Нийгэм
Монголын барималч А.Очирболд “НордАрт -2019” дээд шагналын эзнээр тодров
ХБНГУ-ын Бюделсдорф хотноо НордАрт-Олон улсын дүрслэх урлагийн үзэсгэлэн жил бүр уламжлал болон зохиогддог.
Монгол Улс ХБНГУ-тай дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой, НордАрт Монгол Улсын хамтын ажиллагааны 5 жилийн ойн хүрээнд Монгол Улсын гурав дахь удаагийн бие даасан павильон болох “Хөрстөд оршихуй: Хүршгүйтэй учрахуй“ сэдвээр НордАрт 2019-т тусгай төслийн хүрээнд манай 23 уран бүтээлчид 53 бүтээлээрээ Монгол Улсаа төлөөлөн аравдугаар сарын 13-ны өдрийг хүртэл оролцож буй билээ.
Энэ оны есдүгээр сарын 21-ний өдөр НордАрт-Олон улсын дүрслэх урлагийн үзэсгэлэнгийн “Гэрлийн урт шөнө” арга хэмжээний хүрээнд НордАрт2019 шагнал (NordArt Prize 2019) болон Үзэгчдийн нэрэмжит шагналын (NordArt Public Choice Award) эздийг тодруулах ёслолын арга хэмжээ зохион байгуулагдлаа.
Энэхүү ажлын хүрээнд дэлхийн 100 гаруй орны 3000 гаруй уран бүтээлчдээс шалгарсан 371 уран бүтээлчдээс манай уран бүтээлч, барималч Аюурзанын Очирболд “Дэгрээ” нэртэй 21x17x3,2 метр хэмжээтэй томоохон төмөр баримлын инстоляц бүтээлээрээ тус үзэсгэлэнгийн дээд шагнал болох “НордАрт 2019 шагнал”-ын эзнээр тодорлоо.
“NordArt Prize 2019” дээд шагналыг НордАрт 2020 үзэсгэлэнд урилгаар оролцох эрх, 10,000 еврогийн мөнгөн шагнал дагалддаг байна. Албан ёсны гэрчилгээ гардуулах ёслол НордАрт 2020-ын нээлтийн ажиллагааны үеэр 2020 оны зургадугаар сарын 5,6–ны өдрүүдэд болох юм байна.
Уран барималч А.Очирболд нь 2015-2019 оны хооронд тасралтгүй таван жил уг нэр хүндтэй олон улсын үзэсгэлэнд шалгаран оролцож байжээ. Мөн 2015 онд НордАрт симпозиумын хүрээнд бүтээсэн “Дэлхийд хүн жин нэмээгүй” бүтээл нь үзэгчдийн таашаалд ихэд хүрсэн байна. Тэрээр “НордАрт 2015 үзэгчдийн нэрэмжит шагнал”-ыг хүртэж Европ дахь уран бүтээлийн гараагаа амжилттай эхэлсэн түүхтэй.
Монгол Улсын Соёлын Элч, соёл урлагийн менежер, куратор О.Оюунтуяа болон урлагийн түүхч, куратор Ж.Бодьбаатар нар НордАртын ерөнхий кураторуудтай нэг баг болон тав дахь жилдээ хамтран ажиллаж байгаа аж. Түүнчлэн тэдний дэглэсэн энэ жилийн гурав дахь удаагийн Монголын бие даасан павильон хэдийнэ олон улсын урлаг сонирхогчид, шүүмжлэгч нарын анхааралд өртөөд байгаа юм.
Энэ оны есдүгээр сарын 12-оос аравдугаар сарын 30-ны өдөр хүртэл MN17 Арт галерейд НордАртад 2015-2019 онуудад оролцсон Монгол уран бүтээлчдийн нэгдсэн тайлан үзэсгэлэн “Хөрстөд оршихуй: Хүршгүйтэй учрахуй“ нэртэйгээр олон нийтэд хүрч байгаа юм.
Нийгэм
О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн санаачилгаар ДХИС-ийн хэрэгжүүлж буй “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг Монгол Улсын Их Сургуулийн оюутнуудад танилцууллаа.
Тухайн хөтөлбөр нь бусад мэргэжлээр их, дээд сургууль төгссөн залуусыг богино хугацааны сургалтад хамруулж, цагдаагийн байгууллагад ажиллах мэдлэг, ур чадвар олгох зорилготой бөгөөд төгсөгчид 100 хувь ажлын байраар хангагдах боломжтой.
2019-2024 онд нийт 154 сонсогч төрд тангараг өргөж, цагдаагийн байгууллагын офицер бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэж байна.
Мэргэшүүлэх хөтөлбөрт хамрагдах сонирхолтой иргэдэд эрүүл мэнд болон боловсролын хоёр шалгуур тавих бөгөөд тус хөтөлбөрт хамрагдсанаар:
• Мэргэжлийн тусгай мэдлэг бүхий мэргэжил эзэмшинэ.
• Сонсогчоор суралцсан хугацааг төрийн албанд ажилласанд тооцно.
• Сургалтын болон дүрэмт хувцсаар хангана.
• Сурч байх хугацаанд цолны цалин, нийгмийн даатгал төлөгдөнө.
• Цэргийн алба хаасанд тооцох гэх мэт олон давуу тал бий.
Цаашид “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг бүх их, дээд сургуулийн оюутнуудад танилцуулах өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл оюутнуудад хандан “Цагдаагийн байгууллагад ажиллах сонирхолтой ч өөр мэргэжил сонгосон, давхар мэргэжил эзэмших хүсэлтэй залууст шинэ боломж бий болголоо. Залуусыг төр, ард түмний төлөө офицер бүрэлдэхүүнд хүчин зүтгэхийг уриалж байна” гэсэн юм гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ
ОБЕГ-ын даргын 2024 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн А/379 дүгээр тушаалаар “Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ.
Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгийн голомтод эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, эмнэлгийн болон хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий мэргэжлийн ангийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэхүү дүрмээр зохицуулах юм.
Мөн мэргэжлийн ангийн үүрэг, бүтэц зохион байгуулалт, сургалт, бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах зорилготой. Энэхүү дүрэм нь гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх гамшгаас хамгаалах алба, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн дэргэд байгуулсан Мэргэжлийн ангийн үйл ажиллагаанд хамаарна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Нийгэм
Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө
Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун урд зүгт 42 км зайд өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 20-нд 21:50 цагт газар хөдөллөө. Газар хөдлөлтийн хүч нь 3.2 магнитуд хүчтэй байсан гэж Хөвсгөл Онцгой байдлын газраас мэдээллээ.
Дашрамд дурдахад өнгөрсөн онд 77 мянган газар хөдлөлт бүртгэгдсэн бөгөөд 1000 орчим газар хөдлөлт нь Улаанбаатар хотын ойролцоо бүртгэгджээ. Мөн хүнд мэдрэгдэх газар хөдлөлт нь нийт долоон удаа бүртгэгдэж байжээ.