Авьяасыг бурхнаас заяасан гэлцдэг. Түүнийг хөгжүүлж, хөглөж, эсгийгээр зураг зулж хийх урсгалыг эх орондоо бий болгож чадсан эрхэм хүмүүн А.Баасансүрэнгийн урланд зочиллоо.
Биднийг очиход тэрбээр бүтээлээ туурвиж байв. Өнгө өнгийн жижигхэн ноосийг эмхэрч зургийнхаа эгнээ нэг бүрт эвлэгхэн байрлуулж байгаа харагдана. Ноосоор зулж зураг “зурж” байгаа нь энэ аж. Харахад ажиллагаатай гэдэг нь хэн хүнд ойлгомжтой. Зургийнхаа их биеийг өөрөө зурж гаргасны дараа, дээд хэсэгт нь өнгө алагласан ноосийг нэгбүрчлэн суурилуулж, зураг бүтэх эхлэлийг ийн тавьдаг байна. Ноосоо худалдан авч, өнгөнд оруулах ажлыг ч өөрөө хариуцан хийнэ. Хонины ноосийг хэвэнд оруулахын тулд байнга усаар норгон, шавшихгүй бол хийсэн бүтээл нь хаа сайгүй хийсэх магадлалтай.
А.Баасансүрэн Дүрслэх урлагийн дээд сургуулийг зураач мэргэжлээр төгссөн. Зурж, будах сонирхолдоо хүүхэд ахуй наснаасаа хөтлөгдөж, хүсэл мөрөөдлөө биелүүлэхийн тулд зураач хэмээх мэргэжлийг сонгосон гэдэг. Их сургуулиа төгсч, мэргэжлээрээ ажиллаж явсан үе түүнд бий. Хийж бүтээх хүслээр дүүрэн авьяас билэгтэй хүнийг хажуудаа “уяахыг” хүсээгүй тул компанийн захирал нь түүнийг ажлаасаа гарч өөрийнхөө бүтээлийг туурвих санал тавьжээ. Тэрбээр “Эсгий урлалаар бүтээл туурвиад 20 жил болж байна. Эсгий урлал бол дотроо олон төрөлд хуваагддаг. Манайх эсгий зургаар голлож бүтээл туурвиж байна. Монголын уламжлалт зулах арга буюу гараар зураг бий болдог. Уран зургаар яривал будагны оронд өнгийн ноосийг ашиглаж хийдэг гэсэн үг. Ажиллагаа ихтэй. Ноосныхоо ширхэгийг дагуулан зулж хийнэ. Зулах явцдаа зургийнхаа өнгө сүүдэр, хэлбэр дүрсийг ноосныхоо өнгөөр гаргадаг” гэв.
Ихэвчлэн монгол ахуй үндэсний өв соёлыг шингээсэн бүтээл туурвидаг байна. Малын ноосоор хийсэн дэлхийд үнэлэгдэхүйц хэд хэдэн бүтээл түүний урын санд хадгалагдан үлджээ. Гар аргаар тэр тусмаа ноосоор зураг зулж хийсэн гэхэд итгэддэггүй хүмүүстэй энд тэнд таарч явсан талаараа хуучлан ярьж байсан юм. Төгс бүтээл “төрүүлж” чадаж байгааг зураг л гэрчлэх мэт.
Сүүлийн үед үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, эх орондоо үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг хэрэглэх хүмүүсийн тоо эрс нэмэгдсэн. Тиймээс монгол ахуй шингээсэн малын ноосоор урласан зургийг ч захиалдаг хүн нэлээд байдаг байна.
Ажлыг шат дараатай хийдэг. Эсгий зургийг зулж хийхэд мөн адил шат дамжлагаар бүтнэ. Эскиз буюу хар зураг гаргахаас ажил эхэлдэг байна. Монголдоо шинэлэг гэж хэлж болохуйц уг бүтээлийг А.Баасансүрэн 1997 оноос хийж эхэлжээ. Түүний хийсэн бүтээл Монголд төдийгүй гадаадын оронд хүртэл үзэсгэлэнд оролцож байжээ. Хийж бүтээхийн хүслээр хөглөгдсөн уран зургийн шинэлэг урсгалыг бий болгож чадсан түүнийг нэг зүйл “чөдөрлөдөг” нь санхүүгийн асуудал гэнэ. ЖДҮ-ийн зээлийг авах гэж хоёр ч удаа төсөл бичиж, бүтээлээ үзүүлээд ч зээл авч чаддаггүй талаараа онцолж байсан юм. Өөрөө бүтээлээ туурвихын зэрэгцээ эхнэртэйгээ хамтран эсгийгээр хийж болох бүх зүйлийг урладаг байна. Гутал, цүнх, хүүхдийн бойтог, ороолт зэргийг хийдэг гэнэ. Гэр бүлээрээ эсгий урлал хийж, боломжийн үнээр борлуулдаг тэдэнд санхүүгийн дэмжлэг хэрэгтэй байгааг энд онцлох нь зүйн хэрэг болов уу.
