Нийгэм
Энэ жилийн наадмын нээлтээс онцлох таван зүйл

Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын ёслол, төрийн хүндэтгэлийн концертын бэлтгэл үргэлжилж байна.
“Уран бүтээлчид, урлаг соёлын байгууллагууд өнгөрсөн жилийн ололт амжилтаа тайлагнаж, ард түмэндээ хамгийн сайн сайхнаа үзүүлэхийг зорин бүх чадлаараа ажилладаг үе яг одоо болж байна” хэмээн Наадмын нээлт, хаалт, төрийн хүндэтгэлийн концертын ерөнхий продюсер, МУСТА Б.Отгонбат хэллээ. Түүнтэй их ажлынх нь хажуугаар товч ярилцаж энэ жилийн наадмаас онцлох зүйлсийг тодруулсан юм.
Нэг. “Их Монголын цэнгэл наадам ирэх цагийн ерөөл”
Энэ удаагийн баяр наадмын нээлт, хаалтын тоглолтыг “ИХ МОНГОЛЫН ЦЭНГЭЛ НААДАМ ИРЭХ ЦАГИЙН ЕРӨӨЛ” нэрийн дор үндэсний эв эеийн дуулал, тусгаар тогтнолын бат илэрхийлэл, гэр бүлийн аз жаргал, төр улсын үндэс болсон газар шороо, эх хэл, өв соёл, түүхэн уламжлал дээр суурилсан өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагийн орчилд уялдуулан зохион байгуулж байгаа ажээ.
“Үйлдэл бүрийг утга төгөлдөр байлгахын төлөө ажиллаж байгаа. Бас нэг онцлох зүйл нь энэ жилийн тайз засалд тив дэлхийд жишиг болсон технологийг ашиглана” хэмээн Б.Отгонбат продюсер хэлж байв.
Хоёр. Нээлтийн тоглолт тэгш ойнуудад зориулсан хэсгүүдээс бүрдэнэ
Энэ жилийн хувьд Улаанбаатар хот байгуулагдсаны 380 жил, Богд хааны мэндэлсний 150 жил, Атар газрыг эзэмшсэний 60 жилийн тэгш ой тохиож байгаа юм. Түүх, нийгмийн чухал хүн, дэвшил дагуулсан дээрх түүхэн ой тус бүрт зориулсан хэсгүүдээс бүрдэх нээлтийн ёслолын ажиллагаа нэг цаг 30 минут үргэлжлэх юм байна.
Түүнчлэн Хүннү гүрэн, Их Монгол улс байгуулагдсан тухай болон Эзэн Чингис хааны тухай хэсгүүд нээлтийн тоглолтод багтаажээ.
Гурав. Чингис хааныг алтан титэмтэйгээр харуулна
Наадмын нээлт хаалтын тоглолтод оролцох 800 гаруй хүнд зориулан шинээр хувцас оёж байгаа. Хувцасны загвар гаргах ажил хоёр сарын өмнөөс эхэлж, сар гаруй өмнөөс санхүүжилт шийдэгдэн оёдлын ажил эхэлсэн ч олон хүний бүрэлдэхүүнтэй шахуу ажилласны үр дүнд үндсэндээ оёдол дуусаж, жижиг чимэглэлийн ажил үргэлжилж байгаа юм байна.
