Улс төр
Нийслэлийн 2019 оны төсөв батлах тухай болон холбогдох бусад асуудлаар нитх дахь ардчилсан намын бүлгийн санал, дүгнэлт

Эрхэм нийслэлчүүд ээ, эрхэм төлөөлөгчид өө, та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе.
Нийслэлийн хөгжлийн бодлогыг тоогоор илэрхийлсэн хамгийн чухал баримт бичгийг та бид өнөөдөр хэлэлцэж байна.
Нийслэлийн 2019 оны төсөв бол нийслэлчүүдийн өмнө тулгамдсан асуудал, Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсан ажлуудтай уялдаж явах ёстой. Харамсалтай нь та бүхний амлалт биелэхээргүй төсөв болсон байна.
- Төсвийн орлого өссөн ч хотын хөгжил урагшлахгүй байгаа талаар
2019 онд Улаанбаатар хотын төсвийн орлого 2016 онд 461,5 тэрбум байсан бол 2019 онд 796,2 тэрбум болж 334,6 тэрбум төгрөгөөр буюу 72,5 хувиар нэмэдсэн байна. Дүүргүүдийг оролцуулан тооцвол нийслэл хот маань нийтдээ 990 тэрбум буюу 1 их наяд орчим төгрөгийн орлоготой болжээ.
Жил бүр дунджаар 150 орчим тэрбум төгрөгөөр хотын орлого нэмэгдэж байна. Гэвч төсвийн орлогын өсөлт нийслэлийн иргэнд хүрэхгүй байна. Нийслэлчүүдийн хувьд тулгамдсан асуудлууд шийдэгдээгүй хэвээр байна.
Харин нийслэлийн төсвийн урсгал зардал нэмэгдсээр байна. Нийслэлийн 2019 оны төсвийн урсгал зардал 269,5 тэрбум төгрөг байгаагаас Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын зардал 42,9 тэрбумд хүрч, өмнөх оныхтой харьцуулахад 22,3 хувиар 2016 оныхтой харьцуулахад 95,1 хувиар нэмэгдсэн байна.
Нийслэлийн удирдлагууд төрийн аудитын зөвлөмжийг хэрэгжүүлээгүй төдийгүй тэвчиж болох зардлыг ч хэмнэх алхам хийгээгүй байна. Нийслэлийн төрийн захиргааны болон хэрэгжүүлэгч агентлагуудын дэд буюу орлогч дарга, дүүргүүдийн Засаг даргын орлогч, бусад шаардлагагүй орон тоог шийдвэрлэж, төсвийн зардлыг хэмнэж ажиллах нэг ч санаачилга гаргахгүй, урсгал задлыг танаагүйгээс төсвийн хөрөнгө үр ашиггүй зарцуулагдаж байна.
- 2. Тооцоогүй, үр ашиггүй төлөвлөлтийн талаар
Нийслэлийн төсвийн төлөвлөлт нь бүхэлдээ хөгжлийн санхүүжилт байх учиртай. Харин нийслэлийн төсөв өнөөдөр татвар төлөгчдийн мөнгийг тэрбум тэрбумаар нь үр дүн нь тодорхойгүй хөтөлбөр, төлөвлөгөө, аргачлал, сургалт семинарт зориулж, баяр наадам тэмдэглэх, шоу цэнгээн зохион байгуулах, тооцоо судалгаагүй байр байшин авах зэрэгт зарцуулдаг арга хэрэгсэл болж хувирсан байна.
Жишээ татвал Нийслэлийн төсвөөс улсын баярын наадмыг тэмдэглэхэд 3 тэрбум, Нийслэлийн 380 жилийн ойг тэмдэглэхэд 3 тэрбум, Зүүн хойд Азийн аялал жуулчлал санхүүгийн төв болоход тус тус 3 тэрбум төгрөгийг тусгаснаар 2019 онд нийт 9 тэрбум төгрөгийг зөвхөн шоу цэнгээний арга хэмжээнд зориулахаар болсон байна. Аз жаргалтай хотын индекс тооцох аргачлал боловсруулах зардал жил бүр 1 тэрбум төгрөгийг үр ашиггүй зарцуулж байна, ямар үр дүн гарсныг хэн ч хэлж мэдэхгүй байна.
