Хан-Уулыг эко дүүрэг гэдгээр нь улаанбаатарчууд андахгүй болсон. Тус дүүргийн ЗДТГ-ын ажилтан, албан хаагчид Засгийн газраас хэрэгжүүлж буй “Утаагүй Улаанбаатар” аяныг дэмжиж дүүргийнхээ зорилтот бүлгийн 20 айлд нэг бүр нь 25 кг бүхий хорин шуудай шахмал түлш хандивлалаа. Хамгийн бахархууштай, үлгэр жишээ зүйл гэвэл ЗДТГ-ынхан пүрэв гаригийн 14-17 цагийг сайн үйлсийн аянд нэгдэх өдөр болгож, “Тавантолгой түлш” компаниас нийлүүлж буй шахмал түлшийг шуудайлж байхаар болсон байна. ЗДТГ-ынхан өчигдөр гэхэд гурван цагийн хугацаанд 76 тонн шахмал түлш шуудайлж, түүнийхээ ажлын хөлсөнд тооцож авсан шахмал түлшээ зорилтот бүлгийнхээ иргэдэд хандивласан хэрэг. Дашрамд дурдахад, Хан-Уул дүүрэгт сайжруулсан шахмал түлш хэрэглэдэг 21450 өрх байдаг аж.
Сайжруулсан шахмал түлш шуудайлах, хандивлах аянд дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан биечлэн оролцож, хөгжлийн бэрхшээлтэй, асран халамжлах үр хүүхэдгүй өндөр настан, өрх толгойлсон эмэгтэйчүүд, орлого багатай олон хүүхэдтэй хорин айлд шахмал түлш гардуулж өгөх үеэр иргэдийнх нь сэтгэгдлийг сонссон юм.
Н.Отгонжав: Ээж, эгч хоёр минь халуун,дулаан өвөлжих нь ээ
Засаг дарга Ж.Алдаржавхлан тэргүүтэй ЗДТГ-ын ажилтан, албан хаагчдын төлөөлөл дүүргийнхээ Х хороо олны мэддэгээр Морин даваанд орших суух хөгжлийн бэрхшээлтэй, өндөр настан н.Ноов гуайхыг зорьсон. Тэрбээр хөгжлийн бэрхшээлтэй охиныхоо хамт аж төрдөг аж. Ээж, охин хоёр байсхийгээд л толгойгоо дохин, нүүрэндээ мишээл тодруулах нь Засаг даргадаа ихэд баярлаж буйн илэрхийлэл аж. Бага охин Н.Отгонжав нь “ Ээж, эгч хоёр минь халуун, дулаан өвөлжих нь ээ. Эднийгээ би тэжээдэг юм. Намайг ажилдаа явсан хойгуур энэ хоёр маань бие биеэ асарч тойлдог. Хоёулаа хөгжлийн бэрхшээлтэй учраас асаргаа их шаардагддаг. Би ажил хийхгүй бол манайх гэдэг айл хэцүүднэ. Гэхдээ манай хороо, дүүргийн удирдлагууд ээж, эгч хоёрт маань маш их тусалдаг. Эднийхээ дэмээр бид өөрсдийнхөө хэмжээнд амьдарч байна. Өмнө нь төслийн зуух өгч байлаа. Энэ удаад сайжруулсан шахмал түлш өглөө. Хорин шуудай түлшээр хоёр сар шахам болох байх. Шахмал түлшний ид шидийг мэднэ. Утаа бага гарахаас гадна илч сайтай. Эдийн засгийн хувьд хэмнэлттэй, үнэргүй их сайхан түлш шүү дээ. Бид түлээд сурчихсан “ хэмээн ЗДТГ-ын төлөөлөлд хандаж ийн өгүүлсэн.
