Дэлхий дахинд
Меркелийг залгамжилж буй Аннегрет Крамп-Карренбауэр гэж хэн бэ?
Германы Христийн Ардчилсан намын даргаар сонгогдоод буй Аннегрет Крамп-Карренбауэр гэж хэн бэ? Тэрбээр тус намын даргын албыг 18 жилийн турш хашсан канцлер Ангела Меркелийг залгамжлаад байгаа билээ.
Аравдугаар сард Меркел албаа өгнө гэж мэдэгдэх үед тэрбээр намын Ерөнхий нарийн бичгийн дарга байсан юм. Энэ үед түүнийг намын дарга болох хамгийн өндөр магадлалтай хүн байсан ч, сонгууль түүнд тийм ч хялбар байсан гэвэл бас үгүй. Меркелийн олон жилийн өрсөлдөгч Фредрих Мерцтэй ширүүн өрсөлдөж 51.8 хувийн санал авснаар ялалт байгууллаа.
Ингэснээр 56 настай Германы хамгийн том намын дарга Аннегрет Крамп-Карренбауэр дараачийн Канцлер болох боломжтой болж байгаа юм.
Аннегрет Крамп-Карренбауэр гэж хэн бэ?
Түүнийг нэрийг хэвлэлд гол АКК гэж товчилдог бөгөөд Германы баруун өмнөд хэсэгт орших Заарланд мужид католик гэр бүлд өсч торнижээ. Тэрбээр 19 настай оюутан байхдаа Христийн Ардчилсан намд элсч улмаар улстөрийн шинжлэх ухааны магистрын зэрэг хамгаалж энэ орчинд өөрийгөө таниулж эхэлжээ.
2000 онд мужийн Дотоод хэргийн Сайдаар ажиллахдаа энэ албан тушаалыг хашсан анхны эмэгтэй болж байв. Түүнчлэн Заарланд мужийн Ерөнхий Сайдаар ажилласан анхны эмэгтэй бөгөөд 2011 оноос эхлэн долоон жил уг албыг авч явжээ. ХАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргад түүнийг Канцлер Меркел дэвшүүлж байсан бөгөөд тухайн үед 98.9 хувийн санал авч байв.
Хатагтай Меркел албаа өгөхдөө АКК-ын 2017 оны сонгуулийн амжилтыг дурьдаж түүний цаашдын удирдлагад итгэл дүүрэн байгаагаа илэрхийлсэн.
Аннегрет Крамп-Карренбауэр төрсөн сууриндаа одоог хүртэл амьдардаг бөгөөд гурван хүүтэй. Нөхөр нь уул уурхайн инженер боловч эхнэрийнхээ улс төрийн замналд тусалж, гэр бүлдээ анхаарал хандуулахаар карьераа орхисон байна.
Аннегрет Крамп-Карренбауэр ямар үзэл баримтлалтай вэ?
Товчхондоо тэр бол Меркелийн залгамжлагч. Мөн ХАН-ын хамгийн боломжит, улстөрд төлөвшсөн лидер гэж болно. Түүнийг прагматик арга барилтай, нөхцөл байдлыг товхинуулахдаа гаргууд гэдэг. Түүнчлэн дүр эсгэдэггүй, аливаад тайван анализ хийх чадвар өндөртэй, басхүү самбаатай улс төрч гэж үнэлэх нь бий.
Меркелийн дүрвэгсдийн бодлогыг дэмжиж, эмэгтэйчүүдийн эрх, цалингийн үзүүлэлт зэрэг либерал байр сууринаас ханддаг ч зарим асуудалд консерватив хандлага бас илэрхийлсэн удаатай.
Католик шашинтны хувьд гэрлэлтийн тэгш байдал, ижил хүйстнүүдийн хүүхэд үрчлэлийн асуудал зэрэгт уламжлалт байр суурьтай.
Тэр юу гэж хэлж байв?
Нэр дэвшсэнээсээ хойш Крамп-Карренбауэр дотоод хэрэг, олон улсын харилцааны тал дээр хэд хэдэн онцгой байр суурийг илэрхийлсэн.
“Чи өмнөх үеийнхээ мөрөн дээр ямагт зогсох болно. Түүний буй болгосон бүхнийг сайнтай, муутай нь авч явна” гэж Германы ТВ-д өнгөрсөн сард ярьж байв.
Мөн тэрбээр Меркелийн үйл хэргийг үргэлжлүүлэхийн зэрэгцээ цагаачлалын асуудлаар нам дотроо илүү өргөн хэлэлцүүлэг, мэтгэлцээн өрнүүлж Засгийн газрын бодлого болохуйц шинэ санаачлага, төлөвлөгөөг сонсохдоо бэлэн гэжээ.
“Энэ бол төлөвшсөн, ардчилсан зарчимтай нам. Үүнийг л бид хүсч байна.”
Түүнийг яагаад Меркел 2.0 гэх болов?
Шүүмжлэгчид түүнийг мини-Меркел эсвэл Меркел 2.0 гэж тодорхойлоод байгаа. Гэхдээ тэдэнд ижилгүй зүйлс бас бий.
Ялангуяа, 56 настай, том болсон гурван хүүхэдтэй, өөрийн гэсэн улстөрийн баялаг замналтай эмэгтэйг “мини” гэх нь тохиромжгүй гэдгийг АКК өөрөө хэлжээ.
Намын даргын сонгуулийн үеэр тэрбээр намын гишүүд нь юу хүсч байгааг мэдэхийн тулд “Дуу хоолойг нь сонсох аян” зохион байгуулжээ. Үүний дүнд гишүүд “бахархалтай, гэхдээ бухимдалтай, тодорхойгүй байдлаас гарахын тулд анхаарч байгааг нь анзаарлаа” гэжээ. “Бид суурь асуудлаа нам дотроо дахин тодорхойлох шаардлагатай. Олон нийтийн нам байна гэдэг хүн бүрт хүссэнийг нь санал болгодог, бүхнийг хийдэг улстөрийн супермаркет байхыг хэлэхгүй. Консерватив, христийн-социал, либерал байх нь өнөөдөр яг юуг хэлж байгаагаа ярилцаж, тодорхой ойлголттой болох шаардлагатай байна” гэж Германы “Bild” сонинд ярьсан байна.
Эх сурвалж: BBC