Хэл амтай, хэрүүл шуугиантай атлаа төсвийн орлого, дотоодын нийт бүтээгдэхүүнд жин дардаг “Оюу Толгой” компани өнгөрсөн жилийн ажлаа тайлагнав. Таван жил. Ердөө тавхан жилийн дотор энэ компани гүний уурхайгаа эхлүүлээд бүрэн утгаараа ажиллах гэж хичээж байгааг сануулах нь зүй. Ашигт ажиллагаа, баяжмалын чанар, ажилчдын тоо нь анх байгуулагдаж байснаасаа бараг нэг дахин өссөн энэ компанид чухам юу болоод өнгөрөв өө? Тогтож харах зүйл нь чухамдаа юу байв.
ЗАРДАЛ НЭМЭГДСЭН, ГЭХДЭЭ…
Ердөө зургаа хүрэхгүй жилийн өмнө Оюу Толгой компани анхны зэсийн баяжмалаа экспортод гаргаж байснаас хойш энэ компанийн урсгал зардал нэмэгдсэн гэх үзүүлэлттэй байна. Ийнхүү зардал нэмэгдэхэд гүний уурхайн бүтээн байгуулалт голчлон нөлөөлсөн аж. Гүний уурхайн бүтээн байгуулалт дөнгөж эхэлж байхад буюу 2016 онд 230 сая ам.доллар зарцуулж байсан бол 2018 онд 1.23 тэрбум ам.доллар зарцуулжээ. Харин компанийн нийт урсгал зардал 2017 онд 82 сая ам.доллар байсан бол 2018 онд 91 сая ам.доллар болж өссөн байна. Ийнхүү өссөн нь гүний уурхайн бүтээн байгуулалтад ашиглах хүнд даацын хоёр автомашин авсан нь нөлөөлсөн байна. Урсгал зардал үүнээс их байж болох байсан ч хөрөнгө оруулалт тааруу байснаас зардлын хэмжээ буурчээ.
“Оюу Толгой” компани агуулга багатай өнгөн хөрсөн дээр олборлолт хийж байгаа тул зэсийн баяжмалын чанар төлөвлөж байсныг бодвол харьцангуй доогуур байгааг мэргэжилтнүүд хэлж буй. Гэтэл эсрэгээрээ зэсийн баяжмал дахь зэсийн хэмжээ 18 хувиар, алт 188 хувиар тус, тус өсжээ. Үүнээс шалтгаалан компанийн нэгдүгээр улирлын орлого өнгөрсөн оныхоос 43.6 хувиар өсөж, 352.7 сая ам.доллар болсон байна. Өнгөрсөн онд зэсийн 725 мянган тонн зэсийн баяжмал үйлдвэрлэсэн нь гурван жилийн өмнөхөөс даруй 130 гаруй хувиар унасан үзүүлэлт юм. Хадуулаг өндөртэй хүдэр олборлож байгаагаас шалтгаалан бага металл боловсруулжээ.
НАЙМАН ЖИЛИЙН ХУГАЦААНД 8.7 ТЭРБУМ ТӨГРӨГ
Үргүй зардалтай, бүх зүйлээ Монголд үлдээгээд цаашаа арилаад өгнө гэж дүгнэдэг “Оюу Толгой” компани, төсөл өнгөрсөн найман жилийн хугацаанд Монголын зах зээлд 8.7 тэрбум төгрөгийн орлого оруулжээ. Монгол компанитай хийсэн худалдаа, Монгол Улсын төсөвт байгууллагуудад төлж буй татвар, хураамж ажилчдын цалин зэргийг тооцсон мөнгөн дүн нь энэ юм. Үүний 75 хувийг дотоодын компаниудад хийсэн төлбөр эзэлж буй ажээ. Төслийн ажил дөнгөж эхэлж байхад Монголын компаниудаас худалдан авалт тааруу байсан нь Засгийн газрын ч, Хөрөнгө оруулагчийн ч шүүмжлэл дагуулсан тул байгуулагдсан хоёр дахь жилээсээ эхлэн дотоодын худалдан авалтыг нэмэгдүүлэх бодлого баримталсан байна. Цаашид ч энэ бодлого баримтлах аж. Зөвхөн Өмнөговь аймагт хийсэн худалдан авалтыг хэмжвэл найман жилийн хугацаанд 413 сая ам.доллар болно. Өнгөрсөн 2018 онд л гэхэд 126 сая ам.долларын худалдан авалт хийжээ.
Сар гаруйн өмнө Канадын Торонто хотод болсон хөрөнгө оруулагчдын ээлжит хурлаар “Оюу Толгой” төслийн менежментийг шинэчлэх чиглэлд өрнөсөн гол маргаан бол төсөл хэрэгжүүлж буй улсад чухам ямар ажил өрнөж байгааг хувьцаа эзэмшигчдэд жигд тайлбарлах явдал байв. Төслийн хөрөнгө оруулалт нэмэгдэхийн хэрээр Монголд шингэдэг мөнгөн дүн нэмэгдэж, хөрөнгө оруулалтын мэдээллийг ч олон нийтэд нээлттэй болгоно гэж компанийн зүгээс мэдээлсэн юм.
ГҮНИЙ УУРХАЙ ТӨЛӨВЛӨСӨН ХУГАЦААНААСАА ХОЙШИЛЖ МАГАДГҮЙ
Хөрсний чулуулгийн байдал тооцоолсноос хэцүү байгаа учраас төлөвлөлтөө дахин шинэчлэх шаардлагатай тул ашиглалтад орох хугацаа хойшилж магадгүй байна. Үйлдвэрлэлийн үндсэн босоо амны тоноглолын ажил нэн төвөгтэй, ашиглалтад оруулах үйл явц нарийн чимхлүүр ажил ихтэй байгаа аж. Гүний уурхайн гео техникийн илүү нарийвчилсан мэдээллийг боловсруулах шаардлагатай байгаа юм.