Б.Октябрь: Илч сайтай түлш гэж дуулснаас түлж үзээгүй байсан юм
Би бөөрний дутагдалд орсон тул байнгын эмчийн хяналтад байдаг. Өвдөх бүрийд хамаг мөнгөө эм тарианд зорилдаг. Заримдаа түлээ авах нь бүү хэл, талхны мөнгөгүй өнжих нь олонтоо. Ж.Алдаржавхлан даргадаа, түүний багийн залуучуудад маш их баярлаж байна. Шахмал түлшийг илч сайтай, утаагүй, олон цаг барьдаг гэж дуулж байснаас түлж үзээгүй байсан юм. Одоо түлж үзнэ. Бидэнд хэрхэн түлэх талаар зааж өгсөн, чадах байх аа. Манайх төслийн зуухтай учраас их сайн тохирох юм билээ. Хорооны Засаг дарга Чинзоригт маань манайх шиг ядарч зүдэрсэн иргэдийг байнга эргэж тойрч, дүүргийн ЗДТГ-аас үзүүлэх халамж үйлчилгээнд байнга хамруулж өгдөг. Хан-Уул дүүрэг эко дүүрэг учраас өрх бүр байгаль орчиндоо сайнаар нөлөөлөх учиртай. Би иргэнийхээ үүргийг биелүүлнэ ээ.
Ц.Баярсайхан: Эрүүл амьдархад түлш хүртэл нөлөөтэй
/ ХУД-ийн 16 дугаар хорооны иргэн/
Ах нь эко дүүргийн иргэн. Тиймээс утаагүй түлш түлэх ёстой. Гэвч сая л эко түлштэй золголоо. Манай дүүргийн ЗДТГ-ынхан санаачилга гаргаж, өөрсдөө шуудайлж бэлтгэсэн түлшнээс хорин шуудайг ядарсан иргэддээ тараан өгч байгаа нь манайх шиг олон хүүхэдтэй айлын амьдралд маш их дэм болж буй хэрэг. Их сайхан түлш гэж сонссон. Өнөө орой түлнэ, есөн үр минь дулаахан сайхан унтаг дээ. Манай хороонд шахмал түлш борлуулдаг их олон цэг бий. Саяхан хорооноос шахмал түлшийг хэрхэн түлэх талаар сургалт явуулсан. Их илчтэй юм билээ. Ганц хутгуур түлш нэг шөнийг авч байна лээ. Үнс бага, утаа бага учраас хүний эрүүл мэндэд сайн л байж таарна.
С.Сампил: Засаг, төрийнхөө бодлогыг дэмжих хэрэгтэй
Өвгөн буурал нь 85 настай. Улсад 40 жил ажилласан. Жолоо мушгин алсын тээвэрт явдаг байлаа. Тэтгэвэрт гарснаас хойш гэр сахих болсон. Хөгшин маань ойчоод олон жил болсон. Галаа манадаг хүний хувьд утаагүй түлшийг хэрэглэж сурсан хүний нэг нь би. Цэвэрхэн, илч сайтай их сайхан түлш юм шүү дээ. Төрийнхөө бодлогыг иргэн бүр дэмжих хэрэгтэй. Монгол Улс утаатай боллоо гэж ам амандаа ярьж бухимдах бус утаанд утаа нэмэрлэхгүй байх арга зам юу байна гэж дор бүрнээ эрэлхийлэх ёстой байхгүй юу. Засаг, төр нэг зүйл санаачилахаар дандаа л адалж байх юм. Илч ялгаруулавч гэрээр дүүрэн угаар үнэртүүлдэг түүхий нүүрсийг нь шахаж боловсруулаад сайжруулаад өглөө. Үнийг нь боломжийн түвшинд барьж байна. Манай дүүргийн залуучууд нэгдэж нийлээд хэрэглээгээ хангаж дийлэхгүй байсан компаний ажилд сайхан сэтгэлээрээ туслан, ажлынхаа хөлсийг бидэнд түлш болгоод нийлүүлж байна. Үүнээс илүү баяр, талархал гэж юуг хэлэх билээ. Ж.Алдаржавхлан даргадаа баярлаж суудаг. Зурагтын мэдээгээр манай дүүрэг дандаа л манлайлж яваа тухай мэдээ явж байдаг. Залуучууд санаачилгатай байгаа нь сайн хэрэг. Бусад дүүргийн залуучууд Хан-Уул дүүргээс үлгэр жишээ аваасай гэж хэлэх байна. Тэгвэл утаанаас салах амархан байна.