Нийгэм
Боловсролын салбар ирэх жил цахим системд бүрэн шилжинэ

БСШУСЯ дээр өнөөдөр боловсролын салбарын мэдээллийн системийн талаар мэдээлэл хийлээ. “Боловсролын салбарын мэдээллийн систем” төслийг 2014 оноос Азийн хөгжлийн банк болон БСШУСЯ-ы санхүүжилтээр хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд энэ хүрээнд эцэг эх, сургууль, цэцэрлэг, багшийн хамтын ажиллагааг дэмжих зорилгоор эцэг эх, багшийн дэд системүүдийг 2017 оны 10 дугаар сараас эхлэн хөгжүүлж, 2018-2019 оны хичээлийн жилд нэвтрүүлэхэд бэлэн болоод байгааг БСШУС-ын сайд онцоллоо.
БСШУСЯ-ны мэдээллийн систем нь суурь бүртгэл, статистик тайлан мэдээ солилцох үүрэгтэй байсан бол энэ хичээлийн жилээс ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, багш сурагч, эцэг эх рүү чиглэсэн систем болон өргөжиж байна. Энэхүү системийг ашиглаж эхэлснээр багшийн хөдөлмөрийг хөнгөвчилж, цаастай зууралддаг хуучин арга барилыг халах юм. Мөн багш бүр БСШУС-ын сайдад санал хүсэлтээ шууд хүргэх бололцоотой болж байна. Эцэг эхчүүдийн хувьд интернэт ашиглан хүүхдийнхээ сурлага, ирц гэх мэт хүүхэдтэйгээ холбоотой бүх мэдээллийг цаг тухайд нь хүлээн авдаг болсноор хүүхдийн хүмүүжил, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаанд эцэг эхчүүдийн оролцоо илүү бодитой болж нэмэгдэнэ. Хэрэглэгчид Google Play Store-оос ESIS аппликейшнийг татаж суулгаснаар эцэг эхчүүд энэхүү үйлчилгээг хүлээн авах боломжтой болно.
Түүнчлэн энэхүү цахим систем нэвтэрснээр боловсролын салбарын байгууллагуудын хувьд мэдээллийн сан дээр тулгуурлан дүн шинжилгээ хийх, бодлого боловсруулах, зөв төлөвлөлт хийх боломжоор хангагдаж байна. “Боловсролын салбарын мэдээллийн систем” төслийн хүрээнд өнгөрсөн дөрвөн жил Монгол Улсын боловсролын салбарын удирдлага, төлөвлөлт, менежментийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, боловсролын салбар дахь мэдээллийн урсгалыг хянах, зохицуулах үүрэгтэй нэгдсэн мэдээллийн санг бүрдүүлэх, түүнийг удирдах системийг боловсруулах ажлуудыг шат дараатай хийж гүйцэтгэсэн.

Тухайлбал, боловсролын салбарын мэдээллийн системийн нэгдсэн платформыг байгуулах, системийг боловсролын бүх шатны байгууллагад нэвтрүүлэх, тэдгээрийг үнэн бодит мэдээллээр хангаж, судалгаа шинжилгээ хийх бололцоо олгох, системд байнгын шинэчлэлт, сайжруулалт хийж тогтвортой ажиллагааг хангах зэрэг ажлуудыг хийж байна.


БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа: Тоон мэдээлэлд тулгуурласан бодлого, төлөвлөлт хийдэг болно
Хэвлэлийн хурлын үеэр БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа “Дэлхийн улс орнууд боловсролын салбараа цахим системд шилжүүлээд эхэлчихлээ. Дижитал боловсрол ирэх өдрүүдэд давамгайлах болно. Ийм цаг үед салбар маань цахим системд шилжиж байгаа талаар мэдээлэл хийж буйдаа баяртай байна. Энэ систем бүрэн утгаараа ажиллаж эхэлсэнээр салбарын олон асуудал цэгцэрнэ. Бид тоон мэдээлэл, статистикт тулгуурлан системийн дүн шинжилгээг хийж үүн дээрээ тулгуурласан бодлого, төлөвлөлт хийдэг болно.

