Өмнө нь явагдаж байсан яриа хэлэлцээр ёсоор бол ОХУ олборлолтоо өдөрт 300 мянган баррелиар бууруулахаар байгаа. Үүнийг нийт гишүүн орнуудын нийлбэрээр бодвол олборлолт хоногт 1.8 сая баррелиар буурна гэсэн тооцоо байсан. Энэ арга хэмжээ нь газрын тосны үнийг тогтворжуулах зорилготой байсан юм. Гэвч ОХУ ийнхүү байр сууринаасаа ухарч хоногт 140 мянган баррелиас илүүгээр бууруулахгүй гэсэн шийдэлд хүрсэн байна.
Газрын тос экспортлогч Катар улс ОПЕК-ийн гишүүнчлэлээс гарч байгаагаа уржигдар зарласан нь гишүүн орнуудын дунд олборлолт бууруулах асуудлаар зөрчил байгааг анх харуулсан. Гэхдээ Катар нь нийт гишүүн орнуудын олборлодог газрын тосны 17 орчим хувийг л бүрдүүлдэг тул төдийлөн жин дарахааргүй байсан юм. Харин Саудын Арабын хамт дэлхийн хамгийн том экспортлогч гэж тооцогддог ОХУ олборлолтоо бууруулахаас татгалзсан явдал үр дүнд бодитой нөлөө үзүүлнэ гэдгийг ажиглагчид тэмдэглэж байгаа юм. “Саудын Араб олборлолтоо бууруулахаар ажиллаж байгаа боловч хэрвээ ОХУ бууруулахгүй гэвэл бид ч бас бууруулахгүй” гэж Саудын Арабын эх сурвалж хэлсэн талаар ВВС агентлагийн мэдээлэлд дурдсан байна.
Хэрвээ байдал ингэж эргэвэл ОПЕК-ийн гишүүн орнууд ч мөн олборлолтоо бууруулахгүй, улмаар газрын тосны үнэ буурсан хэвээр байх нөхцөл байдал үүсч байгаа юм. Энэ нь хэрэглэгч орнуудын хувьд таатай мэдээ билээ.