Хэвлэл мэдээллийнхэн энэ хүнийг андахгүй.Түүнтэй уулзаж, хуучлахаар “Монголын Үнэн” сонины үүдээр орж, өрөөнийх нь хаалгыг зөөлөн онгойлов. Тэрбээр сониноо унших завгүй бичиг цаастайгаа зууралдсаар сууна. Хамт ажиллаж, бичсэнээ уншуулж, хянуулан ихийг сурч мэдсэнээ хэлэх зуур ажил амьдралынх нь тухай ам алдуулж чадсандаа олзуурхав.
Зургийн аппаратаа мөрөвчлөн хаана ямар үйл явдал болно тэнд хэзээний гүйгээд оччихсон байдаг хярваа хар сахалтай хижээлдүү насны түүнийг танихгүй хүн үгүй.
Тэр нэгэн оны жихүүн өвөл
Монголын түүхэнд баруун хилийн буюу Байтагийн тулгаралтын тухай тодоор тэмдэглэн бичсэн байдаг билээ. Тухайлбал, 1940 оны дунд үеэс Ховд аймгийн баруун хилээр османы дээрэмчид үе үе хил зөрчиж, ард олныг айлган сүрдүүлж, дээрэм тонуул хийж, нутгийн иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулж байсан гэдэг. Тэд нутгийн гүн рүү нэвтэрч, айл амьтныг түйвээн дээрэмдэж, малыг нь хил давуулан авч одох болжээ. Хатуу хахир, хүнд энэ үеийн тухай тэрбээр сонин хууч хөврүүллээ. Тэднийх Цагаан түнгэ гэх өвс, дэрс, мод, бут бүхий өргөн уудам нутагт өвөлжиж байжээ. Нэгэн өглөө дөнгөж босцгоож байхад гэрийнх нь гадуур сум шунгинаж, буун дуу гарчээ. Энэ үед аав нь том охиндоо “Цаана чинь юун буун дуу гарав аа. Хар үүрээр гэрийн хаяагаар буудаж ан гөрөө хийж явдаг ямар хүн байдаг юм бол. Гараад хараад ир” гэхэд “Ааваа болохоо байлаа. Олон морьтой казахууд гэрийн урдуур, хойгуур давхилдаж, ийш тийш буудацгааж байна” гэжээ. Гэрийнхэн нь санд мэнд босч хувцаслаад, тугалын пүнзэндээ чихэлдэн орж амь аргацааж байхад өнөөх дээрэмчид гэрийн гадаа уяатай хоносон тэмээ малыг орилуулан хөөж туусаар чимээ алсарсан гэдэг. Тэд ч буцан орж дулаан хувцсаа өмсч, гэрийнхээ доод талд байдаг зэгс, дэрс бүхий судалд орж нуугдацгаажээ.
Үд хэвийж, оройн сэрүү орохын алдад хоёр тэмээ ачаа хөтөлсөн нэг хасаг жалгын эрэг дээгүүр өнгөрч яваад өнөөх хэдийг харснаа “Дуран байгаа юу” гэж асуухад том хүү нь “Байхгүй” гэж хэлэхэд аав нь “Дуугай бай” гэж зандарчээ. Тэр мөчид нөгөө хасаг нярайлах дөхсөн тулгар биетэй ээжийнх нь өмссөн шинэхэн сэгсүүргэн дээлийг өг хэмээжээ. Өгөхгүй бол буудна гэдгийг мэдэх болохоор тайлж өгөхөд тэмээтэй ачааныхаа дээгүүр шидчихээд яваад өгсөн байна. Өвлийн тэсгим хүйтэнд хөнгөн нимгэн хувцастай үлдсэн эхэд хүүхдээ эсэн мэнд төрүүлэхээс өөр бодол төрсөнгүй. Хасгийн дээрэмчид бог малыг Мэргэн уулын зүг тоосруулан туусаар холдож, чимээ алсрахтай зэрэгцэн харуй бүрий болж, оройн жавар тачигнах нь тулгар биетэй ээжийг нь байж суух аргагүй болгосноор тэд гэртээ эргэн иржээ. Дээрэмчид гэрийнх нь эсгий үүдийг хүртэл эвдэж, эд хогшлыг нь юу ч үлдээлгүй цөлмөн авч одсон гэдэг.
