Одооны залуус тансаг байранд амьдрах хүсэлтэй. Бүгд л банкны зээлтэй. Өглөөнөөс үдшийн бүрий хүртэл хөдөлмөрлөж олсон хэдэн төгрөгөө банкинд тушаачихна. 20 гаруй жилийн турш өртэй амьдарч байгаа хүүхдүүдээ харахаар өрөвдөөд байх юм. Байранд амьдарвал аз жаргалтай болчих юм шиг бодно. Болдог сон бол энэ хэдийгээ монгол гэрт амьдруулчих юм сан” гэж 70 гаруй настай буурай халаглан ярьж суухыг сонсч билээ. Буурлын хэлсэн үгийг дүгнэхэд үнэний ортой байж ч мэдэх юм.
Таван ханатай гэрийг сайхан тохижуулаад тав тухтай амьдрах боломж уг нь бидэнд бий. Гэвч төдийлөн гэрийг ойшооодоггүй. Бүгд л байранд амьдрах сонирхолтой байдаг нь нууц биш.Тэгвэл монгол гэрийг яг л байр шиг тохижуулан, гал түлэхгүй халаалтаа шийдэж, хачин сайхан амьдардаг үлгэр жишээч бүсгүйг “Эгэл амьдрал” буландаа онцолж байна. Түүнийг Т. Энх-Амар гэдэг. 23 настай. Өмнөговь аймгийн Ханбогд суманд хүүгийнхээ хамт монгол гэрийг орчин үеийн шийдлээр тохижуулан амьдарч байна. Гэрт нь ороход тав тух, эмх цэгцтэй, цэвэрхэн саруулхан орчин биднийг угтлаа.
Шалны халаалт тавиулчихсан болохоор гал түлэхгүй. Ээлжийн ажил хийдэг учраас түлээ нүүрсний ч асуудал гэж санаа зоволгүй ажилдаа анхаарал хандуулдаг гэдгээ онцолсон юм. Тэрээр “Орчин үед гэрийг ямар ч дизайнтай болгоод амьдрах боломж бүрдчихсэн цаг үед амьдарч байна. Анх найзаасаа гэрийнхээ халаалтыг хэрхэн шийдэх санааг аваад хэрэгжүүлсэн. Тэгээд гэртээ тавилга захиалж, хийлгээд тав тухтай орчинг бүрдүүлсэн дээ. Өвлийн улиралд ч даарна гэх ойлголт байхгүй. Хүү маань хөл нүцгэн тоглоод л гүйчихнэ. Гэртээ байх үедээ халаалт байнгын асаалттай. Тогны мөнгө ч боломжийн гардаг. Миний ажил ээлжийнх учир дөрөв хоног гэртээ, дөрөв хоног ажил дээрээ байрладаг. Тэгэхээр сард 15 хоног тасралтгүй цахилгаан хэрэглэнэ. 25000 төгрөгийн төлбөр төлдөг. Түлээ нүүрс гэхгүй амар л байна.Ариун цэвэр болон угаалгын өрөөг хананаасаа хаалга гаргаад сендвич юм уу тоосго, блокоор бариад давхар шийдэх боломжтой. Би ирэх хавраас тэгэх бодолтой байна. Заавал орон сууцанд амьдрах гэж их хэмжээний зээлийн дарамттай амьдарч байснаас монгол гэрийг хүссэнээрээ тохижуулаад амьдрах боломжтой гэдгийг залуустаа хандаж хэлмээр байна” гэв.
Том машины жолоочоос цаг тутамд анхаарал, ур чадвар шаарддаг
Тэрбээр Монгол улсын хөгжилд хүнд даацын “Комацу 930” машин барьж хувь нэмрээ оруулж яваа хөдөлмөрч бүсгүй. Түүний барьдаг машины өөрийнх нь жин 250 тонн. Харин 330 тоннын ачаа ачдаг. Хэн хүний зүрхэлж барихгүй том төмөр хүлгийг жолооддог тэрээр ирээдүйд гаднын уурхайд очиж ажиллах мөрөөдөлтэй.
Том машин барихад ямар байдаг талаар асуухад “Жолоочоос ур чадвар, анхаарал, хяналт цаг тутамд шаарддаг хариуцлагатай ажил. Жаахан анхаарал сулрах юм бол аюул дагуулж, амь насанд ч эрсдэл учруулна. Дуу чимээ ихтэй. Аргагүй дээ том машин юм чинь. Бороо, цас орохгүй л бол нэг их асуудал гардаггүй ээ.