“Хэрвээ санхүүгийн боломжтой бол хийх ажил их байна. Дэлхийн хэмжээнд үнэлэгдэхүйц бүтээл урлах туйлын хүсэлтэй” аж. Одоогоос олон жилийн өмнө Амарбаясгалант хийдийг ноосоор зулж зураг хийсэн нь тухайн үедээ “сенсааци” тарьж байсан гэнэ. Монгол хүн, малынхаа ноосоор урласан бүтээлүүд дэлхий дахинд төдийгүй бусад оронд худалдагдсан байна. Үүнээс түүнийг ямар уран бүтээлч вэ гэдгийг илтгэж байгаа хэрэг. Хэрвээ ЖДҮ-ийн зээл зорилтот бүлгийнхээ хүмүүст очдог бол гэх харуусал төрж байсныг нуух юун.
Монгол хүний ур дүй, ухаан, ахуй соёлыг ноостой хослуулан зураг урладаг А.Баасансүрэнгээс зарим асуултад хариулт авсан юм.
–Таны хийсэн бүтээлийг сонирхлоо. Хэр баргийн хүн хийж чадахааргүй ажиллагаа ихтэй санагдлаа?
-Ноосныхоо ширхэгийг дагуулан зулж хийдэг. Хамгийн гол нь мэргэжлийн түвшинд хийдгээрээ онцлог. Эхлээд зургийн гол дүр болох дүрсүүд тавигдана. Дараа нь дүрсээ хамгаалсан өнгийг тавьж өгнө. Тэгээд арын фон хэсгийг тавьж өгдөг. Байгалийн зургаар жишээ татаж ярьвал, газар, тэнгэр ар талд нь тавигдаж, хамгаалалтынхаа өнгийг мөн адил тавина. Хамгийн сүүлд зургийнхаа үндсэн өнгийг тавьдаг. Бүгдийг ноосоор тавьж өгнө. Эсгийн дээр зураг зурдаг биш, ноосоороо эсгий хийж байна гэсэн үг. Томоохон хэмжээний уран бүтээл гэвэл Амарбаясгалант хийдийн зургийг зулж хийж байсан. 2007 онд Шотландад болсон олон улсын эсгийчдийн холбооны компизм үзэсгэлэнд оролцож байлаа. Тэр үзэсгэлэнд Амарбаясгалан хийдийн эсгий зурган бүтээл зарагдсан.
–Ноосыг ширхэгийн дагуу нэгбүрчлэн тавьж хийдэг юм байна. Нэг бүтээл хийхэд хэдий хэр хугацаа шаарддаг вэ?
-Харилцан адилгүй. Деталл ихтэй. Сар үргэлжлэх нарийн ажиллагаатай зураг ч бий. Эзэнт гүрэн гэсэн зураг гэхэд сар үргэлжилсэн. Хэмжээнээсээ бас шалтгаална.
–Таны бүтээл гадаадын хэд хэдэн оронд худалдаалагдсан гэсэн. Энэ нь таны бүтээл дэлхий дахинд үнэлэгдэж байгаагийн илрэл болов уу?
-Ажиллагаа ихтэй, мэргэжлийн төвшний бүтээлүүдийн дийлэнх нь гадаадын орон руу худалдаалагдсан байгаа. Гадаадын үзэсгэлэнд оролцоод тэндээ зарагдчихдаг.
-1997 оноос эхэлж өнөөдрийг хүртэл бүтээл туурвисан. Одоогоор урын сандаа хичнээн бүтээлтэй болсон бэ?
-Маш олон бүтээл туурвисан. Тоолж байгаагүй. Хөрөг, байгалийн, хийсвэр, монгол ахуйг үндэсний уламжлалыг илтгэсэн гэх зэрэг төрөл бүрийн зургийг ноосоор зулж, эсгийрүүлж зураг хийж байна.
–Ноосоо худалдаж авахаас таны ажилдаг эхэлдэг байх. Ноосны олдоц хэр байна вэ?
-Тэгнэ. Ноосоо худалдаж аваад өөрсдөө мэргэжлийн төвшинд олон янзын өнгө гаргадаг. Худалдаанд бол үндсэн хэдэн өнгийг зарна. Бүтээл туурвихад маш олон төрлийн өнгө шаарддаг учраас өөрсдөө өнгөнд оруулдаг.
–Захиалгаар зураг зулж хийдэг өгсөн гэсэн. Таны бүтээл хэдээс хэдэн төгрөгийн үнэлгээтэй вэ?
-Хамгийн бага хэмжээтэй зураг бол A4 25 мянган төгрөгийн үнэлгээтэй. Ямар зураг вэ гэдгээс шалтгаалж үнэ бол харилцан адилгүй. Уран бүтээлийн зураг бол илүү үнэтэй.
–Амарбаясгалант хийдийн зургийг Монголын соёлын өвд авахаар яригдаж байсан гэсэн. Тухайн үед яагаад аваагүй юм бол?