Энэ их дээрэм тонуулын дараа тулгар эх нярайлж, бас нэгэн хүүгээр бүл нэмжээ. Хэд хоногийн дараа хасгийн дээрэмчдийн хөлөөс дайжиж Хар өтөг гэх газар буйр сэлгэн бууж, хүүхдийнхээ угаалга хийж, нэр хайрласан байна. Хасгаас амьд мэнд үлдсэнийг нь бэлгэшээж, ах Дамбийгийн нэр дээр Бөх гэсэн үг нэмж Бөхдамбий гэжээ. Бөхдамбий ахын аав Ноосонбор гэж гартаа уртай, ан хийж, тариа тарьдаг амьдрах арга ухаантай хүн байжээ. Бусдад дээрэмдүүлсний дараа Ноосонбор гуай хагарсан аягыг төмрөөр амлаж, олон айлыг уух аягатай болгосон гэдэг.
Ааваас өвлөсөн авьяас
“Аавын ур ухааныг ах, дүү нар маань ямар нэгэн хэмжээгээр өвлөсөн. Ажилсаг, амьдрах арга ухаантай, ур дүйтэй аавынхаа буянд үр хүүхдүүд нь ажил төрөлтэй. Амьдрал ахуй нь тэгш дүүрэн сайхан явна аа” хэмээн хэлэхдээ түүний нүдний аяганд нулимс мэлтрэн байв. Арга ч үгүй биз ээ. Арав ч хүрээгүй балчир насандаа ааваасаа өнчирч, ээжтэйгээ үлдэж, хүмүүний орчлонгийн хатуу хүтүүг туулсан энэ айлын амьдрал нэгийг өгүүлэх шиг.
Хүндхэн үед хөдөөгийн буйдхан талд Н.Бөхдамбий ахын бага нас өнгөрчээ. Гэлээ ч тэрбээр бага насныхаа дурсамжийг их л гэгээлгээр өгүүлнэ. Үенч нутаг тэр дундаа Цагаан түнгэ гэх дэрс бут, бургас хяргана тэргүүтнээр баялаг нутгаараа бахархаж ярих дуртай. “Миний ах Дамбий бага сургуулийн гуравдугаар ангид ордог жил манайх Цагаан түнгэд намаржаандаа буугаад удаагүй байхад сургуульдаа явах боллоо. Ээж надад ахыгаа сургуульд нь хүргэж өгөөд ирээрэй гээд бид хоёрыг моринд сундлуулаад явуулж билээ. Би ахыгаа 30 гаруй км-ийн алсад байрлах сумын төвийн сургуульд хүргэж өгөөд буцсан юм. Буцаад Цагаантүнгийн эхээр орж явахдаа төөрөх янзтай болоод явчихав. Гэтэл миний замд авга эгч маань хонио хариулж явахтай таарахад “Танайх тээр тэнд утаа гарч байгаа гэр шүү” хэмээн зааж өгч билээ. Өндөр ургасан дэрсэн дундаас суунаглах утаагаар гэрээ заалган харьж билээ. Тэгэхэд би зургаан настай л байсан байх. Би таван настайгаасаа морь унаж, хөршийнхөө мал хуйг ойртуулж өгдөг байлаа. Манай хөрш Дэндэв гуай намайг “Бөхөө хүү морин дээр малгай шиг харагддаг” гэж өхөөрддөг байсансан. Ах, бид их л багаасаа хар бор ажилд гар бие оролцож, амьдрах арга ухаанд суралцсан юм шүү” гэж тэрбээр өгүүллээ.
Хөвөнтэй дээлтэй хөглөсөн нь
Бөхөө ах бараг есөн настайдаа ардын сургуулийн босгыг алхаж оржээ. Тэр үед тохилог байшин барилга байсангүй. Үенчийн бага сургууль гэр, шавар байшинд хичээллэх болсноор А үсэг заалгаж, аргын тоонд суралцаж эхэлсэн байна. Анхны багш Шилэг нь сайхан бичдэг, үлгэр жишээ хүн байсан болоод ч тэр үү ангийнхан нь сурлагаараа онцгойрч байсныг тэрбээр онцлов. Бага сургуульд дөрвөн жил сураад Ховд аймгийн Булган сумын дунд сургуульд элсэн суралцжээ.
Дунд сургуульд сурч байхдаа ангийнхаа ханын сонин болон багш нарын үзүүлэн самбар зэргийг хийж эхэлжээ. Түүний хувьд 10 дугаар ангиа төгстлөө сум, орон нутаг болон сургуулийнхаа бичих зурах аливаа зүйлд оролцож, кабинет тохижуулах, үзүүлэн самбар хийжээ. Ингэж явсаар МУИС-ийн Монгол хэл-уран зохиолын багшийн ангид суралцах хуваарь авчээ.
