Нийгэм
Хүндэтгэлийн арга хэмжээнд 1000 багш оролцлоо

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас Монголын болон дэлхийн багш өдрийг тохиолдуулан 1000 багш оролцсон баярын хүндэтгэлийн арга хэмжээг Корпорейт Конвейшн төвд өнөөдөр зохион байгууллаа. Эл арга хэмжээг нээж Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа “Хүн эх дэлхийдээ ээлтэй хандах, хүн төрөлхтөн бие биедээ хүнлэг энэрэнгүй, найрсаг байх, харилцан ойлголцох, улмаар ирээдүй, хойч үеэ эерэг зөв хүмүүжилтэй сайн хүмүүс болгохын үндэс суурь, найдвартай тулгуур нь боловсрол юм. Харин тэрхүү боловсролыг олгогч, гардан зохион байгуулагч нь багш билээ. Тиймээс ч өнөөдөр дэлхий даяар БАГШ ТАНД талархал илэрхийлэх, хөдөлмөрийг нь үнэлэх, энэхүү хариуцлагатай мэргэжилд олон түмний анхаарлыг хандуулах, багшийн нэр хүндийг өргөх, улс үндэстэн бүрийн хөгжил цэцэглэлтэд багш нарын оруулж байгаа хувь нэмрийг онцлон тэмдэглэж байна” хэмээн онцлон өгүүлсэн юм.
Багш нарт хүндэтгэл үзүүлэх ёслолын үеэр Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар монголынхоо нийт багш нарт тусгайлан мэндчилгээ хүргүүлсэн юм. Тус мэндчилгээндээ багш нарын талаар УИХ, Засгийн газрын зүгээс авч хэрэгжүүлж буй бодлого, шийдвэрийг давхар танилцуулж, багш нарт сайн сайхныг хүссэн юм. Хүндэтгэлийн арга хэмжээнд урилгаар УИХ-ын даргын М.Энхболдын зөвлөх Т.Ганди, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн зөвлөх Н.Хүрэлбаатар, НИТХ-ын дарга С.Амарсайхан, Улаанбаатар хотын захирагч С.Батболд нар оролцож багш нарт баяр хүргэж үг хэлэв.
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам 2018-2019 оны хичээлийн жилийг Багшийн хөгжлийг дэмжих жил болгон зарласан. Жилийн хүрээнд болон багш нарын өдрийг угтан 2018.09.05 наас 2018.10.05-ны хооронд “Багшийн хөгжил-2018” аяныг орон даяар өрнүүлэн таван бүтээлч уралдааны шилдгүүдийг тодруулан баярын энэ өдөр шагналыг нь гардууллаа. Цэцэрлэгийн багачуудын дунд зарласан гар зургийн уралдаан, Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд зарласан фото зургийн уралдаан, сэтгүүлчдийн дунд зарласан нийтлэл, эцэг эхчүүдийн дунд зарласан эс
сэ бичлэгийн уралдаан, бүтээлч санааны уралдаанд ирсэн бүтээлүүдийг нийтэд дэлгэн үзүүллээ.
БСШУСЯ-ны захиалгаар өнөөгийн багшийн амьдрал, багш хүний жаргал, саад бэрхшээлийг харуулсан бүрэн хэмжээний “БАГШ” уран сайхны киног бүтээж, энэ өдөр мөн нээлтийг нь хийлээ.
Боловсролын салбарын хүний нөөцийн чадавхийг сайжруулах, багшийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх, хүүхэд, оюутан, сурагчдын хөгжил, хамгааллын чиглэлээр урт хугацааны туршид идэвх санаачилга, үр дүнтэй хамтран ажиллаж ирсэн байгууллагуудад анх удаа “Боловсролд ээлтэй байгууллага”-аар тодруулан өргөмжиллөө.
2018 оны хичээлийн жилийг сурагчид урьд өмнө байгаагүй амжилтаар эхлүүлж байна. Тухайлбал, олон улсын таван олимпиадад манай хүүхдүүд оролцсон төрөл бүрээсээ медаль хүртлээ. Анх удаа олон улсын математикийн олимпиадад багаараа оролцож медаль авсан, оюун ухаан, ой тогтоолтоор монгол хүүхдүүд дэлхийн дээд рекорд тогтоож Генисийн номд бүртгэгдсэн зэрэг амжилтыг дурдаж болно. Сурагчид олон улсын олимпиадаас нийтдээ 3 мөнгө, 12 хүрэл, 3 тусгай байр эзэлж түүхэн дээд амжилт тогтоосон нь багшийн ажлын үр шим юм. Мөн Улсын тэргүүний сургууль, боловсролын гол түнш болох төрийн бус байгууллага, онцгой амжилт гаргасан багш нараа мөн энэ өдөр шагнаж урамшуулна.