Энэ жилийн наадмын хувцасны загварыг гаргаж буй загвар зохион бүтээгч Д.Ариундэлгэр“Манай түүхэн кино, жүжиг дээр хувцсыг археологийн олдворын өнгөөр нь үзүүлээд байдаг. Хэдэн зуун жид дарагдсан, хорхой шавж идсэн өнгөөр нь харуулах нь түгээмэл. Гэтэл Хүннүгийн үед, XIII зуунд ч гэсэн хүчирхэг, эдийн дээдийг эдэлж байсан ард түмэн тийм гандсан хувцас өмсөж байгаагүй байх. Алтан утсаар нэхсэн торгоор хувцас урлаж өмсөж байсан язгууртан ард түмэн гэдгийг түүхэн эх сурвалжуудаас харж болно. Тухайн үеийн жирийн ардын өмсөж байсан дээлний ширээс оёдлын урыг одоо ч Европт дуурайж хийж чадахгүй байна. Тиймээс түүхэн таамаглал дэвшүүлсэн маягаар хувцасны загварыг гаргасан.
Чингис хааныг алтан титэмтэйгээр олон нийтэд харуулж байгаагүй. Түүхчид бол тийм дүрслэлийг мэддэг. Тиймээс анх удаа алтан титэмтэйгээр харуулахаар бэлдэж байна” хэмээн ярив.
Дөрөв. “Эвлэх, нэгдэх, цэгцтэй байх зарчмыг ард олондоо харуулахыг гол зорилгоо болгож байна”
Энэ жилийн хувьд соёл урлагийн салбарынхан, мэргэжлийн урлагийн байгууллагууд маш өргөн бүрэлдэхүүнтэйгээр наадмын арга хэмжээнд оролцож байгаа юм байна. Тодруулбал, ҮУИТ, УДЭТ, УДБЭТ, УФ, ЦДБЭЧ, ХЦДБЧ, Монголын Хүүхэлдэйн театр, Цэргийн анги, Улаанбаатар чуулга, Түмэн эх чуулга, СУИС, ХБК, МХО, Улсын цирк, Онцгой байдлын газар, Биеийн тамир спортын хороо, Монголын хүүхдийн ордон, БСШУСЯ-ны Боловсролын газар, Хүүхдийн төлөөх газар зэрэг байгууллагуудын 2,000 шахам уран бүтээлч, 600 цэргийн алба хаагч, арын албанд 300 орчим хүн ажиллаж байгаа ажээ.
“Соёл урлагийн салбарынхан эвлэх, нэгдэх, цэгцтэй байх зарчмыг ард олондоо харуулахыг гол зорилгоо болгон аливаа нэгэн хувийн үзэл бодол, уран бүтээлийн өнцөг, арга барилаас илүүтэй төрт ёсны арга хэмжээгээ хүндэтгэн гар нийлэн ажиллаж байгаа” хэмээн Б.Отгонбат продюсер ярилаа.
Тав. Наадмын нээлт, хаалтын арга хэмжээг 600-750 сая төгрөгт багтаан зохион байгуулдаг
Үндэсний их баяр наадмын Хүндэтгэлийн концертыг 150 сая, Төв цэнгэлдэх хүрээлэн дэх нээлт, хаалтын арга хэмжээг 600-750 сая төгрөгт багтаан зохион байгуулдаг.
“Энэ төсөв хэзээ ч, аль ч наадмаар зохион байгуулалтын зардалдаа хүрч байгаагүй. Тиймээс бидний зүгээс томоохон ААН, хувийн хэвшлийнхнээс дэмжлэг авч, наадмаа сайхан хийчих юмсан гэсэн уран бүтээлчдийнхээ хүсэл зорилгоор болгож, бүтээсээр ирсэн” хэмээн Б.Отгонбат продюсер хэлж байв.
Энэ жилийн хувьд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж байгаа бол “Эрдэнэс Тавантолгой”, “Дашваанжил”, “Эм Си Эс” компаниуд дэмжлэг үзүүлж байгаа ажээ.

