Нийгэм
Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсэг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв дээр ажиллаа
Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос байгуулагдсан Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль, Нийгмийн халамжийн тухай хуулийн хэрэгжилт, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын үйл ажиллагаатай танилцах үүрэг бүхий Ажлын хэсэг 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв “Дүнжингарав” салбарт байрладаг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв дээр ажиллан Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар, Нийслэлийн нийгмийн халамжийн газрын үйл ажиллагаатай танилцлаа.
Уулзалтын эхэнд Нийслэлийн ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч, Засаг даргын орлогч Д.Энхтөр Нийслэлийн хэмжээнд хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, дэмжих чиглэлээр хийгдэж буй ажил, тоо мэдээ болон “Нэг өрх-Нэг ажлын байр” нийслэлийн дэд хөтөлбөрийн хэрэгжилтийг товч танилцууллаа.
УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Д.Ганболд, УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн гишүүн М.Билэгт, Б.Ундармаа нар Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар, Нийслэлийн нийгмийн халамжийн газрын үйл ажиллагаа, хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн талаар мэдээлэл сонсон хөдөлмөр эрхлэлт, нийгмийн халамжтай холбоотой асуудлаар байгууллагуудын удирдлагуудаас болон холбогдох албан тушаалтнуудаас асуулт, тодруулга авч, санал дүгнэлт өгсөн.
Ажлын хэсгийн ахлагч гишүүн Д. Ганболд: Хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд хийгдэж байгаа ажил, чиглэл болгон дээр санал гаргаж, салбарын хэмжээнд хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тодорхой саналаа ажлын хэсэгт ирүүлж байхыг тэмдэглэсэн бөгөөд УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн гишүүн М.Билэгт: Иргэдийг ажилтай орлоготой болгохын тулд Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд саналаа өгч, хуулийн төсөлд саналаа тусган Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд ирүүлэх мөн хэвлэл мэдээллийн хэрэгслээр хөдөлмөр эрхлэлтийн үйл ажиллагааг сурталчилж, олон нийтэд хөдөлмөрийн боловсрол олгох шаардлагатай байгааг хэллээ. УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн гишүүн Б.Ундармаа, Их дээд сургууль, МСҮТ-ийн оюутан залуучууд, ЕБС-ийн 12 дугаар анги төгсөх сурагчдад ажил мэргэжлийн чиг баримжаа олгох чиглэлээр ямар үр дүнд хүрсэн ажил хийж байгаа талаар тодруулан хөдөлмөрийн боловсрол, хөдөлмөрийн тухай ойлголтыг олон нийтэд таниулах, нэгдсэн ойлголттой болгоход анхаарч ажиллахыг шаардлага тулгараад байгаа онцолсон.
Ажлын хэсэг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвтэй танилцсан бөгөөд Нийслэл Улаанбаатар хотын баруун талын дүүрэг болох Сонгинохайрхан дүүрэгт Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв нээн ажиллуулах саналтай байгаа дурьдсан юм. Уузалтын төгсгөлд УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Д.Ганболд хэлсэн үгэндээ ажил явуулахад тулгамдаж байгаа асуудлаар хууль эрх зүйн орчинд өөрчлөлт хийх, анхан шатны нэгжид тулгарч байгаа асуудал, ажил хайгчид тулгарч байгаа бэрхшээл түүнийг шийдвэрлэх тодорхой саналаа Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд ирүүлж тухай бүр нь шийдвэрлүүлэх мөн хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад нийслэлийн байгууллагуудаас тодорхой санал тусган ажиллах хэрэгтэйг тэмдэглэсэн.
Нийгэм
О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн санаачилгаар ДХИС-ийн хэрэгжүүлж буй “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг Монгол Улсын Их Сургуулийн оюутнуудад танилцууллаа.
Тухайн хөтөлбөр нь бусад мэргэжлээр их, дээд сургууль төгссөн залуусыг богино хугацааны сургалтад хамруулж, цагдаагийн байгууллагад ажиллах мэдлэг, ур чадвар олгох зорилготой бөгөөд төгсөгчид 100 хувь ажлын байраар хангагдах боломжтой.
2019-2024 онд нийт 154 сонсогч төрд тангараг өргөж, цагдаагийн байгууллагын офицер бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэж байна.
Мэргэшүүлэх хөтөлбөрт хамрагдах сонирхолтой иргэдэд эрүүл мэнд болон боловсролын хоёр шалгуур тавих бөгөөд тус хөтөлбөрт хамрагдсанаар:
• Мэргэжлийн тусгай мэдлэг бүхий мэргэжил эзэмшинэ.
• Сонсогчоор суралцсан хугацааг төрийн албанд ажилласанд тооцно.
• Сургалтын болон дүрэмт хувцсаар хангана.
• Сурч байх хугацаанд цолны цалин, нийгмийн даатгал төлөгдөнө.
• Цэргийн алба хаасанд тооцох гэх мэт олон давуу тал бий.
Цаашид “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг бүх их, дээд сургуулийн оюутнуудад танилцуулах өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл оюутнуудад хандан “Цагдаагийн байгууллагад ажиллах сонирхолтой ч өөр мэргэжил сонгосон, давхар мэргэжил эзэмших хүсэлтэй залууст шинэ боломж бий болголоо. Залуусыг төр, ард түмний төлөө офицер бүрэлдэхүүнд хүчин зүтгэхийг уриалж байна” гэсэн юм гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ
ОБЕГ-ын даргын 2024 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн А/379 дүгээр тушаалаар “Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ.
Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгийн голомтод эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, эмнэлгийн болон хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий мэргэжлийн ангийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэхүү дүрмээр зохицуулах юм.
Мөн мэргэжлийн ангийн үүрэг, бүтэц зохион байгуулалт, сургалт, бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах зорилготой. Энэхүү дүрэм нь гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх гамшгаас хамгаалах алба, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн дэргэд байгуулсан Мэргэжлийн ангийн үйл ажиллагаанд хамаарна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Нийгэм
Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө
Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун урд зүгт 42 км зайд өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 20-нд 21:50 цагт газар хөдөллөө. Газар хөдлөлтийн хүч нь 3.2 магнитуд хүчтэй байсан гэж Хөвсгөл Онцгой байдлын газраас мэдээллээ.
Дашрамд дурдахад өнгөрсөн онд 77 мянган газар хөдлөлт бүртгэгдсэн бөгөөд 1000 орчим газар хөдлөлт нь Улаанбаатар хотын ойролцоо бүртгэгджээ. Мөн хүнд мэдрэгдэх газар хөдлөлт нь нийт долоон удаа бүртгэгдэж байжээ.