Улс төр
Ц.Батболд: УИХ ёс зүйгүй, шүдэнз зурдаг попуудаар дүүрсний хор уршиг нь өнөөдөр илэрч байна

МУИС-ийн Улс төр судлалын тэнхимийн багш, доктор, профессор Ц.Батболдтойөнөөгийн улс төрийн нөхцөл байдал хийгээд цаг үеийн зарим асуудлаар ярилцлаа.
–Улс төр судлаачийнхаа хувьд өнөөгийн улс төрийн нөхцөл байдлыг хэрхэн дүгнэж, харж байна вэ?
-Өнөөгийн улс төрийн нөхцөл байдлыг харахад засаглалийн легитим шинж дээд зэргээр буурсан. Өөрөөр хэлбэл, сонгогчид, ард түмэн засаглалаа хүлээн зөвшөөрч итгэхээ болих хандлагатай байна. Нийгмийн сэтгэлзүй УИХ-ын гишүүдээ луйварчид, Засгийн газраа чадваргүй, шүүх засаглалаа мөн улс төрийн нөлөөнд орчихсон гэх зэргээр шүүмжлэх хандлага руу чиглэж байна.
Нөгөө талд шүүмжлэлд өртөж буй нам, эрх баригчдын хувьд үүнээс гарах гарцаа Үндсэн хууль түүний засаглалын тогтолцоог өөрчлөхөд чиглүүлэх гэж оролдож байгаа. Засаглалд итгэх иргэдийн итгэл эрс буурсантай холбоотойгоор буруугаа аль нэг тал руу чихэх, аль нэгийгээ гэсгээн цээрлүүлж өөрсдөө цэвэр үлдэх гэсэн бодолтой холбоотой улс төрийн сонирхлууд бий болж байна. Түүнээс гадна улс орноо аврах, зөв тогтолцоо руу оруулах гэсэн бодлоготой яваа хүмүүс ч бий.
Ерөнхийлөгчийн засаглалтай болбол ардчиллаар өгөгдсөн олон эрх хязгаарлагдаж, бид нэг хүний дарангуйлалд орно
-Засаглалыг өөрчилж, Ерөнхийлөгчийн засаглалтай болголоо гээд нөхцөл байдал өөрчлөгдөх үү?
-Хэрвээ бид Ерөнхийлөгчийн засаглалтай болчихвол дарангуйлал руу гулсаж орох аюул ойрхон. Ерөнхийлөгчийн засаглал бол холбооны улсад л эрх мэдлийг төвлөрүүлэх зорилготой оршин тогтнодог. Холбооны бус нэгдмэл байгуулалтай манайх шиг улсад Ерөнхийлөгчийн засаглал оршихын тулд дотоод гурван хүчин зүйл байх ёстой.
Нэгд, тухайн улс ямар нэг байдлаар үйлдвэржсэн байх ёстой. Хэрвээ үйлдвэржиж чадаагүй гадны эдийн засгийн сонирхлоос хараат Ерөнхийлөгчийн засаглалд улс төрийн бие даасан байдлаа хадгалах нь хүнд байх болно.
Хоёрт, нийгэм эдийн засгийн хувьд нийт олонхи нь дундаж төвшинд очсон байх ёстой. Ийм тохиолдолд Ерөнхийлөгчийн засаглалын хувилбар зохицно. Харин олонхи нь ядуу нөхцөлд хатуу дэг журам үйлчилж, ардчиллаас ухрах боломж эрс нэмэгдэнэ. Өөрөөр хэлбэл, ард түмний амьдралын төвшинд өндөр байгаа нөхцөлд ерөнхийлөгчийн засаглал боломжтой.
Гуравт, хатуу гишүүнчлэлтэй массын намаас салсан байх ёстой. Өнөөгийн олон түмнийг хамарсан хатуу гишүүнчлэлтэй массын намын хувилбар Ерөнхийлөгчийн засаглалыг цэвэр дарангуйлал болгох боломж асар өндөртэй. Нийтийг хамарсан гишүүнчлэл бүхий дотоод ардчилалгүй, санхүүгийн хаалттай орчинтой намын бүтэцтэй, улс орны өнцөг булан бүрд, төрийн засаг захиргааны нэгж бүрд ялсан намын үүрүүдийн нөлөөлөл тогтдог өнөөгийн нөхцөлд төрийн машин Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хамгаалахад их тохиромжтой төдийгүй Беларус, Украйн, станууд шиг авторитар дэглэм рүү гулсах боломж ихтэй.
