Улс төр
Ши Жиньпин: Монгол Улс ШХАБ-ын гишүүнээр элсвэл бүс нутгийн хамтын ажиллагаанд гүн оролцож, бодитой үр ашиг хүртэнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Бүгд найрамдах Киргиз улсын Ерөнхийлөгч С.Ш.Жээнбековын урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийлээ. Мөн тус улсад энэ зургаадугаар сарын 13-нд болсон Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын дээд хэмжээний уулзалтад оролцсон юм.
Тус улсын төрийн ёслол хүндэтгэлийн Ала-Арча цогцолборын Конгресс төвийн Их танхимд ШХАБ-ын дээд хэмжээний уулзалт болсон бөгөөд уулзалтад ШХАБ-ын албан ёсны гишүүн Орос, Хятад, Казахстан, Тажикистан, Узбекистан, Пакистан, Энэтхэг болон ажиглагчийн статустай улс орнуудын төрийн тэргүүн нар оролцов. Монгол Улсын хувьд тус байгууллагад 2004 ажиглагчийн статустай болсон.
Х.БАТТУЛГА: ШХАБ-Д ЭЛСҮҮЛЭХ АСУУДЛААР МАНАЙ УЛСЫН ДОТООДОД ОЛОН НИЙТИЙН САНАЛ БОДОЛ ХУВААГДМАЛ БАЙДАЛТАЙ БАЙНА
ШХАБ-ын үйл ажиллагаа анх аюулгүй байдлын салбарт чиглэж байсан бол үйл ажиллагааны цар хүрээ нь аажмаар тэлж, эдүгээ худалдаа, эдийн засаг, соёл, боловсрол, хүмүүнлэгийн зэрэг олон салбарыг хамрах болсон нь манай сонирхолд илүү нийцэж байна. Монгол Улс ШХАБ-ын хүрээнд өрнөж буй эдийн засгийн үйл ажиллагаа, ялангуяа дэд бүтэц, эрчим хүч, дамжин өнгөрөх тээвэр, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагаанд тэргүүлэх ач холбогдол өгч, Монголоор дамжуулан байгалийн хий, газрын тосны хоолой, авто зам тавих, Монголд төмөр зам барих төслүүдийг хэрэгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгаа гэсэн мэдээллийг Гадаад харилцааны яамны Бодлого төлөвлөлтийн газраас өгсөн юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ШХАБ-ын гишүүн, оролцогч орнууд болон олон улсын байгууллагуудын төлөөлөгчдийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаанд оролцож үг хэллээ.
Ерөнхийлөгч Х.Баттулга хэлсэн үгэндээ, Монгол Улс ШХАБ-д шат ахиулан оролцох боломжийг нарийвчлан судалж байгаа бөгөөд зохих хэлэлцүүлгийг улс төр, нийгмийн хүрээнд явуулж байгаа билээ. Монгол Улсыг ШХАБ-д элсүүлэх асуудлаар манай улсын дотоодод олон нийтийн санал бодол хуваагдмал байдалтай байна.
ШХАБ-ын ажиглагч болон яриа хэлэлцээний түнш орнууд ба Нарийн бичгийн дарга нарын газрын хамтын ажиллагааг дунд хугацаанд хөгжүүлэх замын зургийн төслийг боловсруулж, ШХАБ-ын ажиглагчийн статусын журамд өөрчлөлт оруулах, ШХАБ-ын гишүүн болон ажиглагч орнуудтай хамтын ажиллагааг идэвхжүүлэн өргөжүүлэхээр төлөвлөж буйг талархан хүлээж авч байна.