“Намайг аравдугаар анги төгсдөг зун манайх Сөнхөлд зусч байлаа. Ээжийнхээ дэргэд хэд хонохдоо хонь мал хариулж, өөрийн өмч хүрэн морио унаж, ах дүүгийндээ очиж, сургуульд явах болсноо дуулгахад тэд ч баярлан угтаж билээ. Сургуульд явах болоход бага дүү маань нүдэндээ нулимстай үлдэж билээ. Ээжтэйгээ дөрөө харшуулан нарийны хөтөл дээр гарч ирээд овоонд чулуу нэмж, гол уруудан давхиж зорьсон газраа ирсэн юм. Тухайн үед ноос ачсан тээврийн тэрэг аймаг явахаар бараг л хөдлөх гэж байхад ээж маань нутгийн жолооч Пүрвээ гуайд намайг захиж, суулгаад хоёр морио хөтлөн цааш эргэхдээ нүдээ арчиж байхыг хараад сэтгэл дотор нэг юм оргих шиг болсон” гэв.
Аймгийн төв ч орж үзээгүй хөдөөний хүү ийнхүү холыг зорихдоо хөвөнтэй дээл, савхин гутал өмсч, хот ороод ах дүүдээ өг гэж ээжийнхээ өгсөн шар тос ааруул зэргийг шуудайнд хийж аваад тээврийн тэргэнд суужээ. Аймагтаа хоёр хоноод “АН-29” онгоц хөлөглөн нийслэлд ирсэн түүний хөглөж, гайхширсан түүх сонин агаад сонирхолтой.
Нутгийн ахынхаа таньдаг айлд хоночихоод өглөө нь ахынх руугаа автобусаар явахаар болжээ. Автобусанд ороход хүн бүхэн цамцтай хөнгөн нимгэн явж байхад хөвөнтэй дээлтэй, савхин гуталтай хөлсөө дуслуулан явж байсан гэдэг. Хажуугаар нь шар автобусны шил толь болсныг, хотын барилга байшингийн өндөр саруулыг, хүмүүсийн цэвэр цэмцгэрийг гайхан биширч, өөрөө бантаж баахан ичингүйрч байснаа дурсан инээмсэглэлээ.
Хотод ирээд хэд хоносны дараа сургуульдаа бүртгүүлэхээр арван жилийн ангийнхаа найзтай МУИС-ийг хайж, Хан-Уул дүүрэг орчмоор хэсэгтээ эрэл хайгуул болжээ. Таван жил суралцсаны эцэст МУИС-ийг Монгол хэл-уран зохиолын багшийн мэргэжлээр дүүргэж, нийслэлийн II дунд сургуулиас ажлынхаа гарааг эхэлжээ.
Үнэн сонины албанд 40 гаруй жил зүтгэсэн нь
Ёстой л будаг нь ханхалсан гэдэг шиг дөнгөж их сургуулиа төгссөн залуухан багш нийслэлийн төвийн дунд сургуульд таван жил гаруй ажиллажээ. Энэ хугацаанд багшлах арга барил нь холбогдох байгууллагаас ажлын санал тавих шалтгаан болж эхэлсэн байна. Тухайн үед байгууллагууд залуу боловсон хүчнийг судалж, шилж сонгож авдаг цаг. Нарийн болзол шалгуур тавьдаг хатуу үе байсан хэрэг. Намын төв хороо, Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн төв хороо зэрэг газраас түүнийг судалж, сонжих болжээ. Нэг удаа Намын төв хорооноос хүн ирж уулзан элдвийг асууж, шалгаахдаа “Та Орос хэл хэр мэдэх вэ? гэж асуухад “Сайн мэдэхгүй” гэсэн хариултыг өгчээ. Тэр шалгасан хүн нь УИХ-ын дарга асан Д.Дэмбэрэл байсныг сүүлд мэдсэн гэдэг. Түүний хүсэл бас мөрөөдөл нь эзэмшсэн мэргэжлийнхээ дагуу хаа нэгтэй алба эрхлэхийг зорин тэмүүлдэг байсан аж.
Хүний хүсэл мөрөөдөл биелэх шиг сайхан зүйл хаасан билээ. 1977 оны хавар “Үнэн” сонины газраас дуудаж ажилтнаар авах санал тавьжээ. Сонин хэвлэлийн ажил өөрийнх нь эзэмшсэн мэргэжилд ойр байсан болохоор зөвшөөрсөн ч тухайн үеийн хотын Боловсролын хэлтсийн дарга “Залуу багшаа өгөхгүй” хэмээн эрс эсэргүүцсэн хариу өгчээ. Хичээл сургууль засварлаж, багш сурагчид зуны амралтаа авах үеэр “Үнэн” сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга нь дахин дуудаж, хоёр сонин өгч “Алдааг засаад аваад ир” гэжээ. Үг үсэг, хэл найруулгын талаас нь нэлээд нухаж, буцаасан хүлээлгэж өгснийг сонины коллегийн хурлаар оруулсан байна. Тэр жилийн нэгдүгээр сард сонины газраас дахин дуудаж, “Таныг ажилд авах боллоо” гэснээр сонинтой салшгүй холбогджээ. Түүнээс хойш Бөхдамбий ах 40 гаруй жилийн турш “Үнэн” сонинд ажиллажээ.