Манайд үйлдвэр байхгүй, ард иргэдийнх нь амьдралын төвшинд доод давхаргад орчихсон, дээрээс нь массын дотоод ардчилгүй, туйлширсан хатуу гишүүнчлэлтэй намуудтай. Тиймээс манайд Ерөнхийлөгчийн засаглалын хувилбар тохирохгүй. Нэг л хүнээс хариуцлага нэхэж, түүгээр хариуцлага хүлээлгэхэд дөхөм болно гэж бодож байж магадгүй юм. Гэтэл Ерөнхийлөгчийн засаглалтай болчихвол бидэнд ардчиллаар өгөгдсөн олон эрх хязгаарлагдаж, бид нэг хүний дарангуйлалд орно. Өнөөдөр ард түмэн парламентийг, эрх баригч намыг, Засгийн газрыг шүүмжилж, сайн мууг нь хэлж байна. Ерөнхийлөгчийн засаглалтай болчихвол энэ бүх эрх байхгүй болно. Тэр ч битгий хэл эрх баригчийг ямар нэг байдлаар шүүмжилж, засаглалыг эсэргүүцсэн тохиолдолд тухайн хүнийг буруутгах, эрх баригч буюу түүнийг дагасан хүрээлэгчдийн дарангуйлал хуулийн хүрээнд бүрэн ноёрхох аюул бий.
-Тэгэхээр бидэнд засаглалын ямар тогтолцоо хамгийн сайн хувилбар байж болох вэ. Ард түмний итгэл найдвар хөсөр унаж, бухимдлаар дүүрсэн энэ үед зөв гарц нь юу вэ?
-Монголд сонгодог парламентын засаглалыг жинхэнэ утгаар нь байгуулах шаардлагатай. Засаглалын энэ загварыг хэн нэгэн хүн, хэн нэгэн улс орон ч бодож олоогүй. Хэдэн зуун жилийн түүхийн шалгуурыг давсан тогтолцоо байгаа юм. Түүх өөрөө үүнийг бий болгосон. Хоёр танхимтай, бэлэг тэмдгийн Ерөнхийлөгчтэй, Ерөнхийлөгчөө парламентын байнгын ажиллагаатай танхимаас сонгодог тогтолцоотой болох хэрэгтэй. Одоогийн манайд байгаа засаглалын хувилбар бол 19-р зууны үеийн хаант засаглалын хувилбар байгаа юм. Тэр үеийн ардчилалд орж байсан улсууд бүгдээрээ хаант засаглалтай байсан. Тухайн үед хаан нь парламентын болон Засгийн газрын үйл ажиллагаанд оролцож нөлөөлдөг, шүүх томилгоог өөрийн тойрон хүрээлэгчдийн дундаас хийдэг байсан. Яг энэ хувилбараар бид 26 жил явлаа. Нэг үгээр хэлбэл, бид бүх ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгч нэртэй хаантай болчихсон. Энэ нь гүйцэтгэх засаглалыг хоёр хувааж байна. Төлөөлөгчийн танхимын хуульд хориг тавих, томилгоо хийх, хууль санаачлах зэрэг олон эрхийг Ерөнхийлөгч ганцаараа эдлээд байгаа юм. Ерөнхийлөгч дэндүү эрх мэдэлтэй.
Нөгөө талд байнгын ажиллагаатай танхим байх ёстой. Төлөөлөгчдийн танхимаа мажоратороор сонгодог. Орон нутгийн иргэдийн эрх ашгийг хамгаалах, тэднийг төлөөлөх хүнийг сонгодог. Харин пропорционалаар намын нэрийг дугуйлдаг. Намуудыг сонгосон хувийнх нь тоогоор суудал хуваарилдаг. Ингэснээр намын нэрсийн жагсаалтаар хамгийн чадвартай, мэдлэгтэй лидер хүнийг оруулж ирдэг. Тэр хүмүүс нь хууль тогтоохын тулд намынхаа бодлогоор ажилладаг. Гарсан хуулийг нь төлөөлөгчид хүлээн зөвшөөрөх эсэхээ шийднэ. Ард түмний эрх ашгийг зөрчсөн тохиолдолд хуулийг хүлээн зөвшөөрдөггүй. Төлөөлөгчид мөн хууль санаачилж, шүүхийн томилогоо хийх, засгийн газрын үйл ажиллагааг тойрог тус бүр дээрээ хянаж болдог ийм хувилбар бий. Энэ бол түүхээр шалгагдсан сонгодог хувилбар. Энэ сонгодог хувилбарыг бид авах ёстой.
