Энтертайнмент
“Маша баавгай хоёр” хүүхэлдэйн кино хүүхдэд буруу дууриал үзүүлнэ гэв
Хүүхдэд хамгийн хор нөлөөтэй хүүхэлдэйн кино бол “Маша баавгай хоёр” хэмээн оросын сэтгэл зүйчид үзэж байгаагаа илэрхийлсээр байна. Шинжээчид хамгийн гол нь Маша охины биеэ авч яваа байдал, дуулгаваргүй байгаа нь хүүхдэд буруу үлгэр дууриал үзүүлнэ гэснийг оросын хэвлэлүүд тэмдэглэж байгаа юм.
Тэртээ 2009 оноос дэлгэцэнд гарч эхэлсэн “Маша баавгай хоёр” хүүхэлдэйн кино зөвхөн орост төдийгүй Итали, Их Британи, Герман, Индонези, манайд ч түгээл болж ихэд алдаршаад байгаа юм.
“Маша баавгай хоёр” хүүхэлдэйн кино чухам яагаад хүүхдэд муу нөлөө үзүүлэх вэ гэдгийг сэтгэлзүйчид дараах байдлаар тайлбарлаж байна.
– Гол баатруудын үйл хөдлөлийг хэдийгээр хошин шог байдлаар харуулдаг ч үйлдэл нь хэт хүчирхийлэгч шинжтэй, харгис, алуурчин төрхтэй гардаг
– Дүрүүдийн муу муухай үйлдэл нь ямар ч хариуцлага шийтгэлгүй өнгөрч, харин ч амьдрал нь сайжирч байгаагаар гардаг. Улам алдаршиж, баяжиж, нэр хүнд нь дээшилж байна
– Киноны баатруудын үйлдлийг хүүхэд дууриавал амь нас, эрүүл мэнддээ аюул учруулахаар гардаг
– Мөн баатруудын нь биеэ авч яваа байдал нь хүйсийг нь тодорхойлох боломжгүй, эрэгтэй нь эмэгтэй юм шиг, эмэгтэй нь эрэгтэй юм шиг зан ааш гаргадаг
– Киноны баатрууд бусад хүн, амьтан, ургамалд хэтэрхий хүндэтгэлгүй хандаж байгаа нь хүүхэд багачуудыг хөгжлийн бэрхшээлтэй болон ахмад настан, сул дорой нэгэндээ хүндэтгэлгүй харьцах, нийгэм, материалын хувьд ялгаварлан хандах үзэл төлөвшүүлж болзошгүй гэнэ.
– Кино бүхэлдээ баяр амралтын байдлыг харуулснаараа “амьдрал бол мөнхийн баяр амралт” гэсэн үзлийг сурталчилж амар хялбар аргаар амь зууж хөдөлмөрөөс зайлсхийх, тэр ч бүү хэл залилан мэхлэх замаар амьдарч болно гэдэг ойлголт төрүүлэхээр байна.
– Бүхэлдээ гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг үгүйсгэж эцэг эхдээ хүндэтгэлгүй хандах, зөрчилдөх, дуулгаваргүй харьцах зэргийг голчлон үзүүлж байна. Гэр бүлийнхэн бие биедээ хүндэтгэлгүй, анхаарал халамжгүй, зарчимгүй хандаж байгаа нь бие даасан ганцаардмал амьдралыг сурталчилж уламжлалт гэр бүлийн харьцаанаас татгалзах ойлголт төрүүлэхээр байна гэж сэтгэл зүйчид үзэж байгаа юм байна.
ОХУ-ын Москвагийн Улсын их сургуулийн сэтгэлзүйн салбарын аргазүйн тэнхимийн профессор Лидия Матвеева “Маша баавгай хоёр” кино үзсэн хүүхэд эргэн тойрон, амьдралынхаа эд зүйлсийг энэ бүхэн зорилгодоо хүрэх хэрэгсэл л юм байна хэмээн бодож эхэлнэ. Баавгайн дүр гэхэд л хүүхдийн эцгийн нэр хүндийг унагаж, яг л амьтан шиг бодогдуулахын зэрэгцээ Маша нь өөрөөсөө том амьтан, хүчирхийлэл, бүхнийг тэсвэрлэж байгаа нь үнэмшилгүй, түүнээс том хүүхэд ч энэ бүхнийг даван туулж чадахгүй шүү дээ гэж байна. Эцэст нь Матвеева “Маша баавгай хоёр” хүүхэлдэйн кино хүүхдэд олигтой сайн зүйл юу ч сургахгүй гэжээ.
Энтертайнмент
С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо
Бүгд Найрамдах Исланд Улсад хэрэглэлтэй пауэрлифтингийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт болсон бөгөөд манай улсаас МПНХ-ны Ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй гурван тамирчин өрсөлдөхөд Монголын баг нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн байна.
Тэмцээний сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 84 кг-ын жинд С.Мөнхзул газраас таталтын төрөлд 227.5 кг-ыг өргөснөөр алтан медаль хүртэж, ДАШТ-ий насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ангилалд алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов.
Мөн энэ жингийн хүрэл медалийг Монгол Улсын тамирчин Б.Марал хүртжээ.
С.Мөнхзул нь өнгөрсөн онд Мастеруудын дэлхийн аварга болж, Ази, Номхон далай, Африк тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, шилдэг тамирчин өргөмжлөл хүртсэн билээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.