Цас, бороо, нар салхи цаг хугацаатай ээлжлэн эргэлддэг хүмүүний амьдралын өнгө алагласан өдрүүд үргэлжилсээр. Ийм нэгэн өдрүүдэд өөрийн ертөнцийг бүтээхээр хүсэл мөрөөдлийнхөө зүг алхаж, жаргал, зовлон, алдаа оноогоо амьдралын хуанлид адилхан тэмдэглэж яваа Б.Сайханцэцэг бүсгүйтэй урланд нь уулзсан юм. Тэрбээр хүч хөдөлмөр, авьяас чадвараараа загварын ертөнцөд орон зайгаа бий болгож, олон хүнийг өөрийн урласан хувцсаар гоёж яваа хөдөлмөрч нэгэн. Оёдлын машинуудаа эгнүүлэн тавьж, утсаа өнгө алаглуулан өрж, урласан бүтээлүүдийнхээ зургийг нэг бүрчлэн хананд нааж, хийх ажлынхаа төлөвлөгөөг ч самбартаа тэмдэглэсэнийг харахад аливаа ажилд хариуцлагатай ханддаг нь харагдана.
Тэрбээр дизайнер мэргэжлээр сурч, оёдол эсгүүрийн сургалтад суугаагүй ч урлах үйлдээрээ хэнийг ч дагуулахгүй гэмээр. Учир нь, зургаадугаар ангиасаа сонирхлынхоо хүрээнд хувцас шаглаж эхэлсэн нь ирээдүйгээ зураглах замыг нь заажээ. Хоббигоороо хувцас урладаг байсан болоод ч тэр үү дизайнер болон оёдлын чиглэлээр суралцах сонголт хийгээгүй гэнэ. Арван жилээ төгсөхдөө аав ээжтэйгээ зөвлөлдөж, Зочид буудал, зоогийн газрын мэргэжлээр суралцан төгсчээ.
“Би “СИТИ” их сургуульд суралцаж төгссөн. Уг нь загварын мэргэжлийн сургуульд сурсан даа. Тухайн үед загварын ангийнхны хажуугаар гарахаар хараад өнгөрдөг байлаа. Өөрийнхөө хувцсыг оёод л өмсөнө. Хүн захиалга өгвөл хүссэн загвараар нь хийгээд өгчихнө. Урлангаа тууштай ажиллуулаад гурван жил болж байна. Оёдол хийгээд арав гаруй жил болсон” гэв.
Авьяас өвлөгддөг гэдэг. Түүний оёж хатгаж, урлаж, шаглах авьяас нь түүнд эмээгээс нь өвлөгдөж иржээ. Б.Сайханцэцэг эмээгээ дээл хийж, юм оёход нь хажууд нь хараад суучихдаг охин байжээ. Багаасаа л оёх сонирхолтой охины анхны бүтээл богино цагаан даашинз гэнэ. 800 төгрөгийн пүүсүүг улаан торгоор эмжиж оёжээ. Түүний анхны бүтээлийг олон жил дараа буюу оюутан байхад нь ээж нь дэрний уутан дотроосоо гаргаж өгсөн талаараа дурсан ярьж байлаа.
Хувцас худалдаж авдаг хүн бол хийхэд ажиллагаа ихтэйг төдийлөн мэдэхгүй. Загвар гаргаж, материалаа сонгож, эсгүүр хийж, оёж, пермерик өмсгөхөөс эхлээд ажиллагаа ихтэй. Нэг хувцас урлахад дор хаяж, 3-4 машины дамжлагаар оёж, эзэндээ очдог. Тиймээс худалдааны хувцаснаас арай өндөр үнэтэй. Бүгдийг нэгбүрчлэн гараар хийдэг учраас үнэлгээгээ оёдолчид өөрсдөө тогтооно. Б.Сайханцэцэгийн урласан хувцсны үнэлэмж тун боломжийн аж. “Тухайн урлангаасаа шалтгаалаад үнэ харилцан адилгүй байдаг. Оёдол материалаасаа шалтгаална. Хүний хөдөлмөр шингэдэг учраас үнээ өөрсдөө тогтоодог. Манай урлангийн хувьд дундаж үнэтэй байдаг” гэв.
Сэтгэл зүтгэлээ шингээж хийсэн бүхэн хүний нүдэнд тод харагддаг. Тиймээс Б.Сайханцэцэг ч чанарыг эрхэмлэж хийхийг зорьдог аж. Хийж бүтээсэн бүхнээсээ урам авч, илүү сайхан бүтээл гаргахыг зорьдог түүнийг сорьсон захиалгууд ч орж ирдэг гэнэ. Тэр бүхнийг давж гарахын тулд өөрийгөө дайчилж ажилладаг байна.