– ЖДҮХС-гаас УИХ-ын нэр бүхий гишүүдийн хамаарал бүхий этгээд зээл авсан асуудал нийгмийн бухимдлыг төрүүлж байна. Гэмт хэрэг хийчихээд хуулийн хариуцлага хүлээх ёстой байтал, уучлалт гуйгаад өнгөрч байна.
-Эрүүгийн хариуцлага, захиргааны хариуцлага, улс төрийн хариуцлага, ёс зүйн хариуцлага гэж бий. Эрх мэдлийн буруу шийдвэрийг захиргааны хариуцлага буюу захиргааны шүүхээр шийдвэрлэнэ. Эрх мэдлээ урвуулан ашиглаж гэмт хэрэг хийсэн бол эрүүгийн хариуцлага хүлээх ёстой. Гэтэл манайхан гэмт хэрэг хийсэн хүнийг уучлалт гуйгаад ажлаа өг гээд байдаг. Улс төрийн хариуцлага бол буруу шийдвэр гаргаж улс орны, үндэстэний эрх ашгийг алдагдуулсан нөхцөлд хүлээлгэдэг хариуцлага юм. Улс төрийн хариуцлагаар огцруулах, хэрэв хүндэтгэх шалтгаантай бол үндэсний эрх ашгаас уравсан гэж хуулийн хариуцлага хүлээлгэж болдог. Үүнийг санаатай, санаагүй бүгдийг нь хольж хутгаад зөвхөн уучлал гуй гэсэн ёс зүйн хариуцлага гэж ойлгоод байгаа юм уу, эсвэл албаар тэгж ойлгуулах гээд байдаг ч юм уу мэдэхгүй.
– Улс төрч хүний ёс зүй ямар хэм хэмжээнд байх ёстой вэ. Ёс зүйн хариуцлага гэж юу вэ?
-Ёс суртахуун бол хувь хүний асуудал. Харин мэргэжлийн ёс зүй гэдэг бол мэргэжил бүрт байдаг зүйл. Эмчийн ёс зүй, шүүгчийн ёс зүй, багшийн ёс зүй гэдэгтэй адилхан улстөрчийн ёс зүй гэж зүйл байна. Улстөрч хүн улс төрийн шинжлэх ухаанаар мэргэшсэн, суралцсан байх ёстой. Тэгж байж сая улстөрчийн ёс зүйн тухай ярих боломжтой болно. Тэгэхээр улс төрөөр суралцаагүй, улс төрийг ойлгоогүй, улс төрийг зөвхөн эрх мэдэл албан тушаал олж аваад өөртөө ашиглах боломж гэж хардаг, мэргэшээгүй хүмүүст бол мэргэжлийн ёс зүй үйлчлэхгүй. Өөрөөр хэлбэл, эмчийн мэргэжлийг эзэмшээгүй хүн эмчийн ёс зүйг сахиж хэзээ ч чадахгүйтэй адил юм.
Жишээ нь, эмч хүнд ямар ч нөхцөлд дайсныгаа ч гэсэн эмчлэх ёстой гэсэн мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээ байна. Мэргэжлийн ёс зүйтэй хүн бол янз бүрийн тохиолдол нөхцөл байдлын дунд ч, тэдгээрийн янз бүрийн хүчин зүйлсээс үл хамаараад ёс зүйгээ барьж ажиллаж чаддаг. Харин мэргэжлээ сайн мэдэхгүй байгаа хүн янз бүрийн нөхцөл байдал, олон хүчин зүйлсийн дунд ёс зүйн алдаа гаргадаг. Тэгэхээр тухайн мэргэжлээ хэр сайн мэдэж байна, тэр хэмжээгээр илүү ёс зүйгээ баримтлах боломж өндөр байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, улс төрийн үзэл бодол, итгэл үнэмшил нь сэтгэл, зүтгэлээр илэрдэг бөгөөд энэ нь улс төрийн ёс зүйн үндэс болдог. Улс төрийн үзэл бодол, итгэл үнэмшилгүй зөвхөн эрх мэдэл, албан тушаалаа ашиглан ашиг хонжоо, хувийн сонирхлоо хэрэгжүүлж байгаа хүнд улс төрийн ёс зүйн ойлголт байхгүй.
