“БҮТЭЭЛЧ ЭЭЖ” цувралдаа гар урлалыг хөгжүүлж буй нэхмэлчин Б.Очирхуягийг урьсан юм.
Тэрбээр 12 настайдаа дэгээ болон хос зүүгээр нэхэж сурчээ. Хүүхэд наснаасаа өнөөг хүртэл зүү утастай нөхөрлөж, маш олон бүтээл урлажээ. Б.Очирхуяг амьдралынхаа бүхий л цаг хугацаанд энэ ажлыг хийсэн болоод ч тэрүү нэхсэн бүтээл нь чанар, хийцийн хувьд үйлдвэрийн бүтээгдэхүүнээс дутахааргүй, харин ч илүү санагдсаныг нуух юун. Сурсан зүйлийг сураар боож болохгүй гэдгийг гэрчлэх мэт хаана ч өмсч гангарах боломжтой бүх төрлийн хувцас, хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй тоглоом, ахуйн хэрэглээнд хэрэглэж болохуйц эд зүйлсийг нэхдэг байна.
Түүнийг нэхмэлийн урлалд дурлуулсан хүн бол хайртай ээжийнх нь найз. Тэрбээр энэ талаараа “Ээжийн минь найз Цэрэнханд эгч надад нэхэхийг хамгийн анх зааж өгч билээ. Малгай, ороолтоос өгсүүлээд хүүхдийн бойтог, оймс хүртэл нэхнэ. Зуны амралт байсан болоод ч тэрүү уйгагүй л нэхэж байсан даа. Төд удалгүй хичээл эхэлж, тавдугаар ангид дэвшин орсон. Тухайн үед дунд ангийнханд хөдөлмөрийн хичээлийг Сайнхувьт багш маань заадаг байлаа. Багш бидэнд “Эмэгтэй хүн өөрөө хувцсаа нэхээд өмсчихвөл их хэрэгтэй шүү” гэж захидаг байсан. Одоо ингээд бодоход багшийн маань захиас зөв байж. Одоо бол өөрийнхөө хүссэн бүхнээ л нэхэж байна. Хүүхэддээ хэт өндөр үнэтэй, чанар муутай хувцас худалдаж авахын оронд нэхэж өмсүүлэх нь биед нь илүү тухтай, зохимжтой байдаг. Багаасаа хичээж сурсан чадвар маань амьдралд их л хэрэг болдог доо” хэмээн хуучлав.
Нэхэж сурахад хамгийн чухал нь схем буюу аргачлалыг сурах явдал гэнэ. Аргачлал гэдэг нь хэрхэн яаж нэхэхийг нэгбүрчлэн ойлгож мэдэхийг хэлдэг байна. Тиймээс хийх аргачлалыг нь олчихсон байхад тухайн зүйлийг нэхэхэд нэлээд дөхөм болдог гэнэ. Эгнээ бүрийг өөр өөрөөр нэхдэг учраас схем их чухал аж. Үүнийг ойлгож, сурсан учраас Б.Очирхуяг аравдугаар ангиа төгсөхдөө өмсөхийг хүссэн бүх хувцсаа дуртай өнгө үзэмж, хийц загвараараа нэхэж өөрийгөө гоёж чаддаг болсон байна.
Эрхүү хотыг зорьж, их сургуулийн босго алхсан ч Б.Очирхуяг дуртай ажлаа орхиогүй байна. Нэхмэлийн төрөл бүрийн сэтгүүл, өнгө бүрийн утас худалдан авч чөлөөт цагаараа хувцас нэхсээр байсан гэнэ. Дийлэнх хүмүүс чаддаг, дуртай зүйлээрээ үргэлжлүүлэн сурдаг. Энэ жишгээр бол Б.Очирхуяг дизайнер, оёдол эсгүүрийн чиглэлээр сурах ёстой байсан. Гэтэл тэр тэс хөндлөн буюу барилгын инженер мэргэжлээр суралцахаар алс холыг зорьжээ. Гэсэн ч түүний хоббигоор бүтдэг бүтээл өдөр өнгөрөх тусам л арвижиж, урын сан нэмэгдсээр байж. Сайны хажуугаар саар зүйл бишгүй л тохиолддог. Биеийн байдлаасаа болж эх орондоо эргэн ирсэн талаараа “Инженерийн ангийн оюутан учраас байнга л зураг зурна. Нэгдүгээр курст суралцаж байхад миний нүдний хараа муудаж эхэлсэн. Аргагүйн эрхэнд нутагтаа ирээд МУИС-ийн математикийн багшийн ангид суралцаж, төгсөөд тэтгэвэрт гартлаа багшилсан даа” гэлээ.
