Нийгэм
Г.Ганболд: Улс төрийн зорилгоор худал мэдээлэл түгээж байна

“УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа өөрийн хамаарал бүхий хоёр компаниар дамжуулан ЖДҮС-гаас нийт 1.65 тэрбум төгрөгийн зээл авсан бөгөөд үүнийг Г.Ганболдын эзэмшдэг “Дархан Эрдэнэ Мах комбинат” ХХК-д 900 сая төгрөг авч өгсөн” хэмээн зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон цахим орчинд цацагдсан. Энэ талаар “Эрдэнэс Монгол” ХХК-ийн дэд захирал Г.Ганболдос тайлбар тодруулга авлаа.
-ЖДҮС-гаас “Дархан Эрдэнэ Мах комбинат” ХХК 900 сая төгрөгийн зээл авсан гэх мэдээлэл цацагдаад байна. Энэ хэр бодит мэдээлэл вэ?
-Энэ мэдээлэл ор үндэслэлгүй, худал ташаа гүтгэлэг. Миний зүгээс Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс тус компанийн талаарх мэдээлэл ирүүлэхийг хүссэн. Хүсэлтийн дагуу өчигдөр хариу ирсэн бөгөөд “Дархан Эрдэнэ Мах комбинат” ХХК надтай огт хамааралгүй болохыг баталсан албан бичиг өгсөн. Энэ компанийн үүсгэн байгуулагч, удирдлагаар Ийчээгийн Ганболд гэдэг надтай нэр нэгтэй хүн бүртгэлтэй байна. Овог өөр, ижил нэртэй хүн энэ компанийг эзэмшиж байгаа гэсэн үг л дээ. Тэгэхээр миний бие тус компаниар ЖДҮХС-гаас ямар ч зээл аваагүй болохыг баталж буй юм.
–Тэгэхээр огт ор үндэслэлгүй, худал ташаа мэдээллийг зарим сайт, цахимаар цацсан гэж ойлгох болох уу?
–Тийм ээ, олон нийтийн цахим сүлжээг ашиглан зориуд худал ташаа мэдээллийг улс төрийн зорилгоор түгээж байна. Тэр дундаа уншигчдын хувьд тэнцвэртэй, үнэн бодит мэдээлэл түгээдэг хэмээн хүндлэл хүлээсэн news.mn, medee.mn зэрэг сайтаар ийм мэдээлэл цацагдсанд харамсаж байна. Гэхдээ үнэн бодит мэдээллийг олон нийтэд түгээж, залруулах байх гэдэгт итгэлтэй байна. Миний бие Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлстээс ирсэн албан бичгийг дээрх хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд хүргүүлж, залруулга гаргахыг хүснэ.

Нийгэм
Хилийн боомтоор нүүрс тээвэрлэж байгаа ААН-үүдийг шалгана

Зам, тээврийн яамнаас төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийхээр болжээ. Тодруулбал, Зам, тээврийн сайдын 2025 оны нэгдүгээр сарын 09-ний өдрийн А/03 дугаартай тушаалаар баталсан “Улс хоорондын ачаа тээврийн “С” төрлийн зорчих зөвшөөрлийн бичиг олгох, ашиглах, хяналт тавих үйл ажиллагаанд баримтлах удирдамж”-ийн дагуу хилийн боомт тус бүрээр улс хоорондын нүүрс тээврийн үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх аж.
Мөн нийт тээврийн хэрэгсэлд нэгдсэн тооллого зохион байгуулан тээврийн хэрэгслийн техникийн ерөнхий шаардлага хангаж байгаа болон тухайн ангиллын тээврийн хэрэгслийн мэргэшсэн жолоочтой эсэхэд дүгнэлт гаргаж, шаардлагатай арга хэмжээг авах юм.
Төлөвлөгөөт бус хяналт шалгалтад долоон аймгийн есөн боомтоор улс хоорондын нүүрс тээврийн үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгжүүд хамрагдана.
Хяналт шалгалтыг 2025 оны дөрөвдүгээр сарын 14-нөөс 25-ны өдрийг дуустал хийж гүйцэтгэх бөгөөд шаардлагатай тохиолдолд хугацааг уртасгах юм байна.
Нийгэм
УЕПГ: Гуравдугаар сард мөрийтэй тоглоом тоглох зөрчил буурчээ

Улсын хэмжээнд 2025 оны гуравдугаар сард нийт 212.374 зөрчил бүртгэгдсэн нь хоёрдугаар сартай харьцуулахад 26.7 хувиар буурчээ.
Нийт зөрчлийн 73.3 хувь нь Нийслэлд, 26.7 хувь нь орон нутагт бүртгэгдэж, 97.7 хувийг нь Цагдаагийн байгууллага, 2.3 хувийг нь Гааль, Татвар, Гадаадын иргэн, харьяатын газар зэрэг бусад байгууллага шалган шийдвэрлэсэн байна.
Дээрх хугацаанд 205.939 хүн, 783 хуулийн этгээдэд Зөрчлийн тухай хуульд зааснаар шийтгэл оногдуулсан байна. Нийт зөрчлийн хэргийн 96.2 хувийг газар дээр нь хялбаршуулсан журмаар шийдвэрлэжээ.
Өнгөрсөн гуравдугаар сард гарсан зөрчлийг хоёрдугаар сартай харьцуулахад Мөрийтэй тоглоом тоглох зөрчил 83.3 хувиар, Татварын хууль зөрчих зөрчил 67.8 хувиар, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил 28.5 хувиар, Хулгайлах зөрчил 26.7 хувиар, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчих зөрчил 21.2 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна.
Харин Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчих зөрчил 66.7 хувиар, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих зөрчил 17.1 хувиар, Хүүхдийн эрхийг зөрчих зөрчил 14.4 хувиар өссөн байна.
Нийгэм
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 479 болжээ

