Бусад
Дүүргийн эмнэлэгт шөнийн цагаар ачаалал гурав дахин их байна

Ханиад томуугийн дэгдэлт өсч байгаатай холбогдуулан дүүргийн эмнэлгүүдийн ачаалал бодит байдал дээр ямар байгааг тодруулахаар Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийг зорилоо. Тус эмнэлгийн хаалгаар ормогц коридороор дүүрэн хүмүүс харагдав. Учир нь том хүмүүс болон хүүхдэд яаралтай түргэн тусламж үзүүлдэг хүлээн авах тасаг нэг дор байгаагаас үүдэн хүүхдээ үзүүлэхээр дугаарлаж байгаа эцэг эхчүүд болон Яаралтай түргэн тусламжаар ирэгсэд бүгд ийнхүү шамбааралдан зогсчээ. “Хүүхдийн тасгийн яаралтай тусламжийн хэсэг” гэсэн ногоон хаалганы үүдэнд 10 орчим эцэг эхчүүд хүүхдүүдээ тэврэн дарааллаа хүлээж суулаа. Гадуур хувцастай 30 орчим насны эмэгтэй дөрвөн насны орчим охиноо тэвэрч коридороор нааш цааш алхана. Бяцхан охин нь халуурч, ханиалгах зовиур их байгаа бололтой ойр ойрхон цор, цор ханиалгаж, царай нь сульдсан байдалтай зовиурлаж харагдав. Үзлэгийн өрөөний үүдэнд “Эмнэлэгт хандаж байгаа эцэг, эхчүүд асран хамгаалагчдын анхааралд: Ажлын цагаар дүүргийн эмнэлгийн хүүхдийн хүлээн авах, яаралтай тусламжийн хэсгээр хэвтэх бичигтэй, хүнд хэлбэрийн амьсгалын дутмагшил, таталт, хүнд хэлбэрийн шингэн алдалт, ухаангүй буюу унтаарсан, хоёр сар хүртэлх нярай, өндөр халууралт, хүчтэй өвдөлт, хүнд тураал, эмийн хордлоготой хүүхдүүд үйлчлэхийг анхаарна уу. Ажлын цагаар дээрх шалтгаануудаас бусад тохиолдолд өрхийн эмч болон дүүргийн хүүхдийн амбулаториор үйлчлүүлнэ үү” гэсэн мэдээлэл наасан байв. Үүнээс харахад тус эмнэлэгт ирсэн бүх хүүхдүүд яаралтай тусламж авах шаардлагатай нь тодорхой байна. Хаалганы цаанаас цагаан халаадтай сувилагч шагайж “Дараагийн хүүхэд хэн бэ. Хэвтэх бичигтэй юу?” гэж асуухтай зэрэгцэн үүдэнд байрлалтай сандлын хамгийн захад сууж байсан охин хүүхдээ тэвэрсэн чигтээ ухасхийн босож “Хэвтэх бичигтэй” гэж хариулаад гадуур хувцсаа хам хум тайлан нөхөр рүүгээ шидчихээд үзлэгийн өрөө рүү орчихлоо. Иргэд бүгд л хоёроос гурван тортой, хөнжил гудас, цүнх сав бөөгнүүлж ирснээс нь харахад өрхийн эмнэлэг эсвэл амбулаторид үзүүлээд хэвтэх бэлтгэлээ базаагаад ирсэн нь илэрхий.
Ингээд тус эмнэлгийн хүүхдийн эмч Б.Рэнцэнхандтай уулзахад тэрээр “Орны ачаалал 2-2,5 дахин өссөн. Өчигдөр орой 22 цагаас өглөөний 08 цаг хүртэл манай яаралтай тусламжийн тасагт 82 хүүхэд ирж үзлэгт хамрагдсанаас 15 хүүхэд нь хэвтэж, 67 хүүхдэд үзлэг хийж, гэрээр эмчилгээ асаргаа хийх зөвлөмж, зөвлөгөө өгөөд явуулсан байна. Одоо манай эмнэлэгт 145 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Хүүхдийн тасгийн үндсэн хүчин чадал сэхээний тасагтайгаа нийлээд 80 орны хүчин чадалтай. Гэсэн хэдий ч ханиад томуугийн өвчлөл ихсэж, ачаалал нэмэгдсэн болохоор мэдрэлийн тасгийнхаа 33 орыг чөлөөлж хүүхдүүдийг хэвтүүлэн эмчилж байна. Мөн нэмэлтээр өрөөнүүддээ эвхдэг ор боломжийнхоо хэрээр шахаж тавиад хүчин чадлаа нэмэгдүүлсэн. Амбулаторын эмч нар өглөө 08.30-21:00 уртасгасан цагаар ажиллаж манай тасгийн ачааллыг багасгаж байгаа боловч ажлаа тараад хүүхдээ үзүүлдэг эцэг эхчүүд их байна. Өдрийн цагаар амбулаториор 