Энтертайнмент
“AIPS” авардсаас “Уурга шүүрлээ” III байрын шагнал хүртжээ
Олон улсын спортын сэтгүүлчдийн холбоо “AIPS”-оос зарласан cпортын гэрэл зургийн “Алтан агшин” /Асtion/ дэлхийн уралдаанд 125 орны гэрэл зурагчдын 1794 бүтээл өрсөлдсөнөөс Монголын cпортын сэтгүүлчдийн холбооны гишүүн, гэрэл зурагчин Ч.Ганбатын “Уурга шүүрлээ” фото зураг хүрэл медаль хүртэв.Олон улсын спортын сэтгүүлчдийн холбоо “AIPS”-ны 83 дугаар Их хурал хоёрдугаар сарын 3-6-нд Унгарын нийслэл Будапешт хотноо болж байгаа юм.
Тус их хурлын үеэр спортын сэтгүүлзүйн шилдэг бичлэг, нийтлэл, видео болон гэрэл зургийн бүтээлүүдийг шалгаруулах “AIPS Sport Media Awards” шагнал гардуулах ёслол болж гэрэл зургийн “AIPS Sport Media Awards”-д Монгол Улсын спортын сэтгүүлч Чулуунбаатарын Ганбатын бүтээл шилдгийн шилдэг гуравт ийнхүү багтаж хүндтэй шагнал хүртлээ.
Тэрбээр зун, өвлийн дөрвөн олимпын наадмыг болон Азийн наадмуудыг сурвалжилж гэрэл зургийн хальсанд буулгасан спортын шилдэг гэрэл зурагчин билээ.
Энтертайнмент
С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо
Бүгд Найрамдах Исланд Улсад хэрэглэлтэй пауэрлифтингийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт болсон бөгөөд манай улсаас МПНХ-ны Ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй гурван тамирчин өрсөлдөхөд Монголын баг нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн байна.
Тэмцээний сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 84 кг-ын жинд С.Мөнхзул газраас таталтын төрөлд 227.5 кг-ыг өргөснөөр алтан медаль хүртэж, ДАШТ-ий насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ангилалд алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов.
Мөн энэ жингийн хүрэл медалийг Монгол Улсын тамирчин Б.Марал хүртжээ.
С.Мөнхзул нь өнгөрсөн онд Мастеруудын дэлхийн аварга болж, Ази, Номхон далай, Африк тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, шилдэг тамирчин өргөмжлөл хүртсэн билээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.