Энтертайнмент
ДАШТ: М.Нандинцэцэг медалийн төлөөх тулааныг хийнэ
Энэтхэгийн Шинэ Дели хотод болж буй сонирхогчдын боксын эмэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн талдаа орлоо. Энэ сарын 15-ны өдөр эхэлсэн ДАШТ-д 73 орны 333 боксчид өрсөлдөж байгаагаас хагас шигшээд өрсөлдөх боксчид өнөөдрөөс тодорч эхэлнэ.
Тэмцээний зургаа дахь өдөр буюу өнөөдөр 54 кг-д М.Нандинцэцэг шөвгийн наймын тулаанаа Мароккогийн Захраоюү Зохратай хийнэ. Тэрбээр Унгарын Сабина Сючи, Хорватын Зелана Питеса нарыг дараалан ялж, шилдэг наймд үлдсэн юм.
54 кг-д нийт 26 боксчин өрсөлдсөнөөс хагас шигшээд өрсөлдөх хоёр боксчин үдээс хойш тодорно.
Энэ жил 30 настай М.Нандинцэцэг ДАШТ-д тав дахь удаагаа оролцож байгаа бөгөөд “Инчён 2014” Азийн наадмаас хүрэл медаль хүртсэн.
Дасгалжуулагч Б.Пүрэв-Очир, М.Буянжаргал нарын удирдлага дор долоон тамирчин оролцож байгаагаас 51 кг-д Л.Алтанцэцэг, 57 кг-д Т.Болортуул, 75 кг-д М.Мягмаржаргал, 69 кг-д Э.Эрдэнэтуяа нар тэмцээнээ өндөрлүүлсэн.
Харин 48 кг-д О.Жаргалан, 54 кг-д М.Нандинцэцэг нар шөвгийн наймд, 60 кг-д М.Намуун шөвгийн 16-д үлдээд байна.
Өнөөдөр 54 кг-д М.Нандинцэцэг хагас шигшээд өрсөлдөх эрхийн төлөөх тулааныг хийх бөгөөд https://www.aiba.org/ сайтаар шууд дамжуулан үзүүлнэ.
Энтертайнмент
С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо
Бүгд Найрамдах Исланд Улсад хэрэглэлтэй пауэрлифтингийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт болсон бөгөөд манай улсаас МПНХ-ны Ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй гурван тамирчин өрсөлдөхөд Монголын баг нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн байна.
Тэмцээний сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 84 кг-ын жинд С.Мөнхзул газраас таталтын төрөлд 227.5 кг-ыг өргөснөөр алтан медаль хүртэж, ДАШТ-ий насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ангилалд алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов.
Мөн энэ жингийн хүрэл медалийг Монгол Улсын тамирчин Б.Марал хүртжээ.
С.Мөнхзул нь өнгөрсөн онд Мастеруудын дэлхийн аварга болж, Ази, Номхон далай, Африк тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, шилдэг тамирчин өргөмжлөл хүртсэн билээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.