Б.Сайханцэцэг бүсгүйг цахим орчинг идэвхтэй хэрэглэдэг тэр дундаа сайхан бүхнийг цогцлоохыг хүсдэг “САЙХАН БҮСГҮЙ” группийнхэн андахгүй. Түүний урласан шинэ жилийн даашинз тухайн жилийн трэнд загвар болдог. Баяр болох дөхөхөөр урланг нь зорих бүсгүйчүүдийн тоо нэмэгддэг гэнэ. Одоогоос дөрвөн жилийн өмнө шинэ жилийн загварын даашинз урлаж, түүнийгээ боломжийн үнээр пракаталж эхэлсэн нь охид бүсгүйчүүдийн дунд эрэлт ихтэй болжээ. Тиймээс жил бүр нэлээд хэдэн даашинзыг урлаж, пракаталдаг уламжлал тогтоосон байна.
Зориод ирэх өөрийн гэсэн захиалагчтай болсон түүнээр дуучид хүртэл тоглолтын болон клип, зураг авалтынхаа хувцсыг хийлгэдэг байна. Өдөр тутамд өмсөхөд тохиромжтойгоос эхлээд хүссэн өнгө загварын хувцсаа урлуулах боломжтойг хэлж байсан юм.
Европ хувцсаар дагнан оёдог тэрбээр сошиал орчноос хувцас эсгэх, талаарх бичлэг үзэж, олон удаагийн туршилт хийж, оёх арга барилаа олсон байна. Аливаа зүйлийг хийх тусам аргын олж, амтанд нь ордог гэдэг. Тиймдээ ч одоо өөрийн гэсэн үйлчлүүлэгчид төдийгүй олон шавьтай болсон байна. “Хоёр жилийн өмнөөс сургалт явуулж эхэлсэн. Одоогоор 40 гаруй шавьтай болсон. Эсгүүрийг хэрхэн гаргах, хүний биеийн хэмжээг авах, оёх аргачлал гэх зэрэг бүгдийг энгийнээр аль болох амархан талаас нь зааж, сургадаг.” гэв.
Сургалт 140-200 мянган төгрөгийн төлбөртэй. Олон цаг хичээллэж буйгаараа давуу талтай. Ажлын таван өдөр 4-6 цаг үргэлжилдэг аж. Тухайн суралцагчынхаа зав зайг харгалзан үзэж, сургалтад хамрагдах цагийг товлодог гэнэ. “Сургалтад сууж юм оёж сурах олон давуу талтай. Тухайлбал, материалаа аваад, өөрийнхөө хүссэн өнгө загвараараа үр хүүхдэдээ төдийгүй өөртөө урлаж өмсөх боломжтой” гэлээ. Эмэгтэй хүн хувцсаа өөрөө оёод өмсөнө гэдэг нь тухайн айлд үр өгөөжөө өгөх нь мэдээж. Түүний шавь нараас сурсан мэдлэгтэй тулгуурлан өрхийн орлогоо нэмэгдүүлж яваа эгэл жирийн ээжүүд ч байдаг гэнэ.
Монголын загварын ертөнцөд шинэлэг өнгө загварыг илтгэсэн брэндүүд сүүлийн жилүүдэд эрчимтэй төрөх болсон. Тэдний дунд мэргэжлийн сургуульд сураагүй ч өөрсдийн хүч хөдөлмөр хүсэл мөрөөдлөөр олон нийтийн дунд орон зайгаа бий болгож чадсан нэгэн бол О.Сайханцэцэг юм. Мэргэжлийн сургуульд сураагүй ч тэднээс дутхааргүй урлаж байгаа бүтээлээс нь энэ салбарт авьяас хөдөлмөрөөрөө энэ салбарын нэгэн эд эс болж чаджээ.
Өөрийнхөө урласан хувцсаар гангарах дуртай тэрбээр цагаан өнгөнд дуртай. Түүнийг хувцастай зүйрлэбэл цав цагаахан өнгөтэй, чимэглэл ихтэй, гоё дэгжин хараа булаам загвар сайтай даашинз. Аливаа зүйлийг чинь сэтгэлээсээ хийвэл ашиг орлого, үр өгөөжөө өгдөг гэдэг. Өөрийгөө төдийгүй өрөөл бусдад хийж бүтээх хүслийн жигүүрийг дэлгэж өгч байгаа түүнтэй хэсэг хором хөөрөлдсөн нь энэ байв.
С.Ичинхорлоо