“Оюу Толгой”-г дэлхийн гурав дахь том уурхай болгох гүний уурхайн бүтээн байгуулалтын ажил өнгөрсөн тавдугаар сарын байдлаар 54 хувьтай гарчээ. Бүтээн байгуулалтын ажил хойшлогдож магадгүй тул анх тооцоолсон зардал нэмэгдэх хандлагатай байна. Өнгөрсөн хугацаанд “Оюу Толгой” компанийн борлуулалтын орлогоос 1.2 тэрбум ам.доллар, хөрөнгө оруулалтаас 735 сая ам.доллар, хувьцааны арилжаанаас 515 сая ам.долларыг гүний уурхайн бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалтад төвлөрүүлжээ.
ГЭРЭЭГ ШИНЭЧЛЭХ БОЛОМЖГҮЙ
“Оюу Толгой” компанийн Гүйцэтгэх захирал Армандо Торрес “Оюу Толгой”-н хөрөнгө оруулалтын гэрээг шинэчлэх тал дээр боломжгүй, харин үр ашгаа хэрхэн нэмэгдүүлэх талаар Монгол Улсын Засгийн газартай бүх талаар хамтран ажиллана гэдгээ илэрхийлэв. Угтаа энэ байр сууриа ажлын хэсгийн хуралдааны дараахан, ажлын хэсгийн дүгнэлттэй танилцаж байхад л “Оюу Толгой”, “Туркойз Хилл”-ийн зүгээс мэдээлж байсан. Гол хөрөнгө оруулагч “Туркойз Хилл”-ийн Гүйцэтгэх захиарл Ульф Куэльманн өнгөрсөн тавдугаар сард ажлын хэсгийн дүгнэлттэй холбогдуулан Монголд ирэхдээ ч энэ л байр суурьтай байсан юм. Тэд гэрээгээ шинэчлэхгүй. Гэхдээ үр ашгаа хэрхэн нэмэгдүүлэх вэ, цаашид хэрхэн хамтран ажиллах вэ гэдгээ л бүтээлчээр хэлэлцье гэж хэлж байгаа.
“Оюу Толгой, Туркойз Хилл Ресурс компани үндсэн хөрөнгө оруулалтын гэрээ болон суурь гэрээг өөрчлөх боломжгүй гэсэн байр суурьтай байгаа. Харин үр ашгаа хэрхэн нэмэгдүүлэх тал дээр Монгол Улсын Засгийн газартай бүх талаар хамтран ажиллана. Манай компанийн зүгээс УИХ-аас гаргасан ажлын хэсгийн үйл ажиллагааг дэмжиж хамтран ажиллаж ирсэн. Цаашдаа ч хамтран ажиллахад бэлэн” гэж Оюу Толгой компанийн Гүйцэтгэх захирал Армандо Торрес ярьсан юм. УИХ-аас Оюу Толгойн гэрээний хэрэгжилтийг шалгах ажлын хэсэг байгуулж, өнгөрсөн онд ажлын хэсгийн дүгнэлт албан ёсоор гарсан юм. 200 гаруй хуудас уг материалд гэрээний үндсэн үүргээ биелүүлээгүй, зардал болон бусад зардал мөнгөн хөрөнгийн зарцуулалт тодорхойгүй, монголчуудад үр ашиггүй гэх гурван том дүгнэлт гаргасан билээ. Харин “Оюу Толгой” компанийн мэдээллээр Рио Тинто болон Туркойз Хилл Ресурс компанитай хамтарсан ажлын хэсэг байгуулж цаашид хэрхэн хамтран ажиллах талаар хэлэлцэж буй ажээ.
ЦАХИЛГААН СТАНЦЫН ИНЖЕНЕРИЙН СУДАЛГАА 56 ХУВЬТАЙ БАЙНА
“Оюу Толгой” компанийн мэдээллээр Засгийн газар, “Оюу Толгой” компани оролцсон ажлын хэсэг байгуулан цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажлыг хэлэлцэж байгаа юм. Инженер техникийн судалгааны ажил төлөвлөгөөний дагуу үргэлжилж буй бөгөөд одоогийн байдлаар 56 хувьтай байна.
Оны өмнөхөн Монгол Улсын Засгийн газар, “Оюу Толгой” компани Тавантолгойн цахилгаан станцыг түшиглэн барьж байгуулах “Эрчим хүчний эх үүсвэрийн зохицуулалтын тухай гэрээ” үзэглэсэн. Гэрээ ёсоор 300 Мвт-ын хүчин чадал бүхий цахилгаан станцыг гурван жилийн хугацаанд барих юм. Төлөвлөгөө ёсоор 2020 оны гуравдугаар сард барилгын ажил эхэлж, 2023 оны зургаадугаар сард ашиглалтад орох хүлээлттэй байна. “Оюутолгой” компани БНХАУ-аас жилдээ 170 орчим сая ам.доллароор хэмжигдэх 100 гаруй МВтын эрчим хүч авдаг. Үүнийг Монгол Улсын жилийн хэрэглээтэй нийцүүлбэл 20 хувьд хүрэх юм. Хэрэв дээрх цахилгаан станц бүрэн утгаараа хэрэгжиж эхэлбэл 170 орчим сая ам.доллар Монголд үлдэх боломж бүрдэх юм.