Энэ маань юу гэсэн үг вэ гэвэл алс Баян-Өлгий аймагт хэдэн сургууль, хэдэн суралцагч, хэдэн багш байна, ямар багш дутагдалтай эсвэл илүүдэлтэй байгаа талаарх мэдээллийг авч үүн дээрээ тулгуурласан бодлого, төлөвлөлт хийдэг болно. Багш нарын тухайд цахим журналтай болно мөн санал хүсэлтээ шууд сайддаа уламжилж болно. Ийм горим хүртэл бий. Цаашилбал, хүүхдийнхээ ирц, дүнгийн мэдээлэл зэргийг эцэг эхчүүд тухай бүрд нь авдаг болсноор хүүхдийн хүмүүжилд эцэг эхчүүдийн оролцоо бодитой болно. Мөн түүнчлэн үргэлж шүүмжлэл дагуулдаг гадаад тэтгэлгийг мэдээлэл гэхэд энэ системд тухай бүрдээ тавигдсанаар зөвхөн мэдээлэлд ойр байдаг цөөхөн хүмүүс гадагшаа тэтгэлгээр явах биш жирийн оюутан сурагчид маань энэ хөтөлбөрт хамрагдах боломж нээгдэх гэх мэтээр маш олон талын ач холбогдолтой юм” хэмээн онцоллоо.

Өнөөгийн байдлаар төслийн баг Агуулгын удирдлагын дэд систем, Боловсролын удирдлагын дэд систем, Статистикийн удирдлагын дэд систем, Хүний нөөцийн удирдлагын дэд систем, Санхүүгийн удирдлагын дэд систем, Цахим контентийн системүүдийг хөгжүүлж, нэвтрүүлээд байна.

Хүүхдийн хүмүүжилд эцэг эхийн оролцоо бодитой болно
Төсөл хэрэгжснээр эцэг эх болон багш нарын хоорондын эргэх холбоо сайжрах, цахим сурах бичиг, сургалтын материал, хэрэгцээт и-контентууд, гэрийн даалгавар түгээх, цахим ирцийн бүртгэл, явцын үнэлгээ, улирлын дүнгийн бүртгэл хийдэг болсноор цаасан журналыг халах зэрэг олон давуу тал бий болно.

Түүнчлэн БСШУСЯ, нийслэл, аймаг, дүүргийн Боловсрол соёлын газрууд, боловсролын салбарын бусад байгууллагуудын хувьд улсын хэмжээнд боловсролын үйл ажиллагааны талаархи нэгдсэн статистик, тоо баримт, мэдээллийн цахим сантай болох бөгөөд цахим мэдээллийн сангийн өгөгдөлд статистик болон аналитик боловсруулалт, шинжилгээ хийх, тэдгээрийн үр дүнд суурилсан бодлого хөтөлбөр боловсруулах, шийдвэр гаргах боломжтой болно. Сургууль, цэцэрлэг нэг бүрийн үйл ажиллагаа /хичээл завсардалт, анги дүүргэлт, шилжилт хөдөлгөөн, мэдээ тайлан, нэгдсэн шалгалтын дүн зэрэг/-нд хяналт тавих, холбогдох арга хэмжээг шуурхай авах, шийдвэр гаргах боломжтой болж байгаа юм.

Цахим системд шилжиж байгаатай холбоотойгоор БСШУСЯ-наас нийт аймаг, дүүрэг, сургуулиудад бүсчилсэн сургалт явуулахаар төлөвлөж байна. Цаашид тус яамнаас ESIS системийг цахим сангийн холбогдох өгөгдөлд ахисан түвшний статистик боловсруулалт хийх, тусгайлан загварчилсан машин оюуны алгоритмуудыг хэрэглэх замаар тухайн хэрэглэгчийн төлөв байдал, хүсэл зорилгод тулгуурлан төрөл бүрийн санал, зөвлөмж гаргаж өгдөг ухаалаг систем болгох ажлуудыг хийнэ.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам

