Хүүхдийн дуу цангисан газар аз жаргал хурж, хүн бүхний сэтгэл баяр баяслаар дүүрдэг. Үүнийг илтгэх мэт тойруулан зассан ширээний ард 25 дугаар тусгай сургуулийн сурагчид хэсэг хэсгээрээ сууж, өөр хоорондоо хөөрөлдөж, хааяа инээмсэглэх, тэднээс шамдан суралцаж, хийж бүтээхийн хүсэл оргилж байгаа нь мэдрэгдэнэ. Энэ сургуульд хэл ярианы болон тулгуур эрхтний, биеийн ерөнхий хөгжлийн хоцрогдолтой, дауны хам шинжтэй хүүхдүүд суралцдаг. Хэлж биш хийсч ирдэг өвчний сүүдэрт “дайрагдсан” ч тэд эрүүл саруул хүүхдүүдээс ялгарах зүйлгүй. Юу үнэн энэ үнэн юм.
Урлаг спорт, амжилт бүтээлээрээ эх орондоо төдийгүй тив дэлхийд эцэг эхээс заяасан нэрээ дуурсгаж чаддаг авьяаслаг багачуудаар бахархахгүй байхын аргагүй ээ. Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, “Хобби” сургууль, 25 дугаар тусгай сургууль хамтран Швед улсад зохион байгуулах тусгай олимпийн өвлийн наадамд эх орноо төлөөлөн оролцох 20 тамирчны англи хэлний мэдлэгийг сайжруулах зорилгоор үнэ төлбөргүй сургалтыг зохион байгуулжээ.
Сургалт 2019-2020 оны хичээлийн жилд Нийслэлийн залуучуудын хөгжлийн төвд болохоор төлөвлөсөн байна. Долоо хоногийн хоёр өдөр болох англи хэлний сургалтыг “Хобби” сургуулийн 9-12 дугаар ангийн сурагчид зааж буйгаараа онцлогтой. Багшилж буй сурагчид бүгдээрээ Улаан загамлай нийгэмлэгийн идэвхтэн гишүүд. Хүүхэд, хүүхдэдээ сурсан мэдлэгээ зааж, түгээх нь тэдний харилцаа төдийгүй бие биеэ хайрлаж, хүндэлж, туслах сэдлийг олгож байна. Үүнээс гадна эрүүл болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн нөхөрлөлийн хаалгыг нээж, нийгэмд зөв үлгэр дуурайлал үзүүлж эхлэх учиртай, хөтөлбөрийн гол зорилго нь ч энэ.
Сургалтыг зохион байгуулж байгаа албаныхан болон сурагчдын сэтгэлийг сонссон юм.
Б.Намуунзаяа /Хобби сургуулийн сурагч/: Үе тэнгийнхээ хүүхдүүдэд заах болсондоо баяртай байна
-Би Хобби сургуулийн 11 дүгээр ангид суралцдаг. Монголын тусгай олимпийн хорооноос тавьсан хүсэлтийн дагуу Улаан загалмай нийгэмлэгийн идэвхтэн гишүүд 25 дугаар сургуулиас олон улсын тэмцээнд явдаг тамирчин сурагчдад англи хэлний анхан шатны мэдлэг олгох сургалтыг явуулахаар болсон. 11 жилийн турш англи хэлийг судалж, суралцсан. Өөрийнхөө сурсан мэдлэгээ үе тэнгийнхээ хүүхдүүдэд зааж, тусалж, дэмжих болсондоо баяртай байна.
Н.Наранбаатар /25 дугаар тусгай сургуулийн сурагч/ : Усан сэлэлт, заалны хоккей, волейболын спортоор хичээллэдэг
-Усан сэлэлт, заалны хоккей, волейболын спортоор хичээллэдэг. Манай сургуульд англи хэлний хичээл ордог. Гэхдээ хэлнийхээ мэдлэгийг бүр лавшруулж, үе тэнгийнхээ хүүхдээр хичээл заалгаж, сургалтад хамрагдаж байгаадаа баяртай байна. Цаашид бэлтгэлээ сайн хийж, гадаадад тэмцээнд явах хүсэлтэй.