Та бүхэн нийслэлчүүдийг “Аз жаргалтай хот”-д амьдруулах амлалт өгсөн. Өнөөдөр нийслэлчүүд баяр наадам тэмдэглэж, тооцоо судалгаагүй байр байшин худалдаж авсанаар аз жаргалтай болохооргүй байна. Харин нийслэлийн бүтээн байгуулалтыг нэмэгдүүлж, гэр хорооллыг хөгжүүлж, нийтийн тээврийг сайжруулж, амьдрах орчныг сайжруулж байж аз жаргалтай болохоор байна.
Аливаа хотын цөм нь ХҮН, түүнийг тойрсон таатай орчин, үйлчилгээг бий болгох асуудал. Нийслэлийн төсвийг хүний төлөө, хөгжлийн төлөө баталж хэрэгжүүлэх учиртай. Иймд АН-ын бүлэг тэвчиж болох урсгал зардал, оновчгүй хөрөнгө оруулалтыг хасаж, нийслэлчүүдийн өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэх тодорхой саналуудыг дэвшүүлж байна.
Төсвийн төслөөс хасах санал:
- Нийслэлийн захиргааны шинэ байр барих зардлаас 20 тэрбум төгрөгийг хасах саналтай байна. Нийслэлд өнөөдөр төр захиргааны шинэ байр байр барихаас илүү гэр хорооллыг багасгах асуудал тулгамдаж байна.
- Нийслэлийн 380 жилийн ойн арга хэмжээг зохион байгуулахад зориулж тусгасан 3 тэрбум төгрөгийг хасах саналтай байна. Нийслэлийн ойг Зүүн хойд Азийн бизнес аялал жуулчлал, санхүүгийн төв болоход зориулсан 3 тэрбумын төсөвт арга хэмжээний хүрээнд зохион байгуулж тул өмнөх жишгээр дээрх арга хэмжээний хүрээнд зохион байгуулах боломтой юм.
- Нийслэлийн захиргааны шинэ байрны тавилга эд хогшил авахад зориулж төлөвлөсөн 3 тэрбум төгрөгийг хасах саналтай байна. Нийслэлийн байгууллагууд хуучин тавилга, техник хэрэгслээ зөөвөрлөн ашиглах боломжтой тул төлөвлөсөн 3 тэрбум төгрөгийг тэвчиж болох зардалд оруулж, татвар төлөгчдийн мөнгийг нь хэмнэх нь зүйтэй гэж үзэж байна.
- Нийслэлийн орон сууц хөтөлбөрт тусгасан 10 тэрбумыг хасах саналтай байна. Жил бүр бүрийн төсөвт орон сууцны 10 тэрбум төгрөгийг тусгаж байгаа боловч ямар ч үр дүн гараагүй байна. Уг төсвийн зарцуулалт нь ойлгомжгүй, тодорхой бус байна. Иймд зориулалт нь тодорхой, үр дүн гарах бодит ажил зориулах нь зүйтэй юм.
- Сервис цэнтрийг 2 байршилд байгуулахаар 20 тэрбумыг төсөвлөснөөс 1 байршлыг хасч, 10 тэрбумыг нь хасах саналтай байна. Гэр хорооллын 200 айл өрхийг дундын бүсийн төлөвлөлтөд хамруулах энэ ажилд өнгөрсөн жил тодорхой мөнгө төсөвлөсөн. Өнөөдрийн байдлын үр дүн, үр ашиг нь тодорхойгүй байдалтай байхад дахин 2 байршилд төлөвлөх шаардлагагүй гэж үзэж байна.
- Нийслэлийн төр захиргааны шинэ байрны Ашиглалтын өмнөх захиргаа болон нүүлгэн шилжүүлэхтэй холбоотой урьдчилан гарах зардалд тусгасан 1 тэрбум төгрөгийн 500 саяар саналтай байна. Нүүлгэлтийн зардлын өндрөөр буюу 1 тэрбум төгрөгөөр төсөвлөсөн тул 500 сая болгож хасах нь зүйтэй гэж үзэж байна.
