болох гэж байна. Энэ жилийн НордАрт2019-д манай уран бүтээлчдийн шилдэг бүтээлүүд 5 дахь жилдээ толилуулагдахаар болжээ.
Хилийн чанадад уран бүтээлчиддээ гүүр болон “Соёл урлаг, хэвлэл мэдээллийн төслийн менежмент, зөвлөгөө” НҮТББ-н мэргэжлийн чадварлаг баг Норд Арт үзэсгэлэнгийн албан ёсны хамтын ажиллагааны түншээр үргэжлүүлэн амжилттай ажиллаж байна.
ХБНГУ-ын Шлесвиг-Хольштайн мужийн өдөр тутмын хэвлэл дээр Монгол уран бүтээлчид болон тэдний уран бүтээлүүдийн тухай нийтлэл хэвлэгджээ.
Уг нийтлэлийг хүргэе.
УРТ ЗАМЫГ ТУУЛСАН УРЛАГИЙН ГАЙХАЛТАЙ БҮТЭЭЛҮҮД
21 дэх удаагийн НордАрт Олон Улсын дүрслэх урлагийн үзэсгэлэнд дэлхийн өнцөг булан бүрээс олон зуун бүтээлийн хур буусаар байна. Алс холын Монголоос Бюделсдорф хот хүртэл 9,000 километр үргэлжлэх асар урт аян замыг туулсан урлаг сонирхогчдын мэлмийг баясгах Монгол бүтээлүүд иржээ.
Олон Улсын шүүгчдийн сонгон шалгаруулалтад тэнцсэн манай 23 уран бүтээлчийн 50 гаруй бүтээлийг ХБНГУ-н тээвэр зуучлалын “Милитцер & Мюних” концерний 40 тоннын даацтай ачааны машин Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотоос ОХУ-аар дамжин тээвэрлэж, Бюделсдорф хот дахь “НордАрт” Олон Улсын үзэсгэлэнгийн талбайд улаан өндөгний баярын өглөө авчирсан байна. Ачааны машин маань Белорусийн хил дээр улаан өндөгний баярын улмаас 4 хоног саатсан гэж Монголын павильоныг хариуцсан куратор О.Оюунтуяа ярьсан юм. Тэрбээр уран бүтээлүүдийг тээвэрлэхэд Монгол Улсын ГХЯ, Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Элчин Сайдын Яам, Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын зүгээс үзүүлсэн туслалцаа дэмжлэгийг онцлон дурдав.
НордАрт 2019-ийн Монголын павильоны баг урт замыг туулсан бүтээлүүдээ Бюделсдорф хотын үзэсгэлэнгийн танхимд хүлээн авсны дараа бүтээлүүдээ задалж, угсрах, байрлуулж дэглэх гээд томоохон ажил ундарч эхлэв.
Уран бүтээлч Аюурзанын Очирболд төмөр утсаар хэв гарган бүтээсэн “Дэгрээ” нэртэй баримлын инстоляци бүтээлийнхээ хэсгийг үзэсгэлэнгийн цэцэрлэгт хүрээлэнд угсарч байрлуулжээ.Одоо зөвхөн бага зэрэг зэврүүлж өнгийг нь хувиргах гүйцэтгэл ажил л үлдээд байгаа юм. Батмөнхийн Намууны “Араг” бүтээл нь модон саваа, нүүрс, түлээ, аргал, олс зэргээс бүрджээ. Мюнстер хотод сурсан, тэндээ амьдарч байгаа уран бүтээлч энэ бүсгүй гурван хэсэг авсаархан багласан бүтээлээ угсран бэлэн болгох юм. Тэр бүтээлээрээ дамжуулан соёл хоорондын харилцаа холбооны нийтлэг хэлэмж болон түүний ойлгогдох байдлыг судалж байгаа юм байна.
Монгол Улсыг төлөөлөн оролцож байгаа өөр нэг уран бүтээлч Цэндийн Ган-Эрдэнийн “Аав” тосон зураг бусдыгаа бодвол ердөө 100 хүрэхгүй метрийн зайд л зөөвөрлөгджээ. Учир нь тэрээр 3 хэсгээс бүрдэх нийт 468 метр урт уран зургийг “Артист ин Резиденс” урлаг, соёлын солилцооны хөтөлбөрийн хүрээнд хоёр долоо хоногийн дотор НордАртын урланд нь зурж дуусгасан байна. Залуу уран бүтээлч Ц.Ган-Эрдэнэ Улаанбаатар болон Мюнстер хотуудад Урлагийн их сургуулийг дүүргэжээ. Тэрбээр одоо Герман Улсын Нордхайн Вестфалин мужид амьдарч байна. НордАртын Ко-Куратор Инга Ару түүний бүтээлийг “Эх орныхоо үзэсгэлэнт байгалийг сонгодог уран зургийн аргаар чадварлаг урлаж харуулсан” гэж дүгнэсэн юм.
Инга Ару нь ерөнхий куратор Вольфганг Граммын хамт НордАрт олон улсын үзэсгэлэнг зохион байгуулагчдыг төлөөлөн Монголын уран бүтээлчдийн бүтээлийг хариуцан Монгол кураторын багтай ажиллаж байгаа юм. Зураач Ц.Ган-Эрдэнэ олон улсын дүрслэх урлагийн уралдаан тэмцээнд удаа дараа оролцож шагнал хүртэж байсан ба 2018 онд АНУ-н Нью Йорк хот дахь НҮБ-ын төв байранд уран барималч А.Очирболдтой хамтарсан “In diesem Moment” (яг энэ мөчид) үзэсгэлэнгээ гаргажээ.
Эх сурвалж: Гадаад Харилцааны Яам

