“Тор аваарай, авах уу. За 500 төгрөг хямдруулаад ав. Нэг авчихсан байхад угаагаад хэрэглэж болно. Эдэлгээ сайтай” гэж хэлэн том, жижиг хэмжээтэй өнгө алагласан даавуун торыг ээж хүү хоёрт үзүүлж, 3500 төгрөгөөр худалдаж буй дүр зураг нүдний өмнө зурайна. Тэсгим өвлийн хүйтэн, зуны аагим халуун, хавар, намрын хавсарга салхинд шөнөжин сууж оёсон даавуун тороо борлуулж яваа түүнийг З.Алтай гэдэг. Гараараа дүүрэн тор барьчихсан мөртлөө мөрөндөө нэлээд хэдийг үүрсэн тэрбээр түм түжигнэж, бум бужигнасан Нарантуул захад бичил бизнес эрхэлдэг эгэл жирийн олон эмэгтэйн төлөөлөл. Залуудаа манайд томоохонд тооцогдох үйлдвэрт ажиллаж байгаад хүнд өвчний улмаас орон тооны цохомтголоор гарчээ.
Хүний амьдралд өвчин зовлон хэлж биш хийсч ирдэг. Өвддөг ч түүнд залхуурч суух эрх үгүй. Хэдэн хүүхдийнхээ ирээдүйн сайн сайхны төлөө хэдэн төгрөг хуримтлуулж, хоол хүнснийхээ хэрэглээг хангаж, ханийхаа ачаанаас үүрэлцэх үүрэг эх хүний хувиар түүнд бий. Сурсан юмыг сураар боож болдоггүй гэдэг. Үйлэнд гарын дүйтэй тэрбээр энэ чиглэлээр ажиллаж байсан ч өдгөө тор оёж, зарахаас өөр сонголт байгаагүй гэдгээ онцолсон юм. “Ноолуурын үйлдвэрт ажилладаг байсан. Бие өвдөөд ажлаасаа гарсан. Одоогоос нэлээд хэдэн жилийн өмнө цагаан сарынхаа бэлтгэлийг базаах гээд захаас чихэр, жимс, хүүхдийн гар цайлгах бэлэг авсан.
Микроноос буусан чинь гялгар уутны ёроол задраад бүгд асгарчихаж билээ. Тэр үед гялгар уутанд юм хийлтгүй юм байна гэж бодсон. Манайд Солонгосын эвхдэг том цүнх байдаг. Материал худалдаж аваад тэр цүнхээ дуурайлгаад том, жижиггүй оёж эхэлсэн” гэв. Түүний даавуун тор хийх эхлэлээ ийн тавьжээ. Тухайн үед оёсон тороо хэрхэн зарах учраа олохгүй тээнгэлзэж явсан үе бий. Амралтын хоёр өдөр хэдэн тор, хүүхдийн баривч, өмдөө барьж гараад захаар нааш цааш явж, лангууны булан тохойд зогсч байгаад хямдхан зараад хэдэн төгрөгтэй харьдаг байжээ. 2011 оноос хойш өнөөг хүртэл Нарантуул зах руу өдөр бүр гардаг болсон байна. “Анх худалдан авалт боломжийн байсан. Сүүлийн хоёр жил орлого огцом буурлаа. Үйлчлүүлэгчээ татахын тулд чанартай оёно. Нэг авсан хүн хайж ирээд дахиад авдаг” гэв. Түүний ярианаас чанартай оёдлоороо өөрийн гэсэн үйлчлүүлэгчтэй болсон гэдэг нь хэн хүнд ойлгомжтой болов уу.
Төрөл бүрийн хэмжээтэй оёдог түүний торны хамгийн том нь хөнжил, гудас багтахаас өдөр тутмын хэрэглээний хүнс багтахуйц, бүр жижиг будагны сав ч харагдаж байсан юм. Жилээс жилд өргөн хэрэглээ бараа бүтээгдэхүүний үнэ үнийн өсөлтөөс хамаарч торны үнэ ч тодорхой хэмжээнд нэмэгддэг талаар З.Алтай хэлж байлаа. Түүний оёсон тор 1500-15000 төгрөгийн хооронд хэлбэлзэнэ. 20.00-24.00 цаг хүртэл оёж, унтаж амарч байгаад 06.00-10.00 цаг хүртэл үргэлжлүүлэн оёх тэрбээр 12.00 цагийн үед зах дээр ирж, тороо зарах ажилдаа орно. Олон хүн тор оёж зардаг учир орлого төдийлөн сайн биш. Заримдаа халаас хоосон харих үе бишгүй гарна.
