Нийслэлийн хэмжээнд одоогийн байдлаар нийт 495 мянган тээврийн хэрэгсэл байдаг ба Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг хуулийн дагуу зургаадугаар сарын 01-ний дотор төлөх үүрэгтэй.
Өнөөдрийн байдлаар 300 мянга гаруй авто машин нь тээврийн хэрэгслийн албан татвараа төлсөн бол .
Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Татварын газар, Тээврийн цагдаагийн албанаас автотээврийн өөрөө явагч хэрэгслийн албан татвар, Агаарын бохирдлын төлбөр, Авто зам ашигласны төлбөр хураамжийг хугацаандаа төлөөгүй автотээврийн хэрэгсэл эзэмшигчдэд өнөөдрөөс эхлэн хяналтын үзлэг, шалгалт хийх болсон талаар мэдээлэл хийлээ.
Ингэхдээ техник хэрэгслийн оношилгоонд хамрагдаж, татвараа төлөөгүй тээврийн хэрэгслийг тусгай төхөөрөмж ашиглан илрүүлж арга хэмжээ авна” гэдгийг хяналт шалгалтын ажлын хэсэг онцлов.
2019 онд автотээврийн өөрөө явагч хэрэгслийн албан татвар, Агаарын бохирдлын төлбөр, Авто зам ашигласны төлбөр хураамжаар 24.6 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлэх үүрэгтэй. Зургаадугаар сарын 1-ний байдлаар уг төлөвлөгөө 81.9 хувьтай буюу 20.6 тэрбум төгрөгийн биелэлттэй явж байна.
ТАТВАР ТӨЛСНИЙГ ГЭРЧИЛДЭГ БАЙСАН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ГЭРЧИЛГЭЭГ QR КОДТОЙ БОЛГОЖ ШИНЭЧИЛСЭН
Нийслэлийн татварын газрын Орлого бүрдүүлэлтийн газрын дарга С.Цэрэнжамц “Татвар төлөгч цахим орчноор төлөх бололцоог хангаж ажиллаж байна. Хуучин татвар төлснийг гэрчилдэг байсан тээврийн хэрэгслийн гэрчилгээг QR кодтой болгож шинэчилсэн. Тиймд тухайн тээврийн хэрэгслийг замын цагдаа нар газар дээр нь татвар төлсөн төлөөгүйг нь мэдэх бүрэн боломжтой. Жолоочид уг гэрчилгээгээ хэвлэж аван, өөртөө авч явсан тохиолдолд татвар төлснийг нь батлах юм.
Хяналт шалгалтын үеэр бичиг баримтаа хураалгаад ирж буй тээврийн хэрэгслийн эзэмшигчдэд хуулийн дагуу хариуцлага ногдуулна. Харин өнөө маргаашийн дотор сайн дураараа Автотээврийн үндэсний төвийн татвар хураадаг цэгүүдэд болон E-tax.mta.mn цахим хаягаар төлсөн тохиолдолд асуудал үүсэхгүй” гэв.
ЦАГ ТУХАЙД НЬ ТАТВАРЫН АСУУДЛАА ШИЙДЧИХВЭЛ ЦААШДЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА НЬ АСУУДАЛГҮЙ
Тээврийн цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх газрын ахлах мэргэжилтэн, хошууч Г.Эрдэнэсүх “Татвар төлөх нь Замын хөдөлгөөний дүрмийн 27 дугаар бүлэгт орсон дүрмээр зохицуулагдсан асуудал. Иймд жолооч нар цаг тухайд нь татварын асуудлаа шийдчихвэл цаашдын үйл ажиллагаа нь асуудалгүй явагдана. Хэрвээ татвар төлөхгүйгээр хөдөлгөөнд оролцсон тохиолдолд хяналт шалгалтаа эрчимжүүлэн ажиллаж буй энэ үед холбогдох байгууллагууд руу нь шууд шилжүүлэн ажиллана” гэлээ.
Тээврийн хэрэгслийн албан татвар, дагалдах төлбөрөө хугацаанд нь төлөөгүй тохиолдолдЗөрчлийн тухай хуулийн 7.5.1,11.19.14-т заасны дагуу Агаар бохирдуулсны нөхөн төлбөрөө төлөөгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг хуульд заасан хугацаанд төлөөгүй бол төлбөл зохих татварыг нөхөн төлүүлж, хүнийг нөхөн төлүүлэх татварын 10 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгодог.
Мөн тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрийг төлж буй татвар төлөгч та өөрт ойр байрлах дурын татварын албанд төлөх эсвэл Татварын ерөнхий газрын цахим сайт e-tax.mta.mn хуудсаар дамжуулан онлайнаар төлөх боломжтой.