Улс төрийн шинжлэх ухаан бол харьцангуй шинэ шинжлэх ухаан. 1948 онд Олон Улсын Улстөрийн Шинжлэх Ухааны Холбоо байгуулагдахдаа, анхны хурлаа хийж тунхаг гаргасан байдаг. Тэр тунхагийн нэгдүгээр зүйлд аливаа улсын төрийн бодлого, түүнийг хэрэгжүүлж байгаа улстөрчид улс төрийн шинжлэх ухаанаар мэргэших ёстой. Тэгэхгүй бол олон сая хүний амьдрал хувь заяаг сүйрүүлнэ гэсэн байдаг. Тэгэхээр улстөрчид заавал улстөрөөр суралцсан байх шаардлагатай болж байгаа юм. Суралцаагүйн аюулыг нэгэн болсон явдлаар жишиж тайлбарлавал, нэг шинэ цэрэгт хуучин цэрэг нь бензин авч ирэх үүрэг өгсөн байна. Тэгсэн шинэ цэрэг бензин авч ирэх гээд яваад найз цэрэгтэйгээ таарсан байна. Найздаа туслах гэсэн цэрэг сайн санааны үүднээс машины банкны тагийг онгойлгоод бензин байна уу гэж шүдэнз зурж хараад олон машин шатаасан хэрэг гарсан. Улс төрөөр мэргэшээгүй, шүдэнз зурдаг сайн санаатнууд Монголоор дүүрэн байна. Дандаа буруу шийдвэр гаргадаг, тэр буруу шийдвэрүүдээс нь болж маш олон хүний амьдрал хувь заяа уруудаж, ядууран өр зээлд баригдах, өвчин тусах, гэмт хэрэгт холбогдох, гэр бүл салж сарних гэх мэтээр уруудаж доройтож байна. Үүнийгээ манай улстөрчид “ажил хийсэн хүн алдаж болдог юм” гээд биеэ өмөөрөөд сууж болохгүй. Заавал ажил дээр нь очиж суралцах ёсгүй. Номыг нь үзэж суралцаад ажиллах ёстой. Их хурлын гишүүн болж дамжаанд сууж буй мэт дөрвөн жил суралцаад, одоо л ойлголоо, дараагийн дөрвөн жилд дахиад сонгогдоё гэж байна. Ийм байж болохгүй.
–Ард түмний бухимдлын үр дүн ямар нөхцөл байдлыг бий болгох вэ. Нийгмийн сэтгэл зүй хувьсгал руу чиглэж байх шиг?
-Ерөнхийдөө бол засаглалаа дэмжихээ байчихсан, итгэл алдарчихсан, хүлээн зөвшөөрөхгүй болчихсон, ийм нөхцөл байдал дунд бол ямар нэг оч үсэргэх, эсэргүүцэл тэмцэл гарах юм бол нийгмийн сэтгэл зүй хаашаа ч хуйларч хувьсах аюул бүрдэж, эмх замбараагүй байдал үүсэж мэднэ. Гэхдээ ардчилсан дэглэмийн нэг онцлог бол засаглалаа өөрчилж сольж болдог механизмтай учраас эрх биш ийм байдалд хүргэхгүйгээр асуудлыг шийдвэрлэх боломж бололцоо бий.
– Ярилцсанд баярлалаа.

Улс төр
Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалт албан ёсоор эхэллээ

2022 онд Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ойгоор Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх дэлхийн үнэт өв, түүх, соёлын дурсгалт газар Орхоны хөндийд шинэ Хархорум хотыг сэргээн байгуулах зарлиг гаргасан.
Монголчуудын түүхэн уламжлал, хүсэл тэмүүлэл, эв нэгдэл, шударга ёс, цог хийморийн илэрхийлэл болсон Төрийн далбааг Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу “Их хаадын цэцэрлэгт хүрээлэн”-д өнө мөнхөд мандуулах ёслолоор Хархорум хотын бүтээн байгуулалт эхэллээ.
Ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож хэлсэн үгэндээ, монгол түмний ариун гал голомт болох Орхоны хөндийд Хархорум хотыг бүтээн байгуулахдаа сурвалж бичиг, археологийн олдвор, нотолгоонд тулгуурлан 800 гаруй жилийн тэртээх дүр төрх, Их хаадын сүр хүчийг шингээх ёстойг онцоллоо.
Мөн авто зам, төмөр зам, нисэх буудал, ус, дулаан, цахилгаан, хог хаягдал боловсруулах үйлдвэр, цэвэрлэх байгууламж, ногоон бүс, хөдөө аж ахуйн кластер, гол, нуурыг сэргээх зэрэгт нэн тэргүүнд анхаарах шаардлагатайг тэмдэглэв.
Цаг хугацаа, хөрөнгө, хүч хөдөлмөр шаардах бүтээн байгуулалтад төр, засаг, хувийн хэвшил, түмэн олноороо нэгдэж, нэгэн үзүүрт сэтгэлээр Хархорум хотоо сэргээн байгуулах үйлсэд идэвхтэй оролцохыг уриаллаа.
Тэрбээр Хархорум хотын ногоон байгууламжийн ажилд сэтгэл зүрхээ зориулан, идэвх санаачилга гарган, хөрөнгө зарцуулсан байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд ард түмний нэрийн өмнөөс талархал илэрхийллээ.
Хархорум хотыг бүтээн байгуулах хүрээнд нийт 1,500 га талбайд нэг сая гаруй шилмүүст болон навчит мод, сөөг тарьж ургуулна.
Сүүлийн сар гаруйн хугацаанд төр, хувийн хэвшил, түүний дотор уул уурхай, ойн болон модны салбарын 40 гаруй байгууллага, аж ахуйн нэгжийн 800 гаруй хүн 550 гаруй мянган мод тариад байна.
“Их хаадын цэцэрлэгт хүрээлэн”-д гэхэд л төр, хувийн хэвшил хамтран 11 мянган ширхэг мод тарин, 13 мянган кв.м авто зогсоол, 11 мянган кв.м явган зам тавьж, цахилгаан, гэрэлтүүлэг, худаг, усжуулалт зэргийг шийджээ.
Шинэ Хархорум хотод 500 мянган хүн оршин суух бөгөөд 285 мянган ажлын байр бий болж, үүнийг даган бүс нутгийн хөгжлийг тэтгэх хот болно гэж тооцоолж байна.
Төр, захиргааны болон олон улсын байгууллага, гадаад улс орнуудын Дипломат төлөөлөгчийн газар төвлөрсөн, нийгэм, эрүүл мэнд, дэд бүтэц, өндөр технологийн үйлдвэрлэл, орон сууц, соёл, урлаг, аялал жуулчлал, ногоон байгууламж, бусад үйлчилгээ хөгжсөн ухаалаг хот байхаар төлөвлөсөн.
Тухайлбал, хотын нийт талбайн 50 хувь нь ногоон байгууламж, 30 хувь нь барилгажих талбай, 20 хувь нь авто зам байх юм.
Хот байгуулахтай холбоотойгоор Өвөрхангай, Архангай аймгийн нутаг дахь Орхоны хөндийд 189 мянган га газрыг улсын тусгай хэрэгцээнд аваад байна.
Хархорум хот нь түгжрэл, агаар, ус, хөрсний бохирдол гээд нийгэм, эдийн засаг, иргэдийн ахуй амьдрал, эрүүл мэнд зэрэгт сөргөөр нөлөөлж байгаа хүн амын төвлөрлийг задлах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдүүлэх, нийгмийн суурь үйлчилгээг хангах, суурьшлын шинэ бүсүүд бий болоход томоохон хувь нэмэр оруулна.
Улсын Их Хурал Хархорум хотын төлөвлөлт, бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хууль баталж, Засгийн газар Хархорум хотын Захирагчийн Ажлын алба, Хотын болон Эрдэмтдийн зөвлөл ажиллуулж байна.
Одоогоор “Их хаадын цэцэрлэгт хүрээлэн”-гээс гадна “Мэдээлэл, сурталчилгааны цогцолбор” байгуулж, Хөгшин Орхон гол, Хэлтгий цагаан нуур, эртний нийслэлийн туурийг сэргээн, хотын бүтээн байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг боловсруулж байгаа юм.