Монгол Улс ШХАБ-ын хүрээнд эрчим хүч, дэд бүтэц, дамжин өнгөрөх тээвэр, уул уурхай, хүнд үйлдвэр, хөдөө аж ахуй, соёл, боловсрол, эрүүл мэнд, байгаль орчин, байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгийн хохирлыг бууруулах, терроризмтой тэмцэх зэрэг олон салбарт Та бүхэнтэй хамтран ажиллах сонирхолтой байна. Түүнчлэн бүс нутгийн энх тайван, аюулгүй байдал, улс орнуудын хөгжил дэвшил, ард түмнүүдийн сайн сайхны төлөөх ШХАБ-ын үйл хэрэгт нэмэр хандиваа оруулж, хүчин чармайлтаа нэгтгэх болно” хэмээн онцлов.
Ажиглагчийн статустай 10 гаруй явж ирсэн Монгол Улсыг статусаа нэг шат ахиулж, албан ёсны гишүүнээр элсүүлэх саналыг тус байгууллагаас тавьж буй бөгөөд энэ нь манай улсын хувьд нийгмийг талцуулсан ээдрээтэй асуудал болоод байна. Тиймээс Ерөнхийлөгч Х.Баттулга ШХАБ-ын ажиглагчийн статусын журамд өөрчлөлт оруулах буюу ажиглагч, гишүүн орон гэсэн статусын дунд нэг шат нэмэх тухай асуудлыг хэлэлцүүлэх саналаа нээлттэй үлдэв.
ШХАБ-ын дээд түвшний уулзалтад Монгол Улсын төрийн тэргүүн нар тогтмол оролцож ирсэн Ерөнхийлөгч Х.Баттулга хоёр дахь удаагаа оролцож буй юм.
ХӨРШ 3 УЛСЫН ТӨРИЙН ТЭРГҮҮНИЙ УУЛЗАЛТ БОЛЛОО
ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын хоёр дахь өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч, ОХУ-ын Ерөнхийлөгч, БНХАУ-ын дарга нарын гурван талт дээд түвшний ээлжит тавдугаар уулзалт болж, гурван талын хамтын ажиллагааны цаашдын чиг хандлагын талаар ярилцлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар ОХУ, БНХАУ-ын төрийн тэргүүн нарын анхдугаар уулзалтыг 2014 оны есдүгээр сарын 11-ний өдөр Тажикстаны Душанбе хотноо ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын хуралдааны үеэр зохион байгуулсан бол дөрөв дэх уулзалт 2018 оны зургаадугаар сард БНХАУ-ын Чиндао хотод болж байв.
Уулзалтыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлсэн юм. Тэрбээр, “Манай улсын мөнхийн хөрш ОХУ, БНХАУ-ын хамтын ажиллагаа өндөр түвшинд, тогтвортой хөгжиж буй нь гурван талын хамтын ажиллагааг хөгжүүлэх таатай боломжийг бүрдүүлж буй билээ. Талуудын хамтын хүчин чармайлтын дүнд сүүлийн жилүүдэд гурван талын хамтын ажиллагааны механизм бүрдэж, эрх зүйн үндэс бэхжиж, хамтын ажиллагааны салбар өргөжиж, зарим салбарт тодорхой ахиц гарч байна. Дамжин өнгөрөх тээврийн тухайд онцгой ахиц гарч, Хятадаас Орос болон Европын чиглэлд Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрсөн чингэлгийн галт тэрэгний тоо 2016 оноос 2018 оны хооронд 500% гаруй хувиар нэмэгдсэн нь гурван талын зохицуулалтыг сайжруулснаас гарах хамтын ажиллагааны үр өгөөжийн тодорхой жишээ юм.
Гэхдээ гурван талын хамтын ажиллагааны ахиц, өрнөл бидний хүссэн хэмжээнд хүрэхгүй байна гэдэгтэй та бүхэн санал нийлэх болов уу. Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр байгуулснаас хойшхи 3 жилийн хугацаанд ард иргэдийн ахуй амьдрал, гурван улсын эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулахуйц тодорхой төсөл хэрэгжиж эхлээгүй байгаа нь үнэхээр чамлалттай юм. Гурван талын аль аль нь хүлээн зөвшөөрөхүйц техник, эдийн засгийн үндэслэлийн судалгаа нь бэлэн болсон төсөл ч байхгүй байна.