Төсөвт тусгах санал:
- Нийслэлийн захиргааны шинэ байр барих зардлаас 20 тэрбум төгрөгийг хасч, гэр хороолын дахин төлөвлөлтөд зориулж тусгах саналыг оруулж байна. Нийслэлийн хүн амын 57 хувь нь гэр хороололд амьдарч байна. Агаар, хөрсний бохирдол, автозамын түгжрэл, эрүүл аюулгүй байдал алдагдах нөхцлийг бүрдүүлж буй гэр хорооллыг хөгжүүлэхгүйгээр нийслэл хөгжихгүй.
- Нийтийн тээврийн парк шинэчлэлд 10 тэрбум төгрөгийг тусгах санал оруулж байна. Нийслэлийн хүн амын 60-70 хувь нь нийтийн тээврээр үйлчлүүлж байна. Гэвч Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй 900 гаруй автобусны 50 хувийнх нь ашиглалтын хугацаа 2019 онд дуусч байна. Нийслэлийн хүн ам өдрөөс өдөрт нэмэгдэж, автозамын түгжрэл өсч буй тул нийтийн тээврийг шинэчлэх, сайжруулах, хөгжүүлэх асуудал зайлшгүй чухал юм.
- Ахмадын орон сууц хөтөлбөрт 10 тэрбум төгрөгийг тусгах саналыг оруулж байна. Нийслэлийн ахмадууд орон сууцанд орох хүсэлт өдрөөс өдөрт нэмэгдэж, ахмадуудаас 10 мянга гаруй өргөдөл ирсэн байгаа боловч өнөөдөр ахмадын орон сууцны хөтөлбөр зогсоод байна.
- Хуучин орон сууцны шинэчлэл, дээврийн засварт 2 тэрбум төгрөгийг тусгах саналыг оруулж байна. Нийслэлд 1965-2000 онд баригдсан 1077 орон сууцанд 45 мянган өрх амьдарч байна. Гадна дулаан алдагдалтай эдгээр орон сууцыг шинэчлэх, дээврийг засварлах зайлшгүй шаардлага тулгарсан байна.
- “Хүүхдэд ээлтэй хот” хөтөлбөрт 250 сая төгрөгийг тусгах саналыг оруулж байна. Нийслэлд одоогийн байдлаар 430 гаруй мянган хүүхэд байна. Гэвч нийслэлийн төсөв хүүхдэд зориулагдахгүй байна.Зөвхөн насны онцлогт тохирсон хөтөлбөрт зориулж 80 сая төгрөгийг л нийслэлийн төсөвт төлөвлөсөн байна. Энэ нь нэг хүүхдэд жилд дунджаар 186 төгрөгийг нийслэлийн төсвөөс хуваарилж байна гэсэн үг юм. Иймд НИТХ-ын 2015 онд баталсан “Хүүхдэд ээлтэй хот” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай 250 сая төгрөгийг 2019 онд суулгах “Хүүхдэд ээлтэй” санаалчилгыг АН-ын эмэгтэй төлөөлөгчид гаргаж байна.
- Улаанбаатар хотын хөрсний бохирдолд 150 сая төгрөгийг суулгах санал оруулж байна. Нийслэлийн хөрсний 88 хувь нь бохирдолтой байгаа ч бохирдлыг бууруулах, хөрсний бохирдлын талаарх ойлголтыг бий болгох алхам хийгдэхгүй байна. Хүн амын эрүүл аюулгүй орчныг алдагдуулсан уг асуудлыг нийслэл анхаарахгүй орхиж болохгүй юм.
НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ ДАХЬ
АРДЧИЛСАН НАМЫН БҮЛЭГ

Улс төр
Мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг хангасан парламентын шийдвэр

Монгол Улсын Их Хурал 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Өмгөөллийн тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болгох тухай хуулийн төслийг хэлэлцэн баталсан. Энэхүү өөрчлөлтөөр хуульч нь өмгөөлөгчийн шалгалтад орохдоо тодорхой ажил, албан тушаалаас чөлөөлөгдсөн байхыг шаарддаг зүй бус хязгаарлалтыг хүчингүй болгосноор хуульчийн мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг хангах нөхцөл бүрдэв.