Багшилж байхдаа ч нэхмэлийнхээ ажлыг хийж, боломжийн үнээр борлуулчихдаг байжээ. Хүний л амьдрал учир хэдэн төгрөг олж, хоол хүнснийхээ хэрэгцээг хангах нь гэрийн эзэгтэйн үүрэг. Хань нь хийж бүтээсэн зүйлийг нь ихэд дэмждэг байсан талаар дурсан ярьж байлаа. “Ажлынхаа хажуугаар тодорхой хэмжээний захиалга аваад л зав зайгаараа нэхээд өгнө. Жилдээ 40 орчим бүтээл гаргадаг байжээ. Тэтгэвэрт гарахаараа нэхмэлийнхээ ажлыг үргэлжлүүлэн хийх төлөвлөгөөтэй учир төрөл бүрийн өнгөтэй ноосон, мяндсан утсыг худалдан авч, нөөцөлсөн” гээд шкафаа нээж өнгө алагласан утас өрөөстэй байгааг харуулав.
2016 онд гавьяаныхаа амралтад гарсан цагаасаа хойш тууштай нэхэж, жилд 168 орчим бүтээл гараас гаргадаг болжээ. Жилийн дөрвөн улиралд тохируулж, өнгө загварын сонголттой малгай ороолт, хүүхдийн цамц, оймс, бойтог, цүнх, тоглоом зэргийг нэхдэг байна. Хийсэн бүтээлээ борлуулахын тулд фэйсбүүк хуудастаа постолж, боломжийн үнээр зардаг. Чанар, хийц сайтай учир захиалгаар хийлгэх хүсэлтэй хүмүүс түүнтэй холбогддог гэнэ. “Хийсэн бүтээлээ хэрхэн борлуулах талаар хүүтэйгээ зөвлөлдсөн. Хүү минь фэйсбүүкийн хэдэн группт намайг нэмж, зургаа тавиад, үнэ ханшаа бич гэсэн. Эхлээд интернэт орчинг хэрхэн хэрэглэх талаар тийм сайн мэддэггүй байлаа. Харин одоо бол сайн мэддэг болсон.
Харин 2016 онд гавьяаныхаа амралтад гарсан цагаасаа хойш өнөөдрийг хүртэл тууштай нэхэж эхэлсэн байна. Тэрбээр интернэтээс зураг харж өнгө, загварыг нь өөрчлөн шинэ загвар зохиож нэхдэг байна. Өвлийн улиралд захиалга ихтэй байдаг учраас сардаа нэг сая төгрөгийн бүтээл урлаж байсан удаатай гэнэ. Ийм байдлаар байр, тогныхоо мөнгийг өөрийнхөө хөдөлмөрөөр олдог байна. Б.Очирхуяг нэхсэн бүтээлээ тун боломжийн буюу таван мянган төгрөгөөс эхлүүлэн үнэлдэг юм билээ.
Амьдралынхаа замнал, ямар ч үед дуртай ажлаа орхилгүй өдийг хүртэл авч явсан талаараа ийн хуучилж дуусаад нэгэн зүйлийг захисан юм. Тодотговол, тэтгэврт гарсан гээд сэтгэл санаагаар унах хэрэггүй, харин ч өөрийнхөө хоббиг улам хөгжүүлж, үр хүүхдүүдээ харан сайхан амьдрах хэрэгтэйг үеийнхэндээ дамжуулсныг үүгээр уламжилъя.
С.Ичинхорлоо