Тиймээс энэ удаагийн уулзалтаас гурван талын хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд чиглэсэн тодорхой, хариуцах эзэн, биелэлтийн хугацаатай чиглэлийг гурван улсын холбогдох байгууллагуудад өгөх шаардлагатай байгаа юм. Тухайлбал, Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийн хүрээнд нэн тэргүүнд хэрэгжүүлэхээр тохирсон төслүүдийн хэрэгжилтийг хэрхэн түргэтгэх талаар Та бүхэнтэй бүтээлч санал солилцох хүсэлтэй байна. Мөн олон жил яригдаж ирсэн байгалийн хий дамжуулах хоолой барих төслийн ТЭЗҮ-ийг судлах хамтарсан ажлын хэсэг байгуулж ажиллан тодорхой санал дүгнэлт гаргуулах чиглэл өгөх саналтай байна. Зүүн хойд Азийн нэгдсэн эрчим хүчний сүлжээний олон талт байгууллага байгуулах саналыг манай тал мөн дэвшүүлж байна” гэв.
В.ПУТИН: БНХАУ, МОНГОЛ ХОЁР УЛСТАЙ ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРТ ИДЭВХТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХАД БЭЛЭН
Дараа нь ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин үг хэллээ.
В.Путин, Бидний харж буйгаар хийх ёстой хамгийн чухал ажил бол Улаанбаатар төмөр замын бүтэц дээр суурилан тээврийн төв коридорыг шинэчлэх төлөвлөгөө бий. Хятад болон Монгол түншүүдтэй хамтран ажиллаж тээювврийн шинэ шугамын тээх хүчин чадлыг хэд дахин нэмэгдүүлэхийг зорьж байна. Ингэснээр энэхүү тээврийн коридороор Европын зах зээлд гарах ачааны хэмжээг үлэмж нэмэгдүүлж болно. Дэд бүтцийн чухал төсөл гэвэл Зүүнбаян-Ханги чиглэлийн салаа төмөр зам тавих ажлыг онцолж байна. Орос, Монгол хоёр улсад үйлчилдэг стандартын дагуу энэхүү замыг 15, 20 мм-ийн өргөн царигтай баривал ачаа тээвэрлэлтийн шугамыг эргэн хуваарилж, Зам-Үүд, Эрээн хилийн боомтын ачааллыг бууруулах боломжтой.
Манай гурван улсын дамжин өнгөрөлтийн нөөц тээвэрлэлтийн бололцоог улам үр ашигтай ашиглахад олон улсын автозамын ачаа тээвэрлэлтийн гурван талт хэлэлцээрийн хэрэгжилт мөн чухал ач холбогдолтой. ОХУ нь БНХАУ, Монгол хоёр улстай эрчим хүчний салбарт илүү идэвхтэй хамтран ажиллахад бэлэн байна. Энэ салбарт хэрэгжиж болох тодорхой төслийн саналыг Хятад, Монголын түншүүдээс сонсох хүсэлтэй байна. Цахилгаан эрчим хүчний дутагдалтай бүс нутгуудад ОХУ тасралтгүй цахилгаан эрчим хүч нийлүүлэхийг санал болгож байна. Дэлхийн эдийн засаг тогтворгүй болохын хэрээр үндэсний мөнгөн тэмдэгтээр тооцоо хийх нь чухал боллоо. Та бүхэн сонирхлоо илэрхийлбэл Росбанкны санхүүгийн мэдээлэл дамжуулах системд холбож өгөх асуудлыг авч хэлэлцэх болно.