Энэ хуулийн 15.1.12, 15.1.13-т заасан өмгөөллийн үйл ажиллагаа хавсран эрхэлж болохгүй ажил, албан тушаал эрхэлж байгаа бол шалгалтад оруулахаас татгалзахаар тусгасан нь өмгөөлийн үйл ажиллагаа эрхлэх эсэх нь тодорхойгүй байхад хуульч өөрийн эрхэлж буй ажлаас чөлөөлөгдөхийг шаардсан хуульчийн мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөр эрхлэх үндсэн эрхийг хэт хязгаарлаж, хүний эрхэд нийцээгүй зохицуулалт болсон хэмээн хуулийн төсөл санаачлагч үзэн хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн юм.
Уг заалтын улмаас 2023 онд гэхэд өмгөөллийн эрх авах хүсэлт гаргасан 283 хуульчаас 45 хуульч шалгалтад орох боломжгүй болж, урьдчилсан шалгуураар хасагдаж байжээ.
Энэхүү асуудлаар хуульчид болон иргэдийн зүгээс Үндсэн хуулийн цэцэд удаа дараа гомдол гаргаж байсан бөгөөд Үндсэн хуулийн цэцийн 2022 оны 02 дугаар дүгнэлтээр тухайн заалт нь Үндсэн хууль зөрчөөгүй гэж дүгнэсэн боловч, уг хуулийн заалт Үндсэн хуульд заасан ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг хязгаарласан байх магадлалтай гэсэн байна.
Улсын Их Хурлын гишүүн Г.Уянгахишиг Монгол Улсын Их Хурал хууль тогтоогчийн хувьд хуулийн холбогдох зохицуулалтыг засах нь зүйтэй гэсэн үндэслэлээр Өмгөөллийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6.3 дахь заалтыг хүчингүй болгох тухай хуулийн төслийг санаачилж, 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн юм. Тэрбээр, өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх хүсэлтэй хуульч нь шалгалтаа амжилттай өгч, өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх боломжтой болсон нөхцөлд өмнөх ажлаасаа чөлөөлөгдөх учиртай болохоос, шалгалтад орохын тулд урьдчилан ажил, амьдралаа орхино гэдэг нь хүний эрхийг хэт хязгаарлаж байна. Хэрэв шалгалтад тэнцээгүй нөхцөлд тухайн хүн ажил, амьдралаараа хохирох нөхцөл үүснэ. Цаашид ч ийм логик зөрчилтэй заалтуудыг нэг бүрчлэн засах ёстой гэж үзэж байна хэмээсэн.
Энэ хуулийн өөрчлөлт нь Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөөнд туссан хүн төвтэй, эрх зүйт, хариуцлагатай парламентын “Гурван төгөлдөршил” бодлогын биелэлтийн бодит үр дүнгийн жишээ болж буйг тэрбээр тодотголоо.
Улсын Их Хурлын Хэвлэл, мэдээллийн газар
Улс төр
Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ

Монгол Улсын Ерөнхий сайд, Монголын Шатрын холбооны ерөнхийлөгч Гомбожавын Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч Султан Бин Халифа Аль-Нахъян баяр хүргэж захидал илгээжээ.
Захидалдаа, Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдсонд Азийн Шатрын холбооны өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн баяр хүргэе.
Энэ бол Монголын ард түмний төдийгүй, Азийн шатрын хамт олны хувьд бахархалтай, түүхэн мөч болж байна.
Таны олон жилийн туршид төрд зүтгэсэн тууштай байдал , Монголын Шатрын холбооны Ерөнхийлөгчийн хувиар үзүүлсэн манлайлал нь стратегийн алсын хараа, эх орондоо зориулсан чин сэтгэл, оюуны өндөр эрмэлзэл зэргийн тод жишээ юм. Таны удирдлага дор Монголын шатар хөгжиж, хүчирхэг тамирчид төрөн гарч, олон улсын тавцанд нэр хүндтэй болсон билээ. Таныг улсынхаа хамгийн өндөр албан тушаалд сонгогдсон нь ард түмэнтэйгээ гүн холбоотой, чадварлаг, шударга хүн гэдгийн баталгаа юм.