Энтертайнмент
Улсын заан М.Лхагвагэрэл бөхчүүдийн чансааг тэргүүлж байна

Монголын үндэсний бөхийн холбоо шинэчлэлийн хөтөлбөрийн хүрээнд томоохон барилдаануудад чансааны оноо олгох журмыг хэрэгжүүлж байгаа.
Маршал Х.Чойбалсангийн мэндэлсний 130 жилийн ойд зориулсан барилдааны дараа бөхчүүдийн чансаа шинэчлэгдэж, Улсын заан М. Лхагвагэрэл 7450 оноогоор тэргүүлж эхэллээ. Харин чансааны хоёрт Улсын аварга О.Хангай бичигдэж байна.
Энтертайнмент
“Милано Кортина 2026” Олимпын бамбарыг танилцуулав

“Милано Кортина 2026” өвлийн Олимп, Паралимпын наадмын зохион байгуулагчид энэ даваа гарагт тогтвортой байдал, технологийн дэвшил болон Италийн үндэсний загварыг шингээсэн албан ёсны бамбараа танилцууллаа.
“Essential” буюу “Мөн чанар”-ыг илэрхийлэх нэртэй энэхүү бамбар нь Миланы Триеннале урлагийн төв болон Японы Осака хотод зохион байгуулагдаж буй “ЭКСПО 2025” үзэсгэлэнгийн үеэр нэгэн зэрэг танилцуулагдсан бөгөөд Олимпын хөдөлгөөний олон улсын шинж чанар болон зохион байгуулагч орны соёлын гүн гүнзгий үндсийг харуулсан арга хэмжээ боллоо.
Бамбарыг Италийн эрчим хүчний “Eni” компани Versalis-тэй хамтран бүтээж, Studio Carlo Ratti Associati дизайн боловсруулсан бөгөөд бамбарын загвар нь энгийн байдал, хүч чадлыг бэлгэдсэн. Гялалзсан өнгөлгөөтэй, гоёмсог минимал хэлбэртэй энэхүү бамбараас олимпын наадамд зориулсан цэнхэр-ногоон өнгийн, паралимпын наадамд зориулсан хүрэл өнгийн хоёр хувилбарыг танилцуулжээ.
Нэг килограмм жинтэй, Италид үйлдвэрлэгдсэн бамбар нь дахин боловсруулсан хөнгөн цагаан ба гуулин хайлшаар хийгдсэн. Байгаль орчинд ээлтэй, дахин ашиглагдах боломжтойгоороо онцлог бөгөөд нэг бамбарыг 10 хүртэл удаа дахин дүүргэж ашиглах боломжтой юм. Энэ нь бамбарыг их хэмжээгээр үйлдвэрлэх хэрэгцээг эрс бууруулах ач холбогдолтой.
Бамбарыг хөдөлгөгч түлш нь био-LPG, буюу хэрэглэсэн тос болон амьтны гаралтай өөх зэрэг хаягдал материалаас гаргаж авсан сэргээгдэх түлш бөгөөд Сицилийн Гела дахь Eni-ийн био-үйлдвэрт үйлдвэрлэгддэг.
Энэхүү бамбарт ашиглагдаж буй шатаагч төхөөрөмж нь анх удаа ил харагдахаар бүтээгдсэнээрээ онцлог бөгөөд олон нийт олимпын дөл хэрхэн асч байдгийг нүдээр харж болохоор болжээ.
Өнгөний сонголт нь утга төгөлдөр бөгөөд олимпын бамбарын “Тэнгэрийн өнгөнүүд” нь Италийн байгалийн гайхамшигт төрхийг илэрхийлж, хөдөлгөөн, найдвар, өөрчлөлтийг бэлгэднэ. Харин паралимпын бамбарын “Гэрлийн уулс” нь тэсвэр хатуужил, хүч чадал, спортоор дамжих өөрчлөлтийг илэрхийлж байна.
Зохион байгуулагчдын хэлснээр энэхүү бамбар нь зөвхөн үйл ажиллагааны хэрэгсэл төдийгүй соёлын бэлгэ тэмдэг бөгөөд Олимп ба Паралимпын наадмын эв санааны нэгдлийг илтгэнэ.
Бамбарыг олон нийтэд 2025 оны турш Осакагийн ЭКСПО дахь Италийн павильонд, мөн Миланы Триеннале төвд 2025 оны 5-р сараас эхлэн наадам дуустал үзэсгэлэнд дэлгэхээр болжээ.
Энтертайнмент
Жүдо бөхийн Азийн АШТ-нд гавьяат тамирчин Л.Энхрийлэн тэргүүтэй Монголын 19 бөх барилдана