“Орлого бол харилцан адилгүй байдаг. Орлого сайтай үедээ бол долоо хоногт 60-80 мянган төгрөг олно. Тухайн өдөр хэдэн төгрөг олохоос хамаарч хэдэн метр материал авахаа шийддэг. Чанартай оёж, үйлчлүүлэгчдээ татахыг л хичээдэг” гэсэн юм.
Өдөрт 10-15 мянган төгрөгийн орлого олдог ч талх, сүү хоол хүнснийхээ материалыг аваад харьдаг байна. Нарантуул захад 30-85 насны 50 орчим хүн тор оёж, зарж амьдрал ахуйгаа залгуулдаг аж. Тэд захын өнцөг булан бүрт тааралдсан хүн бүрээс тор авах уу гэж асууж харагдана. Нэг нь тороо үзүүлж, зогсч байхад өөр нэг нь ирж өрсөж зарах ч тохиолдол бишгүй гарч байв.
Биднийг ийн ярилцах зуур 40 орчим насны эмэгтэй тор сонирхохоор ирсэн юм. “Ямар хэмжээтэйг сонирхож байна” гэж асуунгаа гартаа барьсан бүх тороо нэг бүрчлэн үзүүлж, дахин 3500 төгрөгийн орлого олов. Өглөөнөөс хойш зогссон тэрбээр 17:00 цагийн үед 7000 мянган төгрөгтэй боллоо.
“Гурван жилийн өмнө орлогоо хуримтлуулж, хадгаламжинд 50 мянган төгрөг хийчихдэг байсан юм. Харин энэ жил хоол хүнс, торныхоо материал, эмнийхээ мөнгөнөөс илүүчилж чадахаа больсон. Засгийн газраас гялгар уут хэрэглэхийг хориглосон. Бидэн шиг үр хүүхдээ тэжээх гэж өглөөнөөс үдшийн бүрий хүртэл зах дээр зогсдог хүмүүсийг дэмжээд хэдэн тор хийлгээд, ард түмний хэрэглээг бий болгоосой гэж хүсдэг дээ” гэж хэлсээр цааш алхаж, тааралсан хүн бүрээсээ тор авах уу гэж асуусаар олны дунд орж бараа нь харагдахаа болив.
“Хулгай хийж, худлаа хийж байгаа биш ариун цагаан хөдөлмөрөөрөө ард түмнийхээ буянаар сайхан л амьдарч явна” хэмээх түүн шиг олон эмэгтэй энд зогсдог. Материалаа худалдан авч, оёж хаа холын Хайлаастын дэнжээс хэдэн тороо зарахар ирдэг Шар эмээ хэмээн Нарантуулынхан авгайлан дууддаг 85 настай буурай ч энд хөдөлмөр эрхэлдэг. Засгийн газраас гялгар уутны хэрэглээг хорьсон ч дэлгүүрт худалдан авалт хийхэд иргэдэд өгөх даавуун тор одоогоор байхгүй байгаа. Худалдагчид “Гялгар тор худалдахыг засгаас хорьсон. Танд өгөх тор байхгүй” гэж хэлэн иргэд авсан бараа бүтээгдэхүүнээ энгэртээ тэврэхээс эхлээд цүнх, машиндаа агуулж авч явж байна. Угтаа жилийн дөрвөн улирлыг ажралгүй өөрсдөө оёж, зарж өрхийн орлогоо нэмэгдүүлж байгаа Нарантуул захаар овоглогдсон тор борлуулдаг эгэл жирийн эмэгтэйчүүдийг дэмжээд, бодит ажил болгож чадвал нэг хүний цаана нэлээд олон хүний амьдрал ахуйг өөрчлөх гарц байгаа юм.
С.Ичинхорлоо