Бид таны манлайлал дор Монгол Улс цаашид ч хөгжин дэвжинэ гэдэгт гүнээ итгэлтэй байна. Мөн таны шатрын тоглоомд ханддаг гүн хүндэтгэл нь зөвхөн Монголд төдийгүй бүс нутгийн хэмжээнд боловсрол, хүүхэд залуусын хөгжил, соёлын дипломатын чухал хэрэгсэл болох шатрын үүргийг улам бүр бэхжүүлнэ гэдэгт итгэж байна.
Азийн Шатрын Холбоо нь таны нэр хүндтэй удирдлага дор Монголын Шатрын Холбоотой ойр хамтран ажиллах, мөн тив даяар шатрын хөгжлийг дэмжих хамтын зорилгодоо хүрэхийн төлөө хамтран зүтгэх болно.
Ерөнхий сайдын өндөр хариуцлагатай албанд тань амжилт хүсэн, чин сэтгэлийн баяр хүргэе” гэжээ.
Улс төр
Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалт албан ёсоор эхэллээ

2022 онд Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ойгоор Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх дэлхийн үнэт өв, түүх, соёлын дурсгалт газар Орхоны хөндийд шинэ Хархорум хотыг сэргээн байгуулах зарлиг гаргасан.
Монголчуудын түүхэн уламжлал, хүсэл тэмүүлэл, эв нэгдэл, шударга ёс, цог хийморийн илэрхийлэл болсон Төрийн далбааг Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу “Их хаадын цэцэрлэгт хүрээлэн”-д өнө мөнхөд мандуулах ёслолоор Хархорум хотын бүтээн байгуулалт эхэллээ.
Ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож хэлсэн үгэндээ, монгол түмний ариун гал голомт болох Орхоны хөндийд Хархорум хотыг бүтээн байгуулахдаа сурвалж бичиг, археологийн олдвор, нотолгоонд тулгуурлан 800 гаруй жилийн тэртээх дүр төрх, Их хаадын сүр хүчийг шингээх ёстойг онцоллоо.
Мөн авто зам, төмөр зам, нисэх буудал, ус, дулаан, цахилгаан, хог хаягдал боловсруулах үйлдвэр, цэвэрлэх байгууламж, ногоон бүс, хөдөө аж ахуйн кластер, гол, нуурыг сэргээх зэрэгт нэн тэргүүнд анхаарах шаардлагатайг тэмдэглэв.
Цаг хугацаа, хөрөнгө, хүч хөдөлмөр шаардах бүтээн байгуулалтад төр, засаг, хувийн хэвшил, түмэн олноороо нэгдэж, нэгэн үзүүрт сэтгэлээр Хархорум хотоо сэргээн байгуулах үйлсэд идэвхтэй оролцохыг уриаллаа.
Тэрбээр Хархорум хотын ногоон байгууламжийн ажилд сэтгэл зүрхээ зориулан, идэвх санаачилга гарган, хөрөнгө зарцуулсан байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд ард түмний нэрийн өмнөөс талархал илэрхийллээ.
Хархорум хотыг бүтээн байгуулах хүрээнд нийт 1,500 га талбайд нэг сая гаруй шилмүүст болон навчит мод, сөөг тарьж ургуулна.
Сүүлийн сар гаруйн хугацаанд төр, хувийн хэвшил, түүний дотор уул уурхай, ойн болон модны салбарын 40 гаруй байгууллага, аж ахуйн нэгжийн 800 гаруй хүн 550 гаруй мянган мод тариад байна.
“Их хаадын цэцэрлэгт хүрээлэн”-д гэхэд л төр, хувийн хэвшил хамтран 11 мянган ширхэг мод тарин, 13 мянган кв.м авто зогсоол, 11 мянган кв.м явган зам тавьж, цахилгаан, гэрэлтүүлэг, худаг, усжуулалт зэргийг шийджээ.
Шинэ Хархорум хотод 500 мянган хүн оршин суух бөгөөд 285 мянган ажлын байр бий болж, үүнийг даган бүс нутгийн хөгжлийг тэтгэх хот болно гэж тооцоолж байна.
Төр, захиргааны болон олон улсын байгууллага, гадаад улс орнуудын Дипломат төлөөлөгчийн газар төвлөрсөн, нийгэм, эрүүл мэнд, дэд бүтэц, өндөр технологийн үйлдвэрлэл, орон сууц, соёл, урлаг, аялал жуулчлал, ногоон байгууламж, бусад үйлчилгээ хөгжсөн ухаалаг хот байхаар төлөвлөсөн.