ШИ ЖИНЬПИН: ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГЫН ДЭВШҮҮЛСЭН ЗҮҮН ХОЙД АЗИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ СУПЕР СҮЛЖЭЭ БАЙГУУЛАХ САНААЧИЛГЫГ ДЭМЖИЖ БАЙНА
Ши Жиньпин, Хятад, Монгол, Орос гурван улс бол уул усаар холбогдсон сайн хөршүүд юм. Гурван улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх нь газар зүй, геополитикийн давуу тал, гүн гүнзгнй уламжлалтай. 2014 оны есдүгээр сард Душанбе хотод төрийн тэргүүн нарын анхны уулзалтыг хийсэн. Үүний дараа гурван тал тэргүүлэх салбарын хамтын ажиллагаанд илүү анхаарал тавьснаар хамтын ажиллагаа гүнзгийрч байна.
“Гурван улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх замын зураглал” нь хамтын ажиллагааг чиглүүлэгч үндсэн баримт бичиг юм. Мөн бид Хятад, Монгол, Оросын хамтарсан эдийн засгийн коридор байгуулах тухай хөтөлбөрт гарын үсэн зурснаар тус коридор болон гурван улсын ажил хэрэгч хамтын ажиллагааны тэргүүлэх салбарт хэрэгжих төслүүдийг тодруулсан.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын дэвшүүлсэн Зүүн хойд Азийн эрчим хүчний супер сүлжээ байгуулах санаачилгыг зарчмын хувьд дэмжиж байна. Цаашид хамтран судалгааны ажил хийнэ. Мөн Монголын нутгаар дайран өнгөрөх байгалийн хийн хоолой тавих талаар нааштайгаар судлах болно. ШХАБ-ын хүрээнд гурван улсын зохицуулалт, уялдаа холбоог эрчимжүүлнэ. ШХАБ анх удаа гишүүнчлэлээ өргөтгөсний дараа бүс нутгийн аюулгүй байдал, тогтвортой хөгжилд чухал хувь нэмэр оруулах болно. ОУБ-ууд үүнийг өндрөөр үнэлж, ШХАБ-тай хамтын ажиллагаагаа хөгжүүлэх хүсэлтэй байна. Цаашид Монгол Улс ШХАБ-ын гишүүнээр элсэн орвол өөрийн давуу талыг улам сайн ашиглаж, бүс нутгийн хамтын ажиллагаанд гүн оролцож улам бодитой үр ашиг хүртэнэ. Монголын талыг ШХАБ-д гишүүнээр элсэх шийдвэрээ аль болох эрт гаргах тусам бүс нутгийн хамтын ажиллагааны олон нөөц боломжийг хуваалцах болно гэлээ.
ШХАБ-ын хүрээнд хийсэн Ерөнхийлөгч Х.Баттулгын сүүлчийн уулзалт энэ байв. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол, Орос, Хятадын гурван талын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал бодлоо хуваалцсанд талархал илэрхийлж, уулзалтыг ажил хэрэгч, бүтээлч боллоо хэмээн дүгнэв.

Улс төр
Мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг хангасан парламентын шийдвэр

Монгол Улсын Их Хурал 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Өмгөөллийн тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болгох тухай хуулийн төслийг хэлэлцэн баталсан. Энэхүү өөрчлөлтөөр хуульч нь өмгөөлөгчийн шалгалтад орохдоо тодорхой ажил, албан тушаалаас чөлөөлөгдсөн байхыг шаарддаг зүй бус хязгаарлалтыг хүчингүй болгосноор хуульчийн мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг хангах нөхцөл бүрдэв.
Энэ хуулийн 15.1.12, 15.1.13-т заасан өмгөөллийн үйл ажиллагаа хавсран эрхэлж болохгүй ажил, албан тушаал эрхэлж байгаа бол шалгалтад оруулахаас татгалзахаар тусгасан нь өмгөөлийн үйл ажиллагаа эрхлэх эсэх нь тодорхойгүй байхад хуульч өөрийн эрхэлж буй ажлаас чөлөөлөгдөхийг шаардсан хуульчийн мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөр эрхлэх үндсэн эрхийг хэт хязгаарлаж, хүний эрхэд нийцээгүй зохицуулалт болсон хэмээн хуулийн төсөл санаачлагч үзэн хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн юм.
