Дэлхий дахинд
Авлигын хэргийн шүүгч хууль зүйн сайдаар томилогджээ
Бразилийн Ерөнхийлөгчөөр сонгогдсон Жаир Болсонару авлигатай эрчимтэй тэмцэнэ гэдгээ мэдэгдээд Хууль зүйн сайдаар авлигын хэрэг хянан шийдвэрлэдэг шүүгчээр өмнө нь ажиллаж байсан Серхио Морог томилно гэсэн байна.
Жаир Болсонару хэлэхдээ “Манай Засгийн газарт энэ хүн маш чухал үүрэг гүйцэтгэнэ” гэжээ. Харин Серхио Моро өөрөө “Хууль зүй, олон нийтийн аюулгүй байдлын асуудлыг хариуцан ажилладаг гэдэг маш том үүрэг хариуцлага юм” гэж хэлсэн байна. Шүүгч Морогийн хувьд улс төрийн намын харьяалалтай, төрийн өндөр түвшний олон албан тушаалтны хэргийг хянан шийдвэрлэсэн байдаг. Дэмжлэгчид нь түүнийг авлигын эсрэг тэмцлийг тэргүүлдэг хүмүүсийн нэг гэж үздэг бол бусад хүмүүс Ажилчдын намын харьяалалтай хүмүүсийг шалгаж, шийтгэж байна гэж шүүмжилдэг ажээ.
Тус улсын ерөнхийлөгч асан Лула да Сильва “Автомашины угаалга” хэмээх авлигын шинжтэй томоохон хэрэгт холбогдон шалгагдаж байсан. Тодруулбал, газрын тос олборолдог “Петробрас” гэх компанийн удирдлага бусдад гэрээний ажил хууль бусаар олгож, хариуд нь хахууль авдаг байсан хэргийг шүүгч Моро хянан шийдвэрлэж байжээ.