Нийгэм
АТГ: Эрүүгийн 894 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны 6 дугаар сарын 9-15-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 112 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 15 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 12 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 84 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 894 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 13 хэргийг шүүхэд шилжүүлэх, 11 хэргийг хаах саналтай прокурорт хүргүүлэв. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 870 хэрэг шалгагдаж байна.
Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 9 мэдэгдлийг хүргүүлэв.
Нийгэм
Яндангаа буулгаж, нарны эрчим хүч рүү шилжсэн айл өрхүүдийн нөхцөл байдалтай танилцлаа

Улаанбаатар хотын тулгамдсан асуудал агаарын бохирдлыг бууруулах чиглэлд нийслэлээс олон талт бодлого хэрэгжүүлэхээр зорьж байгаагийн нэг нь сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх. НИТХ-ын дарга А.Баяр, НИТХ-ын Төлөөлөгч Б.Мөнхбаатар, Э.Одонтуяа нар албаны бусад хүмүүсийн хамт Сонгинохайрхан дүүргийн XXXI хорооны Дунд наран дахь ….тоотод оршин суух өндөр настан У.Самбуу гуайнд зочилж нарны панель-батарейгаар өрхийн эрчим хүчний хэрэглээгээ хангаж буй сайн жишигтэй танилцлаа.
У.Самбуу гуайнх өнгөрсөн нэгдүгээр сард нарны эрчим хүчийг хэрэглээндээ нэвтрүүлж, яндангаа буулгажээ. Сонгинохайрхан дүүрэгт У.Самбуу гуайнх шиг 80 гаруй айл бий гэнэ. Тэрбээр “Сэргээгдэх эрчим хүчээр халаалтаа шийдсэнээр нийслэлийн тулгамдсан асуудал болоод байгаа агаарын чанарыг сайжруулахад хувь нэмрээ оруулж байна. Гэр хэт халж, хэт хөрдөг тохиолдол гарахгүй, үнс тоос, түлээ нүүрстэй зууралдахгүй, эдийн засгийн хувьд хэмнэлттэй зэрэг давуу тал бий болсон. Нүүрс түлж байхдаа 3-5 тонн нүүрс хэрэглэдэг байсан бол одоо цахилгаандаа 300-100 мянган төгрөг л төлж байна” гэв.
НИТХ-ын дарга А.Баяр “Улаанбаатар хотод нүүрс түлж байгаа 200 мянган айл өрх бий. Эдгээр өрхөөс гарч байгаа утаа агаарын бохирдлын 60 хувийг бий болгож байна. Үлдсэн 10 хувийг автомашин, бусад уурын зуухаас гарч байгаа утаа эзэлж байгаа судалгаа гарсан. Утааг бууруулж, агаарын чанарыг сайжруулахын тулд орон сууцны төсөл болон газны хэрэглээг эрчимжүүлье гэдгийг нийслэл хотын удирдлагын багийнхан ярилцаж байна. “Юрико” компанийн инженер залуус өөрсдөө санаачлан, санхүүжилтээ босгоод айл өрхийн нүүрсний хэрэглээг хэрхэн ногоон болгох вэ гэж сүүлийн гурван жил ажиллаж, эхний 80 айлыг нарны эрчим хүчний эх үүсвэрт амжилттай шилжүүлсэнд талархал илэрхийлье. Ирэх өвөл гэхэд тодорхой тооны айлыг нарны эрчим хүч рүү шилжүүлэх боломжийг эрэлхийлж байна” гэв.
Уулзалтын үеэр Азийн Хөгжлийн Банкны Монгол дахь Суурин төлөөлөгчийн газрын уур амьсгалын өөрчлөлтийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Ц.Энх-Амгалан
“Агаарын бохирдлыг бууруулахад сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэвтрүүлэх боломж байна. Азийн хөгжлийн сан дотор агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн шинэлэг технологийг нэвтрүүлэхэд тусламж үзүүлэх боломжтой сан бий. Энэ төслийг дахиад 400 айлд нэвтрүүлэх боломжтой эсэх дээр НИТХ-ын дарга А.Баяртай санал солилцож байна. Айлуудын орлого, нарны тусгал, технологийн шийдэл зэргийг олон талаас нь харна. Айл өрхөд санхүүгийн хувьд дарамт болохгүй байх гарцыг судална. Ногоон эрчим хүчийг нэвтрүүлснээр ногоон санхүүжилт авдаг санхүүгийн боломжийг хайна. Монгол Улс сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг 30 хувьд хүргэнэ гэсэн зорилт тавьсан. Энэ зорилтын хүрээнд аймгийн төвүүдэд ч энэ технологийг нэвтрүүлэх бүрэн боломжтой” гэдгийг онцоллоо.
Сонгинохайрхан дүүргийн XXXI хорооны 80 айлыг нарны эрчим хүчинд шилжүүлж, яндангаас нь салгасан “Coal to Solar” төслийн захирал Г.Төвшин “Бид 80 орчим айлыг сэргээгдэх эрчим хүч рүү шилжүүлээд байна. Ихэнх нь Улаанбаатарын айл. Цөөн хэд нь Эрдэнэтийн айл байна. Гурав дахь өвөлдөө нүүрс түлэхгүй амьдарч байгаа өрхүүд байгаа юм. Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах агаарын чанарыг сайжруулахын тулд илүү олон айлыг хороо, дүүргээр нь сэргээгдэх эрчим хүчний хэрэглээнд шилжүүлэх ёстой” гэлээ.
Нийгэм
Цэрэгт татагдсан залуус жолооны сургалтад хамрагдаж, үнэмлэхээ гардлаа