Уг заалтын улмаас 2023 онд гэхэд өмгөөллийн эрх авах хүсэлт гаргасан 283 хуульчаас 45 хуульч шалгалтад орох боломжгүй болж, урьдчилсан шалгуураар хасагдаж байжээ.
Энэхүү асуудлаар хуульчид болон иргэдийн зүгээс Үндсэн хуулийн цэцэд удаа дараа гомдол гаргаж байсан бөгөөд Үндсэн хуулийн цэцийн 2022 оны 02 дугаар дүгнэлтээр тухайн заалт нь Үндсэн хууль зөрчөөгүй гэж дүгнэсэн боловч, уг хуулийн заалт Үндсэн хуульд заасан ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг хязгаарласан байх магадлалтай гэсэн байна.
Улсын Их Хурлын гишүүн Г.Уянгахишиг Монгол Улсын Их Хурал хууль тогтоогчийн хувьд хуулийн холбогдох зохицуулалтыг засах нь зүйтэй гэсэн үндэслэлээр Өмгөөллийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6.3 дахь заалтыг хүчингүй болгох тухай хуулийн төслийг санаачилж, 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн юм. Тэрбээр, өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх хүсэлтэй хуульч нь шалгалтаа амжилттай өгч, өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх боломжтой болсон нөхцөлд өмнөх ажлаасаа чөлөөлөгдөх учиртай болохоос, шалгалтад орохын тулд урьдчилан ажил, амьдралаа орхино гэдэг нь хүний эрхийг хэт хязгаарлаж байна. Хэрэв шалгалтад тэнцээгүй нөхцөлд тухайн хүн ажил, амьдралаараа хохирох нөхцөл үүснэ. Цаашид ч ийм логик зөрчилтэй заалтуудыг нэг бүрчлэн засах ёстой гэж үзэж байна хэмээсэн.
Энэ хуулийн өөрчлөлт нь Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөөнд туссан хүн төвтэй, эрх зүйт, хариуцлагатай парламентын “Гурван төгөлдөршил” бодлогын биелэлтийн бодит үр дүнгийн жишээ болж буйг тэрбээр тодотголоо.
Улсын Их Хурлын Хэвлэл, мэдээллийн газар
Улс төр
Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ

Монгол Улсын Ерөнхий сайд, Монголын Шатрын холбооны ерөнхийлөгч Гомбожавын Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч Султан Бин Халифа Аль-Нахъян баяр хүргэж захидал илгээжээ.
Захидалдаа, Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдсонд Азийн Шатрын холбооны өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн баяр хүргэе.
Энэ бол Монголын ард түмний төдийгүй, Азийн шатрын хамт олны хувьд бахархалтай, түүхэн мөч болж байна.
Таны олон жилийн туршид төрд зүтгэсэн тууштай байдал , Монголын Шатрын холбооны Ерөнхийлөгчийн хувиар үзүүлсэн манлайлал нь стратегийн алсын хараа, эх орондоо зориулсан чин сэтгэл, оюуны өндөр эрмэлзэл зэргийн тод жишээ юм. Таны удирдлага дор Монголын шатар хөгжиж, хүчирхэг тамирчид төрөн гарч, олон улсын тавцанд нэр хүндтэй болсон билээ. Таныг улсынхаа хамгийн өндөр албан тушаалд сонгогдсон нь ард түмэнтэйгээ гүн холбоотой, чадварлаг, шударга хүн гэдгийн баталгаа юм.
Бид таны манлайлал дор Монгол Улс цаашид ч хөгжин дэвжинэ гэдэгт гүнээ итгэлтэй байна. Мөн таны шатрын тоглоомд ханддаг гүн хүндэтгэл нь зөвхөн Монголд төдийгүй бүс нутгийн хэмжээнд боловсрол, хүүхэд залуусын хөгжил, соёлын дипломатын чухал хэрэгсэл болох шатрын үүргийг улам бүр бэхжүүлнэ гэдэгт итгэж байна.