Монгол Улсын Их Хурал 2018 оны 6 сард Багшийн хөгжлийг дэмжих хуулийг хэлэлцэн баталсан. Энэ хууль ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Ингэснээр багшийн нийгмийн баталгаа, хөгжлийн асуудал, мэргэжил дээшлүүлэх, ёс зүйн талаар олон таатай боломж бүрдэх юм. Жишээ нь Багшийн хөгжлийн төвд нийт сургууль цэцэрлэгийн хувьсах зардлын 2 хувийг зарцуулдаг байхаар хуульд тусгагдсан. Ойролцоогоор жилд 11.6 тэрбум төгрөгийг багшийн хөгжлийг дэмжихэд зарцуулах юм. Мөн багшийн мэргэжлийн зэргийг заавал ажилласан жил харгалзахгүйгээр гаргасан амжилт, сурагч эцэг эхийн сэтгэл ханамжид үндэслэн олгодог байхаар туссан. Үүнийг дагаад багшийн цалин хөлс, урамшуулал нэмэгдэх боломж бүрдэж байна.
Шинэ хуулийн дагуу багшийн хөгжлийн хөтөлбөрийг таван жил тутамд батлан гаргах юм. Албан ёсны хөтөлбөртэй байснаар багшийн хөгжилд оруулах хөрөнгө оруулалт хөтөлбөр төлөвлөгөө тодорхой болно. Багшийн мэргэжил дээшлүүлэх институт зөвхөн цэцэрлэг сургуулийн багшийн мэргэжил дээшлүүлээд зогсохгүй, насан туршийн боловсрол, мэргэжлийн сургалт үйлдвэрлэл, дээд боловсролын багш нарын мэргэжлийг дээшлүүлэх ажлыг хариуцдаг болсон зэрэг олон шинэ зохицуулалт багшийн хөгжлийг дэмжих жилийн хүрээнд хэрэгжинэ.

Нийгэм
АТГ: Эрүүгийн 894 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны 6 дугаар сарын 9-15-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 112 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 15 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 12 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 84 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 894 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 13 хэргийг шүүхэд шилжүүлэх, 11 хэргийг хаах саналтай прокурорт хүргүүлэв. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 870 хэрэг шалгагдаж байна.
Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 9 мэдэгдлийг хүргүүлэв.
Нийгэм
Яндангаа буулгаж, нарны эрчим хүч рүү шилжсэн айл өрхүүдийн нөхцөл байдалтай танилцлаа

Улаанбаатар хотын тулгамдсан асуудал агаарын бохирдлыг бууруулах чиглэлд нийслэлээс олон талт бодлого хэрэгжүүлэхээр зорьж байгаагийн нэг нь сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх. НИТХ-ын дарга А.Баяр, НИТХ-ын Төлөөлөгч Б.Мөнхбаатар, Э.Одонтуяа нар албаны бусад хүмүүсийн хамт Сонгинохайрхан дүүргийн XXXI хорооны Дунд наран дахь ….тоотод оршин суух өндөр настан У.Самбуу гуайнд зочилж нарны панель-батарейгаар өрхийн эрчим хүчний хэрэглээгээ хангаж буй сайн жишигтэй танилцлаа.
У.Самбуу гуайнх өнгөрсөн нэгдүгээр сард нарны эрчим хүчийг хэрэглээндээ нэвтрүүлж, яндангаа буулгажээ. Сонгинохайрхан дүүрэгт У.Самбуу гуайнх шиг 80 гаруй айл бий гэнэ. Тэрбээр “Сэргээгдэх эрчим хүчээр халаалтаа шийдсэнээр нийслэлийн тулгамдсан асуудал болоод байгаа агаарын чанарыг сайжруулахад хувь нэмрээ оруулж байна. Гэр хэт халж, хэт хөрдөг тохиолдол гарахгүй, үнс тоос, түлээ нүүрстэй зууралдахгүй, эдийн засгийн хувьд хэмнэлттэй зэрэг давуу тал бий болсон. Нүүрс түлж байхдаа 3-5 тонн нүүрс хэрэглэдэг байсан бол одоо цахилгаандаа 300-100 мянган төгрөг л төлж байна” гэв.
НИТХ-ын дарга А.Баяр “Улаанбаатар хотод нүүрс түлж байгаа 200 мянган айл өрх бий. Эдгээр өрхөөс гарч байгаа утаа агаарын бохирдлын 60 хувийг бий болгож байна. Үлдсэн 10 хувийг автомашин, бусад уурын зуухаас гарч байгаа утаа эзэлж байгаа судалгаа гарсан. Утааг бууруулж, агаарын чанарыг сайжруулахын тулд орон сууцны төсөл болон газны хэрэглээг эрчимжүүлье гэдгийг нийслэл хотын удирдлагын багийнхан ярилцаж байна. “Юрико” компанийн инженер залуус өөрсдөө санаачлан, санхүүжилтээ босгоод айл өрхийн нүүрсний хэрэглээг хэрхэн ногоон болгох вэ гэж сүүлийн гурван жил ажиллаж, эхний 80 айлыг нарны эрчим хүчний эх үүсвэрт амжилттай шилжүүлсэнд талархал илэрхийлье. Ирэх өвөл гэхэд тодорхой тооны айлыг нарны эрчим хүч рүү шилжүүлэх боломжийг эрэлхийлж байна” гэв.