Монгол Улсын Засгийн газрын хөтөлбөр “Батлан хамгаалах сэргэлт” бодлогын дагуу Зэвсэгт хүчний 123 дугаар анги нь хугацаат цэргийн алба хаагчдадаа англи хэл, монгол бичгийн сургалтыг амжилттай явуулсан бол энэ удаа Ховд аймгийн “Олны буян” авто сургуультай хамтран жолооны дамжаанд түрүүч, байлдагч нараа хамрууллаа.
Хугацаат цэргийн алба хаагчдаас гадна цэргийн алба хаагчдаа жолооны дамжаанд хамруулсан бөгөөд 06 дугаар сарын 13-ны өдөр жолооны үнэмлэхээ гардан авсан юм. “Олны буян” авто сургуулийн захирал Б.Бямбаа “Цэргийн алба хаагчдын суралцах хүсэл тэмүүлэл дүүрэн байлаа. Хугацаат цэргийн албаа хаангаа жолоонд суралцаж, халагдаж очоод хүссэн авто машинаа унаад явах боломж тохиож байгаад суралцагч дүү нарынхаа өмнөөс баяртай байна” хэмээгээд амжилттай суралцсан түрүүч, байлдагч нарт ангилал ахиулан үнэ төлбөргүй суралцах эрхийн бичгээр шагнасан юм.
Жолооны үнэмлэхээ гардан авсан шинэхэн жолооч түрүүч, байлдагч нар баярт энэ өдрөөр цугласан олонд урлагийн тоглолтоор бэлэг барилаа гэж Монгол Улсын Батлан хамгаалах яамнаас мэдээллээ.
-
Энтертайнмент7 цаг өмнө
Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо
-
Эдийн засаг10 цаг өмнө
Нийт 16.9 тэрбум төгрөгийн үнэ бүхий хөдөө, аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг биржээр арилжлаа
-
Нийгэм10 цаг өмнө
Ж.Хунан: Хууль хоорондын зөрчилдөөнд хүүхэд хохирох ёсгүй
-
Нийгэм7 цаг өмнө
АТГ: Эрүүгийн 894 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав
-
Нийгэм11 цаг өмнө
Саналын хуудас, санал тоолох төхөөрөмж хүлээлгэж өглөө
-
Нийгэм8 цаг өмнө
Яндангаа буулгаж, нарны эрчим хүч рүү шилжсэн айл өрхүүдийн нөхцөл байдалтай танилцлаа
-
Нийгэм11 цаг өмнө
“Хүрээ цам-Даншиг наадам 2025″ энэ сарын 28, 29-нд болно
-
Нийгэм10 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурханы батлагдсан тохиолдол 7717 бүртгэгдэж, нас баралт 6 болжээ