Азийн Шатрын Холбоо нь таны нэр хүндтэй удирдлага дор Монголын Шатрын Холбоотой ойр хамтран ажиллах, мөн тив даяар шатрын хөгжлийг дэмжих хамтын зорилгодоо хүрэхийн төлөө хамтран зүтгэх болно.
Ерөнхий сайдын өндөр хариуцлагатай албанд тань амжилт хүсэн, чин сэтгэлийн баяр хүргэе” гэжээ.
Улс төр
Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалт албан ёсоор эхэллээ

2022 онд Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ойгоор Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх дэлхийн үнэт өв, түүх, соёлын дурсгалт газар Орхоны хөндийд шинэ Хархорум хотыг сэргээн байгуулах зарлиг гаргасан.
Монголчуудын түүхэн уламжлал, хүсэл тэмүүлэл, эв нэгдэл, шударга ёс, цог хийморийн илэрхийлэл болсон Төрийн далбааг Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу “Их хаадын цэцэрлэгт хүрээлэн”-д өнө мөнхөд мандуулах ёслолоор Хархорум хотын бүтээн байгуулалт эхэллээ.
Ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож хэлсэн үгэндээ, монгол түмний ариун гал голомт болох Орхоны хөндийд Хархорум хотыг бүтээн байгуулахдаа сурвалж бичиг, археологийн олдвор, нотолгоонд тулгуурлан 800 гаруй жилийн тэртээх дүр төрх, Их хаадын сүр хүчийг шингээх ёстойг онцоллоо.
Мөн авто зам, төмөр зам, нисэх буудал, ус, дулаан, цахилгаан, хог хаягдал боловсруулах үйлдвэр, цэвэрлэх байгууламж, ногоон бүс, хөдөө аж ахуйн кластер, гол, нуурыг сэргээх зэрэгт нэн тэргүүнд анхаарах шаардлагатайг тэмдэглэв.
Цаг хугацаа, хөрөнгө, хүч хөдөлмөр шаардах бүтээн байгуулалтад төр, засаг, хувийн хэвшил, түмэн олноороо нэгдэж, нэгэн үзүүрт сэтгэлээр Хархорум хотоо сэргээн байгуулах үйлсэд идэвхтэй оролцохыг уриаллаа.
Тэрбээр Хархорум хотын ногоон байгууламжийн ажилд сэтгэл зүрхээ зориулан, идэвх санаачилга гарган, хөрөнгө зарцуулсан байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд ард түмний нэрийн өмнөөс талархал илэрхийллээ.
Хархорум хотыг бүтээн байгуулах хүрээнд нийт 1,500 га талбайд нэг сая гаруй шилмүүст болон навчит мод, сөөг тарьж ургуулна.
Сүүлийн сар гаруйн хугацаанд төр, хувийн хэвшил, түүний дотор уул уурхай, ойн болон модны салбарын 40 гаруй байгууллага, аж ахуйн нэгжийн 800 гаруй хүн 550 гаруй мянган мод тариад байна.
“Их хаадын цэцэрлэгт хүрээлэн”-д гэхэд л төр, хувийн хэвшил хамтран 11 мянган ширхэг мод тарин, 13 мянган кв.м авто зогсоол, 11 мянган кв.м явган зам тавьж, цахилгаан, гэрэлтүүлэг, худаг, усжуулалт зэргийг шийджээ.
Шинэ Хархорум хотод 500 мянган хүн оршин суух бөгөөд 285 мянган ажлын байр бий болж, үүнийг даган бүс нутгийн хөгжлийг тэтгэх хот болно гэж тооцоолж байна.
Төр, захиргааны болон олон улсын байгууллага, гадаад улс орнуудын Дипломат төлөөлөгчийн газар төвлөрсөн, нийгэм, эрүүл мэнд, дэд бүтэц, өндөр технологийн үйлдвэрлэл, орон сууц, соёл, урлаг, аялал жуулчлал, ногоон байгууламж, бусад үйлчилгээ хөгжсөн ухаалаг хот байхаар төлөвлөсөн.