40-50 хүүхэд үзүүлсэн байхад, шөнийн цагаар 130-150 хүүхэд үзүүлж ачаалал нь гурав дахин нэмэгдэж байна. Тиймээс эмнэлэгт ажлын цагаар ирж хүүхдээ үзүүлдэг баймаар байна. Орой энд шавчихаар жижүүр эмч нар хэвтэж байгаа 100 гаруй хүүхдээ анхаарах биш, шинээр ирж байгаа хүүхдүүдэд үзлэг хийгээд таарч байна” гэв. Мөн тэрээр “Заавал эмнэлэгт хэвтэж хүүхдээ эмчлүүлэхдээ биш. Аль болох хүүхдээ өвчин нь гэртээ хүндрэхээс өмнө эмчилдэг байвал олон хүнд халдаахгүй, хурдан эдгэрэх боломжтой. Ханиадны 200 гаруй төрлийн вирус байдаг. Эмнэлэгт хэвтэж байгаа хүүхдүүдийн нэг нь нэг төрлийн вирусаар өвдсөн байхад, нөгөө нь өөр төрлөөр өвдсөн тохиолдолд дахин өөр халдвар авах эрсдэлтэй. Эмнэлэгт бүрэн төгс эмчилгээ хийгээд гаргадаггүй. Зөвхөн хурц үеийг нь дардаг учраас эмнэлгээс гараад дархлааг нь дэмжиж өгөх хэрэгтэй гэж тайлбарлан ярив. Вирусын ханиадны гол шинж тэмдэг нь хордлогоор илэрдэг. Тиймээс шингэн зүйлийг ойр ойрхон халбагаар уулгах хэрэгтэй. Мөн халуурсан үед өөрсдөө дур мэдэн нэг найрлагатай эмийг олон нэрээр авч өгснөөс эмийн хордлого болох тохиолдол гарч байгааг анхааруулав. Иймээс дур мэдэн эм өгөлгүйгээр өрхийн эмчдээ үзүүлэх хэрэгтэй” гэдгийг онцоллоо.
Тус эмнэлэгт хоёр ихэр хүүхэдтэйгээ хэвтэж байгаа Ц. Золжаргалаас эмчилгээний явц ямар байгааг тодруулсан юм. Тэрээр ярихдаа “ Хэвтээд дөрөв хонож байна. Хоёр хүүхэд маань жаахан ханиалгаад маргааш нь өрхийн эмнэлэгтээ үзүүлэхэд хатгаа болсон байна гээд энд ирж хэвтсэн. Эмнэлгийн ачаалал их байна. Тасагт долоон хүүхэд хэвтэж байна. Нэг ёсондоо асран хамгаалагчтайгаа 14 хүн нэг өрөөнд байгаа гэсэн үг. Хэвтсэнээс хойш эмчилгээ хийгдээд хүүхдүүдийн бие сайжирч байгаа. Уг нь бага насны хүүхдүүдийн эмчилгээний зардлыг төрөөс даах ёстой байдаг боловч дүүргийн эмч нар манайд уян зүү, утлагын бодис байхгүй гэрээсээ захиулж ав гэдэг. Утлага хийхэд өдөрт хоёр бодис хэрэглэдэг. Нэг нь 4000 төгрөгийн үнэтэй. Одоогийн байдлаар 32 мянган төгрөгөөр бодис авчхаад байна. Гэхдээ гаднаас наад захын уян зүү, утлаганы бодис гэх мэт ойр зуурын бүх эмийг гаднаас худалдаж авч байгаа нь санхүүгийн хувьд маш хүндрэлтэй байдаг. Эмнэлэгт хоол, эмчилгээний хувьд харин сайн байгаа” гэж байв.
Бүх дүүргийн эмнэлэгт ханиад томууны ид үеэр ачаалал маш өндөр байгаа бөгөөд эмнэлгүүд ачааллаа даахгүй ч бололцооныхоо хэрээр иргэдэд үйлчилж байна.

Бусад
Ерөнхийлөгчийн ивээл дор Нөмрөгийн дархан цаазат газарт тахь нутагшуулах төсөл хэрэгжүүлнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Чех Улсын Прага хотын амьтны хүрээлэнгийн захирал Мирослав Бобек болон Карлын их сургуулийн Монгол судлалын төвийн багш, монголч эрдэмтэн Вероника Каписовска нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Прага хотын амьтны хүрээлэн Монгол Улсад 30 гаруй жилийн турш зэрлэг амьтдыг хамгаалах, тэр дундаа тахийг сэргээн нутагшуулах, Говийн их дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны материаллаг баазыг бэхжүүлэх, боловсон хүчнийг чадавхжуулах, судалгаа шинжилгээний ажлыг эрчимжүүлэх чиглэлээр үнэтэй хувь нэмэр оруулж ирснийг онцлон тэмдэглэлээ.
