Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун бүсийн захирал, доктор Такеши Касай тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.
Монгол Улсын Засгийн газар, ДЭМБ хоорондын харилцаа, хамтын ажиллагаанд сэтгэл хангалуун байдагаа Ерөнхий сайд илэрхийлэв. ДЭМБ-ын Номхон далайн баруун бүс нь эрүүл мэндийн салбарт явуулж байгаа бодлого, үйл ажиллагааг дэмжин, техникийн туслалцаа үзүүлж ирснийг тэмдэглэв.
Засгийн газар өвдсөн хойно нь эмчлэх бус, өвчлөхөөс урьдчилан сэргийлж, үндэсний эрүүл мэндийн тогтолцооны чадавхийг бэхжүүлэхийг зорьж байгааг хэлэв. Мөн “Хэнийг ч үл орхигдуулах” зорилтын хүрээнд бүх иргэн, тэр дундаа эмэгтэйчүүд, охид, өсвөр насныхан, өндөр настан, зорилтот бүлгийнхэнд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэхийн тулд шаардлагатай бүх арга хэмжээг авч байгааг онцлов.
Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яамтай нягт хамтран ажиллаж байгааг ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал, доктор Такеши Касай тэмдэглэв.
Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх нь зөвхөн эрүүл мэндийн салбарынхны ажил бус, бүх салбар оролцож хамтран ажиллаж байж үр дүнд хүрнэ гэж үздэгээ илэрхийлэв.
Эрүүл мэнд бол хэрэглээ биш хөрөнгө оруулалт. Иргэд нь эрүүл байж тухайн улс орон хөгжинө гэдэгт талууд санал нэгдэв. ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал, доктор Такеши Касай “Эрүүл мэндийн аюулгүй байдал-салбар дундын хамтын ажиллагаа” сэдэвт өндөр түвшний хуралдаанд оролцохоор иржээ хэмээн Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.