Тухайлбал, хотын нийт талбайн 50 хувь нь ногоон байгууламж, 30 хувь нь барилгажих талбай, 20 хувь нь авто зам байх юм.
Хот байгуулахтай холбоотойгоор Өвөрхангай, Архангай аймгийн нутаг дахь Орхоны хөндийд 189 мянган га газрыг улсын тусгай хэрэгцээнд аваад байна.
Хархорум хот нь түгжрэл, агаар, ус, хөрсний бохирдол гээд нийгэм, эдийн засаг, иргэдийн ахуй амьдрал, эрүүл мэнд зэрэгт сөргөөр нөлөөлж байгаа хүн амын төвлөрлийг задлах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдүүлэх, нийгмийн суурь үйлчилгээг хангах, суурьшлын шинэ бүсүүд бий болоход томоохон хувь нэмэр оруулна.
Улсын Их Хурал Хархорум хотын төлөвлөлт, бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хууль баталж, Засгийн газар Хархорум хотын Захирагчийн Ажлын алба, Хотын болон Эрдэмтдийн зөвлөл ажиллуулж байна.
Одоогоор “Их хаадын цэцэрлэгт хүрээлэн”-гээс гадна “Мэдээлэл, сурталчилгааны цогцолбор” байгуулж, Хөгшин Орхон гол, Хэлтгий цагаан нуур, эртний нийслэлийн туурийг сэргээн, хотын бүтээн байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг боловсруулж байгаа юм.
Шинэ Хархорум хотод ногоон байгууламж барих эхний шатны ажилд:
1. “Эрдэнэс Тавантолгой” ХК
2. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ
3. “Эрдэнэс алт ресурс” ХК
4. “Эрдэнэс Монгол нэгдэл”
5. “Эрдэнэс критикал минералс” ТӨҮГ
6. “Энержи ресурс” ХХК
7. “Шивээ овоо” ХХК
8. “Багануур” ХК
9. “Бороо гоулд” ХХК
10. “Оюу толгой” ХХК
11. “Болд төмөр ерөө” ХХК
12. “Саусгоби сэндс” ХХК
13. “Платинум ланд” ХХК
14. “Бадрах энержи” ХХК
15. “Дархан төмөрлөгийн үйлдвэр”
16. “Тэрбум мод” сан
17. Шүүхийн шинжилгээний ерөнхий газар
18. “МИАТ” ТӨХК
19. “УБТЗ” хувь нийлүүлсэн нийгэмлэг
20. “Монголын төмөр зам” ТӨХК
21. “Тавантолгой төмөр зам” ХХК
22. “Хархорин” цахилгаан түгээх сүлжээ
23. Зэвсэгт хүчний Жанжин штаб
24. Хил хамгаалах ерөнхий газар
25. Дотоодын цэргийн штаб
26. Онцгой байдлын ерөнхий газар
27. Цагдаагийн ерөнхий газар
28. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
29. Төрийн тусгай хамгаалалтын газар зэрэг байгууллага, аж ахуйн нэгж хувь нэмрээ орууллаа.
-
Нийгэм4 цаг өмнө
Гадаадын иргэний виз олголт 2.8 дахин өсжээ
-
Нийгэм4 цаг өмнө
Зуны саруудын цаг агаарын ерөнхий төлөв
-
Нийгэм4 цаг өмнө
Энэ оноос эхлэн 105,627 өрхийг шатдаг хийн түлшинд үе шаттайгаар холбохоор төлөвлөж байна
-
Нийгэм5 цаг өмнө
Б.Ганхайч ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
-
Нийгэм4 цаг өмнө
АТГ: Нийтийн албанд томилогдох 505 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянан шалгав
-
Нийгэм4 цаг өмнө
Ази, Номхон далайн бүсийн “ASPAC” чуулган боллоо
-
Улс төр5 цаг өмнө
Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ
-
Нийгэм3 цаг өмнө
“Алтан хайч-2025” хонь ноослогчдын улсын анхдугаар тэмцээн болно