Тухайлбал, хотын нийт талбайн 50 хувь нь ногоон байгууламж, 30 хувь нь барилгажих талбай, 20 хувь нь авто зам байх юм.
Хот байгуулахтай холбоотойгоор Өвөрхангай, Архангай аймгийн нутаг дахь Орхоны хөндийд 189 мянган га газрыг улсын тусгай хэрэгцээнд аваад байна.
Хархорум хот нь түгжрэл, агаар, ус, хөрсний бохирдол гээд нийгэм, эдийн засаг, иргэдийн ахуй амьдрал, эрүүл мэнд зэрэгт сөргөөр нөлөөлж байгаа хүн амын төвлөрлийг задлах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдүүлэх, нийгмийн суурь үйлчилгээг хангах, суурьшлын шинэ бүсүүд бий болоход томоохон хувь нэмэр оруулна.
Улсын Их Хурал Хархорум хотын төлөвлөлт, бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хууль баталж, Засгийн газар Хархорум хотын Захирагчийн Ажлын алба, Хотын болон Эрдэмтдийн зөвлөл ажиллуулж байна.
Одоогоор “Их хаадын цэцэрлэгт хүрээлэн”-гээс гадна “Мэдээлэл, сурталчилгааны цогцолбор” байгуулж, Хөгшин Орхон гол, Хэлтгий цагаан нуур, эртний нийслэлийн туурийг сэргээн, хотын бүтээн байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг боловсруулж байгаа юм.
Шинэ Хархорум хотод ногоон байгууламж барих эхний шатны ажилд:
1. “Эрдэнэс Тавантолгой” ХК
2. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ
3. “Эрдэнэс алт ресурс” ХК
4. “Эрдэнэс Монгол нэгдэл”
5. “Эрдэнэс критикал минералс” ТӨҮГ
6. “Энержи ресурс” ХХК
7. “Шивээ овоо” ХХК
8. “Багануур” ХК
9. “Бороо гоулд” ХХК
10. “Оюу толгой” ХХК
11. “Болд төмөр ерөө” ХХК
12. “Саусгоби сэндс” ХХК
13. “Платинум ланд” ХХК
14. “Бадрах энержи” ХХК
15. “Дархан төмөрлөгийн үйлдвэр”
16. “Тэрбум мод” сан
17. Шүүхийн шинжилгээний ерөнхий газар
18. “МИАТ” ТӨХК
19. “УБТЗ” хувь нийлүүлсэн нийгэмлэг
20. “Монголын төмөр зам” ТӨХК
21. “Тавантолгой төмөр зам” ХХК
22. “Хархорин” цахилгаан түгээх сүлжээ
23. Зэвсэгт хүчний Жанжин штаб
24. Хил хамгаалах ерөнхий газар
25. Дотоодын цэргийн штаб
26. Онцгой байдлын ерөнхий газар
27. Цагдаагийн ерөнхий газар
28. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
29. Төрийн тусгай хамгаалалтын газар зэрэг байгууллага, аж ахуйн нэгж хувь нэмрээ орууллаа.
-
Нийгэм7 цаг өмнө
“Алтан хайч-2025” хонь ноослогчдын улсын анхдугаар тэмцээн болно
-
Нийгэм9 цаг өмнө
Б.Ганхайч ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
-
Нийгэм8 цаг өмнө
Зуны саруудын цаг агаарын ерөнхий төлөв
-
Нийгэм8 цаг өмнө
Гадаадын иргэний виз олголт 2.8 дахин өсжээ
-
Нийгэм7 цаг өмнө
Согтуугаар мотоцикл жолоодож, осол гаргажээ
-
Нийгэм8 цаг өмнө
Энэ оноос эхлэн 105,627 өрхийг шатдаг хийн түлшинд үе шаттайгаар холбохоор төлөвлөж байна
-
Улс төр9 цаг өмнө
Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ
-
Нийгэм8 цаг өмнө
АТГ: Нийтийн албанд томилогдох 505 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянан шалгав