Тэрбээр эхлээд “Үнэн” сонины Хэвлэлийн хэсэгт хянагч нийлэгчээр ажилд орж хэдхэн сар ажиллаад редактор болсон байна. Хэвлэлийн энэ хэсэгт шинэ сэтгүүлчид дадлагажин үг үсгийн алдааг хянадаг, сонины дэглэлт дизайнтай гүн танилцаж, сэтгүүлзүйн бичлэгийн олон арга хэлбэрт дадаж суралцдаг. Энэ албанд зургаа, долоон жил зүтгэхдээ үг үсгийн ноцтой алдаа гаргалгүй сайн ажилласны учир сониныхоо редакцид шилжин орж, Захидлын хэлтэс, Лавлах тасаг, Сурвалжлагчдын хэлтэс зэрэгт утга зохиолын ажилтан, сурвалжлагчаар ажиллаж, сурвалжлага, тэмдэглэл, мэдээ материал бэлдэж, идэвхтэн бичигдийн ирүүлсэн материалтай их “ноцолджээ”.
Тэр уламжлал нь одоо ч үргэлжилсээр. Манай Бөхөө ах одоо ч залуу сэтгүүлчдийн бичсэнийг редакторлах, засч сайжруулахад чин сэтгэлээсээ хандаж, тусалж дэмжсээр байна. “Тулхтай хүн” хэмээн хайрлаж, хүндэлддэг тэрбээр өөрийгөө “Би сониныхоо эрхлэгч, цэвэрлэгчээс бусад бүх ажлыг хийсэн” гэж хошигнодог. Хошигнох ч биш юм. Сониндоо хянагч, нийлэгч, редактороос утга зохиолын ажилтан, сурвалжлагч, хариуцлагатай нарийн бичгийн дарга гээд ажилласан нэгэн манайдаа хуруу дарам цөөн. 1970-аад оны сүүлчээс өнөөг хүртэлх “Монголын Үнэн” сонины шарласан хуудсыг сөхөхөд түүний бичсэн материал зурайн харагдана.
Олон жилийн турш бичиж, редакторлаж явсан хүн яагаад гэрэл зураг руу “урваж” аппарат үүрч хаа сайгүй явдаг нь сонирхолтой санагддаг юм. Тэрбээр оюутан цагаасаа “Зорький”, “Фед” гэх мэт аппаратаар зураг авч хальс цаасыг гэрийн нөхцөлд хороо найруулан угааж, гэрэл зургийн анхны мэдэгдэхүүнтэй болсноо дурсав. Сонины ажилтан болсон тэр цагаас өөрийн бичсэн зүйлээ зурагжуулах, орон нутаг руу сурвалжлагаар явахдаа сонины хэрэгцээт гэрэл зургийг авч нийлүүлдэг байсан нь түүний сонирхолоос гадна ажлын шаардлага байжээ.
Аливаа зүйлийг зөв, сайн сайхан талаас нь харж, дүрслэх билгийн хараа, сонирхол нь хөтөлж өдий хүртэл гэрэл зурагтай нөхөрлүүлсэн аж. Сүүлийн 20-30 жилийн “Үнэн” сонины хуудсыг сөхөхөд өдөрт нэгээс хоёр, заримдаа түүнээс олон зургийг нийтлүүлж, Н.Бөхдамбий нэр бичээстэй байгаа нь нүднээ тодорно.
Сонины гэрэл зурагчинд хүрэхгүй газар очихгүй үйл явдал гэж үгүй. Тэр бүхэнд хэзээний л оччихсон дурангаараа шагайн, ажлаа хичээнгүйлэн хийж яваа харагддаг. 40 гаруй жилийн өмнө сэтгүүлзүйн салбар руу “урваж” орж ирсэн Соёлын гавьяат зүтгэлтэн Н.Бөхдамбий ах үг үсэг найруулга зүйн хичээлээ залуу сэтгүүлчдэд харамгүй заадаг “Шинэ үсгийн багш”. Алдаа гаргахад амаараа “алганы амт” үзүүлж, амжилт гаргахад инээмсэглэлээрээ шагнах энэ хүнээр “Монголын Үнэн” сониныхон төдийгүй манай салбарынхан бахархдаг юм.
С.Ичинхорлоо