Шинэ Хархорум хотод ногоон байгууламж барих эхний шатны ажилд:
1. “Эрдэнэс Тавантолгой” ХК
2. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ
3. “Эрдэнэс алт ресурс” ХК
4. “Эрдэнэс Монгол нэгдэл”
5. “Эрдэнэс критикал минералс” ТӨҮГ
6. “Энержи ресурс” ХХК
7. “Шивээ овоо” ХХК
8. “Багануур” ХК
9. “Бороо гоулд” ХХК
10. “Оюу толгой” ХХК
11. “Болд төмөр ерөө” ХХК
12. “Саусгоби сэндс” ХХК
13. “Платинум ланд” ХХК
14. “Бадрах энержи” ХХК
15. “Дархан төмөрлөгийн үйлдвэр”
16. “Тэрбум мод” сан
17. Шүүхийн шинжилгээний ерөнхий газар
18. “МИАТ” ТӨХК
19. “УБТЗ” хувь нийлүүлсэн нийгэмлэг
20. “Монголын төмөр зам” ТӨХК
21. “Тавантолгой төмөр зам” ХХК
22. “Хархорин” цахилгаан түгээх сүлжээ
23. Зэвсэгт хүчний Жанжин штаб
24. Хил хамгаалах ерөнхий газар
25. Дотоодын цэргийн штаб
26. Онцгой байдлын ерөнхий газар
27. Цагдаагийн ерөнхий газар
28. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
29. Төрийн тусгай хамгаалалтын газар зэрэг байгууллага, аж ахуйн нэгж хувь нэмрээ орууллаа.
Улс төр
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна

Монгол Улсад Хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүсэж хөгжсөний 100 жилийн ойн баярыг “Хүүхэд-Хайр-Ирээдүй” сэдвийн хүрээнд орон даяар тэмдэглэж байна. Хүндэтгэлийн чуулга уулзалт Төрийн ордонд болж, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 100 жилийн ойн баярын мэндийг Засгийн газар, Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн нэрийн өмнөөс дэвшүүллээ.
Өнгөрсөн хугацаанд Монгол Улстай бүх талаар хамт байсан НҮБ-ын Хүүхдийн сан, НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд, ДЭМБ, Японы Хүүхдийг ивээх сан, Олон Улсын Хөдөлмөрийн байгууллага, Дэлхийн зөн, Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, Европын холбоо, Гүүд Нейборс, Монголын Улаан загалмайн нийгэмлэг болон олон улсын хүмүүнлэгийн бусад байгууллагууд, Элчин сайдын яамдад онцгойлон талархал илэрхийлээд Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байгааг онцлов.
1925 оны тавдугаар сарын 8 буюу 100 жилийн тэртээх энэ өдөр их зохиолч Дашдоржийн Нацагдорж 19 настайдаа “Хойчийг залгамжлагч багачуудын холбоо”-г санаачилсан нь Монголын хүүхдийн төлөө байгууллага, хөдөлгөөний эхлэл болсон. Тиймээс Хүүхдийн байгууллага, хүүхдийн хөдөлгөөн бол шинэ Монгол Улсын соёл, гэгээрлийн үндэсний сэргэн мандалтын нэгэн давалгаа болсон.
Монгол Улс эх орны дайны хүнд бэрх он жилүүд буюу 1940-өөд оноос анхны хүүхдийн зусланг байгуулж, 1951 онд Хүүхэд залуучуудын театр, 1957 онд Залуу байгальчдын төв станц, 1958 онд Монголын пионер сурагчдын ордон, 1969 онд Хүүхэд залуучуудын парк, 1975 онд Залуу техникчдийн ордон, 1978 онд Олон улсын “Найрамдал” төв зэрэг хүүхэд залуучуудын хөгжлийг дэмжсэн томоохон бүтээн байгуулалтуудыг хийсний зэрэгцээ өсвөр үеийнхний хүмүүжил, төлөвшлийг “Бүх нийтийн үйлс” болгож, хойч үедээ анхаарал хандуулж байсан түүхтэй.
1980-аад оны сүүлч, 1990-ээд оны эхэн үед өрнөсөн нийгмийн шилжилтийн нөлөөгөөр хүүхдийн байгууллага, хөдөлгөөний үйл ажиллагаа доголдсон ч төрөөс тавих анхаарал сулраагүй. Монгол Улс 1990 онд Хүүхдийн эрхийн тухай НҮБ-ын конвенцид нэгдэн орж, хүүхдийн эрхийг төрөөс хангах, хамгаалах үүрэг хүлээж, хүүхдийн төлөө үйл ажиллагааны үндэсний механизмыг бүрдүүлсэн. Улмаар 1995 онд Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийг байгуулж, 1996 онд анх удаа Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуультай болж, хүүхдийн үндсэн эрхийг хангах эрх зүйн орчныг бүрдүүлсэн зэргийг Ерөнхий сайд цохон тэмдэглэв.