Ц. Намжилдорж /Биеийн тамирын багш/ : Усан сэлэлтээр л зуны олимпоос алтан медаль хүртсэн тамирчин бий
25 дугаар сургуулийн секц дугуйланд хамрагддаг тусгай олимпийн уралдаан тэмцээнд оролцдог хүүхдүүдэд англи хэлний сургалт явуулах хүсэлтийг хоёр жилийн өмнөөс тавьсан байдаг. Бидний хүсэлт энэ хичээлийн жилд биелэлээ олж сургалтынхаа нээлтийг хийлээ. 13-16 насны 5-9 дүгээр ангийн сурагчид хамрагдаж байна. 2021 онд Швед улсад өвлийн олимп болно. Уралдаанд оролцоод сонгогдсон хүүхдүүд маань олимпид оролцох эрхтэй болно. Тиймээс англи хэлний мэдлэг маш чухал. Монгол Улсаас олимпид оролцох тамирчны квот хэд байхаас шалтгаалж хэдэн тамирчин явах нь тодорхой болно. Усан сэлэлтээр зуны олимпоос алтан медаль хүртсэн тамирчин бий.
А.Отгонзаяа / Нийслэлийн гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын Залуучуудын хөгжлийн хэлтсийн Сургалт соён гэгээрүүлэх үйл ажиллагаа хариуцсан мэргэжилтэн / : Долоо хоногийн хоёр өдөр буюу мягмар, пүрэв гаригт сургалт болно
-Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, 25 дугаар тусгай сургууль, “Хобби” сургууль, Улаан загалмай нийгэмлэг, Монголын тусгай олимпийн хороо хамтраад 2021 онд Швед улсын өвлийн олимпид оролцох 20 тамирчинд англи хэлний мэдлэгийг дээшлүүлж, ярих чадварыг сайжруулах зорилготой сургалтын үйл ажиллагааны нээлт өнөөдөр болж байна. Сургалтын зорилго нь гадаад улсад уралдаан тэмцээнээр явж байгаа тамирчид хэл нэвтрэлцэж, өөр улсын тамирчинтай харилцахад бэрхшээлтэй байдаг. Тиймээс англи хэлээр ярих чөлөөтэй ярих мэдлэгийг олгох юм. Сургалт жилийн турш үргэлжлэнэ. Долоо хоногийн хоёр өдөр буюу мягмар, пүрэв гаригт сургалт болно.
Б.Алтанцэцэг / Монголын тусгай олимпийн хорооны гүйцэтгэх захирал / :Зуны олимпоос 19 медаль авсан
-Англи хэлний сургалтад хамрагдаж байгаа сурагчдын ихэнх нь тусгай олимпийн тамирчид байгаа. Манай тамирчид Абуй Дабай хотод болсон зуны тусгай олимпид оролцоод 19 медальтай ирсэн. 2021 онд өвлийн олимп Шведэд болно. Эдгээр сурагчдаас тэмцээнд оролцоод Швед улсад зохион байгуулагдах тусгай олимпд оролцох тамирчид байх магадлалтай. 14 дээш насны хүүхдүүд дэлхийн олимпид оролцдог. Өвлийн спортын олимпид гурван спортын төрлөөр оролцох гэж байна. Хоккей, тэшүүр, цанын гутлаар гүйх гэсэн төрлөөр оролцоно. Бүх тусгай сургуулийн төлөөлөл, хөдөө орон нутгийн 16 насны тамирчид оролцоно. Абу Даби н олимпид явахаас өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүлээн авч уулзсан. Мөн ирэхэд хүртэл уулзсан. Тамирчдын замын зардлыг даасан байгаа.
С.Анир