“The Hu” хамтлаг өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирланд улсад аялан тоглолтоо хийжээ. Энэ үеэр тус улсын “Irish Times” сонин хамтлагийн гоцлол дуучин Ц.Галбадрахтай ярилцлага хийснийг орчуулан хүргэе.
Орчин үеийн рок урсгал дэлхий дахинд хурдацтай хөгжиж, түгэн дэлгэрч буйг харуулсан томоохон жишээ бол “The Hu” хамтлаг юм. Монголын дахин давтагдашгүй өв соёл болох хөөмий болон уламжлалт хөгжмийн зэмсгүүд нь саяхныг хүртэл дэлхий дахинд танигдаагүй байсан. Харин тус хамтлаг үндэсний хөгжим, хөөмийг рок хэмнэлтэй хослуулан уран бүтээлээ хийж, дэлхийд таниулж байна. “YouTube” сувагт 80 гаруй сая хандалт аваад зогсохгүй тэдний тухай алдарт дуучин Элтон Жон хүртэл “Сүүлийн үед сонсогдоогүй гайхалтай шинэлэг хөгжим” хэмээн онцолсон юм. Ингээд Ирландад Бямба, Ням гаригуудад анхны тоглолтоо хийх үеэр нь бид хамтлагийн гоцлол дуучин Галаатай ярилцлаа.
-Хамтлаг анх байгуулагдсан талаар яриагаа эхэлье?
-Бид Монгол Улсын Консерватори /Хөгжим Бүжгийн Коллеж/-д анх танилцаж байсан юм. Ингээд 2016 оноос бид дөрөв продюсер Б.Дашдондогтой хамтран ажиллах болж, анхны дуунууд дээрээ ажиллаж эхэлсэн. Энэ үеэс л бид одоогийн уран бүтээлийнхээ ерөнхий чиглэлийг олсон доо.
-Тоглодог хөгжмийн зэмсгүүдийнхээ талаар хуваалцаач?
-“The Hu” хамтлагийн бүхий л уран бүтээл Монголын уламжлалт хөгжмийн зэмсгүүд болон түүний өвөрмөц дугаралттай салшгүй холбоотой. Бид морин хуур, товшуур, цуур, төмөр хуур зэрэг хөгжмийн зэмсгийг ашигладаг. Орчин үеийн хөгжмийн урсгалыг уламжлалт хэв маягтай хослуулдаг учир хөгжмийн зэмсгүүдээ бага зэрэг өөрчилж, баяжуулсан.
-Гитар, басс гитар зэрэг рок хөгжмийн уламжлалт зэмсгүүдийг ашигладаг уу?
-Тийм ээ, бид бөмбөр, гитар, басс гитар тоглодог хүмүүстэй хамтран ажиллаж, аялан тоглолтоо хийдэг.
-Танай хамтлагийн уран бүтээлүүдийг яг ямар төрөл жанрт хамааруулж болох вэ?
-Бид “Хүннү рок” урсгалаар уран бүтээлээ туурвидаг. Монголын уламжлалт хөгжмийг орчин үеийн рок хөгжимтэй хослуулсан учир ингэж нэрлэсэн. Хамтлагийн нэрний хувьд монгол хэлний “хүн” гэсэн үгийн язгуур “хү”-гээс эхтэй. Ерөнхийдөө өнгөрснийг одоотой, Өрнийн соёлыг Дорнын соёлтой холбодог гэсэн үг. Мөн энэ урсгал нь металл рок урсгалын эрч хүчтэй шинж болон сонгодог рок урсгалын хэв маягийг агуулсан байдаг. Энэ урсгалын хамгийн содон зүйл нь дээд доод өнгийг зэрэг гаргадаг Монголын уламжлалт соёл болох хөөмий юм.
-“The Hu” хамтлаг “Better Noise Music” компанитай гэрээ байгуулаад байгаа. Тус компанид ихэвчлэн хүнд металл рок урсгалын уран бүтээлчид харьяалагддаг шүү дээ?
