Энтертайнмент
Таканоива А.Баасандорж зодог тайлахаар болжээ
Нутгийн бөх, Их аварга Харумафүжи Д.Бямбадоржтой маргаан үүсгэж, зодуулсан, хүнд бэртсэн гэгдэж байсан А.Баасандорж өөрөө залуу сүмоч зодож, шуугиан дэгдээгээд байсан юм. Тэрбээр өөрийн дэвжээний бөх, 23 настай залууг хэлсэн зүйлийг нь мартсан гэдэг шалтгаанаар нүүр рүү нь 4-5 удаа цохиж, зодсон талаар хэвлэлүүд мэдээлсэн.
Зодуулсан бөх бэлтгэлдээ очих үед багш нар нь мэдэж, Сүмогийн холбоонд гомдол гаргасан аж. Сүмогийн холбооноос эхний ээлжинд А.Баасандоржийн тойргийн барилдаанд барилдах эрхийг нь хассан. Улмаар хохирогчоос дахин мэдүүлэг авч байж дараа дараагийн арга хэмжээг авахаар болоод байсан юм.
Тэгвэл А.Баасандорж өөрөө сүмогоо зодог тайлах шийдвэрээ гаргасан талаар зарим эх сурвалж мэдээллээ. Ингэснээр Монголын өөр нэг сүмоч зодооны асуудлаас болж зодог тайлах нь.
Энтертайнмент
С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо
Бүгд Найрамдах Исланд Улсад хэрэглэлтэй пауэрлифтингийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт болсон бөгөөд манай улсаас МПНХ-ны Ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй гурван тамирчин өрсөлдөхөд Монголын баг нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн байна.
Тэмцээний сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 84 кг-ын жинд С.Мөнхзул газраас таталтын төрөлд 227.5 кг-ыг өргөснөөр алтан медаль хүртэж, ДАШТ-ий насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ангилалд алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов.
Мөн энэ жингийн хүрэл медалийг Монгол Улсын тамирчин Б.Марал хүртжээ.
С.Мөнхзул нь өнгөрсөн онд Мастеруудын дэлхийн аварга болж, Ази, Номхон далай, Африк тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, шилдэг тамирчин өргөмжлөл хүртсэн билээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.