Уулзалтын үеэр Азийн Хөгжлийн Банкны Монгол дахь Суурин төлөөлөгчийн газрын уур амьсгалын өөрчлөлтийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Ц.Энх-Амгалан
“Агаарын бохирдлыг бууруулахад сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэвтрүүлэх боломж байна. Азийн хөгжлийн сан дотор агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн шинэлэг технологийг нэвтрүүлэхэд тусламж үзүүлэх боломжтой сан бий. Энэ төслийг дахиад 400 айлд нэвтрүүлэх боломжтой эсэх дээр НИТХ-ын дарга А.Баяртай санал солилцож байна. Айлуудын орлого, нарны тусгал, технологийн шийдэл зэргийг олон талаас нь харна. Айл өрхөд санхүүгийн хувьд дарамт болохгүй байх гарцыг судална. Ногоон эрчим хүчийг нэвтрүүлснээр ногоон санхүүжилт авдаг санхүүгийн боломжийг хайна. Монгол Улс сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг 30 хувьд хүргэнэ гэсэн зорилт тавьсан. Энэ зорилтын хүрээнд аймгийн төвүүдэд ч энэ технологийг нэвтрүүлэх бүрэн боломжтой” гэдгийг онцоллоо.
Сонгинохайрхан дүүргийн XXXI хорооны 80 айлыг нарны эрчим хүчинд шилжүүлж, яндангаас нь салгасан “Coal to Solar” төслийн захирал Г.Төвшин “Бид 80 орчим айлыг сэргээгдэх эрчим хүч рүү шилжүүлээд байна. Ихэнх нь Улаанбаатарын айл. Цөөн хэд нь Эрдэнэтийн айл байна. Гурав дахь өвөлдөө нүүрс түлэхгүй амьдарч байгаа өрхүүд байгаа юм. Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах агаарын чанарыг сайжруулахын тулд илүү олон айлыг хороо, дүүргээр нь сэргээгдэх эрчим хүчний хэрэглээнд шилжүүлэх ёстой” гэлээ.
Нийгэм
Цэрэгт татагдсан залуус жолооны сургалтад хамрагдаж, үнэмлэхээ гардлаа

Монгол Улсын Засгийн газрын хөтөлбөр “Батлан хамгаалах сэргэлт” бодлогын дагуу Зэвсэгт хүчний 123 дугаар анги нь хугацаат цэргийн алба хаагчдадаа англи хэл, монгол бичгийн сургалтыг амжилттай явуулсан бол энэ удаа Ховд аймгийн “Олны буян” авто сургуультай хамтран жолооны дамжаанд түрүүч, байлдагч нараа хамрууллаа.
Хугацаат цэргийн алба хаагчдаас гадна цэргийн алба хаагчдаа жолооны дамжаанд хамруулсан бөгөөд 06 дугаар сарын 13-ны өдөр жолооны үнэмлэхээ гардан авсан юм. “Олны буян” авто сургуулийн захирал Б.Бямбаа “Цэргийн алба хаагчдын суралцах хүсэл тэмүүлэл дүүрэн байлаа. Хугацаат цэргийн албаа хаангаа жолоонд суралцаж, халагдаж очоод хүссэн авто машинаа унаад явах боломж тохиож байгаад суралцагч дүү нарынхаа өмнөөс баяртай байна” хэмээгээд амжилттай суралцсан түрүүч, байлдагч нарт ангилал ахиулан үнэ төлбөргүй суралцах эрхийн бичгээр шагнасан юм.
Жолооны үнэмлэхээ гардан авсан шинэхэн жолооч түрүүч, байлдагч нар баярт энэ өдрөөр цугласан олонд урлагийн тоглолтоор бэлэг барилаа гэж Монгол Улсын Батлан хамгаалах яамнаас мэдээллээ.
-
Энтертайнмент9 цаг өмнө
Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо
-
Эдийн засаг12 цаг өмнө
Нийт 16.9 тэрбум төгрөгийн үнэ бүхий хөдөө, аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг биржээр арилжлаа
-
Нийгэм12 цаг өмнө
Ж.Хунан: Хууль хоорондын зөрчилдөөнд хүүхэд хохирох ёсгүй
-
Нийгэм10 цаг өмнө
Яндангаа буулгаж, нарны эрчим хүч рүү шилжсэн айл өрхүүдийн нөхцөл байдалтай танилцлаа
-
Нийгэм9 цаг өмнө
АТГ: Эрүүгийн 894 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав
-
Нийгэм12 цаг өмнө
Саналын хуудас, санал тоолох төхөөрөмж хүлээлгэж өглөө
-
Нийгэм10 цаг өмнө
Элсэлтийн шалгалт зургаадугаар сарын 18-нд эхэлнэ
-
Нийгэм12 цаг өмнө
“Хүрээ цам-Даншиг наадам 2025″ энэ сарын 28, 29-нд болно