Цаашид Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Дорнод аймгийн Халх гол сумын нутагт орших Нөмрөгийн дархан цаазат газарт тахийг шинээр нутагшуулах төсөл хэрэгжүүлэхээр ярилцаж, говь, хуурай хээрийн бүсийн экосистемийн үнэлгээ хийх, экологийн хувьд онцгой ач холбогдолтой газар нутгийг тогтоож, тусгай хамгаалалтад авах, үүнд шаардлагатай мэргэжлийн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар болсонд Ерөнхийлөгч талархал илэрхийллээ.
Энэхүү уулзалт нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны гуравдугаар сард Бүгд Найрамдах Чех Улсад хийсэн төрийн айлчлалын мөрөөр хэрэгжүүлж буй ажлын нэг бөгөөд айлчлалын үеэр ярилцсан санал, санаачилгууд ийнхүү бодит ажил хэрэг болон хэрэгжиж байгаагийн илрэл юм.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн айлчлалынхаа үеэр Прага хотын амьтны хүрээлэнд зочилж, шинээр төрсөн тахийн унаганд “Дагина” хэмээх нэр хайрлаж байсан юм.
Прага хотын амьтны хүрээлэн 2024 оны гуравдугаар сард “Монголын говь”-ийн байнгын үзмэр байгуулж, монгол гэр барин, тахь нутагшуулах төслийн үйл явц, үр дүнг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэнг олон нийтэд тогтмол толилуулж байна.
Мөн Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч Петр Павел Зэвсэгт хүчний Жанжин штабын даргаар ажиллаж байх хугацаандаа тахь нутагшуулах ажлын хүрээнд тахийг цэргийн онгоцоор тээвэрлэн Монгол Улсад авчрах шийдвэр гаргасан нь уг төслийн амжилтад чухал хувь нэмэр оруулсан юм. Үүний үр дүнд Хустайн нуруу, Хомын тал зэрэг бүс нутагт тахийн тоо толгой 1,000 гаруйд хүрээд байна.
Бусад
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид дуудлагын дагуу аврах ажиллагааг зохион байгуулжээ.
Усанд автомашинтайгаа боогдсон байсан 4 иргэнийг уснаас гаргаж, аюулгүй байдлыг хангасан байна.
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчиж, гол гатлахгүй байхыг анхааруулж байна.
Бусад
Олон улсын стандартад нийцсэн IBAN дансны дугаарлалтыг нэвтрүүллээ
Монголбанк нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд зааснаар Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-242 дугаар тушаалаар бүх иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарлалтыг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ашиглахыг зогсоож, олон улсын дансны нэгдсэн дугаарлалтад бүрэн шилжүүлэхээр Монголбанк нь банк, төлбөрийн системийн нийт оролцогчидтой хамтран ажилласан.
Энэ хүрээнд иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарыг дөрөвдүгээр сараас эхлэн ашиглагдахгүй болж харин IBAN дансны дугаарлалтын зааврын дагуу шинэчлэгдсэн бүтэцтэйгээр төлбөр тооцоо дамжиж эхэлсэн.
Та бүгдийн үндсэн дансны дугаарт өөрчлөлт орохгүйгээр улсын код, хяналтын орон, банкны болон дансны дугаар гэсэн бүтэцтэй нийт 20 оронгийн урттай болж байна. IBAN дансны дугаарлалттай болсноор олон улсын гүйлгээ илүү хурдан, найдвартай, эрсдэлгүй болж, алдаатай гүйлгээ буцаагдах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ аль банкны данс вэ гэдгийг шууд мэдэх боломжтой зэрэг давуу талтай боллоо.
-
Нийгэм4 цаг өмнө
Саналын хуудас, санал тоолох төхөөрөмж хүлээлгэж өглөө
-
Эдийн засаг3 цаг өмнө
Нийт 16.9 тэрбум төгрөгийн үнэ бүхий хөдөө, аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг биржээр арилжлаа
-
Улс төр4 цаг өмнө
Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалт албан ёсоор эхэллээ
-
Нийгэм4 цаг өмнө
“Хүрээ цам-Даншиг наадам 2025″ энэ сарын 28, 29-нд болно
-
Нийгэм3 цаг өмнө
Ж.Хунан: Хууль хоорондын зөрчилдөөнд хүүхэд хохирох ёсгүй
-
Нийгэм4 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурханы батлагдсан тохиолдол 7717 бүртгэгдэж, нас баралт 6 болжээ
-
Нийгэм1 цаг өмнө
Элсэлтийн шалгалт зургаадугаар сарын 18-нд эхэлнэ
-
Нийгэм1 цаг өмнө
Цэрэгт татагдсан залуус жолооны сургалтад хамрагдаж, үнэмлэхээ гардлаа