Хэрвээ орчихсон үед гулгаж, хальтираад хэцүү л байдаг. Бороо орохоор л их айдаг. Нэг удаа гүн рүү томилгоо аваад явсан чинь хальтирч гулгаад айсандаа ахлахаа дуудаж буулгуулж байсан. Бараг уйлах дөхсөн шүү. Машинд эвдрэл гэмтэл гарлаа гэхэд дэлгэцэн дээр гараад ирнэ. Тэгээд л цаг алдалгүй засварын хэлтэст мэдээлэл өгөөд янзлуулчихдаг. Ажил хийх нөхцөл байдал, цалин хангамж маш сайтай. Оюутолгойд ажиллаж, эх орныхоо бүтээн байгуулалтанд гар бие оролцож, хүнд даацын машин барьдгаараа бахархдаг. Ургахын улаан нартай уралдан босч ундаа ууснаар миний ажлын нэг өдөр эхэлнэ. Хуралдаа сууж, хийх ажлынхаа томилгоог аваад дампаа унаад давхиж өгнө. Манай хамт олон бие биедээ үргэлж тусалж дэмждэг учраас тэднээсээ эрч хүчийг авдаг. Оюутолгойд ажиллаад гурван жил болж байна. Цалин хангамж сайтай учраас илүү их хичээж ажиллахыг зорьдог” гэв. Түүний хэлж буй үг бүрээс ажилдаа зүтгэл гаргаж, зүрх сэтгэлээ зориулан ажилладаг нь мэдрэгдэж байлаа.
Хүү минь чихэр биш дэвтэр авхуулдаг
Хүний амьдрал гэнэтийн зүйлээр дүүрэн байдаг. Хайрлаж, дурлаж хамтдаа хөтлөлцөж, хоёр биенээ түшиж, аз жаргалтай элэг бүтэн, ханьтайгаа эрхлэлдэн амьдарч байсан үе түүнд бий. Гэвч өөрөөсөө илүү хайрладаг байсан хань нь нэг л өдөр юу ч болоогүй юм шиг яваад өгсөн гэдэг. Тэрбээр тийм зүйл болно гэж бодоо ч үгүй, зүүдлээ ч үгүй явсан. Гэтэл нэг л өдөр итгэлийн багана нь нуран унасан гэдгээ ч хэлж байлаа. “Хүүгээ ч тоохгүй хаяж яваад өөр эмэгтэйтэй гэрлэчихээр нь “Хайр ямар хямдхан юм бэ” гэх бодол төрсөн. Хүү минь аавдаа амь, их хайртай байсан. Хааяа ганцаараа тоглож байхдаа “Аавтайгаа хамт энэ тоглоомоор тоглодог байсан” гэх үгийг сонсоод сэтгэл өмөрч, өөрийн эрхгүй хүүгээ өрөвддөг юм. Гэхдээ би хүүгээ аавын хайраар дутаахгүй аз жаргалтай амьдруулах сан гэж зүтгэж явна. Элдвийг эргэцүүлэн бодоход энэ хорвоо дээр эхийн хайр шиг үнэнч сэтгэл хаана ч байхгүй” гэдгийг Т. Энх-Амар бүсгүй хоёр нүдэндээ нулимстай хоолой зангируулан хэлж байлаа.
Гэхдээ одоо би хүүгийнхээ аавд гомддоггүй. Харин ч надад ээж гэх эрхэм алдрыг өгч, хүүгийнхээ төлөө илүү их эрч хүчтэй ажиллаж, амьдрах хүч бэлэглэсэн” гэх хэдхэн үгнээс эмэгтэй хүний зүрх үргэлж, үрийнхээ төлөө цохилдог гэдгийг харж болохоор…
Тэрбээр дөрвөн өдөр ажиллаж дөрвөн өдөр амардаг. Амарсан өдрүүддээ хүүтэйгээ хамт тоглож, ярилцаж өнгөрүүлдэг гэнэ. Хүүгийнхээ талаар ” Миний хүү чинь ээждээ үргэлж аз жаргал, хайр, инээмсэглэл бэлэглэдэг. Даруухан, томоотой, сэргэлэн хүүхэд. Намайг ер зовоодоггүй. Дэлгүүрт дагуулаад орохоор “чихэр авъя” гэдэггүй. Дэвтэр ном авахуулна. Зурж, будах их сонирхолтой. Жаахан гэлтгүй ээжтэйгээ чин сэтгэлээсээ нээлттэй ярилцдаг хэрсүү хүү дээ” гэв. Нээрэн ч хөөрхөн хүү нь ээжийнхээ өмөг түшиг болох гэж хорвоод мэндэлсэн юм чинь тэгэхээс өөр яалтай билээ. Удахгүй хүү нь уулыг өргөх хүчтэй эр хүн болчихоод ээжийнхээ ачийг хариулах өдөр ирж л таарна. Гэрэлтсэн нүдтэй жаахан бор хүүгийнхээ төлөө бүх зүйлийг гэгээнээр хардаг ажилсаг бүсгүйн амьдрал аз жаргалаар, ажил нь амжилт бүтээлээр дүүрэн байх болтугай.
С.Ичинхорлоо