Засгийн газар 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарлаж, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл шинэчилсэн бүрэлдэхүүнээр хуралдаж, шаардлагатай байгаа 200 сургууль, цэцэрлэг, дотуур байрны асуудлыг 2026 оны төсөв болон төр хувийн хэвшлийн түншлэлээр бүрэн шийдвэрлэхээр болсон.
Өнөөдөр бид хамтдаа хүүхэд хамгаалал, хүүхдийн хөгжлийн цогц ажлын төлөвлөгөөг олон улсын байгууллагуудтай хамтарч боловсруулах, хүүхдийн төлөө хөрөнгө оруулалтыг төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын хамтын ажиллагаагаар нэмэгдүүлэх, хүүхдийн төлөө байгууллагуудын хамтын ажиллагаа, ойлголцол, харилцан итгэлцлийн тогтолцоог сайжруулах, хүүхдийн оролцооны байгууллагыг чадавхжуулах, хүүхдийн сангийн үйл ажиллагааг ил тод, нээлттэй болгох, хүүхдийн шинжлэх ухаан, технологийн ордон, хүүхдийн спортын цогцолбор, хүүхдийн урлагийн ордон, дөрвөн улирлын хүүхдийн зуслан, хүүхэд гэр бүлийн хөгжлийн төвийг бүсчлэн байгуулах зэрэг олон асуудлыг эрэмбэлнэ.
Аль ч улс орны ирээдүй бол хүүхэд. Монголын ирээдүй болсон хүүхдийн төлөө зориулж буй сэтгэл зүрх, цаг хугацаа, хүчин зүтгэл, хамтын ажиллагаа, харилцан ойлголцол бол хамгийн үнэ цэнтэй хөрөнгө оруулалт юм. Тиймээс хүүхдийн хамгаалал, хөгжлийн хөрөнгө оруулалтын харилцааг оролцооны аргаар шийдвэрлэж, хүүхдийн төлөө байгууллагуудын их засвар, хүний нөөцийн асуудлыг цогц байдлаар шийдвэрлэх төлөвлөгөөг бас өнөөдөр хэлэлцэх шаардлагатай байгааг Ерөнхий сайд онцлов.
Хүүхэд бүр цэцэрлэгтэй, хүүхэд бүр сургуультай, хүүхэд бүр зуслантай, хүүхэд бүр хөгжлийн ордонтой байх ёстой. Үүний төлөө Засгийн газар, салбарын яам онцгойлон анхаарч ажиллаж байгааг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан энэ үеэр хэлсэн үгэндээ тодотголоо.
2025 онд Монголын хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүсэж хөгжсөний 100 жил төдийгүй НҮБ-ийн Хүүхдийн эрхийн конвенцид нэгдэн орсны 35 жил, Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийг байгуулсны 30 жил давхар тохиож байна.
Улс төр
Монгол Улсад хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байна

-
Энтертайнмент7 цаг өмнө
Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо
-
Эдийн засаг10 цаг өмнө
Нийт 16.9 тэрбум төгрөгийн үнэ бүхий хөдөө, аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг биржээр арилжлаа
-
Нийгэм10 цаг өмнө
Ж.Хунан: Хууль хоорондын зөрчилдөөнд хүүхэд хохирох ёсгүй
-
Нийгэм10 цаг өмнө
Саналын хуудас, санал тоолох төхөөрөмж хүлээлгэж өглөө
-
Нийгэм8 цаг өмнө
Яндангаа буулгаж, нарны эрчим хүч рүү шилжсэн айл өрхүүдийн нөхцөл байдалтай танилцлаа
-
Нийгэм7 цаг өмнө
АТГ: Эрүүгийн 894 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав
-
Нийгэм10 цаг өмнө
“Хүрээ цам-Даншиг наадам 2025″ энэ сарын 28, 29-нд болно
-
Нийгэм10 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурханы батлагдсан тохиолдол 7717 бүртгэгдэж, нас баралт 6 болжээ