-Уг нь Монголын соёлын өвд авах гэж байсан юм. Тухайн үед хүмүүсийнх нь санал тэнцсэн асуудал үүссэн. Уг нь долоон хүн хуралдаж шийддэг юм билээ. Гэтэл зургаан хүн хуралдаад санал нь тэнцчихсэн учраас аваагүй. Тухайн үед гадаад руу үзэсгэлэнд яваад 2000 фаунтаар зарагдсан.
-20 гаруй жил бүтээл туурвилаа. Алдаа оноо хамт дэнслэгдэх нь ойлгомжтой. Одооны залуус ажлынхаа төгсгөлийг үзээгүй байж шантраад эхлүүлсэн бизнес болон ажлаа хаях тал ажиглагддаг. Танд шантрах үе байсан уу. Хэрхэн даван туулж гардаг байв?
-Мэдээж байлгүй яах вэ. Эсгий зургийг би өөрөө сонирхолдоо хөтлөгдөж хийж эхэлсэн. 20 жилийн хугацаа хүч хөдөлмөрөө зориулсан. Буруу зөрүү хийж байсан тохиолдол байдаг. Монгол дээлтэй хүний дээлийн энгэрийг буруу харуулаад хийчихсэн байсан. Тэгээд дахиж хийж байв. Уйгагүй, шантрахгүй хийсээр өнөөдрийг хүрлээ. Ноосоор зураг эсгийрүүлж хийх их ажиллагаатай. Байнга норгож, харж хандахгүй бол хийсчих гээд байдаг юм. Тэмдэглэгээг хүртэл сайн хийх хэрэгтэй. Нэг өнгөөр хийж байгаад андуураад өөр өнгө оруулчихвал бүтээлийн утга алдагдана. Тэгэхээр бас анхаарал их шаарддаг.
–Хийхэд их ажиллагаатай ямар зураг байдаг вэ?
-Хөрөг зураг их ажиллагаа шаардана. Тухайн хүний нүүрний характер, нүдийг сайн гаргаж өгөх ёстой. Хөрөг зургийг зурахад хүртэл хэцүү байдаг. Нүдийг нь сайн гаргаж өгөхгүй бол тухайн хүнээсээ тэс өөр болчихно.
–Та Д.Дагвадорж аваргаас эхлээд олны танил хүмүүсийн зургийг нэлээд хийжээ?
-Д.Дагвадорж аварга, МУГЖ Батцэцэг, загвар өмсөгч Ч.Содтуяа зэрэг нэлээд олон хүний зургийг зулж хийсэн.
–Өөрөө бүтээл хийхийн хажуугаар сурсан мэдлэгээ бусдад зааж сургадаг гэсэн. Сургалтынхаа талаар тодорхой мэдээлэл өгнө үү?
-Анхан болон ахисан, мэргэжлийн төвшний сургалтад хамрагдах боломжтой. Анхан шатны сургалтад зураг зулж хийх талаар мэдлэг олгодог. Дөрвөн цагийн сургалтад суугаад өөрөө бүтээл хийгээд явдаг. Зөндөө олон шавьтай болсон. Өмнөговь аймгийн Даланзадгад хотын 30 гаруй эмэгтэйчүүд мөн Эрдэнэтэд сургалтад явуулж байсан. Саяхан Хөсөг төслийн шугамаар ч бас сургалт явуулсан.
–Бизнес хийхэд санхүүгийн асуудал тулгардаг. ЖДҮ–ийн зээл зорилтот бүлэгтэй очдоггүй. Танайх ЖДҮ–ийн зээлд хамрагдах гэж төсөл бичиж өгч байв уу?
-Хоёр удаа төсөл бичиж, өгсөн. Гэхдээ авч чадаагүй. ЖДҮ-ийн зээл олгохоосоо өмнө тухайн үйлдвэрлэл дээр очиж, яг юу хийж байгааг мэдэх хэрэгтэй. Яг хийж бүтээдэг хүмүүсийг дэмжиж зээл олгомоор санагддаг юм. Худалдааны компани ажиллуулдаг байж гар урлалын цех ажиллуулдаг гээд зээл авчихсан хүнийг мэднэ. Үүнээс харахад ЖДҮ-ийн зээл зорилтот бүлэгтээ очиж чадахгүй байна. Хэрвээ зээл авчихвал хийх ажил их байна. Тухайлбал, галерей байгуулж, өөрийн гэсэн үзэсгэлэн гаргамаар байна. Амарбаясгалант хийдийн зургийг гэхэд одоогоос 20 гаруй жилийн өмнө хийж байсан. Гэтэл 20 жилийн хугацаа өнгөрхөд миний төвшинд ийм бүтээл туурвисан хүн монголд байтугай дэлхийд ч байхгүй. Зээл авчихсан бол үүнээс илүү бүтээл хийчих хугацаа хангалттай байсан. Санхүүгийн асуудлаас болоод хүссэн бүтээлээ туурвиж чадахгүй байна.
C.Ичинхорлоо