Нийгэм
Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө 105 тэрбум төгрөгөөр өсөх боломж бүрдлээ

Нийгмийн даатгалын ерөнхий хууль, Засгийн газрын 2024 оны 254 дүгээр тогтоолоор баталсан “Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулах журам”-д нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг найдвартай, үр өгөөжтэй, хариуцлагатай, ил тод, хараат бус байх зарчим баримтлан дараах санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулж болно гэж заасан. Үүнд;
– Засгийн газрын үнэт цаас худалдан авах
– Монголбанкны үнэт цаасны арилжаанд оролцох
– Төрийн сангийн нэгдсэн дансанд байршуулах мөнгөн хадгаламж
– Банкны системд нөлөө бүхий арилжааны банканд мөнгөн хадгаламж хэлбэрээр байршуулахаар зохицуулсан.
Энэ хуулийн хүрээнд Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2025 оны 07 дугаар тогтоолоор Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлээс банкны системд нөлөө бүхий арилжааны банканд 2025 онд хадгаламж хэлбэрээр байршуулах мөнгөн хөрөнгийн дээд хэмжээг 700.0 тэрбум төгрөгөөр, 08 дугаар тогтоолоор банкны системд нөлөө бүхий арилжааны банканд байршуулах мөнгөн хадгаламжийн 2025 оны хүүгийн доод хэмжээг жилийн 14.2 хувиар шинэчлэн баталсан.
Эдгээр эрх зүйн зохицуулалтын дагуу банкны системд нөлөө бүхий арилжааны банкуудад саналыг хүргүүлж, тухайн банкнаас ирсэн санал бүрийг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дэргэдэх Мэргэжлийн хороо, Олон нийтийн хяналтын зөвлөлд хүргүүлсэн. Тус газраас гаргасан шийдвэр дүгнэлтэд үндэслэн НДҮЗ-ийн баталсан хүүгийн доод хэмжээнээс багагүй санал ирүүлсэн Төрийн банк, Голомт банк, Хаан банк, Худалдаа хөгжлийн банканд нэг жилийн хугацаатай, жилийн 15 хувийн хүүтэйгээр мөнгөн хадгаламж хэлбэрээр байршуулахаар шийдвэрлэлээ.
Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэл 700 тэрбум төгрөгийг нэг жилийн хугацаанд 15 хувийн хүүтэйгээр мөнгөн хадгаламж хэлбэрээр банкуудад байршуулснаар Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг 105.0 тэрбум төгрөгөөр өсгөн нэмэгдүүлэх боломж бүрдэж байгаа юм.
Нэмэлт мэдээлэл хүргэхэд Нийгмийн даатгалын байгууллага өнгөрсөн онд сангийн чөлөөт үлдэгдлийг санхүүгийн найдвартай хэрэгсэлд оруулах, өсгөн нэмэгдүүлэх зорилтын хүрээнд 300.0 тэрбум төгрөгөөр Засгийн газрын дотоод үнэт цаас авч, сангийн хөрөнгийг 55.0 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлсэн.
Нийгэм
Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч нар ходоодны хорт хавдрын мэс заслыг бие даан амжилттай гүйцэтгэжээ

Нийгэм
ХСҮТ-ийн Ерөнхий захирлаар М.Адилсайханыг томиллоо

I. Боловсрол
1. 2000 он Бүрэн дунд боловсрол, ЕБС 52-р сургууль
2. 2007он Хүний их эмч, ОХУ-ын Эрхүүгийн УАУИС
3. 2010 Мэс заслын эмч, ЭМШУҮИС, Мэргэжил дээшлүүлэх институт
4. 2014 он Анагаах ухааны доктор, Япон улс, Айчигийн АУИС
5. 2015 Элэг цөс нойр булчирхайн хавдрын мэс засалч, ХСҮТ, ЭМХҮТ
II. Ажлын туршлага
1. 2007он Их эмч “Амгалан Өрх” ӨЭМТ
2. 2007-2009 он дадлагажигч багш, Физиологийн тэнхим, Био-АС, ЭМШУИС
3. 2010-2014 Мэс заслын эмч, гадаад судлаач Хоол боловсруулах мэс заслын тэнхим Айчи Анагаах ухааны их сургууль
4. 2014-2021он дадлагажигч багш, багш, ахлах багш, тэнхмийн эрхлэгч, Хавдар судлалын тэнхим, АУС, АШУҮИС
5. 2014-2021 Элэг цөс нойр булчирхайн мэс заслын тасаг, гэрээт эмч, Хавдар судлалын үндэсний төв
6. 2021-2025 АШУҮИС-ийн Монгол Японы эмнэлгийн захирал
III. Сонгуульт ажил
1. 2016-2025 Эрдмийн зөвлөлийн гишүүн, АУС, АШУҮИС
2. 2016-2021 Хавдар судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга, ЭМЯ
3. 2017-2022 Судалгааны ёс зүйн хяналтын хорооны гишүүн, АШУҮИС