-“Better Noise Music” /өмнө нь E7M нэртэй байсан/компанид уран бүтээлээ идэвхтэй хийж буй олон төрлийн рок хамтлаг харьяалагддаг. “Хүннү рок” урсгал өөрөө маш олон төрлийн метал элементийг агуулдаг учир асуудал байдаггүй.
-Барууны ямар хамтлагуудаас үлгэр жишээ авдаг вэ?
-Бид Монголын уламжлалт хөгжмөөс эхлээд барууны “Pink Floyd”, “Metallica”, “Slipknot”, “System of a Down”, “Rammstein”, “Tool”, “Lamb of God” гэх мэт олон хамтлагийн уран бүтээлээс урам зориг, үлгэр жишээ авдаг.
-Анх уран бүтээлээ хийж эхлэхдээ одоогийнх шигээ дэлхийд алдаршина гэж бодож байв уу?
-Тийм ээ, бид уран бүтээлийнхээ клипийг хийхдээ маш их анхаарч, хичээж ажилласан учраас тодорхой хэмжээний амжилтад хүрнэ гэж бодож байсан. “Yuve Yuve Yu” дууныхаа клипийг хийхийн тулд Монгол орны баруун нутгаар халуунд халж, хүйтэнд хөрж, 5,000 гаруй километр аялсан. Уран бүтээл маань дэлхий даяар хүмүүст хүрсэнд туйлын их баяртай байгаа.
-Дэлхийн хэмжээнд энэ их амжилт гаргасандаа гайхдаг уу?
-Итгэмээргүй үе байдаг шүү. Уран бүтээлийг минь сонсож, биднийг дэмждэг шүтэн бишрэгчдэдээ маш их баярладаг. Дэлхийн хаа ч очсон бидний дууг даган дуулж, бидэнтэй хамт байдаг сонсогчдодоо баярлалаа.
-“Papa Roach” хамтлагийн Жейкоби Шэддикс, “From Ashes to New” хамтлагийн Дэнни Кейс нартай хамтран ажилласан шүү дээ. Энэ талаар сэтгэгдлээ хуваалцаач?
-Жейкоби Шэддикс бол бидний сонсож, шүтэж өссөн домог гэж болох уран бүтээлч юм. Харин “Papa Roach”, “From Ashes to New” болон “The Hu” хамтлагууд “Better Noise Music” компанид харьяалагддаг. Компаниас бидэнд хамтран ажиллах санал тавьсан нь бидний хувьд нэр төрийн хэрэг болсон.
-“The Hu” хамтлаг уран бүтээлдээ Их Монгол улс, Чингис хааны тухай өгүүлдэг. Барууны хэвлэлээр энэ талаар заримдаа таагүй мэдээлэл гарсан байдаг. Энэ талаар юу хэлэх вэ?
-Бидний өвөг дээдэс аугаа хаад, дайчид байсан гэдгээрээ алдартай. Монгол Улс бол баялаг түүх, соёл уламжлалтай улс. Их Монгол Улсын үед буюу 13-р зууны үед шашин шүтэх эрх чөлөөтэй байсан нь тухайн цаг үед өөр хаана ч байгаагүй соёл юм. Мөн анхны шуудангийн үйлчилгээ /өртөө/, дипломат паспорт /гэрэгэ/ зэргийг монголчууд л санаачилсан. Дуу хөгжим, хөгжмийн зэмсэг бол монголчуудын соёлын салшгүй нэг хэсэг. Үүнийг бид дэлхий дахинд таниулж байгаадаа баяртай байдаг.
-Ирланд улсын талаар хэр мэдээлэлтэй вэ?
-Үзэсгэлэнт байгаль, U2, Конор МакГрегор, Жеймисон, Гиннесийн ном гээд олон зүйл нь анхаарал татдаг. Ирланд улсад тоглолтоо хийх болсондоо маш баяртай байна. Бидний уран бүтээлийг сонсож, дэмждэг ирландчууддаа баярлалаа.
Эх сурвалж: The Irish Times